2019
Зууран барихад өвдөх үе тохиодог
2019 оны 7-р сар


Зууран барихад өвдөх үе тохиодог

Жэфф Бордэрс

АНУ, Вашингтон

Долоодугаар сарын нэгэн аагим халуун өдөр би хадам ахдаа далан барихад нь тусалсан юм. Ийн ажиллах болсноор эцэст нь надад зам дээр цэцэглэж байсан интоорын модны үндэстэй хүчээ үзэх хэрэг гарав.

“Асуудалгүй” гэж би бодлоо.

Би тохирох багажуудаа цуглуулан, ажиллах зай гаргахаар үндэсний эргэн тойрныг ухав. Дараа нь хөрөөгөө шүүрэн авч, бодож санах ч юмгүй шууд л үндсийг тайрах ажилдаа орлоо. Жижиг үндэснүүдийг тайрахад амархан байсан ч том үндэснүүд рүү ороход амаргүй болохыг би тун удалгүй ойлгосон юм. Ялангуяа нэг үндэс тун ярвигтай байлаа.

Би шүд зуун уг үндсийг тайрахаар шийдэв. Толгой дээр туссан нарыг харсхийн, хөрөөгөө чанга барихад хүзүүг минь даган хөлс урсаж байлаа. Хөрөө бүх бие сэгсрэгдтэл чичирхийлэх нь тэр. Хөрөөний гохон дээр байсан баруун гараа өвдөн, хорсож эхлэхийг би мэдрэв. Би өвдөлтийг тоолгүй, зуурсаар л.

Эцэст нь хөрөө үндсийг тайрахыг би харлаа. Гараа гохон дээрээс авахад надад ялалтын сайхан мэдрэмж төрөв. Гэвч би бээлийгээ тайлаад, гарын маань арьс зулгарсан байхыг олж харлаа.

Энэ үйл явдлын талаар бодож байхад, хөрөөнөөс зууран барих нь төмөр бариулаас зууран барихтай яг адил болохыг би ойлгосон юм. Биднийг амьдралд урагшлан явахдаа төмөр бариулаас зууран барих ёстой гэдэг. Гэвч төмөр бариулаас зууран барьснаар өвдөлтийг мэдрэхгүй байна гэсэн үг биш юм. Би хөрөөнөөс зуурч байхдаа гараа шархлуулсан. Үүнтэй адил бид төмөр бариулаас зууран барьж байхдаа сорилт, зовлон зүдгүүрийг туулах болно.

Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэн ирэх аялал аюул заналаар дүүрэн байна гэдгийг мэдэж байсан. Тиймээс Тэр бидэнд туслах зорилгоор судар, бошиглогчдын үгс зэргийг өгсөн билээ. Бид мөнх бус амьдралын сорилт, бэрхшээл дунд эдгээрээс зууран барьснаар хэзээ нэгэн өдөр Түүний оршихуйд эргэн очих болно.

Заримдаа зовлон зүдгүүр амссан ч гэлээ бид Түүнд эргэн очихдоо төмөр бариулаас зууран барьж байсан өөрсдийн гарыг харах болно. Бид үүнийг Тэнгэрлэг Эцэгийн тусламж дэмжлэгээр мөн Есүс Христийн цагаатгагч хүчээр дамжуулан ямар ч саад бэрхшээл тохиолдсон байлаа гэсэн үүнээс чанга гэгч атгаснаар мэдэх болно.