Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь
Нисгэгч байсан тэр жилүүдэд хааяа зорчигчид онгоцны минь бүхээгт орж ирдэг байлаа. Тэд олон залгуур, унтраагуур, тоног төхөөрөмж, систем, горимын тухай түүнчлэн эл аварга том, хараа булаам сайхан агаарын хөлгийг нисэхэд энэхүү үй олон техник хэрэгсэл хэрхэн тусалдаг тухай асуудаг байв.
Аеродинамикийн (агаарын урсгал болон үүгээр өнгөрөн нисч байгаа биетийн хоорондох таталцал) тухай, түүнчлэн олон туслах систем, программ, хүчирхэг хөдөлгүүрүүд нь аварга машиныг нисгэхийн хамт нисэх багийнхны болон зорчигчдын ая тух, аюулгүй байдлыг хангадгийг би тайлбарладаг байлаа.
Тайлбараа энгийн ойлгомжтой болгохын тулд би хамгийн чухал зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж, онгоцыг нисгэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол урагш тэмүүлэх их хүч, дээш татах хүч, бас онгоцны зөв зүг чиг, байрлал юм. Энэ тохиолдолд байгалийн хуулиуд нисэх онгоц болон зорчигчдыг тив дэлхий, далай тэнгисийг гаталган, уул нуруудыг давж, айдас хүйдэс төрүүлэм аянга цахилгаан дундуур зорьсон газарт нь аюулгүйгээр хүргэх болно гэдгийг би тэдэнд нэмж хэлдэг байлаа.
Онгоцныхоо зорчигчдод тайлбарладаг байсан зүйлээ би эргэцүүлэн бодох үед, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь дээрхтэй адил асуултуудыг асуухад биднийг урьдаг юм биш үү хэмээн олонтаа тунгаан боддог юм. Газар дээрх Бурханы хаант улс дахь бидний гишүүнчлэлийн гол үндэс, тулгуур зарчмууд юу вэ? Эцэст бидний мөнхийн хүслэн болсон хүрэх газарт маань биднийг чухам юу хүргэх вэ?
Сайн мэдээний үл өөрчлөгдөх сургаал ба зарчмууд
Сүм бүх бүтэц, хөтөлбөрүүдээрээ дамжуулан Бурханд болон бие биедээ үйлчлэхэд нь гэр бүл, хувь хүмүүст туслахад чиглэсэн олон чухал үйл ажиллагаануудыг гишүүддээ санал болгодог. Гэвч эдгээр хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь сайн мэдээний тулгуур сургаалууд болон зарчмуудтай ойр байхаас илүүтэйгээр бидний зүрх сэтгэл, санаа бодолд илүү ойр дөт байдаг. Зохион байгуулалтын горим, хөтөлбөр, бодлого, загвар нь дэлхий дээр сүнслэг байдлаараа өсч хөгжихөд бидэнд тусалдаг боловч эдгээр нь өөрчлөгддөгийг мартах ёсгүй.
Үүний эсрэгээр, сайн мэдээний үндсэн сургаал ба зарчмууд хэзээ ч өөрчлөгддөггүй. Сайн мэдээний үндсэн зарчмуудын дагуу амьдрах нь Хожмын Үеийн бүх Гэгээнтнүүдийн амьдралд хүч, чадал, сүнслэг байдлын хувьд биеэ даасан байдлыг авчрах болно.
Итгэл бол хүч эрх мэдлийн зарчим юм. Бидний амьдралд ийм хүчний эх сурвалж хэрэгтэй. Бурхан хүч эрх мэдлээр ажилладаг, гэвч энэхүү хүч ихэвчлэн бидний итгэлийн хариу болж ирдэг. “Үйлсгүй итгэл ашиггүй” (Иаков 2:20) гэдэг. Бурхан хүүхдүүдийнхээ итгэлийн дагуу ажилладаг шүү дээ.
Бошиглогч Иосеф Смит “Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг, харин тэд өөрсдийгөө удирддаг”1 хэмээн тайлбарласан юм. Миний хувьд эл сургаал энгийн атлаа эрхэм сайхан юм. Бид сайн мэдээний зарчмуудыг ойлгох, дотоод мөн чанарт нь нэвтрэх, түүнчлэн сайн мэдээний зөв зарчмуудын дагуу амьдарснаар сүнслэг байдлын хувьд илүү бие даасан чадвартай болно. Сүнслэг байдлын бие даасан чадварын зарчим нь Сүмийн тулгуур сургаалаас үүдэлтэйгээр хөгждөг. Бурхан бидэнд сонгох эрхийг соёрхсон шүү дээ. Ёс суртахууны сонгох эрх бол Бурхан Өөрийн хүүхдүүдэд амь биеийнх нь дараа соёрхсон хамгийн агуу бэлгүүдийн нэг гэдэгт би итгэдэг.
Ёс суртахууны сонгох эрх болон үүний мөнхийн үр дагавруудын тухай би судалж, тунгаан бодохдоо бид үнэхээр Бурханы сүнсэн хүүхдүүд мөн ийм учраас үүндээ тохирохуйцаар ажиллаж амьдрах ёстойг ухаарч ойлгосон билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид бол дэлхий даяарх Гэгээнтнүүдийн агуу гэр бүлийн нэг хэсэг мөн гэдгийг надад сануулдаг.
Сүмийн зохион байгуулалтын бүтэц нь манай цуглааны хэмжээ, өсөлтийн загвар, хэрэгцээнд тохирсон уян хатан байдаг. Зохион байгуулалтын маш энгийн бүтэцтэй, цөөхөн цуглаан болдог үндсэн нэгжийн хөтөлбөр гэж байхад хамт бие биендээ үйлчлэх зохион байгуулалтын том бүтэц бүхий тойргууд ч бас байдаг. “Христэд ирэхэд нь, мөн түүгээр төгөлдөржихөд” (Моронай 10:32) нь гишүүддээ туслахын тулд бүх зүйл сүнслэгээр нөлөөлөгдсөн Сүмийн хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгуулагддаг.
Дахин сэргэсэн Есүс Христийн сайн мэдээний сургаал нь бүх нэгжид адилхан учраас эдгээр олон төрлийн сонголтууд нэгэн адил бурханлиг үнэ цэнэтэй юм. Их Эзэн Есүс Христийн томилогдсон гэрчийн хувьд би Тэрээр амьд гэдгийг, сайн мэдээ үнэн гэдгийг, өнөө үед энэ дэлхий дээр Бурханы хүүхдүүдэд тулгарч байгаа хувь хүний болон хамтын сорилт бэрхшээлүүдэд бүгдэд нь сайн мэдээ хариулт болдог гэдгийг гэрчилж байна.
Итгэлтнүүдийн хүч чадал
2005 онд гэргий бид хоёр Европын олон орны Сүмийн гишүүдтэй уулзаж билээ. Европын зарим хэсэгт Сүм олон жилийн турш бүр 1837 оноос хойш оршин тогтнож байна. Тэнд итгэлтэй гишүүдийн агуу өв уламжлал бий. Энэ тивд эдүгээ 400,000 гаруй гишүүд бий. 19, 20-р зууны үед Европоос Америкт цагаачлан ирсэн бүх үеийнхнийг энд хамруулах юм бол тэдний нийт тоо хэд дахин өсөх биз ээ.
Сүмийн эхэн үеэд ийм олон итгэлтэй гишүүд юуны учир эх орноо орхин гарсан юм бол? үүнд мөрдлө хавчлагаас зугтаах, Америкт Сүмийг байгуулахад туслах, амьжиргаагаа дээшлүүлэх, ариун сүмд ойрхон байх гэхчлэн бусад олон шалтгааныг дурдаж болно.
Ингэж олноороо дүрвэсний үр дагаврууд өдий хүртэл Европт мэдрэгдсээр байгаа юм. Гэвч Сүмийн итгэлтэй гишүүдийн хэд хэдэн үеийнхний хүч чадал эдүгээ улам их болж байна. Их Эзэний төлөө номлолд үйлчилж байгаа олон залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, олон гэр бүлийн ахмад хосуудыг, ариун сүмийн олон гэрлэлтийг, дахин сэргэсэн сайн мэдээг хуваалцах гишүүдийн итгэл, зоригийг бид харж байна. Европ болон дэлхийн бусад орны хүмүүсийн дунд Христийн үнэн сургаалын сүнслэг үнэт зүйлсийн орон зай байна. Манай гайхамшигт гишүүд эл сайн мэдээгээр амьдарч, агуу эр зориг хийгээд итгэлээр үүнийг тунхагласнаар энэхүү орон зай дахин сэргэсэн сайн мэдээний захиасаар дүүргэгдэх ёстой, ингэх ч болно.
Европод Сүм байгуулагдаад 15 жил ч болоогүй орнууд байгаа. Би 2005 онд айлчилж байхдаа гишүүн болоод ердөө долоохон жил болж байгаа ч өөрийн эх орон Оростоо үйлчилж байгаа номлолын ерөнхийлөгчтэй ярилцав. “Баптисм хүртсэн тэр сардаа би салбарын ерөнхийлөгчөөр дуудагдсан” хэмээн тэрээр надад ярьж билээ. Зарим үед хэтэрхий их ажилтай юм шиг түүнд санагдаж байсан болов уу? Мэдээжийн хэрэг. Сүмийн хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг тэрээр хичээж байсан болов уу? Аз болоход үгүй ажээ! Ийм богинохон хугацаанд, ийм цөөхөн хүнтэй цугларалтад тэрээр хэрхэн ийнхүү хүчтэйгээр өсч хөгжсөн юм бол? “Сүм үнэн гэдгийг би бүх бие сэтгэл зүрхээрээ мэдсэн юм. Сайн мэдээний сургаал оюун ухаан, зүрх сэтгэлийг минь дүүргэсэн юм. Бид Сүмд нэгдсэн үед, нэгэн гэр бүлийн хэсэг гэдгээ мэдэрсэн. Элгэн халуун мэдрэмж, итгэл, хайрыг мэдэрсэн. Бид ердөө хэдүүлхнээ байсан ч бүгдээрээ Аврагчийг дагахыг хичээн чармайж байлаа” гэж тэрээр тайлбарлав.
Гишүүд бие биенээ дэмжин тусалж, өөрсдийн чадах бүхнээ хийцгээж, бас тэд Сүм үнэн гэдгийг мэддэг байв. Гэвч түүний анхаарлыг татсан зүйл бол зохион байгуулалт биш харин сайн мэдээний гэрэл байсан бөгөөд энэхүү гэрэл гишүүдийг нь бэхжүүлсэн ажээ.
Олон улс оронд Сүм дөнгөж эхлэлийн шатандаа байгаа бөгөөд зохион байгуулалтын нөхцөл байдал нь төгс биш байна. Гэвч гишүүд зүрх сэтгэлдээ үнэний тухай төгс гэрчлэлтэй байж болно. Гишүүд улс орондоо амьдарч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг үл хайхран Сүмийг байгуулж төлөвшүүлэх юм бол ирээдүй үеийнхэн өнөө үеийн эрэлхэг зоригт анхдагчуудад баярлан талархах болно. 1999 онд Тэргүүн Зөвлөлөөс гаргасан хайрын урилгаар тэд амьдарч байна.
“Манай өнөө үед сайн мэдээний адислалуудаар хангахыг, түүний дотор дэлхийн олон хэсэгт ариун сүмийн тоо олширч байгаа нь хамгийн сайн хэрэг гэж Их Эзэн бодож байна. Иймээс, Нэгдсэн Улсад цагаачлах биш харин эх орондоо ажиллаж амьдрах урт удаан хугацааны зөвлөгөөг бид Сүмийн гишүүдэд дахин давтан өгөхийг хүсч байна… .
“Эх орондоо Сүмийг байгуулахын төлөө дэлхий даяарх бүх гишүүд ажиллах юм бол тэдэнд агуу адислалууд ирэх болно.”2
Том тойрог болон гадаснуудад амьдардаг гишүүдэд би анхааруулгын нэгэн үгийг нэмж хэлмээр байна. Бидний итгэлийн гол үндэс нь Сүм байгаа газрын нийгмийн байдал эсвэл бидний тойрог болон гадаснуудын гайхамшигтай сайхан үйл ажиллагаанууд, хөтөлбөрүүд болон зохион байгуулалтанд оршдоггүйг бид анхаарах ёстой. Эдгээр бүх зүйлүүд чухал бөгөөд үнэ цэнэтэй боловч эдгээр нь хангалттай биш. Тэр ч байтугай нөхөрлөл ч хангалттай бус.
Дуулгавартай байхаас ирдэг аюулгүй байдал
Гай зовлон, байгалийн гамшиг, дайн дажны үед бид амьдарч байгаагаа ойлгодог. Бид болон бусад олон хүмүүс “хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хорогдох газар” (C ба Г 115:6) ямар их хэрэгтэйг мэддэг. Аюулгүй байдлын ийм газрыг бид хэрхэн олох вэ? Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) “Бидний аюулгүй байдал амьдралын маань ариун журамд байдаг. Бидний хүч чадал бидний зөв шударга байдалд оршдог”3 хэмээн сургасан юм.
Есүс Христ мөнх бус тохинууллынхаа эхэнд: “[Ирж] намайг дага, би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Матай 4:19) хэмээн Өөрийн Төлөөлөгчдөд хэрхэн тод томруунаар зааварласныг бүгдээрээ эргэн санацгаая. Энэ нь Арванхоёр Төлөөлөгчийн тохинууллын эхэн үе байлаа, иймээс тэд өөрсдийгөө энэ ажилд тохирохгүй байна гэж бодож байсан болов уу гэж би боддог. Тулгуур сургаал ба зарчмуудын тухай, амьдралд эн тэргүүнд баримтлах зүйлсийн тухай Аврагч Өөрөө бидэнд заасан гэж би боддог. Бид юуны өмнө бүх хүн “Түүнийг дагах” хэрэгтэй, ингэсэн тохиолдолд, Аврагч биднийг өөрсдийн маань хүч чадлаас илүү ихээр адисалж, ямар хүмүүс болох ёстой гэж Түүний хүсдэг шиг бид тийм хүмүүс болно.
Христийг дагах гэдэг нь Түүнтэй илүү адилхан болно гэсэн үг юм. Энэ бол Түүний зан чанараас суралцана гэсэн үг юм. Тэнгэрлиг Эцэгийнхээ сүнсэн хүүхдүүдийн хувьд, Христийнхтэй адил зан чанаруудыг эзэмшин, амьдралдаа төлөвшүүлэх чадавхи бидэнд бий. Түүний сургаалуудаар амьдарснаар Түүний сайн мэдээнээс суралцахад Аврагч биднийг урьдаг билээ. Түүнийг дагана гэдэг нь зөв зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, үүнээс ирдэг адислалуудыг өөрсдөө гэрчилнэ гэсэн үг юм. Энэ үйл явц нэг талаар ихэд нарийн нөгөө талаар маш энгийн юм. Эрт эдүгээгийн бошиглогчид үүнийг “Эдгээр үгс дээр юу ч нэмэх ёсгүй бас эндээс юуг ч хасах ёсгүй, гагцхүү зарлигуудыг л сахь” хэмээн дүрсэлжээ.
Христийнхтэй адил зан чанаруудыг амьдралдаа хөгжүүлэх нь, ялангуяа бид бодит амьдралын дагуу биш, хийсвэр бодол санаагаар ажилласан тохиолдолд амар хялбар зорилт биш юм. Бид тунхагладаг зүйлээ хэрэгжүүлэхэд сорилт тулгардаг. Бид үнэхээр Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж байна уу, үгүй юү гэдэг нь үерхэл нөхөрлөлдөө, ажил хөдөлмөртөө, амралтын үйл ажиллагаандаа бид ямархуу эхнэр нөхөр, ямархуу эцэг эх, эсвэл ямархуу хүү охин байна вэ гэдгээр харагддаг. Бид “[Түүний] өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдэх” (С ба Г 43:9) чадвараа алгуураар дээшлүүлснээр эргэн тойрон дахь хүмүүсийнхээ нэгэн адил, өөрсдийнхөө өсөлт хөгжилтийг ухааран ойлгож чадна.
Насан туршдаа бидний хөгжүүлэх ёстой Христийнхтэй адил нэлээд олон зан чанарыг судруудад дүрсэлсэн байдаг. Мэдлэг ба даруу зан, хайр энэрэл, дуулгавартай байдал ба хичээнгүй зүтгэл, итгэл ба найдвар (С ба Г 4:5—6-г үз) эдгээр зан чанарт багтдаг. Хувь хүний эдгээр зан чанарууд нь манай Сүмийн нэгжийн зохион байгуулалтын бүтэц, бид-ний эдийн засгийн нөхцөл байдал, гэр бүлийн байдал, зан заншил, яс үндэс болон хэлнээс тусгаар байдалтай байдаг. Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханаас ирдэг бэлэг юм. Ийм зан чанаруудыг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй.
Түүний хүчинд итгэхүй
Бид бүгдэд хэрэгтэй тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан үнэгүй өгдөг билээ. Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлтэй байх гэдэг нь Түүнд мөн Түүний хязгааргүй хүч, оюун билэг, хайранд итгэл найдвараа тавина гэсэн үг юм. Бид сонгох эрхээ зөв шударгаар ашигласан үед Христийнхтэй адил зан чанарыг амьдралдаа бий болгодог. Есүс Христэд итгэх итгэл үйл ажиллагаа руу хөтөлдөг. Христэд итгэх итгэл бидэнд байгаа үед, бид Түүний зарлигуудыг дагахад, тэр ч байтугай зарлигуудын учир шалтгааныг бүрэн ойлгохгүй байлаа ч гэсэн Их Эзэнд итгэдэг. Бид Аврагчтай илүү адилхан болохыг эрэлхийлэхдээ, жинхэнэ наманчлалаар дамжуулан, Есүс Христийн гавьяа болон Түүний Цагаатгалын адислалууд дээр тулгуурлан, амьдралдаа тогтмол үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй.
Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх нь ээдрээтэй үйл явц байж болно. Бид Их Эзэн болон Түүний үйлчлэгчдээс чиглүүлэл, залруулга хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй. Жишээ нь, дэлхий даяар тогтмол болдог Сүмийн чуулганууд, чуулганы үеэр тоглогддог хөгжим ба хэлсэн үг радио нэвтрүүлгээс бид сүнслэг хүч, чиглүүлэл түүнчлэн “дээрээс ирдэг” (С ба Г 43:16) адислалуудыг мэдэрч, хүлээн авдаг. Энэ бол хувь хүнд ирдэг сүнслэг нөлөөний болон илчлэлтийн дуу хоолой бидний бодгальд амар амгаланг авчирч, хэрхэн Христтэй илүү адилхан болохыг бидэнд заадаг цаг үе юм. Эл дуу хоолой бол ойр дотнын найзын дуу хоолой лугаа адил аятай сайхан бөгөөд бидний зүрх сэтгэл хангалттайгаар харууссан үед энэ дуу хоолой бидний бодгалийг дүүргэдэг билээ.
Бид Аврагчтай илүү адилхан болсноор “Ариун Сүнсний хүчээр найдвараар бялхах” (Ром 15:13) чадвараараа өсч хөгжих болно. Бид “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэх” (С ба Г 25:10) болно.
Энэ нь намайг дээр дурдсан аеродинамикийн зүйрлэлд эргэн санахад хүргэлээ. Үндсэн гол зүйлст анхаарал төвлөрүүлэх тухай би ярилаа. Христийнхтэй адил зан чанар бол үндэс суурь юм. Эдгээр нь биднийг өргөдөг хүчний тулгуур зарчмууд юм. Бид Христийнхтэй адил зан чанаруудыг амьдралдаа алхам алхмаар төлөвшүүлснээр эдгээр нь “[биднийг] бүргэдийн далавчин дээр лугаа адил авч явах” (С ба Г 124:18) болно. Есүс Христэд итгэх бидний итгэл урагш тэмүүлэх хүч болон хүчирхэг итгэлээр хангах болно; бидний гуйвшгүй, идэвхтэй найдвар дээш өргөх хүчээр хангах болно. Итгэл найдвар хоёр биднийг уруу таталтын далай, гай зовлонгийн уулс дээгүүр гаталган, мөнхийн гэр оронд маань биднийг аюулгүйгээр буцаан хүргэх болно.