2008
Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний зарчмуудын талаар энгийн ойлголтыг олгодог
2008 оны аравдугаар сарын


Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний зарчмуудын талаар энгийн ойлголтыг олгодог

Америкийн Юта мужийн Кэйсвил дэх бишоп Роберт Ланд сургаалтай холбоотой асуулт болон асуудлууд гарч ирэхэд Итгэлдээ үнэнч байх нь номыг эх сурвалжаа болгон ашигладаг ажээ.

Хэн нэгэн надаас ямар нэгэн асуулт асуухад би тэдэнд: “Алив Итгэлдээ үнэнч байх нь дээр юу гэснийг харъя” гэж хэлдэг хэмээн бишоп Ланд судрууд болон хожмын үеийн бошиглогчдын заадаг зүйлсийг суралцахад нь хамтрагч болох номын талаар хэлсэн юм.

Итгэлдээ үнэнч байх нь ном 2004 онд анх хэвлэгдэн гарсан ба сайн мэдээний талаар сэдэв сэдвээр нь хялбарчлан тайлбарласан байдаг. Уг ном нь сүмийн залуучууд, залуу гэр бүл болон сүмд шинээр орсон хүмүүст зориулагдсан. Итгэлдээ үнэнч байх нь номын гол зорилго нь удиртгал хэсэгт Тэргүүн зөвлөлийн өгүүлснээр “Аврагч руу ойртуулж, Түүний жишээг дагах”, уншигчдынхаа хичээл зүтгэлийг дээшлүүлэхэд туслах явдал юм.

Энэ номын талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг хүн нь зөвхөн бишоп Ланд биш ажээ. Дэлхий даяар сүмийн гишүүд Итгэлдээ үнэнч байх нь номыг хувиараа сургаалаас суралцах, сайн мэдээний лавтайяа суурь мэдлэгтэй болох, сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх, сургаалыг бусадтай хуваалцах болон заах зэрэг олон замаар ашиглаж байна.

Сайн мэдээнээс үр дүнтэйгээр суралцах нь

Германы Дортманд гадасны Мюнстер салбарын гишүүн Донна Хеблинг Итгэлдээ үнэнч байх нь номыг сэргээгдсэн сүм болоод тэнд заагддаг сайн мэдээний талаарх мэдлэгээ тэлэхийн тулд ашигладаг байна.

“Номын гол агуулга нь тодорхой бөгөөд шулуун, бүх сэдэв нь миний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үнэний тухай гэрчлэлийг маань бататгаж өгсөн” гэж Хеблинг эгч хэлэв.

Итгэлдээ үнэнч байх нь ном нь үсгийн дарааллаар Аароны санваараас авахуулаад энэрэл хүртэлх ойролцоогоор 170 сэдвээс бүрдсэн. Сайн мэдээний зарчмуудыг энгийн атлаа алхам алхмаар ахиулах арга замаар заахаас гадна сэдэв болгон нь цаашид дэлгэрүүлж суралцахад хэрэгтэй судрын эшлэлүүдийг багтаасан байдаг.

Америкийн Юта мужийн Саратога Спрингсын гишүүн Марк Эллисон болон түүний гэр бүлийнхэн Итгэлдээ үнэнч байх нь номын сайн мэдээг сэдэв сэдвээр нэг бүрчлэн суралцахдаа ихэвчлэн ашигладаг байна.

“Хүүхдүүд маань гэр бүлийн цуглаанд оролцохдоо нэг сэдэв сонгож хичээл заадаг бөгөөд Итгэлдээ үнэнч байх нь номоос сонгосон сэдвийнхээ хэрэгтэй тайлбарыг олдог” гэж Эллисон ах хэлэв. Тэрбээр цааш нь: “Заримдаа бид нэг сэдвийг сонгож, гэр бүлийн гишүүн бүрээс тэрхүү сэдвийн талаар мэддэг нэг зүйлээ хэлэхийг хүсдэг. Тэгээд дараа нь Итгэлдээ үнэнч байх нь номыг дэлгэн харж бидний хэлсэн юу нь байна, юу нь байхгүй байгааг мөшгин дутуугаа гүйцээдэг” гэжээ.

Түүний хүүхдүүд 7-18 насныхан боловч Итгэлдээ үнэнч байх нь номоос гэр бүлийн гишүүн бүрийн сонирхол болоод сайн мэдээний мэдлэгийн хэмжээнд тохирсон мэдээллийг олж авч чаддаг.

“Энэ ном үнэхээр хялбар энгийн боловч хамгийн хэрэгтэй чухал мэдээллийг агуулсан байдаг” хэмээн Эллисон ах хэлэв. “Энэ ном нь хичээл заахад бэлтгэх, сайн мэдээний талаар өөрийн бодлоо хуваалцах ч юм уу зүгээр ямар нэгэн асуулт гарахад, эсхүл дуртай сэдвээрээ сэтгэгдлээ хуваалцахад шаардлагатай сайн мэдээний эх үүсвэр болдог гэдгийг манай гэр бүлийнхэн маш сайн ойлгодог гэж би боддог” гэж тэр нэмж хэлэв.

Мэдлэгийн суурийг тавих нь

Юта мужийн Прово хотын Грандвью гадасны Грандвью 21-р салбарын 17 настай Жэйк Маккел болон түүний нөхөд, удирдлагууд нь бишопоосоо Итгэлдээ үнэнч байх нь номыг 2007 оны туршид эхнээс нь дуустал унш гэсэн даалгаврыг авчээ. Итгэлдээ үнэнч байх нь номыг уншсанаар олон сайн нөлөө өгч буйг харсан хэмээн тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч Дэвид Тюллер хэлж байна.

“Сургаалыг ийм хялбархан, шулуун, цэвэр ариун, ойлгоход амар аргаар заасан нь уншихад үнэхээр гайхамшигтай адислал байсан” гэж Тюллер ах хэлэв. “Тойрог даяар номыг яриа өгөх, судраас хувиараа суралцах, сургаалаас бусадтай хуваалцахад зориулж ашигласнаар мэдлэгийг илүү сайн олж авсан”

Рийдинг Пенсильвани гадасны Аллентаун салбарын залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Трэйси Нортон болон залуу эмэгтэйчүүд Итгэлийн Тунхагийг суралцаж байх үедээ Итгэлдээ үнэнч байх нь номыг ашиглажээ. Ингэснээр сүмийн итгэлийн үндсэн зарчмыг илүү бүрэн ойлгож, бусадтай сургаалаас хуваалцахад тус болох өөрсдөдөө итгэлтэй байдлыг олж авна хэмээн найджээ.

“Би Итгэлдээ үнэнч байх нь номыг өөрийн хичээлүүдэд аль болох илүүтэй хэрэглэхийг хичээдэг бөгөөд залуу эмэгтэйчүүдийг асуулт гарах үедээ хэрэглээсэй гэж боддог” гэж Нортон эгч хэлэв. “Итгэлдээ үнэнч байх нь ном сүмийн залуучуудад тулгардаг бэрхшээлүүд тэдгээр бэрхшээлийн талаарх сүмийн байр суурь болон зарчим, мөн бусад чухал сэдвүүдийг заасан байдаг. Тэд асуултандаа хариу авч болох эх үүсвэрээ мэдэх нь чухал гэдэгт би үнэхээр итгэдэг”

Нортон эгч сэдэв болгоныг нэг бүрчлэн хичээн зааснаар залуу эмэгтэйчүүд сайн мэдээний зарчим болгоныг ойлгоход амар байсан гэдэгт итгэлтэй байна.

Итгэлдээ үнэнч байх нь ном надад сайн мэдээний талаарх ойлголтоо сайжруулж, гэрчлэлээ бататгахад үнэхээр тусалсан. Одоо би номоо өөрийн судруудтайгаа хамт авч явдаг. Тэгээд бүрэн ойлгож чадаагүй сэдвээ хардаг” гэж Аллентоун салбарын гишүүн 14 настай Женесис Феликс хэлжээ.

Сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх нь

Швецарийн Берн гадасны Пратэлн тойргийн Даниэл Жослинд Итгэлдээ үнэнч байх нь ном түүний дуртай номын нэг болсон ба унших, суралцах болон сайн мэдээний дагуу амьдрах нь түүний амьдралын хэв маяг нь болжээ.

“Би энэ номыг үнэхээр хэрэгтэй гэж боддог. Уншаад гэрчлэлээ бататгах ба ямар нэгэн зүйлийг үргэлж сурдаг. Энэхүү ном нь үнэхээр яаж сургаалыг дагаж амьдрах вэ? гэсэн удирдамж юм” гэж Жослин ах хэлжээ.

Жослин ах жишээ болгож, хувиараа болон гэр бүлтэйгээ судраас суралц гэсэн зөвлөмж бүхий сэдвийг дурдсан юм.

“Дэлхий даяарх гишүүдэд өдөр болгон судрaас суралцахад хэцүү байдгийг би мэднэ. Гэхдээ Итгэлдээ үнэнч байх нь ном бидэнд төлөвлөгөө гарган өдөр бүр судраас унших, уншиж буй зүйлийнхээ утга учрыг ойлгодог байх хэрэгтэйг заадаг” гэж тэр хэлэв.

Америкийн Юта мужийн Спрингвил хотын семинарын багш Легранд Лэйнг ах Итгэлдээ үнэнч байх нь ном хүмүүст сайн мэдээнээс суралцахад нь тусалж түүнийгээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхэд нь чухал үүргийг гүйцэтгэж буйг харсан гэдгээ хэлж байлаа.

“Энэхүү ном нь сайн мэдээг үнэхээр өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг заадаг. Мэдээж, тэр болгоныг сүмийн бусад ном материалуудаас, ялангуяа судруудаас олж мэдэж болно. Хамгийн амар хялбар, бэлэн, ойлгомжтой, бүхий л зүйлийг зөвхөн Итгэлдээ үнэнч байх нь номоос олж мэдэх боломжтой юм.”

Хуваалцахад бэлтгэх нь

Итгэлдээ Үнэнч байх нь ном нь 2004 онд албан ёсоор Миний Сайн Мэдээг Номло-той хамт номлогчдын номын санд оржээ.

Миний Сайн Мэдээг Номло номыг бий болгох явцад бид номлогчдын номын санг улам хялбар болгож шинэчлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Итгэлдээ үнэнч байх нь ном номлогч нарт сайн мэдээнээс суралцахад хялбар, товч бөгөөд энгийн гэдгийг ойлгосон” гэж Сүмийн номлогчын албанд ажилладаг Грэг Дроубэй хэлжээ.

Дэлхий даяар номлогчид Миний Сайн Мэдээг Номло номыг их хэрэглэдэг боловч суралцах болон сайн мэдээнээс хуваалцахад Итгэлдээ үнэнч байх нь номыг хоёрдогч тулгуур болгон хэрэглэх нь илүү чухал болохыг мэдэж авсан билээ.

“Америкийн Виржиниа мужийн Вуудриж хотоос Бельгийн Брюссель /Нидерланд/-д номлолд үйлчилсэн Пол Эппэрсон ах хэлэхдээ: “Би номлолдоо Итгэлдээ үнэнч байх нь номыг яриа өгөх, хичээл заахдаа байнга хэрэглэдэг байсан. Миний Сайн Мэдээг Номло ном хэдий сайн ном боловч Итгэлдээ үнэнч байх нь номыг хэрэглэх нь илүү хялбар, янз бүрийн сэдвүүдийг энгийнээр тайлбарлан тодорхой бичсэн байдаг тул би дуртайяа ашигладаг байсан” гэжээ.

Итгэлдээ үнэнч байх нь номыг институт болон шашны ангиудын гарын авлага болгон өргөнөөр хэрэглэх болжээ.

Сүмийн сургалтын албаны менежер Брайн Гарнер: “Бид институт болон семинарын гарын авлагуудыг байнга шинэчилж байдаг. Итгэлдээ үнэнч байх нь ном нь зөвшөөрөгдсөн, бас хэрэглэхийг зөвлөсөн ном бөгөөд ашиглахад их хялбар эх сурвалж юм” гэж хэлсэн байна.

“Институт болон шашны ангиудын гарын авлагуудыг баяжуулж байхдаа дэлхий даяар хэн хүнгүй хэрэглэж болох зүйлийг л зохиогчид олохыг тэмүүлдэг” гэж Гарнер ах хэлэв.

Итгэлдээ үнэнч байх нь номыг хэн ч хэрэглэж болно. Хүмүүс агуулгыг хараад энэ номоос мэдээллийг авч болно. Энэ нь үнэхээр ашиглахад хялбар бөгөөд найдвартай ном юм” гэж тэр хэллээ.

Итгэлдээ үнэнч байх нь ном нь 46 хэл дээр хэвлэгдсэн ба Финлянд, Испани, Камбожийн гишүүд ч нэгэн адил унших боломжтой. Энэхүү номыг авахыг хүсвэл сүмийн хангамжийн ldscatalog.com хаягаар захиалах юм уу, эсвэл орон нутгийн санваартны удирдагч нараас авч болно. Англи хэл дээр үзэхийг хүсвэл LDS.org хаягаар ороод Gospel Library, Media Formats, PDF гэж сонгоод дараа нь True to the Faith гэсэн сонголтоор авч болно.

Итгэлдээ үнэнч хэвээр үлдэх нь

Бишоп Ланд Итгэлдээ үнэнч байх нь номыг сүмийн үндсэн судруудын ард хавсаргачихвал хүн бүрийн асуулт болон эргэлзээг тайлах арга болох юм хэмээн хошигнон хэлэхдээ энэ нь үнэхээр ч тийм гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Бишоп Ланд Итгэлдээ үнэнч байх нь номоос зарим нэг сэдвийг тоочин “баптисм, санваар хүлээн авах, уучлал, даруу зохистой байдал, нүглээ наманчлах гээд бүх сэдэв энд бий” гэжээ.

Номын эхэнд буй Тэргүүн Зөвлөлийн мэдэгдэлд: Гишүүд сайн мэдээний зарчмуудыг судалж,амьдралдаа хэрэгжүүлэхдээ энэхүү эх сурвалжийг ашиглан үргэлжлүүлэн итгэлээ бэхжүүлээсэй гэж тэмдэглэжээ.

“Сайн мэдээний үнэнийг судлах тусам та өөрт байгаа Тэнгэрлиг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний тухай ойлголтыг нэмэгдүүлэх болно. Та амьдралынхаа утга учир болох энэхүү ойлголтын хамтаар ухаалаг сонголтуудыг хийж, Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн амьдарч, амьдралдаа баяр баясгаланг олох чадвартай байх болно. Та итгэлдээ үнэнч хэвээр үлдэнэ”