Итгэлийн хөрөг
Иона Викайра
Шинэ Зеланд, Кайкохе
Хэдийгээр шоронгийн хамгаалагчийн хувьд түүнд асуудал тулгардаг ч Иона Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан хүч чадал олж авч, амар тайван байж чаддаг.
Кристина Смит, зурагчин
Би шоронгийн хамгаалагчаар долоон жил ажиллаж байна. Би эмэгтэйчүүдийн шоронд нэг жил ажиллаад, сүүлийн зургаан жил дан эрэгтэйчүүдийн шоронд шилжиж ирэн ажиллаж байгаа.
Шоронгийн хамгаалагч байх хугацаанд гүн сэтгэгдэл төрүүлсэн түүхүүдийн нэг бол хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа нэгэн эхийг харсан явдал юм. Тэр эмэгтэй дөрөв, таван жил хүүхдүүдээ хараагүй байв. Хүүхдүүдийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж мөн олон жил хол байснаас үүссэн сэтгэлийн шарх нь харагдаж байлаа. Тэр уулзалт зүрх шимшрүүлэм байсан ч шоронгийн хамгаалагчийн хувьд би сэтгэл хөдлөлөө харуулах ёсгүй байв. Энэ нь надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Би сэтгэл хөдлөлөө барихын тулд харцаа буруулдаг байв. Эх хүний хувьд би хүүхдүүдээсээ олон жилийн туршид хол байж, тэднийгээ харж, тэдэнтэйгээ ярьж мөн хамт байж сэтгэлээ хуваалцахгүй байх ямар болохыг төсөөлж ч чадахгүй байлаа.
Шоронгийн хамгаалагчийн хувьд та хүчтэй байх ёстой. Та өөрийгөө хамгаалж, нөхцөл байдлыг гартаа авах чадвартай байх ёстой. Заримдаа зөрчил үүсдэг тул та бусадтай харилцахдаа, ялангуяа хоригдлуудтай ярилцахдаа тэвчээр сорьсон, заримдаа аюултай нөхцөл байдлыг намжаахын тулд хатуу чанга байх ёстой. Энэ нь зарим хүнд намайг хатуу хахир гэж бодогдуулж болох ч би үргэлж тийм байдаггүй.
Ажил дээрээ яг л дэлхийгээр хүрээлүүлсэн мэт санагддаг ч ажлын дараа гэртээ эсвэл сүм дээр байхдаа би Сүнсний ачаар өөр зүйлсийг мэдэрдэг. Сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг баяр баясгалангийн нэг бол та дэлхийнх байх шаардлагагүй явдал юм. Та дэлхий дээр амьдарч байгаа ч дэлхийн бусад зүйлтэй хамт байх шаардлагагүй.
Би ням гарагт дуртай. Учир нь би сүм дээр очиж, сүнсээр найрлаж, Их Эзэн, Аврагч Есүс Христийг дурсан санах боломжтой байдаг. Надад ийм боломж бололцоо байгаад би дуртай. Би Сүмд үйлчлэх мөн сайн мэдээний бидэнд өгдөг бүх зүйлд дуртай.
Олон жилийн өмнө би дэлхийнх байж, маш хүнд хэцүү олон сургамжийг авсан. Би одоо Есүс Христийн сайн мэдээнд бүрэн идэвхтэй байгаадаа маш их баярладаг. Ажлын маань бүх хүн Сүмийн гишүүний хувьд миний мэдэрдэг баяр баясгаланг мэдэрдэг ч болоосой хэмээн би хүсдэг.
Ажлын тань хүрээнд ажилладаг хүмүүс таныг Сүмийн гишүүн гэдгийг мэдэж, байгаа орчноосоо шалтгаалан жишгээ бууруулахгүй байгааг тань хараад, таныг болон Сүмийг хүндэлдэг болохыг би мэддэг болсон. Тиймээс хожмын үеийн гэгээнтний сайн үлгэр жишээг үзүүлэхийг хичээх нь миний хувьд чухал юм.
Ямар ч нөхцөлд орсон бай, би “Аврагч надаас биеэ хэрхэн авч явахыг хүсэх байсан бэ?” эсвэл “Тэрээр намайг үүнийг хэрхэн шийдвэрлэ гэх байсан бол?” гэж боддог. Би ямар ч үед үйлдлүүдээ Аврагчийн хийх байсантай адил байлгахыг хичээж анхаардаг. Энэ нь надад хүнд хэцүү ажлын эмх замбараагүй орчинд ч гэсэн илүү хүлээцтэй, тайван байхад тусалдаг.
Би Аврагчид болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлийнхээ ачаар сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрээ даван гарах боломжтой байсандаа Тэдэнд талархдаг. Би сорилттой тулгарч, залбирах бүрдээ үргэлж зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг. Би Тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэднэ. Хийж байгаа бүхэнд минь Тэдний мутар оролцсон гэдгийг би хүлээн зөвшөөрдөг.