2008
Миний ер бусын зүүд
2008 оны аравдугаар сарын


Миний ер бусын зүүд

Олон жилийн өмнө автын ослоор би олон гэмтэл бэртэлт авснаас хамгийн золгүй нь гурван сарын турш ухаангүй байсан явдал юм. Санваарын адислалууд, гэрийнхний маань дэмжлэг туслалцаа намайг эмчилж байсан эмч нарын нэгнийх нь хэлснээр “гайхамшигтайгаар эдгэрэх” боломжийг надад олгосон билээ.

Гэвч толгойдоо авсан бэртэлт миний ой ухааныг сулруулж, би зүүдээ санаж чадахгүй болсон юм. Би сэрээд, “Өө, би чинь зүүдэлж байсан шүү дээ” гэж олонтаа бодох тэр агшинд нөгөөх зүүд ой ухаанаас минь эгнэгт алга болдог билээ.

Тэр ослоос хойш арвандолоон жилийн дараа би тойргийнхоо бишопоор дуудагдав. Тойргийн зөвлөлийн хурлын дараа Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч ЗС (Зөвийг Сонго) ангид заах нэг гэр бүлийн хосыг дуудах саналаа хэлэхэд би болон миний зөвлөхүүд бие биенээ гайхан харлаа.

Тэр эгч Сүмд алдаг оног явдаг, харин нөхөр нь сүмд явахаа болиод олон жил болж байлаа. Гэвч тэд дуудлагын талаар бодож үзэх боломжтой байх ёстой гэж бид бүгдээрээ бодлоо.

Энэ гэр бүлтэй ярилцахын өмнөх шөнө би нэг их тод зүүд зүүдлэв. Маргааш өглөө нь сэрээд би зүүдээ бүрнээр нь тодорхой саналаа. Энэ бол тэд үйлчлэх дуудлагыг хүлээн авах ярилцлагын үеэр тэдний ярьсан бүх зүйл байлаа. Анхныхаа зүүдийг 17 жилийн дараа са-наснаар зогсохгүй, зүүдний агуулга миний сэтгэлийг догдлуулж, ихэд урам зориг оруулсанд гайхан бишрэв.

Тэр орой зөвлөх маань намайг машинаар ирж авсан юм. Бид цаг товлосон газар руугаа явж байтал тэр, “Бишоп оо, та тэдэнтэй ярилцсан нь дээр гэж би бодож байна” гэв. Миний хэлэх үгийг Их Эзэн төлөвлөсөн гэж би мэдэрсэн учраас итгэлтэйгээр инээмсэглэж байснаа санаж байна.

Ярилцлагын үед би нөгөөх зүүдийг давтан хэлэхэд, гэр бүлийн хос дуудлагыг хүлээн авлаа. Шөнө бид гэр рүүгээ явж байтал зөвлөх маань, “Мэргэжлийн туршлагатай багшаар хичээл заалгасан юм шиг л санагдлаа” гэж хэлж билээ. Би дахиад инээмсэглэв. Учир нь бид хоёр хоёул Эзэнээр хичээл заалгасан нь үнэн юм гэдгийг би мэдэж байлаа.

Эхнэр нөхөр хоёр Хүүхдийн Хэсгийн үүрэгт ажлаа нэгэн үзүүрт сэтгэлээр биелүүлж, тойрогтоо хоёул идэвхтэй болсон юм. Хоёр жилийн дараа тэд ариун сүмд лацдан холбуулав.

Өнөөдрийг хүртэл энэ зүүд өнгөрсөн 28 жилийн туршид миний санасаар байгаа цорын ганц зүүд юм. Гэр бүлийн энэ хосын хувьд тэр цаг хугацаа төгс тохиромжтой байсныг Тэнгэрлиг Эцэг мэдэж байжээ гэж би боддог. Ийм учраас, Тэрбээр Хүүхдийн Хэсгийн Ерөнхийлөгчид сүнсээр нөлөөлж, хагас ажиллагаагүй болсон ой дурсамжийг минь тэр нэгэн шөнө төгс ажиллуулж намайг адисалсан билээ. Их Эзэн энэ Сүмийн тэргүүн бөгөөд “Их Эзэний мөнхийн зорилгууд, түүний бүх амлалтууд биелэгдэх хүртэл үргэлжилсээр байх болно” (Мормон 8:22) гэдгийг би дахин нэгэнтээ ойлгосон юм.