2019
Ажлын маань хамгийн сайхан өдөр энэ байх!
2019 оны 7-р сар


Ажлын маань хамгийн сайхан өдөр энэ байх!

Та ажлыг хайрлаж, үнэлж сурснаар баяр баясгалангийн агуу эх булгийг олох болно.

apron, bread, baking hat

© Getty Images-ийн гэрэл зураг

Би хэдэн жилийн өмнө ажиллаж байсан компаниа төлөөлөн Английн Кэмбрижийн Их Сургуулийн Чөрчилл коллежийн танхимд жил бүр зохион байгуулагддаг нэгэн хуралд оролцож байлаа. Тэр үед надад компанийнхаа олон улсын салбарыг хариуцсан ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал хоёроос тухайн жил багаараа хийж гүйцэтгэсэн ажлыг маань үнэлсэн шагналыг тэдний өмнөөс гардан авах боломж тохиосон юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс 80000 ажилтан, албан хаагчдыг төлөөлж ирсэн компанийн удирдагчид багийн маань амжилтыг сайшаан алга ташихад надад “Ажлын маань хамгийн сайхан өдөр энэ байх” гэсэн бодол орж ирэв. Тэр үед уур амьсгал үнэхээр сэтгэл хөдлөм байсан.

Хуваасан талх

Харин дараа нь 40 орчим жилийн тэртээ ажилд анх орсон өдөр минь санаанд орж ирж билээ. Аав маань талхны цех ажиллуулдаг байсан ба барьсан талхаа Бразилийн өмнөд хэсэгт байрлах хотынхоо жижиг захуудаар тараадаг байв. Багадаа би ааваасаа ажилдаа дагуулан авч явахыг байнга шалдаг байж билээ. Нэг өдөр тэр зөвшөөрөв!

Ээж надад жижиг цагаан хормогч, талхчны малгай оёж өгч, аав бид хоёр талхны цех рүүгээ явлаа. Бид зуурмагаа хамт зуурч, бэлтгээд, талхаа гараараа хэвэнд оруулан, тоосгон пийшиндээ хийв. Бид талхаа жигнэж дуусаад, урт модон хусуураар болгоомжтой гэгч гаргаж авч билээ. Бид хэдхэн секунд хүлээгээд, бүлээнээрээ байгаа талхаа хувааж идсэн. Ямар сайхан амттай байсан гээч!

Эргэн харахад, Кэмбрижид шагнал авсан явдал маань ажил дээрх хоёр дахь хамгийн сайхан өдөр болж таарав. Харин хамгийн сайхан, аз жаргалтай өдөр нь ямар ч үзэгч, нижигнэсэн алга ташилт байхгүй жижигхэн талхны цехэд, арай энгийн нөхцөлд болж өнгөрсөн байлаа. Тэнд аав, бид хоёр хоёулхнаа байсан. Аав тэр өдөр надад ажлыг хэрхэн хайрлаж, үнэлэхийг зааж өгсөн ба өөрийн гараар аливаа зүйлийг бүтээхийн баяр баясгаланг мэдрүүлэн тусалсан. Шаргуу ажиллаж хөдөлмөрлөх нь бие махбод, сэтгэл санааны аль алинд нь хэрэгтэй юм байна гэдгийг би тэгэхэд ойлгож билээ.

Ажил хөдөлмөр бол адислал мөн

Их Эзэн Адам, Ева хоёрт “Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” (Эхлэл 3:19) гэж хэлсэн нь тэднийг шийтгэж байсан мэт сонсогддог. Тэр үнэндээ бие дааж, өөрийн хүсэл, хэрэгцээг хангахын баяр баясгалан, сэтгэл ханамжийг мэдрэх боломжийг тэдэнд олгосон юм.

Бидний ихэнх нь ажлыг өөрсдийн болон гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангах эсвэл чамин албан тушаалын нэр зүүж нийгэмд байр суурь эзлэх арга хэрэгсэл хэмээн хардаг. Гэвч үүнээс ч чухал нэг зүйл бол Бурхан биднийг үүрэг даалгавраа биелүүлж, ямар нэг шинэ зүйлийг хийж бүтээж, өмнөх зүйлийг шинэчлэн, сайжруулж, амьдарч буй дэлхийдээ хувь нэмэр оруулан сэтгэл хангалуун байлгахын тулд биднээс ажиллаж хөдөлмөрлөхийг хүсдэг.

Сүнслэг байдлын хувьд ярих юм бол сайн мэдээнд төвлөрсөн амьдралд ажиллаж хөдөлмөрлөх ордог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Энэ ажил олон давтагддаг ч бай, муухай ч бай, ямар ч талархлыг хүртдэггүй ч бай, өргөл болгосон амьдрал үргэлж юмыг сайжруулах, эмхэлж цэгцлэх, дэмжин туслах, өөд нь татах, тохинуулах мөн тэмүүлэх хүчээр дүүрэн байдаг”1 хэмээн хэлсэн.

Хүүхэд байхад тань танаас “Чи том болоод хэн болох вэ?” гэж асуудаг байсан байх. Харин өсвөр насанд тань энэ нь “Чи коллежид ямар мэргэжлээр сурах гэж байна вэ?” гэсэн асуултаар солигдох нь гарцаагүй.

Хүсэл тэмүүлэл, хүндэтгэл ба зорилго

Чи ямар ч мэргэжил сонгож, ямар ч ажил хийлээ гэсэн ажлаа хүсэл тэмүүлэлтэй, хүндлэл, зорилго тээн хийхийг эрэлхийлээрэй. Чи шаргуу ажиллан, ямагт хамгийн сайн үр дүн гаргахыг хичээх хэрэгтэй. Ажлаа ийм хандлагатай хийх нь таныг материаллаг болон сэтгэл санааны мөн сүнслэг байдлын хувьд хөл дээрээ найдвартай босоход тусална. Ажиллах боломж нь Их Эзэнээс ирж буй адислал юм. Та ажилдаа талархалтай хандаж, хайрлаж сурснаар бие дааснаас ирэх аз жаргал, зорилгыг хүлээн авах болно.

Кэмбрижийн Их Сургууль дээрх оролцогчдын алга ташилт, урмын үгс одоо хүртэл миний чихэнд сонсогддог ч аавтайгаа талхны цехэд өнгөрүүлсэн тэр өдрийн дурсамж, талхаа зуухнаас дөнгөж гаргах үеийн талхны үнэрийг илүү эрхэмлэн нандигнадаг.

Эшлэл

  1. Д.Тодд Кристоффэрсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17.