2019
Арвин туршлагагүй ч ажлын намтраа хэрхэн бичих вэ?
2019 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Арвин туршлагагүй ч ажлын намтраа хэрхэн бичих вэ?

Ажлын намтартаа оруулах олон зүйл байхгүй байна уу? Сүмийн дуудлагаа хараарай!

Ажлын намтар дээр ихэвчлэн “Ажлын туршлага,” “Сайн дурын ажлын туршлага,” “Боловсрол,” Ур чадвар” зэрэг үндсэн хэсгүүд ордог. Хэдийгээр энэ жагсаалт тийм урт биш ч эдгээр хэсэгт бичих туршлага нимгэн байвал аймаар санагддаг. Гэвч бүү цөхөр! Ялангуяа таны Сүмийн дуудлагууд үнэ цэнтэй туршлагыг өгдөг тул үнэндээ та бодож байгаагаасаа илүү их туршлагатай байж болох юм. Бид Их Эзэнийг хайрладаг болохоор мөн Түүний хүүхдүүдэд туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг тул Сүмийн дуудлагаа биелүүлж, хичээнгүйлэн гүйцэтгэхийг хичээдэг бөгөөд ингэснээр олж авсан ур чадвар маань ажлын зах зээл дээр биднийг бусдаас ялгарахад тусалж чадна.

Үүрэг даалгавар ба давтамжийг жагсааж бичих

Ямар ч Сүмийн дуудлага байсан, ажлын намтартаа оруулж болох ололт амжилт, ур чадваруудыг тухайн дуудлагад үйлчилж байхдаа олж авсан байх боломж их бий. Дуудлага бүрд хийж байсан ажил үүргээ жагсаан бичээд, тэдгээрийг хэр зэрэг хугацаанд гүйцэтгэж байсан мөн хэдэн хүн хамрагдаж байсныг бичнэ үү.

Амжилт ололтын тодорхойлолт

Дараа нь “амжилт ололтын тодорхойлолт”-ыг гарга. Эдгээр нь дуудлагынхаа үеэр хийж гүйцэтгэсэн зүйлийг товч тайлбарласан тодорхойлолт юм. Тэдгээрийг ажлын намтартаа ажил тус бүрийн доор тусгайлан тэмдэглэсэн жагсаалт болгон оруулна.

Тодорхойлолт бүрийг “үйл хөдлөл заасан үйл үгээр” буюу хянаж байсан, сайжруулсан, заасан гэх мэт хүчтэй үйл үгээр дуусга.

Жишээнүүд

Эдгээр нь хэд хэдэн төрлийн дуудлага дээр үндэслэн хийж гүйцэтгэсэн ажлын тодорхойлолт байх бөгөөд үүнд уг дуудлагуудтай холбоотой үүрэг даалгавар, давтамж, тоо хэмжээ орсон байна.

  • Багш бол:

    • Гарын авлагаас болон судруудаас суралцаж, эх сурвалж, хувийн туршлагыг цуглуулан, долоо хоног бүр заах хичээлийг бэлддэг байсан.

      • Давтамжийн хувьд, үүрэг даалгаврыг долоо хоногт нэг удаа эсвэл сард хоёр удаа гэх мэт хэр зэрэг давтамжтай хийдэг байснаа дурдан бич.

    • 14-өөс 16 настай өсвөр үеийнхний ангид долоо хоног бүр 50 минутын хичээл заадаг байсан.

      • Ангийн хэмжээ, суралцагчдын тоо таны дуудлагаас хамаарна.

  • Ерөнхийлөгчийн зөвлөлд байсан бол:

    • Бүлэгтээ зориулан сар бүрийн болон урт хугацааны зорилго тавьж, уг зорилгодоо хүрч байсан.

    • Байгууллагынхаа 30 гишүүнд анхаарал халамж тавьж байсан.

    • Удирдагчид болон багш нарыг үүрэгт ажилд нь бэлдэж, сургалт явуулж байсан.

    • Сар бүр 26 хүнд зориулан үйл ажиллагаа төлөвлөж, зохион байгуулж байсан.

    • Сарын төсөв гаргаж, уг төсвөө дагадаг байсан.

  • Хөгжмийн удирдагч бол:

    • Долоо хоног бүр дуу хөгжмийн хөтөлбөр зохион байгуулдаг байсан.

    • Цуглааны гишүүдийг оролцуулсан дуу хөгжмийн тусгай хөтөлбөр бэлддэг байсан.

    • Баярын өдрүүд болон арга хэмжээний үеэр хөгжмийн хөтөлбөр төлөвлөдөг байсан.

  • Номлолд үйлчилж байсан бол:

    • Долоо хоног тутам болон урт хугацаанд заах, өөрийгөө хөгжүүлэн сайжруулах төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байсан.

    • Долоо хоног бүр дунджаар 16 хүнд эсвэл бүлэгт сурч мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж, судлах замаар амьдралаа баяжуулж болох талаар заадаг байсан.

    • Сургагч байсан бол: Хэрхэн заах болон хатуу ширүүн ажлын хуваарьт хэрхэн дасан зохицох талаар шинэ номлогчдод сургалт, зөвлөгөө өгдөг байсан.

    • Хэрэв сургагч эгч болон дүүрэг, бүсийн удирдагч байсан бол: 14 номлогчийг урамшуулж, үнэлгээ хийж, өсөлт хөгжлийг нь тайлагнах үүрэгтэй байсан.

    • Гадаадад үйлчилж байсан бол: [Ямар улсад байснаа бич] улсад [ямар хугацаанд байснаа бич] хугацаанд амьдарч мөн тухайн соёлын талаарх мэдлэгээ өргөжүүлсэн.

    • Хэрэв та гадаад хэлээр ярьдаг байсан бол хэр удаан хугацаанд тухайн хэлээр ярьдаг байснаа онцол.

    • Эдгээр нь ерөнхий жишээ ч та хийж бүтээснээ илүү тодорхой бичиж, тухайн ажилд тохируулсан байх тусам сайн.

Ажлын намтраа бичих

Ажлын намтартаа хийсэн ажлынхаа жагсаалтыг болон үүнтэй холбоотой гаргасан амжилт ололтоо бичиж оруул. Та хийж байсан дуудлагуудаа ажлынхаа намтартай холбохын тулд үүнийгээ орохыг хүсэж байгаа ажилтайгаа тохируулах ёстой.

Ажлын тодорхойлолтод түлхүүр үгс бараг байнга орсон байдаг. Тэдгээр түлхүүр үг нь тухайн компанийн ажилд авах хүнээсээ хүсэж байгаа онцгой зүйлсийг тусгасан байдаг ба тэдгээр түлхүүр үгийг ажлынхаа намтарт оруулсан байхад анхаар. Мөн та ажлын тодорхойлолтод хамгийн дөхөж очих дуудлагаа онцлон оруулсан байвал зохино. Хэрэв та хэн нэгний туслахаар орох гэж байгаа бол зохион байгуулалттай холбоотой, харин багшийн туслахаар орох гэж байгаа бол багшлахтай холбоотой дуудлагуудаа оруулаарай.

Нэмэлт зөвлөгөө

  • Дуудлагуудаа “Сайн дурын ажлын туршлага” хэсэгт жагсааж бич.

  • Байгууллагыг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж жагсаан бич.

  • Дуудлагын нэрийг ажлын нэрээр бич.

  • Тойрог эсвэл салбар гэх мэт үгсийн оронд цуглаан, харин Мючелийн оронд долоо хоног бүрийн үйл ажиллагаа гэх мэт өргөн хэрэглэгддэг үгсийг ашигла.

  • Хүмүүсийн сайн мэдэхгүй байж болох байгууллагуудыг тайлбарлаж бич.

    • Жишээлбэл, Халамжийн нийгэмлэгийг олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага хэмээн бич. Та тойрог, салбарын Халамжийн нийгэмлэгийг тухайн байгууллагын орон нутгийн бүлэг, салбар гэж бичиж болно.

Та мөн дээрх зарчмуудыг өөр сайн дурын ажил, үүрэг, үйл ажиллагаанд ашиглаж байсан ур чадвар, туршлагадаа хэрэгжүүлж болно. Орохыг хүсэж байгаа ажилд тань хамааралтай өргөн хүрээний ажлын туршлагатай гэдгээ л харуулах нь чухал. Тиймээс Сүмийн дуудлагаас гадна ажлын намтартаа тухайн ажилтай холбоотой аль болох олон туршлагаа оруулахыг хичээ. Та яг тухайн үед олж харахгүй байж болох ч тус болж болох олон зүйл танд байгаа тул өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй!