Итгэлээ олсон нь
Номлогчид намайг нэлээд хэдэн сарын туршид баптисм хүртэхэд урьсан боловч би үгүй гэсээр байлаа.
1989-1990 онд би коллежийн шинэхэн оюутан байхдаа нэг сайн найзтайгаа хамт шөнө орой болтол шалгалтанд бэлтгэн хичээл давтаж байв.
Амьдралыг минь тодорхойлогч зүйлсийн нэг болсон нэг асуултыг Матт надаас гэнэт асуух нь тэр. “Танай Сүм Бурханыг юутай адилхан гэж үздэг вэ? Тэрээр юутай эсвэл хэнтэй адилхан гэж та нар боддог вэ гэж би асууж байна л даа?“
Би түүнд хариулсангүй. Тэр миний байдлыг ойлгоод, асуудлыг эвтэйхнээр орхив. Гэвч би үүнийг мартсангүй. Би ер бусын нөхцөл байдалд байв. Би Бригам Янгийн их Сургуульд протестант шашны цугларалтад явдаг байсан бөгөөд өөрийнхөө итгэл бишрэл, шашны тухайд ерөнхийдөө эргэлздэг байсан хэдий ч, шашнаа өөрчлөх бодол надад байсангүй. Харин ч, шашны сэдвээр ярилцахаас зайлсхийх замаар сүнслэг байдлын хувьд бүтэн жилийн туршид өөрийгөө тусгаарлагдмал байдалтай байлгасан юм. Эцэст нь найз маань энэхүү энгийн асуултаар миний зүрх сэтгэлд бяцхан зай завсар гаргаж чадсан юм.
Итгэлийг эрж хайсан нь
“Би ер нь юунд итгэдэг хүн бэ? Хамгийн чухал нь, надад итгэл байна уу? Бурхан үнэхээр байдаг юм бол, Тэр юутай адилхан юм бол? Би Түүнийг мэдэж чадах болов уу? Тэр миний залбиралд хариулах болов уу? Хожмын Үеийн Гэгээнтэн найз нарынх шиг би тийм итгэлтэй болж чадах болов уу?” гэж би дараагийн хэдэн сарын туршид өөрөөсөө дахин дахин асуудаг байлаа.
Намайг сорьсон ийм асуултууд надад өмнө нь огт тохиолдож байгаагүй ч юм биш л дээ. Нэлээд олон жилийн туршид хамгийн сайн найзууд маань Хожмын Үеийн Гэгээнтнүүд байлаа. Энэхүү нөхөрлөл намайг БЯИС-д сурахад хөтөлсөн юм. Гэвч сайн мэдээг хуваалцах гэсэн тэдний оролдлогыг би үргэлж няцаадаг байв. Би номлогчидтой цөөхөн удаа уулзахдаа тэдний үгийг үнэн сэтгэлээсээ сонссонгүй.
Шаардагдах өөрчлөлтүүдээс бас гэр бүлээс маань намайг тусгаарлаж мэдэх нийгэм, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдээс би ихэд айдаг байлаа. Миний буруу байсан гэдэгт эсвэл миний баримталж ирсэн уламжлалууд зөв биш гэдэгт итгэх хүсэл надад байсангүй. Би өөрөө эсвэл бусад хүмүүс Бурханаас илчлэлт хүлээн авч чадна гэдэгт би итгэдэггүй байв. Бурхан Иосеф Смит хөвгүүн дээр хүрч ирэн түүнд шинэ судрыг илчилсэн гэдэг нь, зөвхөн ганцхан шашин бурханлиг удирдамж хүлээн авч үнэн Сүм болон байгуулагдсан гэдэг нь утгагүй, учир шалтгааны үндэслэлгүй, тэр ч байтугай гаж буруу юм шиг санагдаж байлаа.
Бүх шашин, түүний дотор өөрийнхөө шашныг ч үнэн гэдэгт би шүүмжлэлтэйгээр ханддаг байв. Гэр бүл найз нөхдөө хайрлах хайраар зүрх сэтгэл минь дүүрэн байж, хариу хүсэн хүлээдэг ч гэсэн, Сүнсний шивнээ ирэхэд үүнийг сонсохоос татгалздаг байв.
Коллежид нэг жил сурсныхаа дараа би үрэлжлүүэн суралцахаар Кентаккид гэртээ эргэж ирлээ. Хожмын Үеийн Гэгээнтэн найз нар маань удалгүй номлолд явцгаахад би маш ихээр ганцаардав. Амьдралынхаа хоёр жилийг зориулахад нь тэдэнд сүнслэгээр нөлөөлсөн итгэл үнэмшлийг өөртөө бий болоосой хэмээн би хүсэх болов. Мөн энэ үед Маттын асуусан нөгөөх асуултын хариу надад байхгүй байгаа нь сэтгэл санааг минь зовоосоор байлаа. Үнэнийг өөрөө олж мэдэхийг би хүсэх боллоо. Эцэст нь, номлогчидтой уулзахад намайг урамшуулан дэмжсэн олон захидал найз нараас маань ирсний дараа би айдас, эргэлзээгээ даван туулж, хүлээн зөвшөөрсөн юм.
Хөрвүүлгийн тухай бодсон нь
Гэсэн хэдий ч, сайн мэдээний өөр өөр зарчмууд нэг нэгдмэл бүхэл зүйл болж хоорондоо холбогддог гэдэгт би эргэлздэг байв. Номлогчид захиасаа бүхэлд нь нэг бол бүгдээрээ үнэн, эсвэл бүгдээрээ худал гэдэгт итгэдэг байсан болохоор, би аль нэг зарчмын тухай гэрчлэлтэй болсноор, тэдний заасан бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой байв.
Би тэдэнд итгэдэггүй байлаа. Би сүнслэг болон сургаал дахь сонголтуудаас итгэхийг хүссэн зүйлүүдээ түүвэрлэн сонгож авах боломжтой гэж боддог байв.1 Үүний хамт, миний үзэл бодол итгэл дээр тулгуурласан хөрвүүлэгт биш, ажиглалт, туршлага дээр тулгуурласан нотолгоог шаардаж байлаа.
Харамсалтай нь, үзэл бодол маань намайг аз жаргалгүй, сэтгэл дундуур болгосон юм. Миний эргэцүүлэн бодож үзсэн гүн ухааны бүх нотолгоо үнэн бодит хариу өгч чадахгүй зөрчилтэй, гутрангуй санаа байв. Би үүнээс илүү ямар нэг зүйлийг, найз нарын маань болон номлогчдын Ариун Сүнстэй харилцсан хэмээн дүрсэлсэн зүрх сэтгэлтэй минь холбоотой байх тэр нэгэн зүйлийг хүсч байлаа. Номлогчдын хэлсэн зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд эсвэл энэ бол худал юм байна гэдгийг мэдсэнээр багахан ч атугай сэтгэл ханамжийг олохын тулд би номлогч нартай уулзсаар л байв.
Номлогчид тэвчээртэй атлаа зоримог байв. Хэдэн сарын туршид тэд надад олон ярилцлагыг зааж, баптисм хүртэхийг нэлээд олон удаа урьсан боловч би үгүй гэсээр байв. Тэдний урилгыг хүлээн авах хүсэлтэй болохоосоо өмнө намайг гэрчлэлтэй болгох зарим нэгэн тод томруун, гайхамшигтай үйл явдлыг би хүлээж байлаа. Иймэрхүү гэрчлэлийг би хүлээн авсангүй учраас тэдний урилгад хариулахаас татгалзсаар байсан юм.
Нэг өдөр ахлагч нар: “Та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчлэлийг хүлээн авахгүй” (Ифер 12:6) гэсэн хэсгийг Мормоны Номноос уншиж өгөв. Тэгээд тэд, “Жош, баптисм хүртээч гэж биднийг урих бүрд чи үгүй гэх юм. Чи одоо тэгье гэж хэлэх ёстой, тэгвэл Сүнс чамд үүнийг батлах болно” гэв.
Өөрөөр хэлбэл, би хараахан гэрчлэл хүлээж аваагүй байлаа. Учир нь итгэлийн минь сорилт надад ирээгүй байсан хэрэг. Итгэлийн сорилтгүйгээр би гэрчлэл хүлээн авч болно гэж итгэж байсан болохоор энэ тухай асууя гэж боддоггүй байлаа (С ба Г 9:7-г үз). Би дараагийн алхмыг хийх хүсэлгүй байсан учир надад гэрчилж болох Сүнсийг яах ч аргагүйгээр саатуулж байжээ. Миний хийх хэрэгтэй байсан зүйл бол гэрчлэл ирэхийн өмнө мэдлэг дээр биш, харин итгэл дээр тулгуурлан хийх сонголт байлаа. Миний итгэл соригдохын өмнө биш, харин дараа нь батлах гэрчлэл ирсэн юм.2
Надад баптисм хүртээхийн тулд номлогчид арга мэхээ хэрэглэж байна даа гэж би эхлээд боддог байж билээ. Тэгтэл дараа нь баптисмын урилгад үгүй гэж хариулсан яг тэр агшинд ямар нэг өчүүхэн үл ажиглагдам зүйл зүрх сэтгэлийг минь орхин одох нь тэр. Энэ бол номлогчдын зөвлөгөөг дагахыг надад шавдуулсан амар амгалангийн намуун зөөлхөн, эмзэг нарийн мэдрэмж байсан хэдий ч, энэ нь намайг төөрөлдсөн, баяр хөөргүй, уйтгар гунигтай хэвээр үлдээж, орхин одохоос өмнө би түүнийг таниагүй юм.
Намайг орхин одсон энэхүү мэдрэмж чинь Сүнс байсан юм биш үү, миний төөрөгдлийн шалтгаан нь Түүнийг цааш түлхсэн итгэлгүй зүрх сэтгэл минь байсан юм биш үү хэмээн би бодоход хүрэв. Өөр сонголт байгаагүй болохоор би номлогчдын уриалгыг туршиж үзэхээр шийдлээ. Тэдний шаргуу урилгыг би зөвшөөрч болох юм, хэрэв тэгээд тэдний надад амласан Сүнсийг би мэдэрвэл, баптисмтайгаа хамт цаашид бүхнийг туулах болно. Гэвч, хэрэв би Сүнсийг мэдрэхгүй бол, би зүгээр л тоглосон юм гэж номлогчдод хэлэхээр маш сайн бэлтгэсэн байлаа.
Үрийн сорилт
Дараагийнхаа цаг товлолтын орой бид Үрэлгэн хүү хэмээх Сүмийн шинэ хуурцгыг үзлээ. Өрөөнд нэг л онцгой өвөрмөц мэдрэмж байв; номлогчид илт сэтгэл нь догдолж, нүдэнд нь нулимс цийлэгнэж байв.
Кино дууссаны дараа бид судрын нэлээд хэдэн хэсгийг уншлаа. Эцэст нь Ахлагч Кричфиелд над руу эргэж, “Жош, та 11-р сарын 10-ны бямба гарагт үдээс хойш 4:00 цагт баптисм хүртэх үү?” гэж асуув.
Би эргэлзсэнээ, “Тэгье ээ” гэв.
Сүнс цахилгаан цахих лугаа адил хүчтэйгээр надад нөлөөлж, гарын шууны үс босох шиг болж, би золтой л уйлчихсангүй. Итгэлгүй байдлыг минь халж, гэрчлэл надад ирсэн нь ямар ч эргэлзээгүй байлаа. Итгэлд минь сорилт ирж, ингээд би баптисм хүртэх ёстойгоо ямарч эргэлзээгүйгээр мэдэж байлаа.
Итгэлийн нэгээхэн үрийн эрхэм сайхны тухай би гэрчлэлтэй болсон хэдий ч, үүнийг үр жимсээ өгөх хүртэл нь өсөхийг хараагүй л байлаа (Алма 32:35–36-г үз), бас сайн мэдээний бусад зарчмуудын тухай батлагч гэрчлэлийг хараахан хүлээж аваагүй байлаа. Итгэлийн минь сорилт хараахан дуусаагүй байв.
Баптисм хүртэж, гишүүнээр батлагдсанаас хойш нэг их удалгүй оюун санаанд минь эргэлзээ төрж эхлэх нь тэр. Баптисм хүртэхээр шийдсэн үе дэх хувийн туршлага, итгэл дээр тулгуурласан мэдлэгийг хүлээн аваагүй миний хуучин үзэл бодлын хоорондох зөрчлийг би мэдэрч эхэллээ.
Төөрөгдөл, уйтгар гунигийн нөгөөх улигт мэдрэмжийг би удалгүй дахиад л мэдэрч, юунд итгэхээ мэдэхгүй болов. Гэвч, итгэлийн минь сорилт зөрчлийг аль нэг арга замаар шийдэх хүртэл би Сүмд идэвхтэй хэвээр байж, надад заасан зарчмуудыг хэрэгжүүлэхээр шийдэж өөртөө амлалт өглөө.
Итгэлээ олсон нь
Их Эзэн намайг хүнд сорилтыг ганцаараа туулаг гэж орхиогүй юм. Номлогчидтой хамт үйлчлэх дуудлагыг надад өглөө, ингээд бид долоо хоног бүр номлохоор явж, номлогчид надад заахаа үргэлжлүүлж байв. Гэрийн багш нар маань итгэлтэй гишүүд байлаа. Миний гэрийн багшийн хамтрагч овсгоо самбаатай, ажлаа арван хуруу шигээ мэддэг байлаа. Тойргийн олон гишүүд намайг гэртээ хоолонд болон гэр бүлийн үдэшдээ урих замаар үерхэн нөхөрлөдөг байлаа. Тэд надтай хамт бас миний төлөө залбирдаг байв. Бишоп болон түүний гэр бүл надад анхаарал тавьж, намайг урамшуулан дэмждэг байлаа. Миний шийдэмгий байдлыг бэхжүүлсэн тэдний зүрх сэтгэлийн чин шударга санаа бодлыг би мэдэрдэг байв.
Номлогчдын ярилцлагуудын болон баптисмын урилгын үед надад бүр илүүтэй ихээр мэдрэгдсэн амар амгалангийн нөгөөх танил, эмзэг нарийн мэдрэмж Мормоны Номыг унших бүрд надад төрж байгааг би хэдэн сарын дараа нэг өдөр мэдэв. Энэ бол Сүнс болохыг би гэнэт ойлголоо. “Хэрэв энэ нь Сүнс юм бол, энэ ном үнэн байх ёстой” гэсэн үгсийг бодтол энэхүү эмзэг нарийн мэдрэмж зүрх сэтгэлд минь өсөн томорч, итгэл минь эл зарчмын тухай сүнсний мэдлэг болж хувирав.
Зүрх сэтгэл минь цаашид илүү ихээр “харууссанаар” мөн сэтгэл санаа минь “гэмшсэнээр” (Ифер 4:15-ыг үз), батлагч бусад туршлагууд дагалдан бий болсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам эргэлзээ маань итгэл үнэмшлээр солигдсон билээ. Бурхан амьд гэдгийг, Есүс бол Христ гэдгийг, Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг би өөрийн оюун ухаанаар эсвэл бусдын ятгалгаар бус, харин зүрх сэтгэлд минь хандан ярьдаг Сүнсний үгүйсгэх аргагүй оршихуйгаар мэднэ. Дүрэм дүрмээр оюун ухаанд минь нээгдсэн юм (2 Нифай 28:30-ыг үз). Эдгээр батлагч туршлагууд нэг нэгэн дээрээ тулгуурлан бий болж төлөвшсөнөөр сайн мэдээний тухай миний ойлголт өргөжин тэлж, улмаар сүнслэг ойлголт илүү түргэн ирсэн билээ. Туршлага бүр нь нөр хичээнгүй чанар, сонсож, дагах чин эрмэлзэл, Сүнсний өдөөлтөд сонор сэргэг байх хүслийг шаардсан юм (Мозая 3:19-ийг үз).
Сайн мэдээ үнэн гэдгийг би өнөөдөр хэлж чадна, учир нь би үүнийг өөрөө олж мэдсэн билээ. Нэгэн цагт сайн мэдээ гаж буруу, утгагүй юм шиг санагдаж байсан бол эдүгээ энэ нь надад танил бас гайхамшигтай зүйл болоод байна. Чухамдаа сайн мэдээний зарчмууд бүгдээрээ нэгэн агуу бүхэл зүйл болон хоорондоо нэгдэн холбогддог. Номлогчийн хувьд бүр сургаалын харьцангуй хязгаарлагдмал мэдлэгтэйгээр ч гэсэн би эдгээр үнэнүүдийг гэрчилж чадна. Сургаалын мэдлэг маань өргөжихийн хэрээр миний гэрчлэл бас өсөн нэмэгддэг.
Сайн мэдээний өөр өөр зарчмуудын тухай миний бүх гэрчлэл нийлээд бэрхшээлийн эсрэг сайтар бодсон, байнгын хамгаалалт болдог билээ. Надад тулгардаг бэрхшээл сорилтуудыг, нэн ялангуяа хариуг нь миний бие аль хэдийн хүлээн авсан зүйлүүдийн талаар эргэлзээг надад төрүүлдэг муу санаат нэгний хүчийг даван туулахад энэ нь намайг дэмжин тусалдаг (С ба Г 6:22–23-ыг үз). Би сул дорой байдлыг мэдрэхдээ, надад эргэлзээ төрөхөд, сэтгэлийн эмзэглэл гүнзгийрэхэд, гэрчлэл хүлээн авсан анхны өдөр үр жимсээ өгсөн тэр загварыг би хэрэлэдэг. Өөрийнхөө хүлээн авсан гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн тохиолдол бүрийг эргэцүүлэн тунгаан бодож, заалгасан зарчмуудын минь дагуу амьдрах хүч чармайлтуудаа нэмэгдүүлдэг, түүнчлэн Сүнс итгэлийг минь улам бататгахад анхаарал тавьдаг.
Сайн мэдээ бүх талаараа үнэн, түүнчлэн үүнийг зүрх сэтгэлийнхээ даруу байдалд хүсч, хүндрэл бэрхшээл рүү итгэлийн алхаагаар орж итгэлээ сорьдог хүн бүхэнд сайн мэдээ нээлттэй юм. Үүнийг олох бидний хүсэлгүй байдлаар халхлагдан далдлагдсан Аврагчийн гэрэл тэнд байдаг. Бидний амьдралд хар бараан цаг үе байж болно эсвэл бидний гэрчлэл соригдох үе байж болно. Бид Түүнийг чин хүсэл эрмэлзлээр эрж хайх юм бол Аврагчийн гэрэл биднийг хүлээж байдгийг би олж мэдсэн билээ. Хэрэв бид үүнийг байнга эрж хайх юм бол, энэ гэрэл биднийг хөрвүүлэг рүү хөтөлдөг.