2008
Үерийг зогсоох итгэл
2008 оны аравдугаар сарын


Үерийг зогсоох итгэл

Финляндын Хельсинкид хаврын нэг өдөр нар хурцаар ээж, цас хайлж байв. Би найман настай Жуха, зургаан настай Ханну хэмээх хоёр хүүтэйгээ хамт цас хайлж зоорийг үерт авахуулахаас сэргийлж, олон цаг ажиллаад байв. Шалбаагийн усыг зайлуулах ёстой усны хоолой хөлдүү байлаа.

Нөхөр маань өглөө ажилдаа явахдаа усыг зооринд оруулж болохгүй шүү гэж бидэнд анхааруулсан байв. Бид үдээс хойш Хүүхдийн Хэсгийн цуглаанд явах хүртэл ажиллав. (Тэр үед Хүүхдийн Хэсэг ажлын өдөр цугладаг байв.) Гэвч, зооринд ус оруулахгүй байхад туслахын тулд тэд Хүүхдийн Хэсэгт очихгүй байвал яасан юм гэж би хөвгүүддээ хэллээ. Түүнээс гадна нөхөр маань Сүмийн гишүүн биш болохоор Хүүхдийн Хэсэг манай хөвгүүдийн хувьд ямар чухал болохыг ойлгохгүй байсан биз.

Хэрэв бид Хүүхдийн Хэсэгт явах юм бол зооринд ус оруулахгүй байхад Тэнгэрлиг Эцэг санаа тавих болно гэдгийг Жуха, Ханну хоёр яг тэр үед надад итгэлтэйгээр өгүүлэв. Шалбаагны ус, итгэл бишрэлээр дүүрэн хөвгүүдийнхээ нүдийг би дахин дахин ээлжлэн харж зогслоо. “Та явж болохгүй. Зоорийг үерт авахуулахаас сэргийлэх ямар ч хүч байхгүй” гэж ямар нэг зүйл надад шивнэж байв. Би зүрх сэтгэлийнхээ залбирлаар Тэнгэрлиг Эцэгт хандан гуйв. Тэгээд би хүнд шийдвэр гаргалаа.

“Хүүхдийн Хэсэгтээ одоо явцгаая!” Ингэж хэлээд би хувингуудаа доош тавилаа. Юу ч боллоо гэсэн хамаагүй, би хөвгүүдийнхээ итгэлийг сэвтүүлэхийг хүссэнгүй.

Хүүхдийн Хэсэгт хөвгүүд маань цагийг гайхамшигтай сайхан өнгөрүүлэв. Гэвч бид гэртээ ойртох тусам, айдас улам ихээр мэдрэгдэж байв. Хөвгүүд хашаанд ороод, зоорийн хаалга руу харайлгав. Тэд доошоо харснаа, “Ээж ээ, бид хоёр танд юу гэж хэллээ?” гэж сэтгэл нь догдлон хашгирав. Би яаран очлоо. Тэр агшинд харсан зүйлээ би хэзээ ч мартахгүй. Зоорин доторх газар шүүрдчихсэн юм шиг хув хуурай байлаа. Хаана ч ус орсон шинжгүй байх нь тэр. Бүр эдүгээ 40 жилийн дараа ч, тэр үед харсан зүйлдээ итгэх нь надад хэцүү байдаг.

Хөвгүүдийн минь харцан дахь гэрэл баяр баясгалан, Тэнгэрлиг Эцэгт итгэх итгэлийг илэрхийлж байлаа. Зүрх сэтгэл минь бас баяр хөөр, талархлаар дүүрэн байлаа!

Хүүхдийн итгэлийг даван гарах хүч дэлхийд үгүй билээ. Хэрэв бид итгэлтэй байж, эргэлзэхгүй бол бид уулыг нүүлгэж чадна хэмээн судруудад өгүүлдэг шүү дээ (Матай 17:20-ийг үз). Тэр өдөр хүүхдүүдийн минь итгэл үерийг зогсоосон билээ.

Хэвлэх