Бид удирдагчдаа хэрхэн дэмжиж болох вэ?
2017 оны 10-р сард Калифорнийн Сонома гүнлэгийн ойр орчмын айлуудыг бүхэлд нь хамарсан түймрийн дараах гунигтай өдрүүдэд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт байхаар түймэрт нэрвэгдсэн газарт очсон юм.
Тэр тохинууллын номлол хийж байлаа. Расбанд ах, Мэлани Расбанд эгч хоёр түймрийн уршгаар ядарч туйлдсан гишүүдийг цуглааны байруудад болон шатсан гэрийнх нь ойр орчинд очин тайтгаруулав.
Түүнийг хаана ч явсан гишүүд ирж, гар барьж байлаа. Энэ нь талархаж буйн илэрхийлэл байв. Тэд төлөөлөгчийг тусалж дэмжсэнд талархаж байв. Гэхдээ хүмүүс гар барих бүрдээ “Би таныг дэмждэг шүү” гэсэн нийтлэг хандлагыг илэрхийлж байлаа.
Итгэлийн үйлдэл
Дэмжих гэдэг нь Сүмийн гишүүдийг Сүмийн удирдагчидтай холбодог ариун нандин үйлдэл юм гэж ахлагч Гари И.Стивэнсон хэлсэн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 16 сая гаруй гишүүнтэй боловч төлөөлөгчтэй нүүр тулан ярьж, гар барих боломж Сүмийн гишүүдийн дунд харьцангуй ховор тохиодог. Гэвч гишүүн бүр албан ёсоор дэмжин батлах саналаараа мөн дэмжиж байгаагаа баталж буй өдөр тутмын үйлдлээрээ дамжуулан тэдэнтэй болон Сүмийн бусад удирдагчтай хувийн харилцаа холбоо үүсгэх боломжтой байдаг хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард хэлсэн.
“Бид гараа өргөхийн зэрэгцээ зүрх сэтгэл, үйлдлээрээ дэмжин баталдаг. Бид бие биенээ дэмждэгтэй яг адил арга замаар Сүмийн удирдагчдаа дэмжин баталдаг. Бид гэрээгээр үүрэг хүлээдгээ мэднэ” хэмээн ахлагч Гэррит В.Гонг хэлсэн.
Төлөөлөгчдийн төлөө залбирах нь дэмжиж байгаагийн үнэлж баршгүй хэсэг юм гэж ахлагч Улиссэс Соарэс хэлэв. “Бид энгийн хүмүүс бөгөөд Их Эзэн биднийг чадавхаас минь давсан зүйлийг хийлгэхээр дууддаг. Гэвч хүмүүс бидний төлөө залбирч байгаа учраас бид тэр чадавхдаа хүрч чадна гэж боддог.”
Итгэл нь дэмжин батлахын өмнө ч бас дараа нь ч дагалддаг гэж ахлагч Соарэс нэмж хэлэв. “Төлөөлөгчдийг дэмжин баталснаар та Аврагчид ажлаа хийхэд нь тусалж байгаа юм. Их Эзэний Өөрийн бошиглогч, илчлэгчдээр дамжуулан хийх зүйлсийг гүйцэлдүүлэхэд итгэл тань тусална.
Би хүмүүсийг гараа дээш өргөхөд мөн үүний цаад далд утганд дуртай” гэж ахлагч Жэффри Р.Холланд хэлсэн. Төлөөлөгчдийн хувьд Сүмийн гишүүдээр дэмжигдэн батлагдана гэдэг нь амьдралыг тэтгэх хоол хүнсийг хүлээн авч байгаатай адил гэж тэр хэлээд, “Дуу хоолой бүрийг тооцож, тусламжийн гар бүрийг хүлээн авна. Бид ямар дуудлагатай байхаас үл хамааран хэн ч Сүмд ганцаараа үйлчлэх ёсгүй” хэмээн нэмж хэлэв.
Тогтсон уламжлал
Төлөөлөгчдийг дэмжих нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн үеэс ирсэн хожмын үеийн уламжлал юм. Эхэн үеийн гэгээнтнүүдийг анхны өдрөөс эхлэн Сүмийн удирдагчдын дуудлагыг хүлээн зөвшөөрч, дуудлагад нь дэмжин батлахад урьдаг байсан.
1830 оны 4-р сарын 6-нд Иосеф Смит болон түүний шинээр баптисм хүртсэн дагалдагчид Нью-Йоркийн Сенека гүнлэгийн Фейетте дэх Ахмад Петр Витмерийн жижигхэн дүнзэн байшинд цугларчээ.
Иосеф зогсоод, цугларсан хүмүүсээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулахад оролцохыг хүсэж байгаа эсэхийг асуусан байна.
Нийтээр зөвшөөрөх зарчмыг баримтлан шинэ гишүүд гараа өргөн, санал нэгтэй зөвшөөрчээ. Маргааш нь тэд Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг өөрсдийн багш болон сүнслэг зөвлөхөөр хүлээн зөвшөөрсөн юм.
“Сүмийн гишүүнчлэл нь нэн хувийн асуудал юм. Хүн нэг бүр чухал. Тиймээс бид нийтээр зөвшөөрөх зарчмаар ажилладаг. Хүн бүр өөрийн гэсэн бодолтой, өөрийгөө илэрхийлдэг байж, нэгдмэл байдлаар урагшлаасай хэмээн бид хүсдэг” хэмээн ахлагч Холланд хэллээ.
Биднийг өргөдөг үйлдэл
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд төлөөлөгчийн дуудлагыг хүлээн авахдаа Их Эзэний тааллын дагуу “хязгаарлагддаг” хэмээн ахлагч Дэйл Г.Рэнланд хэлэв. Гишүүд Арван хоёрыг дэмжин баталснаар төлөөлөгч бүрийн Аврагчид дуулгавартай байна гэсэн амлалтад итгэж байгаагаа харуулдаг.
Төлөөлөгчийг хувь хүнийх нь хувьд дэмжин саналаа өгч байгаа хожмын үеийн гэгээнтнүүд Чуулгыг ч мөн нэгэн зэрэг дэмжин баталж байгаа хэрэг гэж ахлагч Квинтин Л.Күк хэлжээ.
Энэ ариун нандин дуудлага нь төлөөлөгчдийг өргөж, адисалдаг ч дэмжигчдийг ч мөн адил өргөн дэмждэг. “Энэ нь тэднийг хүчирхэгжүүлж, адисалж, удирдан залдаг” хэмээн тэр нэмж хэлсэн.
Энэ нь Санта Розагийн гал түймэрт нэрвэгдсэн гишүүд ахлагч Расбандыг дэмжсэнтэй адил дэлхий даяарх гишүүд Арван хоёрын гишүүн бүрийг дэмжсэнээр өргөгдөх болно гэсэн үг юм.