2008
Бүх юм сайн сайхан болно
2008 оны аравдугаар сарын


Бүх юм сайн сайхан болно

Шинэ мэдээлэл: Хавдартай гэж оношилсноос хойш найм дахь жилд Костон эгчийн хамгийн сүүлчийн шинжилгээ хавдрын шинж тэмдэг байхгүйг харуулжээ.

Би нүд дүүрэн нулимстай дахиад шинжилгээ өгөхөөр эмнэлэг рүү явж байлаа. Хоёр жилийн өмнө охиноо төрсний дараа намайг хавдартай гэж оношилсон юм. Би мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмчилгээ хэр үр дүнтэй болсныг олж мэдмээр байв. “Тэнгэрлиг Эцэг минь, энэ явдлаас би олон зүйлийг ойлгож авлаа. Энэхүү зовлонг надаас зайлуулаач. Би охиноо өсгөхийг бас нэгэн цагт нөхөртэйгөө хамт номлолд үйлчлэхийг хүсч байна. Намайг эдгээж өгөөч.”

Хацрыг минь даган нулимс урсаж байлаа. Миний залбирал гэнэт “Хүүхдийн залбирал” дууны үг болж хувирав.1 Ямар нэг зүйл намайг чангаар ярихад хүргэх нь тэр.

Тэр тэнд байна, залбирагтун;

Тэр сонсож байна, яригтун.

Түүний хүүхэд шүү дээ чи;

Түүний хайр чамайг хүрээлнэ.

Залбирлыг чинь Тэр сонсоно.

Хайрын бялхам мэдрэмж намайг тэр чигээр нь эзэмдэв. Тэнгэрлиг Эцэг намайг таньдаг бөгөөд миний талаар санаа тавь намайг сонсож байгаа гэсэн мэдрэмж надад төрлөө. Бүх юм сайхан болно гэсэн мэдрэмж надад төрөв.

Үр дүнг нь ердөө маргааш нь л үзэх нь тэр. Хавдрын шинж тэмдэг надад байхгүйг шинжилгээ харуулав. Хүнд ачаа миний мөрөн дээрээс авч хаягдлаа. Гэвч маргааш нь эмч утасдаж, өмнөх шинжилгээ сайн гарсан хэдий ч, миний цусны шинжилгээнд хавдрын нэлээд их идэвхжил хэвээр байгааг тайлбарлав. “Яахаараа тийм байдаг билээ?” хэмээн эргэлзэв. Хэрэв үнэхээр ийм байгаа бол яагаад Тэнгэрлиг Эцэг миний залбиралд хариулах шиг надад санагдсан юм бол?

Би дахиад шинжилгээ өгөхөөр явахдаа эргэлзэхгүй байхыг хичээж байв. Надад зөвхөн хавдар байгааг төдийгүй бас хавдар биеийн бусад эрхтэнд тархаж байгааг шинжилгээ харуулсан юм. Энэ тухай би машин дотроо гайхан бодсоор явлаа. Өөртөө төрсөн мэдрэмжийг би үгүйсгэж чадахгүй байсан ч, энэхүү мэдрэмжийн утга учирт эргэлзэж эхэллээ.

Хавдартай хэмээн гарсан шинжилгээний хариу гарцаагүй байсан ба энэ нь намайг чин сэтгэлээсээ тунгаан бодоход хүргэв. Энэхүү хүнд сорилтоос би ямар нэг зүйлийг мэдэж авах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тунгаан бодож үзвэл, Хожмын Үеийн идэвхтэй Гэгээнтний хувьд би ямар нэг зүйлийг хийхдээ бодлогогүйгээр, чин сэтгэлээсээ гэхээс илүүгээр зүгээр л зуршлаараа хийдэг байснаа ухаарав. Сүнслэг байдлын төвшингийн хувьд би хүсдэг хэмжээндээ хүрсэнгүй. Би үндсэн зарчмуудаас дахин эхлэх хэрэгтэй байлаа. Иймээс намайг Есүс Христэд илүү ойр дотно болгох юмс дээр би анхаарал төвлөрүүлж эхлэв. Надад тохиолдсон хүнд сорилтуудыг тэсэн гарахад Түүний хүч чадал надад хэрэгтэй байв.

Сүнсний асуудлуудад би илүү их хүч чармайлт тавих тусам Есүс Христ болон надад зориулсан Түүний төлөвлөгөөнд итгэх итгэл минь өсөн нэмэгдсэн юм. Эмнэлэг рүү явж байхад надад төрсөн тэрхүү мэдрэмж үнэхээр залбирлын минь хариу байсныг би мэдсэн. Би хариуг (бүх юм сайхан болно) ойлгон таньж, хүлээн аваад, юм бүхэн сайнаар шийдэгдэх болно гэж Тэнгэрлиг Эцэг тодорхой хэлдэггүйг ойлгож мэдсэн билээ. Би бие махбодын хувьд хэзээ ч төгс эдгээгдэхгүй байж болох ч гэсэн, Түүний хүслийг хүлээн зөвшөөрч сурсан юм. Амьдрал амь нас минь үнэхээр Түүний гарт байдаг.

Хавдартай гэсэн онош гарснаас хойш долоон жил өнгөрлөө. Би олон мэс засал, олон төрлийн эмчилгээ хийлгэсэн хэдий ч, хавдар надад байсаар л байна. Гэвч амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л байгаад би талархаж байна. Надад тохиолдсон хүнд сорилтын жилүүдэд олон адислал хүлээн авсны дотор хоёр дахь охиноо төрүүлэв. Хамгийн чухал нь, “бүх юм сайн сайхан болно” гэсэн Их Эзэний хариу намайг тайтгаруулсаар байгаа билээ.

ТЭМДЭГЛЭЛ

  1. Children’s Songbook, 12-13.

Хэвлэх