“Чи миний баптисм дээр ирэх үү?”
Зохиогчид нь Английн Кэнт болон АНУ-ын Ютад амьдардаг.
Оливэр үүнийг дээвэр дээрээс, Английн бүх хүнд сонсогдохоор хашгирахыг хүсэж байв!
“Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол” (1 Тимот 4:12).
Оливэр тэр долоо хоногийг тэсэн ядан хүлээж байлаа. Дараагийн долоо хоногт түүний дөрвөн настайгаасаа хойш хүсэн хүлээсэн том өдөр болох гэж байв. Тэр баптисм хүртэх гэж байлаа.
Оливэр баптисм хүртэх гэж байгаадаа маш их баярлаж байсан тул үүнийгээ дээвэр дээрээс Английн бүх хүнд сонсогдохоор хашгирахыг хүсэж байв! Тэр сургуулийнхаа найз Диланд хэлэхийг тэсэж ядан хүлээж байлаа.
“Итгэмээргүй юм! Миний баптисм одоо л нэг болох нь. Бүх зүйл гайхалтай сайхан байх болно!” гэж Оливэр хэлэв.
“Би жаахан хүүхдүүд л баптисм хүртдэг байх гэж бодож байсан” гэж Дилан гайхсан аятай харж байв.
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхийн тулд хүүхдүүд доод тал нь 8 хүрсэн байх ёстой. Энэ бол миний Сүм” гэж Оливэр хэллээ.
“Янзтай” гэж Дилан хариулав.
Гэнэт Оливэрт нэг бодол төрлөө. “Чи миний баптисмд ирэх үү?” гэхэд
Дилан “Мэдээж,” “Гэвч би эхлээд аав, ээжээсээ асуух хэрэгтэй” гэв.
Хариуд нь Оливэр “За!” гэлээ.
Оливэр Диланыг баптисмд нь ирэх байх гэж бодохоор сэтгэл нь хөдөлж байв. Энэ нь түүнд өөр нэг санааг өгөв. “Би баптисмынхаа талаар ганцхан найздаа хэлж болохгүй шүү дээ. Би аль болох олон хүн уримаар байна!” гэж бодлоо. Оливэр гэр рүүгээ яаран ирж, төлөвлөгөөгөө ээждээ хэлэв.
Оливэр баптисмынхаа өмнөх мацгийн ням гарагт төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Тэр индэр дээр гэрчлэлээ хуваалцсаныхаа дараа “Би дараагийн бямба гарагт баптисм хүртэх гэж байгаа. Хүн бүрийг ирээсэй гэж хүсэж байна. Та нар гишүүн биш юм уу сүмдээ ирэхгүй байгаа хэн нэгнийг миний баптисмд урьж болох уу?” гэж хэлэв. Түүнд номлогч болсон мэт санагдав! Тэрхүү мэдрэмж нь түүнд үнэхээр таалагдаж байлаа.
Дараагийн долоо хоногт нь Оливэр найз нөхөд, гэр бүлийнхэн, багш нараа баптисмдаа урив.
“Таныг ирвэл би баярлах болно” гэж тэр тэдэнд хэлж байлаа.
Бямба гараг дөхөх тусам Оливэр яг хэдэн хүн ирэх бол гэж догдолж эхлэв. Тэд бүгдээрээ завгүй эсвэл ирэхийг хүсэхгүй бол яана аа?
Урьсан хүмүүсээс нь цөөхөн ч гэсэн хүн ирээсэй хэмээн тэр хурдхан залбирав. Дараа нь тэр хэн ирэх бол гэдэгт санаа зовохоо больжээ. Тэр зөвхөн урьснаараа л сайн үйл хийсэн гэдгээ мэдэж байлаа. Түүнээс гадна тэр өдрийн хамгийн чухал үйл явдал бол баптисм хүртэх шүү дээ.
Оливэр баптисмын өдөр сүм дээр очоод, нүдэндээ ч итгэж чадсангүй. Олон найз нь түүнийг дэмжихээр ирсэн байв. Танихгүй хүмүүс хүртэл ирсэн байхыг тэр харлаа. Диланыг эцэг эхтэйгээ хамт орж ирэхэд нь тэр гараараа даллав.
Баптисм хүртэх цаг болоход Оливэр бүлээн ус руу алхаж оров. Аав нь өмнө нь сургуулилт хийж байсанчлан түүний гараас барилаа. Тэгээд тэр баптисмын богино залбирал хэлээд, Оливэрыг усанд дүрэв. Нэг мэдэхэд Оливэр ус дуслуулан, инээмсэглэн зогсож байлаа. Тэр Есүсийн үлгэр жишээг дагаж байгаагаа мэдэж байв.
Оливэрыг хуурай хувцас сольж өмссөний дараа аав нь хэдэн эрэгтэй хүнтэй хамт түүнийг Сүмийн гишүүнээр баталж, онцгой адислал өгч, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад урилаа. Дараа нь Оливэр гэрчлэлээ хуваалцаж болох эсэхийг асуув.
“Миний хувьд онцгой энэ өдөр намайг дэмжихээр ирсэнд тань маш их баярлалаа. Энэ нь надад маш чухал. Би баптисм хүртсэндээ талархаж байгаа бөгөөд энэ бол дэлхий дээрх Христийн Сүм гэдэгт итгэдэг” гэлээ.
Дараа нь хүмүүс Оливэрт баяр хүргэхээр ирэв.
“Намайг урьсанд баярлалаа!” гэж Дилан хэлэв. Харин Диланы ээж “Надад маш сайхан мэдрэмж төрсөн.
Хүн бүр ямар сайхан сэтгэлтэй юм бэ!” гээд, “Бидэнд маш дотно сайхан мэдрэмж төрлөө” гэж хэлэв.
Тэр орой Оливэрын аав орных нь буланд суугаад, “Ямар гайхамшигтай сайхан өдөр байв аа!” гэв.
Оливэр толгой дохиод, “Би энэ өдрийг найзуудтайгаа хуваалцсандаа баяртай байна” гэлээ.