2008
МЭДЭЭ
2008 оны аравдугаар сарын


МЭДЭЭ

Ерөнхийлөгч Монсон Аризонад гурав дахь Ариун Сүмийг барихыг мэдэгдэв

Ганцхан сарын дотор Ерөнхийлөгч Монсон гурав дахь Ариун сүмийг Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужид барих болсныг мэдэгдэв. Саяхан 2008 оны 5-р сарын 24-нд бошиглогч маань Аризона мужийн Феникс-д Ариун сүм барихаар төлөвлөж буйг мэдэгдсэн билээ.

Дөрвөн сарын 28-нд Аризона мужийн Гилберт болон Гила Валлэйд Ариун сүм барихыг зарласан.

“Ариун Сүмээс авах адислалууд нь мөнхийн. Бурханы энэ ариун өргөөнд ирцгээх тэдгээр нь бидэнд өгөх Бурханы хайрыг мэдэрч, өөрсдийн бурханлиг заяагаа болон Түүний охид хөвгүүд байх боломжоо ойлгодог” хэмээн Ерөнхийлөгч Монсон гишүүдэд хандсан захидалдаа бичжээ.

Ариун сүмүүд шинээр баригдсаны дараа Аризона мужийн Ариун сүмийн тоо тав болж, одоогоор Меса, Сноуфлэйк хотуудад байгаа Ариун сүмийн ачааллыг багасгах болно.

Сүмийн, Ариун Сүмийн албаны мэдэгдэж байгаагаар Аризонагийн Меса дахь Ариун сүм нь 1927 онд баригдсан, 74 гадасны гишүүдэд үйлчилдэг бөгөөд Ютагаас гадна дэлхий дээрх хамгийн их ачаалалтай Ариун сүм ажээ.

Одоогоор хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа ч энэ гурван Ариун сүмийг баригдахад дэлхий дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа болон төлөвлөгдсөн Ариун сүмийн тоо 140-д хүрнэ.

Ерөнхийлөгч Монсон Ариун Сүмийг онцгойлон адисалж, Бразилийн дэд Ерөнхийлөгчтэй уулзлаа

Бразилийн Кюритиба дахь Ариун сүмийг онцгойлон адислах долоо хоногийн үеэр Бразилийн төв болон өмнөд хэсгүүдийн гишүүд мянга мянгаараа Ерөнхийлөгч Томас С.Монсоныг сонсохоор цугларсан байв.

2008 оны 6 сарын 1-ний ням гарагт Ерөнхийлөгч Монсон болон түүнийг дагалдан явсан Арванхоёрын Ахлагч Рассел М.Нелсон, Далын гишүүн Ахлагч Чарлз Дидиер нар Кюритибагийн Ариун сүмийг онцгойлон адислах дөрвөн удаагийн цуглаан зохион байгуулжээ.

Өмнөх орой нь сүмийн мянга мянган гишүүн бошиглогчтой хамт үндэсний баяраа тэмдэглэхээр хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан байв.

Нэг сая дөхсөн сүмийн гишүүдтэй Бразили орны хувьд Кюритибагийн Ариун сүм тав дахь нь юм. Нээлттэй хаалганы үеэр 42 мянгаас илүү хүн хүрэлцэн ирж, Ариун сүмийг үзжээ. Бразилийн зургаа дахь Ариун сүмийг Манаус хотноо барихаар төлөвлөөд байна.

6 дугаар сарын 2-ны Даваа гарагт Ерөнхийлөгч Монсон Бразилийн Брасилиа хотод Бразилийн дэд Ерөнхийлөгч Хосе Аланкартай уулзав. Түүнтэй хамт Ахлагч Нелсон, Ахлагч Дидиер нар байлцав. Ерөнхийлөгч Монсон ноён Аланкартад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг бичиг” –ийг гэр бүлийн баримлын хамт бэлэг болгон дурсгав.

Дараа нь Ерөнхийлөгч Монсон, Ахлагч Нелсон болон түүний гэргий Вэнди Нелсон нар олон гадасны гэр бүлийн цуглаанд оролцож, 8000 гаруй гишүүдэд хандан яриа өглөө.

Хонг Конгийн гишүүд газар хөдлөлтөнд өртөгсдөд туслалцаа үзүүлэв

Хятад улсын Сычуань мужид 5 сард болсон газар хөдлөлтийн дараа Хонг Конгийн 600 гаруй сүмийн гишүүд аялсаар Шенчень дахь үйлдвэрт ирж, анхны тусламжийн 10,000 багцыг бэлтгэжээ.

Тусламжийн багц бүрт печень, хуурай сүү, лаазалсан мах, бэлэн гоймон, саван, шүдний оо, сойз, алчуур, борооны цув, хөнжил, ундны ус зэргийг багтаасан байна.

Энэ бүгдийг Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн энэрлийн байгууллага, сүмийн хүмүүнлэгийн тусламжийн газрынхан зохион байгуулсан байна. Цаашдаа үргэлжлүүлэн туслалцаа үзүүлсээр байх бөгөөд 5000 майхан, 4000 явуулын хөнжил гудас өгөхөөр бэлтгээд байгаа аж.

Тусламжийн эдгээр бараа материалаас гадна Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн сангаас засгийн газрын удирдагч нарт болон Шенченийн Улаан Загалмайд мөнгөн туслалцаа үзүүлжээ. Тэрхүү мөнгөн сан нь Хонг Конг дахь болон дэлхий даяар байгаа сүмийн гишүүдийн хандиваас бүрджээ.

Хонг Конгийн бизнес эрхлэгч сүмийн гишүүн Брюс Лэй ах Шенчень дэх өөрийн үйлдвэрийн байрыг тухайн үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрчээ.

Хятадын Тусламжийн Байгууллага эдгээр тусламжийн барааг газар хөдлөлтөд өртсөн орон нутгуудаар тараан түгээж, илгээх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Угдорф Европын гэгээнтнүүдтэй уулзав

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф 2008 оны 5 дугаар сарын сүүл болон 6 дугаар сарын эхээр Англи, Герман, Франц улсаар аялж сүмийн гишүүдтэй уулзжээ.

Тэрээр Герман Францын түүхээс сөхөн Версайлд болсон цуглаан дээр Парисчуудад хандан: “Энэ хоёр улсын хооронд их дайн дажин байсан боловч одоо бид бүгдээрээ найзууд, сайн хөршүүд билээ. Есүс Христийн сайн мэдээ бид бүгдийг илүү сайн хүмүүс болгох чадалтай бөгөөд үндэстэн ястан, өнгө царай ялгаварладаггүй” гэж хэлжээ.

Тэр үргэлжлүүлэн: “Бид бүгдээрээ нэгэн ах эгч нар гэсэн үг. Сайн мэдээ бол бидэнд тохиолдох бүх асуудлуудын хариу, гэр бүлүүдэд, тэр ч байтугай дэлхий дахинд учирч байгаа бүх бэрхшээлийг давахад тусална”

Ерөнхийлөгч Угдорф залуу хөвгүүн байхдаа Германд сүмд нэгджээ. Энэ жилийн 2-р сард тэрээр Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан.