2008
Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг мөн
2008 оны аравдугаар сарын


Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг мөн

Elder Russell M. Nelson

Тийм ч аятай таатай биш үг хэллэгээр өгүүллээ эхэлж байгаад уншигчдаас хүлцэл өчье. Миний энд өгүүлэх дайны мөн чанар нь ийм тодрууллагагыг шаардаж байна.

Бурханы хөвгүүд, охидын хувьд бид амьдралыг Түүнээс соёрхсон бэлэг хэмээн баярлаж хөгжилддөг билээ. Бурханы мөнхийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдэд бие махбодтой болж, дэлхийн туршлагуудыг хуримтлуулан, мөнх амьдралыг өвлөгчдийн хувьд бурханлиг хувь заяагаа ухааран ойлгох боломжийг олгодог.1

Дайнд нас барагчдын тоо

Амьдралыг ийм байдлаар ойлгож, хүндэтгэлтэй хандсанаар бид дайн байлдаанд амь үрэгдэгсдийн төлөө харуусан гашууддаг. Дайнд амь үрэгдэгсдийн тоо айдас төрүүлэм юм. Дэлхийн I Дайнд 8 сая гаруй цэргийн албан хаагчид амь үрэгджээ. Дэлхийн II дайнд 22 сая гаруй цэргийн албан хаагч эрэгтэй, эмэгтэйчүүд нас барсан байна.2 Нийлээд 14 жил үргэлжилсэн энэ хоёр дайн дэлхий даяар 30 сая цэргийн амь насыг авч оджээ. Дайны үеэр амь үрэгдсэн олон сая энгийн номхон ард иргэд дээрх тоонд ороогүй юм.

Гэвч Дэлхийн I, II Дайнд амь үрэгдэгсдийг нийлүүлснээс ч илүү олон хүний амийг жил бүр егүүтгэдэг өөр нэг дайнд хэлмэгдэгчдийн тооны дэргэд дээрх тоо баримт бага юм. Жилд 40 сая гаруй үр хөндүүлэлт хийгддэгийг дэлхий дахины мэдээ харуулж байна.3

Үр хөндөх хэмээгддэг энэ дайн бол биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг егүүтгэдэг, анир чимээгүй дайн юм. Энэ бол төрөөгүй хүүхдүүдийг хөнөөдөг дайн юм. Энэ дайн дэлхий даяар бүр ихэсч байна. Хачирхалтай нь хүний амь насыг хамгаалдаг иргэншсэн улс орнууд эдүгээ үр хөндүүлэхийг зөвшөөрсөн хуулиуд гаргаж байгаа нь харамсалтай юм.

Бурханлиг сургаал

“Чи хүн бүү ал”4 гэсэн эл бурханлиг захирамжийг Их Эзэн дахин давтан тунхагласан уч-раас энэ асуудал бидэнд чухал учир холбогдолтой юм. Тэрээр цааш нь нэмж хэлэхдээ, “Тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй”5 гэсэн билээ. Бүр сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэхээс өмнө гэгээрсэн хувь хүмүүс хүмүүний амьдралын цэвэр ариун байдлыг ойлгодог байжээ. Арван зургадугаар зууны Францын нөлөө бүхий шашны номлогч, шинэчлэгч үзэлтэн Жон Калвин, “Хэрэв хүнийг гэрт нь алах нь тариан талбай дээр алахаас илүү аймшигтай хэрэг мэт санагддаг бол… . эхийн умай дахь үр хөврөлийг төрөхөөс нь өмнө устгана гэдэг бүр ч харгис бурангуй хэрэг гэж үзвэл зохих ёстой”6 хэмээн бичжээ.

Цаг хугацааны эхлэлээс Бурханы хориглосон зүйлийг эдүгээ хүний бүтээсэн дүрэм журмууд хууль ёсны болгоод байна! Хүмүүний санаа бодол туйлын үнэнийг туйлын буруу болох эл практикийг хөхүүлэн дэмждэг уриа лоозон болгон мушгин гуйвуулж, өөрчилсөн юм.

Онцгой анхаарах ёстой зүйл

Эхийн эрүүл мэндэд анхаарал халамж тавих нь нэн чухал юм. Гэвч эхийн амь насыг аврахын тулд жирэмслэлтийг таслан зогсоох зайлшгүй шаардлага, ялангуяа орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ хөгжсөн газарт өдрийн од шиг ховор юм. Өөр нэг санаа зовоодог зүйл бол хүчингийн эсвэл цус ойртолтын улмаас үүдэлтэй жирэмслэлт юм. Энэхүү эмгэнэлт явдал нь гэм зэмгүй эмэгтэй хүний сонгох эрх чөлөөг үгүйсгэдэг учраас бүр ч долоон дор юм. Эдгээр нөхцөлд эхийн бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийг хамгаалах үүднээс үр хөндүүлэхийг зарим үед зөвлөмж болгох нь бий. Ийм шалтгаанаар үр хөндөх нь бас л өдрийн од шиг ховор юм.

Хүүхэд төрөлхийн ноцтой гажигтай байж болохоос айж эмээх явдал зарим үед үр хөндөх шалтгаан болдог. Жирэмслэлтийн эхний гурван сард зарим халдвартай буюу хортой бодисын нөлөө хор уршигтай нь мэдээж юм. Гэвч жирэмслэлтийг таслан зогсоох талаар бодохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бүх хүмүүсийн хувьд, түүний дотор бие эрхтний төрөлхийн гажигтай хүмүүсийн хувьд ч амьдрал агуу үнэ цэнэтэй юм. Түүнээс гадна, үр дагавар нь бодож байсан шиг ноцтой биш байж болно.

Ийм явдлыг даван туулсан гэр бүлийн хосыг би сайн санаж байна. Эмэгтэй нь тэгэхэд дөнгөж 21 настай, үзэсгэлэн гоо, бие сэтгэл бүхнээ гэр бүлдээ зориулсан гэргий байлаа. Жирэмслэлтийнхээ эхний гурван сард вирусээр халддаг салхин цэцэг гэдэг өвчин тэрээр туссан байлаа. Энэ нь үр хөврөлийг гэмтээх нь баттай байсан учраас үр хөндүүлэхийг зөвлөмж болгосон байна. Гэр бүлийнх нь зарим гишүүд хайрлах сэтгэлгүйгээр үр хөндүүлэхийг бас түүнээс шаардсан гэнэ. Гэр бүлийн хос бишоптойгоо илэн далангүй зөвлөлдөж, бишоп тэднийг гадасны ерөнхийлөгчтэй уулзахыг зөвөлсөн аж. Гадасны ерөнхийлөгч тэдний асуудлыг анхааралтай сонссоны дараа, үр хөврөлөөр өсч байгаа хүүхэд нь гажигтай байж мэдэх ч гэсэн жирэмслэлтийг таслан зогсоохгүй байхыг зөвлөжээ. Тэрээр дараах судрыг эш татсан аж:

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

“Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.”7

Тэд энэ зөвлөгөөг дагахаар сонгосон бөгөөд хүүхдээ төрүүлсэн аж. Огт сонсголгүй болохоос биш бүх талаараа хэвийн, хөөрхөн бяцхан охин төржээ. Сонсголгүй хүүхдийн сургууль охиныг төрөлхийн оюуны өндөр хөгжилтэй болохыг эцэг эхэд нь хэлсэн гэнэ. Тэрээр нэрд гарсан их сургуульд тэтгэлгээр суралцсан ажээ. Эдүгээ 40 жилийн хойно тэр эмэгтэй гайхамшигтай сайхан амьдарч байна.

Бие эрхтний төрөлхийн болзошгүй гажгийн улмаас хүний амьдралыг үгүйсгэх нь маш ноцтой асуудал юм. Ийм учир үндэслэл дээр тулгуурласан бодлого нь бие эрхтний төрөлхийн гажигтай ч эдүгээ амьд мэнд байгаа хүмүүсийг мөн үүнчлэн устгахыг шаардах хэрэг болж байна. Сэтгэлгээний энэхүү эмгэнэлт замаар цааш нэг алхам ахивал, өвчтэй эсвэл ямар нэг байдлаар хэвийн бус хүмүүсийг бас л устгах ёстой гэсэн дүгнэлтэд хүргэх нээ дээ. Хүний амь насанд ийнхүү хүндэтгэлгүйгээр хандах нь ерөөсөө байж боломгүй юм!

Хүсэлтээр үр хөндүүлэх тухай

Энд миний дурдсан онцгой нөхцөл байдлын улмаас харьцангуй цөөн тооны үр хөндөлт хийгддэг.8 Ихэнх үр хөндөлт нь хүсээгүй жирэмслэлтийг нэг тийш болгон шийдэхийг хүссэнээс үүдэлтэй байдаг. Ийм үр хөндөлт нь ердөө л төрөлтөд хяналт тавих хэлбэр болж байна.

Эмэгтэй хүн бие махбодынхоо хувьд юу хийхийг сонгоход чөлөөтэй байх ёстой гэдэг үзэл санаагаар хувь хүний сонголтоор гүйцэтгэгддэг үр хөндөлтийг олон оронд хуульчилсан байдаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэйчүүд бид бүгдийн хувьд зарим талаараа үнэн юм. Бид чөлөөтэйгөөр сэтгэн боддог. Бид чөлөөтэйгөөр төлөвлөдөг. Бид бас чөлөөтэйгээр ямар нэг юмыг хийдэг. Гэвч би ямар нэг зүйлийг хийсэн л бол, үүний үр дагавруудаас хэзээ ч чөлөөтэй байдаггүй.

Энэхүү үзэл баримтлалыг илүү сайн ойлгохын тулд бид сансрын нисгэгчээс сурч болно. Сонгон шалгаруулалт болон бэлтгэлийн аль ч үед тэрээр хөтөлбөрөөс чөлөөтэйгөөр татгалзаж болдог. Гэвч сансрын хөлөг нэгэнт хөөрснөөс хойш сансрын нисгэгч аялал хийхээр сонгосон өмнөх сонголтынхоо үр дагавруудаас зугтан зайлах аргагүй байдаг.

Эцэг эх болох аяллыг эхлэхээр сонгосон хүмүүсийн хувьд ч мөн л ийм байдаг. Энэ замыг эхлэх үү, эсвэл эхлэхгүй байх уу гэдгийг тэд сонгох эрх чөлөөтэй юм. Замыг эхэлсэн л бол сонголт аль хэдийн хийгдсэн гэсэн үг.

Тийм ээ, эмэгтэй хүн бие махбоддоо юу хийх нь тэдний чөлөөт сонголт л доо. Түүний сонголт сансрын нисгэгчийн үүрэг рүү эсвэл хүүхэд рүү хөтөлнө үү ялгаагүй, аяллыг эхлэх сонголт нь уг аяллын үр дагавруудаас зугтан зайлах аргагүй болгодог. Тэрээр “хийсэн сонголтоо өөрчилж” чадахгүй.

Үр хөндүүлэхийн тухай эсрэг тэсрэг мэтгэлцээнд, “хувь хүний сонгох эрхийг” эрхэм дээд зүйл мэтээр товойлгон тавьдаг. Энэ нь уг хэрэг явдалд зөвхөн ганцхан хүн оролцож байгаа тохиолдолд л зөв юм. Аль нэг хүний эрх нь нөгөө хүнийхээ эрхийг боогдуулахад хүргэх ёсгүй. Гэрлэлтийн хүрээнд болон гэрлэлтээс гадуур үр хөндүүлэх нь дан ганц хувь хүний асуудал биш. Үр хөврөлд байгаа хүүхдийн амийг егүүтгэхэд тус тусдаа бие махбод, уураг тархи, зүрх сэтгэлтэй хоёр хувь хүн оролцдог. Өөрийнхөө бие махбодын хувьд эмэгтэй хүний хийж буй сонголтод хүүхдийнхээ амийг егүүтгэх эрх багтдаггүй, бас ийм сонголтыг хүүхэд нь насан туршдаа хийх учиргүй юм.

Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид сонголт эсвэл зөв сонголтыг хамгаалдаг. Гэвч бид сонголтыг бүх нөхцөлд уламжлан өвлөгдсөн эрх гэж үзэн хамгаалах ёсгүй.9

Үр хөндүүлэхэд холбогдох бараг бүх хууль тогтоомж үүнийг жирэмслэлтийн үед нь авч үзсэн байдаг. “Утга учиртай амьдрал” хэзээ эхэлдгийг хүний оюун ухаан тодорхойлдог хэмээн таамагласаар иржээ. Би хүний их эмчийн хувьд тусдаа хоёр эс нийлж нэг эс болон эцгийн 23 хромосом, эхийн 23 хромосом хоорондоо нэгдсэн үед шинэ амьдрал эхэлдгийг хийсэн судалгаануудынхаа үед мэдсэн билээ. Эдгээр хромосомууд олон мянган генийг агуулсан байдаг. Төрөөгүй хүүхдэд заяамал байдаг хүний үндсэн бүх шинж чанарууд генийн зүй тогтлоор нэгддэг гайхамшигтай үйл явцад шинэ удамшлын гинжин хэлхээ буюу удамшлын молекулын үндэс суурь бий болдог. Үр хөврөлөөр бий болсон хүүхэд байнга өсч байдаг. Хоёр эс нэгдсэнээс хойш ойролцоогоор 22 хоногийн дараа бяцхан зүрх цохилж эхэлдэг. 26 дахь өдөр цусны эргэлт эхэлдэг.10 Өсөн хөгжиж байгаа амьдрал хэдийд “утга учиртай” болдгийг хуульчлах нь миний бодоход, таамаг төдий, дур зоргын шинжтэй юм.

Эрх баригчид Бурхан болон Түүний зарлигуудыг үл ойшоон үр хөндүүлэх явдлыг хуульчилсан юм. Хүмүүс гагцхүү Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасан үед л цэцэглэн хөгжих болно гэдгийг судрууд дахин давтан нотолдог.11 Хувь хүмүүс зөвхөн Бурханд итгэх итгэлээр амьдарч, Түүнд дуулгавартай байснаар л цэцэглэн хөгжих болно. Тэрбээр хэлсэн нь:

“Их Эзэн, бибээр өөрийн гарын бүтээл тэнгэрийг асарлаж, дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой.

“Мөн хангах нь миний зорилго болой… .

“Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой… .

“Учир нь дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй.”12

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үр хөндүүлэхийг байнга эсэргүүцсээр ирсэн билээ. Тэргүүн зөвлөл зуу гаруй жилийн тэртээ. “Үр хөврөлийг устгах болон өсөн хөгжиж буй нялх үрсийг егүүтгэхийн … эсрэг Хожмын Үеийн Гэгээнтнүүд биднийг сэрэмжлүүлэхэд бид энэ боломжийг дахин ашиглаж байна”13 хэмээн бичжээ.

Ерөнхийлөгчөөр дуудагдсаныхаа дараахан ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895– 1985) “Зайлшгүй хоёр тохиолдолд: жирэмслэлт нь хүчингээс үүдэлтэй эсвэл эхийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюултай заналхийлж байгааг мэргэжлийн эмч нарын дүгнэлт харуулж байгаагаас бусад тохиолдолд бүх үр хөндүүлэхийг эсэргүүцдэг Сүмийн байр суурь хувиршгүйг бид дахин давтан нотолж байна”14 хэмээн хэлсэн юм. Эдүгээгийн бодлого өөр хоёр тохиолдлыг энд оруулдаг. Энэ бол цус ойртолт болон хүүхэд төрөөд амьдарч чадахгүйг мэргэжлийн эмч тогтоон үр хөндүүлэхийг зөвлөж байгаа тохиолдол юм. Тэр ч байтугай эдгээр тохиолдолд ч гэсэн үр хөндүүлэхийг шууд зөвтгөдөггүй. Тухайн хүн бишоптойгоо зөвлөлдөж, залбирлаар дамжуулан бурханлиг баталгаа хүлээн авсны дараа л үр хөндүүлэх тухай бодож үзэх ёстой.”15

Хүүхэд үрчилж авах тухай

Бусад хүмүүст агуу баяр баясгаланг авчирч чадах хүний амь насыг ямар учраас егүүтгэдэг юм бэ? Хүсээгүй жирэмслэлтийг шийдвэрлэх илүү дээр арга замууд байдаг шүү дээ. Бусармаг байдлаар нялх үр бүрдэн бий болсон тохиолдолд хүүхдийн амийг аврахын тулд хувийн наманчлалыг эхлэх нь хамгийн сайн арга юм. Аль хэдий нь үйлдсэн ноцтой гэм нүгэл дээр дахиад өөр нэг ноцтой нүглийг нэмэх нь зөвхөн уй гашууг л улам ихэсгэдэг. Хүүхдийг үрчлүүлэх нь үр хөндүүлэхээс зайлсхийх шилдэг арга зам мөн. Сайн мэдээний адислалууд байдаг гэр оронд хүүхдийг үрчилж аван, хайраар өсгөн хүмүүжүүлэх нь уг хүүхэд болон үрчилж авсан эцэг эх аль алиных нь хувьд агуу адислал болж чадна.

Наманчлах боломжтой

Үр хөндүүлэхэд оролцсон хүнд ер нь найдвар байдаг уу? Үр хөндүүлж нүгэл үйлдсэн бөгөөд одоо зүрх сэтгэл нь эмзэглэн зовж байгаа хүмүүст ямар нэг найдвар байдаг уу? Тийм ээ, байдаг гэж хариулъя! “Хүн наманчлах юм бол үр хөндүүлсэн нүглийнхээ төлөө уучлагдаж болно гэдэг нь илчлэгдсэн билээ.”16 Жинхэнэ ёсоор наманчилсан бүх хүмүүст Их Эзэн туслах болно гэдгийг бид мэднэ.17

Хүний амь нас эрдэнэ лүгээ адил үнэ цэнэтэй юм! Хүний амь нас болон бидний Бүтээгчийг гүнээ дээдэлж хүндэтгэхгүйгээр хүн балчирхан үрээ биендээ чанга тэвэрч, торомгор хөөрхөн нүдийг нь ширтэн харж, өөдсийн чинээхэн хурууг нь барьж, хонгорхон үрийнхээ хацрыг үнсэж чадна гэж үү? Амьдрал өөр нэг амьдралаас ирдэг. Амьдрал бол тохиолдлын зүйл биш. Амьдрал бол Бурханаас ирдэг бэлэг. Хонгорхон үрсийн амьдралыг устгуулах гэж Тэрээр тэднийг нааш нь илгээдэггүй юм. Амьдралыг Тэрбээр соёрхдог бөгөөд зөвхөн Тэр л амьдралыг төгсгөдөг нь жам ёсны юм.18 Тэрбээр мөнхийн нэгэн адил амьдрал мөнх гэдгийг би гэрчилж байна.

ТЭМДЭГЛЭЛ

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49-ийг үз.

  2. The New Encyclopedia Britannica, 15 дахь хэвлэл (1998), “World Wars, The-” г үз

  3. Мария Ченг, “Abortion Just as Common in Nations Where It’s Illegal,” Salt Lake Tribune, 12, 2007 оны 10-р сарын 12, х. A7-г үз. Нэгдсэн Улсад нэг жилд амьд төрдөг хүүхдийн тоо гурваас дөрвөн сая байдаг бол, мөн ийм хугацаан дахь үр хөндүүлэлтийн тоо нэг саяас давж байна. Тийнхүү энэ улсад гурав буюу дөрвөн жирэмслэлт тутмын нэг нь үр хөндүүлдэг байна.

  4. Египетээс Гарсан нь 20:13; Дэд Хууль 5:17; Матай 5:21; Ром 13:9; Мозая 13:21; 3 Нифай 12:21; С ба Г 42:18–19-ийг үз.

  5. С ба Г 59:6.

  6. Жон Калвин, Commentaries on the Four Last Books of Moses Arranged in the Form of a Harmony, орчуулсан Чарльз Виллям Бингхам, 22 боть. (1979), 3:42.

  7. Сургаалт Үгс 3:5–6.

  8. Нэгдсэн Улсын Сенатын Шүүгчдийн Хороонд Доктор Ирвин М.Кашнерын хэлсэн үгийг үз, Constitutional Amendments Relating to Abortion, S.J. 17–19, 110, 97th Cong., 1st sess., 1981, 158.

  9. Даллин Х.Өүкс, “Weightier Matters,” Лиахона, 2000 оны 3-р сар, 17– 19-ийг үз.

  10. Ж.Виллис болон бусад зохиогчид, The Heart, 4 дэх хэвлэл, (1978), 7-г үз.

  11. Левит 26:3–13; Иошуа 1:7–8; Хаадын Дээд 2:3; Хаадын Дэд 18:5–7; 2 Шастирын Дэд 24:20; 26:5; 31:21; Иов 36:11–12; 1 Нифай 2:20–21; 4:14; 2 Нифай 1:9, 20, 31; 4:4; 5:10–11; Жером 1:9; Омнаи 1:6; Мозая 1:7; 2:22, 31; Алма 9:13; 36:1, 30; 37:13; 38:1; 45:6–8; 48:15, 25; 50:20; Хиламан 3:20; 3 Нифай 5:22; С ба Г 9:13-ыг үз.

  12. С ба Г 104:14–17.

  13. Жон Тейлор, Жорж К.Каннон, “Тэргүүн Зөвлөлийн захидал,” 1885 оны 4-р сарын 4; Жеймс Р.Кларк, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 боть (1965–75), 3:1-тэй харьцуул.

  14. Спенсер В.Кимбалл, “A Report and a Challenge,” Ensign, 1976 оны 11-р сар, 6; мөн “The Time to Labor Is Now,” Ensign, 1975 оны 11-р сар, 6-г үз.

  15. Church Handbook of Instructions, Book 1: Stake Presidencies and Bishoprics (2006), 185.

  16. Church Handbook of Instructions, Book 1, 185.

  17. Иеремиа 31:34; Еврей 8:12; 10:17; С ба Г 58:42-ыг үз.

  18. Дэд Хууль 30:20; Үйлс 17:28; С ба Г 88:13; Мосе 6:32-ыг үз.