2019
Филиптэй хамт залбирсан нь
2019 оны 7-р сар


Филиптэй хамт залбирсан нь

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

“Ерөөл өргөх” гэдэг нь юу гэсэн үг вэ?

“Ямагт залбирагтун” (Сургаал ба Гэрээ 19:38).

Praying with Filip

Жозеф Филипийнд анх удаа ирээд байв. Тэд картон цаасаар сансрын хөлөг хийж цагийг сайхан өнгөрүүлсэн байлаа. Тэд бүр онгоцон дээрээ янзын гоё галын дөл зурж, өнгөөр будав. Филипийн ээж тэднийг оройн хоолонд дуудахад Жозеф Филипийг даган гал тогооны өрөөнд орлоо.

“Би ерөөл өргөе” гэж Филипийн аав хэллээ.

Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж Жозеф гайхан бодов. Тэр Филипийг болон түүний гэрийнхнийг духан дээрээ, дараа нь цээжнийхээ дунд, тэгээд зүүн, баруун тал руугаа ээлжлэн гараараа хүрч байгааг анзаарлаа. Жозеф хэнийг ч ийн хийж байгааг өмнө нь харж байсангүй.

Филип гараа сунгав. Жозеф эргэн тойрноо хараад, Филипийн гэрийнхэн гараа сунган, толгойгоо бөхийлгөсөн байгааг харлаа. Тэд залбирах гэж байгаа юм болов уу? “Ерөөл өргөх” гэдэг нь үүнийг хэлсэн юм болов уу? гэж Жозеф гайхав.

Жозэф Филипийг гомдоохыг хүсээгүй тул түүний гараас барилаа. Филипийн аав Жозефын нөгөө гараас бариад залбирч эхлэв.

“Ай Эзэн, биднийг адисална уу …”

Филип болон түүний гэрийнхэн суухаасаа өмнө өмнөх шигээ дух, цээжин дээрээ гараа хүргэв.

Жозефыг гэртээ ирэхэд ээж нь түүнээс өдрийг хэрхэн өнгөрүүлснийг асуулаа.

“Чи цагийг сайхан өнгөрүүлсэн үү?” гэж ээж нь асуув.

“Тийм ээ” гэж Жозеф тайвнаар хариуллаа. Тэр цагийг сайхан өнгөрүүлсэн байв. Сансрын хөлөг гайхалтай, гамбургер амттай байсан ч нэг л зүйл түүний сэтгэлийг зовоож байлаа.

Ээж нь түүнд ойртож ирээд, “Зүгээр юм шиг сонсогдохгүй л байна даа. Ямар нэг юм болоо юу?” гэв.

“Юу л даа …”

Жозефт үнэндээ асуух зүйл олон байлаа! Нөгөө залбирлын талаарх бодол толгойноос нь салж өгөхгүй байв. Тэр залбирал яагаад түүний болон гэрийнхнийх нь залбирлаас өөр байсан юм бол?

“Ээж ээ, та Сүмд орохоосоо өмнө яаж залбирдаг байсан бэ?” гэж тэр асуулаа. Жозеф ээждээ Филипийн гэр бүлийн залбирлын талаар ярив.

“Тэд өмнө нь миний шүтдэг байсантай адил католик шашинтай юм байна. Тэд гараараа загалмайн тэмдгийг үзүүлж байгаа юм. Загалмай ямар байдгийг чи мэднэ шүү дээ? Энэ нь Есүс бидний төлөө нас барсныг сануулдаг” гэж ээж нь хариулав

Жозеф инээмсэглэлээ. “Тэгвэл Филип ч бас Есүст итгэдэг хэрэг үү?” гэхэд, ээж нь “Тийм ээ. Чи Филипийн аав юу гэж залбирсныг санаж байна уу?” гэж асуув.

Жозеф санах гэж хичээлээ. “Тэр Бурханы бидэнд өгдөг бэлгүүдийн төлөө талархаж байсан. Бас тэр Христийн тухай ярьсан!” гэв.

“Одоо ойлгов уу?” гээд ээж нь инээмсэглээд, “Бид тийм ч өөр биш байгаа биз. Би чамайг Филипийн гэрийнхэнтэй хамт залбирсанд баяртай байна” гэлээ.

Хэд хоногийн дараа Филип тоглохоор тэднийд иржээ. Тэднийг гадаа тоглож байхад аав нь оройн хоолонд дуудав. Тэднийг гал тогоонд гүйлдэн орж ирэхэд Жозефын гэдэс хоржигнон дуугарч байлаа.

“Би өлсөж үхэх нь ээ!” гэж Жозефыг хэлэхэд

“Би ч гэсэн” гэж Филип бас хэлэв.

Хүн бүр ширээ тойрон байраа эзлэн суулаа. Филип Жозефын хажууд суусан байв. Филип загалмайн тэмдэг үзүүлж, Жозефын гараас барилаа.

“Манайхан ингэж залбирдаг” гэж Жозеф хэлээд. “Бид гараа зөрүүлж, нүдээ анин, толгойгоо бөхийлгөдөг” гэхэд

тэр “Ингэж үү?” гэж асуулаа.

“Тийм, яг ингэж” гэж Жозефыг хариулахад

“Амархан юм байна” гэж Филип хэлэв.

Жозеф нүдээ аниад, инээмсэглэлээ. Тэр найзтайгаа хамт залбирч байгаадаа баяртай байв.

Би сургууль дээрээ католик, мусульман шашинтай найзуудтай бөгөөд Есүс биднээс бие биедээ ингэж хандаасай гэж хүсдэг тул бид бүгдээрээ сайхан найзалдаг.

Элизабэт А., 8 настай, Английн Баруун Мидленд