2008
СОНГОХ ЭРХ БА ХАРИУЦЛАГA
2008 оны аравдугаар сарын


СОНГОХ ЭРХ БА ХАРИУЦЛАГA

Үүлнээс дээгүүр

Ямар ч нөхцөлд та нар зөв шударга ёс, аз жаргалыг сонго. Хийсэн сонголтуудынхаа хариуцлагыг хүлээ. Авьяас чадвараа хөгжүүлж сайн зүйлд ашигла. Зүгээр суухаас зайлсхийж, шаргуу хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй бай.

Саявтархан надад нэгэн жижигхэн онгоцоор аялах завшаан тохиосон юм. Онгоцонд суухаар бэлтгэж байх үед зорчигчдын нэг нь нисэгчээс, бид хир зэрэг өндөрт нисэхийг асуув. 9500 фут (2,900 м)-т нисэх болно гэснээ тэр “Энэ бол бид үүлнээс дээгүүр ниснэ гэсэн үг” гэв. Дараа нь ”Хэрэв бид үүлнээс доогуур нисвэл нилээд чичиргээтэй байх болно, харин үүлсийг нэвтлэн бүр дээш гарах юм бол, илүү тэгш, жигд замаар тайван аялах болно” гэж тайлбарлав.

Энэ нь үнэхээр үнэн болох нь батлагдсан юм. Энэхүү онгоцоор үүлсийг нэвтлэн бүр дээш гарахын тулд арай илүү шатахуун, мөн хүч шаардагдсан ба хэсэг зуурын чичиргээг туулан гарсны дараа онгоц маань аяллын ихэнх хэсэгт ямар ч донсолгоогүй, жигд шулуун замаар аялж байв. Түр зуурын жижиг чичиргээ гарч байсан ч нисгэгч нилээд анхааралтай байсан болохоор нислэг маань илүү тухтай байж чадсан юм.

Сүүлд нь: “Хэрвээ бид үүлсийг нэвтлэн бүр дээш гарч чадвал, илүү жигд, тайван аялах болно” гэсэн нисгэгчийн үг надад бодогдсон бөгөөд бидний амьдрал ч үүнтэй адил юм шиг санагдсан юм. Бид мөнх бус амьдралд байдаг зовлон, бэрхшээл, муу муухай, зүйлс, чөтгөрөөс зайлж, дээш өсч хөгжин, Хожмын Үеийн Гэгээнтний амьдралаар амьдрах хэрэгтэй юм. Ингэвэл бид Сүнсийг өөрсөдтэйгээ хамт байлгаж, тэгснээр амар амгаланг мэдрэх бөгөөд энэ нь бидэнд маш сайхан байх болно. Энэ нь биднээс зориг, хүсэл, идэвх чармайлтыг шаардах бөгөөд эргэн тойронд буй асуудал, төөрөгдлөөс дээш гарахын тулд зөв сонголтуудыг хийх хэрэгтэй болно. Эл төөрөгдөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг эмх замбараагүй мэдээллүүд ч бас орно. Үүнд гутрал гомдол, айдас цөхрөл гэх мэт “эгэл хүний”(Moзая 3:19) бүх л сорилтууд багтдаг.

Хэрэв бид “Залуучуудын бат бөх байдлын төлөө” товхимолд гарсан Тэргүүн Зөвлөлөөс өгсөн жишгийн дагуу амьдрах юм бол сонголтуудаа илүү зөв хийж сурах бөгөөд, бид өдрөөс өдөрт дэлхийн зүйлсийг даван дээш гарч, ингэснээр амьдралын маань аялал илүү тааламжтай байх болно. Бид замдаа илүү амар амгаланг мэдрэх ба аяллын төгсгөл рүү амжилттай хүрч чадна.

Энэ бол бидний аялал ямар ч аюулгүй, бүр амар хялбар байна гэсэн үг биш юм. Ийм амлалт байхгүй бөгөөд замын туршид анхаарал сэрэмж шаардсан сорилтууд, бэрхшээлүүд тохиолдох ч Их Эзэний талд байхыг эрмэлзсэнээр, зөв сонголтуудыг хийснээр, мөнх бус амьдралын уруу таталтуудаас дээш гарч өсч дэвжсэнээр, бидэнд энэ амьдралд болоод ирэх амьдралд маань амар амгалан, аз жаргалыг авчрах баталгаа болох юм.

Хэвлэх