Тэнгэрийн таалал л байх даа
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүртэй ярилцаж, тэдний төлөөлөгч байх ариун нандин дуудлагын талаар бичих боломж бол ховор тохиолдол юм (“Бид гэрчүүд,” 12-р хуудсыг үзнэ үү).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллардтай уулзсаныхаа дараа би түүний өрөө рүү эргэж харав. Тэр ширээнийхээ ард суугаад, Ерөнхий чуулган дээр хэлэх үгээ бичиж байлаа. Тэр 1976 онд Далын нэгдүгээр чуулгад дэмжигдэн батлагдсанаасаа хойш Сүмд хамгийн удаан хугацаагаар ажиллаж байгаа ерөнхий эрх мэдэлтэн юм. Тэр ядарсан ч гэсэн эрч хүчтэй харагдаж байв. “Сайн байна уу?” гэж тэр надаас асуусныхаа дараа “Өөрийгөө хэт ядрааж болохгүй шүү” гэж эелдгээр зөвлөсөн юм. Үлдсэн амьдралаа дуустал Их Эзэнд эцэж цуцалтгүй үйлчлэх дуудлага авсан түүний хэлсэн үг миний хувьд ач холбогдолтой зүйл байв.
Арван хоёр нь “бүх үндэстэнд, [Сүмийн] бүх хэрэг явдлыг зохицуул[ахаар] дуудагддаг болой” (Сургаал ба Гэрээ 107:33-ыг үзнэ үү). Гэвч тэдэнтэй хамт байх үед тэдний анхаарал дэлхий даяарх Сүм дээр гэлтгүй өмнөө суугаа хувь хүн дээр шууд төвлөрдөг. Тэд дэлхийнхний хувьд шагшин магтагддаг албан тушаалаа орхин, дуудлагат ажил дээрээ ирсэн бөгөөд өрөөнөөс нь гарах үед даруу бөгөөд сайхан сэтгэлтэй гэсэн үгс л тэднийг тодорхойлно.
“Заримдаа би өөрөөсөө ‘Би яагаад энэ агуу хүмүүстэй хамт байгаа юм бол?’ хэмээн асуух үе гардаг” гэж ерөнхийлөгч Баллард надад хэлсэн юм. Харин дараа нь тэр “Тэнгэрийн таалал л байх даа” хэмээн гэрчилж билээ. Та бүхэнд төлөөлөгчийн дуудлагыг зэрвэсхэн харуулсан маань таалагдсан байх гэж найдаж байна.
Сара Жэйн Вийвэр
Сүмийн мэдээ сонины редактор