Тусал тэгээд жаргалтай бай
“Учир нь чи бүхий л үйлчлэлээ Сионд зориулах ёстой” (C ба Г 24:7).
Жонатан, Майк ахынхаа хажууд машинд орж суухдаа дургүйцлээ илэрхийлэн үглэв. Өнгөрсөн долоо хоногт төрсөн өдрийн бэлэг болгон авсан шинэ тоглоомоороо тоглож гэртээ үлдэхийг тэрээр хүссэн юм. Харин ээж нь тэднийг бүгдийг нь сүмийн байр луу очиж тойргийн цэвэрлэгээний өдөрт туслах ёстой гэжээ.
“Туслах нь хөгжилтэй байх болно оо” гэж хэлээд ээж нь инээмсэглэж “Бид бүгдээрээ сүмийн байрыг ашигладаг. Тэгэхээр үе үе үүнийг цэвэрлэх нь бидний зөв биз дээ” гэв.
Жонатан сүм рүү явах замдаа машины цонхоор байшингууд болон моддыг ширтэн явав. Ээж нь машинаа сүмийн байрны гадаа зогсоол дээр тавих үед Лавсон ах бидний машины хажууд машинаа байрлуулахыг Жонатан хараад их гайхав.
Жонатан “Лавсон ах энд юу хийж яваа юм бол?” гэж бодов.
Сүүлийн хэдэн сар Лавсон ах нэгэн төрлийн хавдар болох хялмаагаар өвдөж, эмнэлэгт маш удаан хэвтсэн юм. Ээж аав нь Жонатан болон түүний ах Майкэд хувийн болон гэр бүлийн залбиралдаа Лавсон ахын талаар оруулахыг үргэлж хэлдэг байсныг санав. Лавсон ах эмнэлгээс гараад удаагүй байгаа билээ.
Лавсон ах Жонатанд ихэд таалагддаг байв. Тэр Жонатаны өвөө нараас нь ахмад ч гэсэн Жонатантай уулзаж түүнээс сургуулийнх нь болон спорт багийнх нь тухай үргэлж асууж ярилцдаг байв. Тэр нэг удаа бүүр Жонатаны тэмцээн дээр нь хүрч ирсэн юм.
Жонатаныг машинаасаа бууж байхад нь Лавсон ах түүн рүү даллаж, “Сайн уу Жонатан” гэв. Лавсон ах машиныхаа араас тоос сорогчоо гаргаж ирэв. Тоос сорогчоо түрсээр сүм рүү оров.
Ээж нь машиныхаа араас тоос сорогчоо гаргах гэж оролдож байснаа “Жонатан үүнийг авахад минь туслаач” гэв.
“За ээж ээ” гэж Жонатан хэлээд ээждээ машинаас тоос сорогч гаргахад нь туслан сүм рүү авч оров.
Тэр оройжингоо Жонатан Майк хоёр Лавсон ахын хажууд ажиллав. Хэд хэдэн удаа Жонатан ядарч түр зогсон амарсан ч Лавсон ахыг ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгааг анзаарсан юм. Мөн тэрээр инээмсэглэсээр байв. “Туслах боломжтой байгаа нь сайхан байна, тийм биш гэж үү” гэж Лавсон ах хэлэв.
Жонатан дотроо нэгэн өөрчлөлтийг мэдэрч, “Лавсон ах тусалж байхдаа баяртай байгаа юм бол би ч мөн адил тэгж чадна” гэж бодов. Тэгээд тэр илүү шаргуу ажиллаж эхлэв.
Ээж нь гэр лүүгээ буцаж байхдаа “Надтай хамт ирсэнд баярлалаа” гэж тэдэнд хэлэв.
“Зүгээр ээ” гэж Жонатан хэлээд “Наашаа ирэхдээ дургүйцэн гомдоллож байсныг минь уучлаарай. Би тоос соруулж байхдаа ийм их зүйл сурч болдог гэдгийг мэдсэнгүй” гэв.