2019
Яагаад Их Эзэн намайг сэрэмжлүүлээгүй вэ?
2019 оны 7-р сар


Яагаад Их Эзэн намайг сэрэмжлүүлээгүй вэ?

Ларк Монтгомэри

АНУ-ын Техас муж

woman gathering loose papers

Зураг чимэглэлийг Тим Зэлтнэр

Нөхөр бид хоёр том хүүхдүүдээ дөрөвтэй, хоёртой байх үед Техас мужийн техникийн институтийн оюутны байранд амьдардаг байлаа. Бид Техас гэх өндөрлөг газарт анх удаа ирсэн байв. Надад ямар их таалагдсан гээч! Хавар болмогц төв Техас цэцгээр дүүрдэг. Цэцэрлэгт хүрээлэн, ой мод, эзгүй тал, замын хажуу гээд хаашаа ч харсан цэцэгс дэлбээлдэг байлаа.

Би хүүхдүүдээ тэргэн дээр нь суулгаад, бараг өдөр бүр гадуур зугаалдаг байв. Бид үзэж харах шинэ газрууд олж, хүүхдүүддээ зэрлэг цэцэгсийг хүссэнээрээ зулгааж авахыг зөвшөөрдөг байсан. Бид сайхан арчилж ургуулсан цэцэгсийн цэцэрлэгтэй айлууд бүхий гудамжаар зугаалж, аяллаа дуусгадаг байлаа.

Нэгэн өдөр бид булан тойроод, цэцэрлэгүүдийн нэгэнд маш олон цаас тараан хаясан байхыг харав. Салхи цааснуудыг нүд ирмэхийн зуур хашаагаар нэг тараасан байлаа. Хогийг цааш тарахаас нь өмнө цэвэрлэе гэж би бодоод, гараараа дүүрэн хуудаснууд атган авч, живхнийхээ цүнх рүү чихэв.

Доош харангуут порнографтай хуудаснууд барьж байгаагаа би мэдлээ. Би хирдхийн цочиж, үлдсэн хуудаснуудыг хамж байхдаа хүүхдүүдээ тэрэгнээсээ буухгүй байхыг хүсэв. Хэзээ ч харахыг хүсэхгүй байсан зүйлээ хальт харсандаа би сэтгэлээр унав. “Яагаад Бурхан намайг өөр замаар гэртээ харь гэж сэрэмжлүүлээгүй юм бол?” гэж би дотроо гоморхов.

Дараа нь би сургуулийн автобус тоормослох танил чимээг сонслоо. Арав гаруй хүүхэд автобуснаас бууж, хэдхэн минутын өмнө порнографтай хуудсаар дүүрсэн байсан хашааны дэргэдүүр өнгөрөв.

Тэр мөчид миний харах өнцөг орвонгоороо өөрчлөгдсөн юм. Яагаад надад өөр замаар яв гэж сэрэмжлүүлээгүйг би одоо ойлгож мэдсэн байлаа. Би хүүхдүүдэд хор хөнөөлтэй зургуудыг харуулахгүйн тулд тэнд байсандаа талархаж байв. Би харих замдаа “Сургуулийн автобус оройтож ирсэн бол яах байсан бол” гэж бодсон. Яагаад ийм зүйл тохиолдсоныг мэдэлгүй өнгөрсөн бол би яах байсан бол? Би Бурханд хэр удаан сэтгэл дундуур үлдэх байсан бол?

Их Эзэн “яагаад” тэр туршлагыг надад өгөх болсноо ойлгуулах боломжийг олгосон тэр өдөр Түүний мэргэн ухаан болон зорилгууд минийхээс хавьгүй илүү агуу гэдэгт итгэхэд тусалсан юм.

Заримдаа яагаад ийм зүйл тохиолдсоныг би мэдэх болно, харин заримдаа мэдэхгүй өнгөрнө. Юу ч болсон бай, Их Эзэнд миний харж чадахаас илүү агуу зорилго байдаг гэдэгт би итгэх ёстой гэдгээ мэддэг болсон.