Ахлагч Кеннит Жонсон
Модон морьдоос болгоомжил
Эргэн тойронд байгаа юмс бидний үйл хөдлөл, зан чанарт хэрхэн нөлөөлдөг болохыг та нар ажиглаж мэдэрдэг үү? Би коллежийн залуу оюутан байх үедээ ажиллагсдын ажлын байр, орчны талаар судалгаа хийж, дүгнэлт гарган, судалгааны удирдагчтайгаа ярилцаж байснаа эргэн санаж байна. Зарим ажлын орчин нь ажилчдыг илүү эрч хүч, ажлын бүтээмжтэй ажиллах урам зоригийг нэмдэг бол зарим тохиолдолд ажлын орчин нь сөрөг муу үр дагавар өгдөг гэж тэр хэлсэн юм. Энгийн ийм жижиг зүйлс яаж ингэж их нөлөө үзүүлдэг нь миний сонирхлыг татаж билээ.
Тэр дараа нь, ширээ тойрон хооллохоор суусан хэсэг хүмүүсийн дунд явуулсан нэг туршилтын талаар ярьсан юм. Хоолыг тэдний өмнө бэлэн тавьсан байсан ба оролцогчид бүгд өлсч хоол идэхийг хүсч байсан. Гэтэл өрөөн дэх гэрлийн өөрчлөлтнөөс шалтгаалан тэдний олонх нь юу ч идээгүй бөгөөд зарим нь маш бага юм идсэн байна, харин нэг ч хүнд хоол таалагдаагүй ажээ.
Амттай сайхан харагдаж байсан хоол, зөвхөн өрөөний гэрлийг нь л өөрчилснөөр, орчны уур амьсгалыг өөрчлөн, энэ нь бидний зан чанарт нөлөөлж идэх дур хүслийг маань үгүй болгодог нь харагдаж байна. Би нэлээд олон жилийн дараа худалдан авагч байгууллагын даатгалын асуудлаар шинээр нээгдэж буй нэгэн газарт уригдсан юм. Тэнд очоод энэ нь шөнийн цэнгээний газар болохыг мэдэв.
Бид хүлээлгийн өрөөг өнгөрөн гол хэсэгт орж ирэнгүүт, тэндхийн засал чимэглэл надад онцгой сэтгэгдэл төрүүллээ. Өрөөний тавилга, чимэглэл хэрэгсэл, хивс, хөшиг маш сайн зохицсон, маш тохилог сайхан орчныг бүрдүүлж чадсан байв. Энэ газар юунд зориулагдсан болохыг урьд танилцуулсан ч өмнө нь миний бодож байснаас бүр өөр сэтгэгдэл төрүүлсэн. Би эзэнтэй нь хамт сууж, шаардлагатай мэдээллийг асуун ярилцах зуур нэг ажилтан ирж, гэрэл чимэглэлийг нь шалгах уу гэж асуулаа.
Худалдан авагч зөвшөөрөв. Гэтэл өрөөн доторх тайван байдлыг таслан, гэрэл бүүдгэр болсноо, өнгө өнгийн гэрлүүд асч унтран, хэтэрхий чанга хөгжим нүргэлж, тайван амгалан мэдрэмжийг тэр даруйд үгүй болгож билээ.
Иймэрхүү орчинд ярилцах ч боломжгүй болж, бид хүлээлгийн хэсэг рүү эргэн очив. Цаашид бидний яриа нэг их сайн өрнөж чадаагүй, учир нь би тийм нөхцөлд тайван ярих боломж байгаагүй. Тэгээд би тухайн худалдан авагчдаа энэ тал дээр туршлагатай даатгалын өөр мэргэжилтэнг олж авахыг санал болгосон. Би одоо болтол тэр өдрийн гэнэт цочоон нэгэн хэмнэлээр нүргэлсэн тэр хэт чанга хөгжмийг, мөн бүүдгэр өрөөнд анивчих гэрлийн олон цацрагуудыг санадаг.
Энэ явдал надад дурсамжтай сургамжийг өгч билээ. Бидний эргэн тойронд буй зүйлс бидний мэдрэмж болоод зан чанарт маань онцгой нөлөөлж болно гэдгийг би тэгэхэд сурсан.
Удирдагч нар маань манай сүмийн ямар ч үйл ажиллагаа Их Эзэний сүнс хүрэлцэн ирж болохуйц тийм газар зохион байгуулагдах ёстой гэж зөвлөдөг нь үүний нэг шалтгаан юм. Энэ зөвлөмжийн талаар эрэгцүүлэн бод. Тэгээд сүмийнхээ үйл ажиллагаануудын талаар бод. Их Эзэний зорилгыг биелүүлэхийн тулд Сүмийн үйл ажиллагаануудыг үр дүнтэй, ашиг тустайгаар зохион байгуулахын тулд бид юу хийж болох вэ?
Tройн морины тухай
Бага байхаас эхлэн би Грек домогт гардаг Тройн хэмээх морины талаар их сонирхдог байсан. Грекийн арми Трой хотыг бүслээд дотогш нэвтрэн орж чадалгүй 10 жилийн турш тэмцэлдэн ялагдаж байсан тухай та нар санаж байж магадгүй.
Тэгээд грекчүүд маш том модон морь хийж, гэнэт дайран ороход бэлэн цэргүүдийг түүн дотроо байрлуулсан бөгөөд түүнийгээ орхин өөрсдөө зугтсан дүр үзүүлж чадсан байна. Тройчууд үүнд нь итгэн, морийг сайны тэмдэг гэж үздэг тул зарим хүмүүс дургүйцэж байсныг үл хайхран, хотынхоо хэрмэн дотор оруулжээ. Шөнө нь грек цэргүүд нуугдсан морин дотроосоо гарч ирэн хотын хаалгыг онгойлгосноор Грекийн арми Трой хотод орж ирж, эзлэн авчээ.
Бидний итгэлийн хана хэрмийг маань устгах санаа бүхий хүчнүүдийн эсрэг бид сэрэмжтэй байх ёстой! Бидний гэр орон, шүтэн бишрэх газрууд маань энэ дэлхийн зохисгүй, аюултай зүйлсээс биднийг хамгаалах газар байж болохын тулд, “та нарыг хичээнгүй гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай” (Moзая 5:15) “мөн ариун газруудад амьдраасай” (С ба Г 45:32) хэмээнэ.
Бид сэрэмжгүй байвал, сүнслэг мэдрэмжээ алдан, ингэснээр тохиромжгүй хөгжим, үйл ажлуудыг хийх эрмэлзэл бидэнд төрж болно. Ингэснээр энэ нь ялагдашгүй бат цайзан дотор орж ирсэн тэр модон морь лугаа адил биднийг зовоож, гэмтээх болно.
Бид аливаа үйл ажиллагааг төлөвлөж хийхээр бэлдэх үедээ дэлхийн загваруудыг хуулж, даган дууриах бус харин Их Эзэний Сүнс бидэнтэй байж болох тийм орчныг бий болгохыг хичээх хэрэгтэй. Энэ нь хэзээ, хаана ч ялгаагүй, сүмээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд, кино үзэх, компьютер ашиглах болон чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх аль нь ч байсан бид энэ удирдамжийг дагах ёстой. Мөн сүмийн байруудыг ашиглаж байгаа үед, эдгээр барилгууд нь “ач тустай, сайн сайхан, хүндэтгэн бахархууштай” (Итгэлийн Тунхаг 1:13) байхаар адислагдсан гэдгийг бодож, анхааралдаа авах хэрэгтэй.
Хэрэв Аврагч маань Сүмийн байранд орж ирэн, энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бол Түүний хариулт Ерусалимын сүмд орж ирээд худалдаачдыг, зоос солигчдыг сүмээс хөөн гаргасантай адил байх болов уу (Maтай 21:12-13) эсвэл Тэр, Өөрчлөлтийн уулан дээр гарсан тэр үед Петрийн хэлсэнтэй адил: “Энд байгаа маань бидэнд сайн боллоо” гэж хэлэх болов уу? гэдгийг бод (Maтай 17:4).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) бүрэн цагийн номлолын үйлчлэлийн ач холбогдлын талаар хэлэхдээ: “Манай залуучуудад номлолын талбарт илүү зөв зохистой байх шаардлага тавигддаг бөгөөд энэ нь дэлхийнхээс илүү өндөр жишгээр амьдарч зөв зохистой байж, хувийн сахилга батаа сайжруулснаар, ямар нэгэн буруу муу зүйлсээс зайлсхийж, бүх л үйл ажлууддад арай өндөрт байж сурдаг” гэсэн билээ.1
Эдгээр үгсийг байнга санаж, бүх л үйл ажиллагаануудыг бэлтгэж төлөвлөхдөө дэлхийн жишгээс арай өөр, илүү байлгахад анхаарах хэрэгтэй юм.
Ийм жишгийг баримтлах нь бидний үйл ажиллагаануудыг баяр баясалгүй, сэтгэл ханамжгүй болгоно гэж үү? Ердөө ч үгүй! Баримтаас үзвэл, бүр эсрэг байдаг. Эдгээр өндөр жишгүүдийг дагаснаар бид, аз жаргалын агуу төлөвлөгөөний амлалтанд тууштай үлдэж, сайн сайхан бодол дурсамжтай байх болно.