2018
Ариун сүмд очсоны төлөө амлагдсан адислалууд
January 2018


Ариун сүмд очсоны төлөө амлагдсан адислалууд

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Би ариун сүмд тогтмол очихыг хүсэж байсан бөгөөд энэ нь гэр бүлийг маань хэр их адислахыг тэр үед мэдээгүй юм.

family walking toward temple

Хэдэн жилийн өмнө гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгч Олдройд надад хэзээ ч мартахгүй нэгэн зүйлийг хэлсэн. Тэр: “Хэрэв та ариун сүмд очих юм бол амьдрал тань бүхий л талаараа адислагдана” гэсэн юм.

Би үүний талаар бодоод, ариун сүмд очих нь хэрхэн миний амьдралд бүхий л талаар нөлөөлөхийг сайн төсөөлж чадахгүй байлаа. Гэхдээ би сүмийн цуглааны дараа саналыг нь хүлээн авч, ариун сүмд тогтмол очиж байхаар шийдсэн юм. Би түүний амлалт үнэн эсэхийг шалгахыг хүсэж байлаа. Нөхөр маань ариун сүмд ойр ойрхон очихыг хүсдэг байсан ч би бага насны хүүхдүүдтэй учраас дурамжхан байдаг байв. Бид бүтэн цаг хагас машинаар явж байж АНУ-ын Техасын Сан Антони ариун сүмд очиж, хишиг хүртэх цуглаанд оролцоод, гэр рүүгээ буцаж машинаар ирэх хэрэгтэй байв. Хүүхдүүдийг маань 7-8 цаг харж өгөхийг хүнээс гуйсан ч бүтэлгүйтэв.

Адислалын эхлэл

Эхлээд бид өөр нэгэн гэр бүлтэй хамт нэг нэгнийхээ хүүхдүүдийг ээлжилж харах гэж оролдсон боловч хэн нэг нь өвдөх юм уу ямар нэг ажил гардаг байлаа. Бид бүтэн жилийн хуваарь гаргаад, үзээд алдахаар шийдэв. Тэгээд бид “пицца ба тоглоом” гэсэн нэг арга сэдэж олсон юм. Бид ариун сүм рүү машинаар хамтдаа явж байх боллоо. Бид хоёрын нэг нь ариун сүмийн цуглаанд орж байх хооронд нөгөөх нь хүүхдүүдийг пиццанд авч явна. Түрүүчийн удаа хүүхэд харсан хүн нь ариун сүмийн ажлаа хийж байх хооронд нөгөөх нь хүүхдүүдтэй хамт ариун сүмийн гаднах талбайгаар явдаг болсон юм. Энэ арга харин үр дүнтэй байв. Хүүхдүүд маань ариун сүм бидний хувьд ямар чухал гэдгийг мөн бямба гарагт хийж болох өөр олон зүйл бидэнд байгаа гэдгийг мэддэг байсан. Тэгээд ч бид гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой байв.

Ариун сүмд очих нь гэр бүлийг маань хэр их адисалдаг болохыг би тэр үед мэдээгүй юм. Бид ийнхүү жил гаруй тогтмол явсны дараа би ариун сүмийн цуглаанд сууж байхдаа саа өвчтэй нэгэн эрэгтэйг олж харлаа. Тэр тэнд байгаа нь гайхалтай хэмээн надад бодогдов. Ариун сүмээс гарч явах замдаа түүнийг машины зогсоолын ойролцоо сууж байхыг хараад, би нөхөртэйгөө хамт очиж түүнтэй мэндлэхээр шийдлээ.

Тэр миний нөхөр Чад бид хоёроос утсаар ярихад нь тусална уу гэж гуйсан юм. Бид ч туслахаар зөвшөөрөхөд тэрээр Чадад утас нь хаана байгааг хэллээ. Чад ч утасны дугаарыг оруулаад, утсыг нь түүнд өгөв. Тэр гараа хөдөлгөж чадахгүй байсан ч эелдгээр инээмсэглэлээ. Чад түүний гар тэргэнцрээс бэхлэгдсэн байгааг хараад, утсыг нь чихэнд нь ойртуулж барих хэрэгтэй юм байна гэдгээ даруй ойлгов. Түүнийг ирж авах ёстой байсан хотын үйлчилгээний автобус хоцорч байсан тул бид автобус иртэл түүнтэй цуг байсан юм. Хүнд хэцүү байсан ч гэлээ тэр ариун сүмд ирсэн нь бидний хувьд гайхалтай зүйл байлаа. Тэр маш зөв хандлагатай, сайхан инээмсэглэдэг нэгэн байв. Явахынхаа өмнө тэр холбоо барих мэдээллээ бидэнтэй солилцоход нэрийг нь Макс Пара гэдгийг бид олж мэдсэн юм.

Пара ах өөрийгөө ариун сүмд авчирч чадсан байхад бидэнд ариун сүмд очихгүй байх ямар ч шалтгаан алга!

Пара ахын үлгэр жишээ

Brother Para with the Evans family

Дараачийн сард бид ариун сүм рүү явах замаараа түүн дээр очихоор шийдэв. Түүнтэй урьдчилан утсаар холбогдоход тэр биднийг гэрт нь ирээд, орж болно гэж хэллээ. Бид Сан Антонио руу машинаар явж, Пара ахын жижигхэн байшинг олов. Тэр эрүүгээ хүртэл цагаан даавуугаар биеэ хучин, орон дээрээ хэвтэж байлаа. Тэр толгойгоо хажуу тийш хөдөлгөн бидэнтэй үг сольж байсан ч инээмсэглэсээр байв. Тэр бидэнд 30 эргэм насандаа дээвэр дээрээс унаж дөрвөн мөч нь мэдээгүй болсноо ярьж, туулж байгаа зовлонгоо бас гэрчлэлээ хуваалцсан юм.

Пара ах дээр нэг удаа зочлон очсон маань өөр олон жилийн айлчлал болон хувирсан билээ. Тэр амьдралын маань нэгэн чухал хэсэг болсон юм. Түүнд олон асуудал байсан учраас бид түүний төлөө юу хийж чадахаа сайн мэдэхгүй байсан ч сайн найзууд байж чадна гэдгээ мэдэж байлаа. Бид түүнд Аврагчийн жижигхэн зураг, Мормоны Номын испани хэл дээрх CD, ариун сүмийн зураг, шинэ ургацын жүрж гэх мэт зүйлс бэлэглэдэг байв. Бид бас гэрт нь ирж, хүүхдийн дуу дуулж өгч, түүний ярихыг сонсдог байсан юм. Энэ нь бидний хувьд гайхалтай туршлага байв. Бид Их Эзэнд зүсэм талх өгвөл тэр хариуд нь бүтэн талх заавал өгдөг.1

Тэр бидэнд талархалтай байх талаар зааж, харин энэ нь бидний амьдралыг бүхий л талаар өөрчилсөн юм. Бид сайн мэдээний талаарх мэдлэг, Бурхан бидний хоорондын харилцаа, авралын төлөвлөгөөний тухай мэдлэг, гэр орон, машин, хоол хүнс, хувцас хунар, бие махбодоо ашиглах чадвар, нийгэмдээ сайн үйлс хийх боломж, хүрээлэн байгаа сайн хүмүүстээ талархах талархал зэргийг сурсан. Пара ах хэцүү, сорилт зэрэг үгсийн талаарх бидний ойлголтыг өөрчилсөн юм. Бидэнд олон адислал хүлээн авсандаа баярлах шалтгаан байсан бөгөөд бид тэдгээр адислалаа бусдад урам зориг өгөхөд ашигладаг байсан.

Үйлчилж сурах нь

Нэг удаа Чад өөрийн найзуудын нэг болох Гонзалэс ахтай хамт ариун сүмд байхдаа, Пара ахыг өөрийг нь авах фургоныг хүлээн ариун сүмийн дэргэд сууж байхыг харав. Пара ах удаан хүлээсэн байжээ. Чад, Гонзалэс ахтай хамт Пара ахыг гэрт нь хүргэж өгөхөөр боллоо. Гонзалэс ах том хар ачааны машинтай байв. Яг тэр үед манай тойргийн машин дүүрэн санваартнууд хажууд ирж зогсоод, хүнд тэргэнцрийг ачааны машины хойно тавьж өгөхөд туслав. Дараа нь тэд Пара ахыг ачааны машинд өргөж суулгаад, түүнийг унагахгүйн тулд сайтар барьж, бүсийг нь зүүж өгсөн. Тэр өдөр Пара ахын хувьд сайхан байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэр гэртээ мөрөөдлийнхөө ачааны машинаар хүргүүлнэ гэж зүүдлээ ч үгүй байх!

Бүх талаараа адислагдсан

Нүүхээсээ өмнө хамгийн сүүлчийн удаа Сан Антонио ариун сүмд очиход бидэнд Пара ахынд очих боломж олдсон. Энэ чухал айлчлалын үеэр Пара ах манай гэр бүлийнхнийг бүгдийг нь оройн зоогоор дайлсан юм.

Би ерөнхийлөгч Олдройдын амлалт үнэн эсэхийг туршиж үзсэндээ маш их талархдаг. Бид ариун сүмд очоогүй бол хэзээ ч Пара ахтай уулзахгүй байсан. Би одоо өөр хүн болсон. Би Их Эзэний хүсэж байгаа шиг тийм хүн болж байгаа. Бид Их Эзэнийг нэн тэргүүнд тавьж мөн ариун сүмд очсон учраас амьдрал маань бүхий л талаараа адислагдсан билээ.

Эшлэл

  1. Мэлвин Ж.Баллард, Марион Ж.Ромнигийн “Welfare Services: The Savior’s Program,” Ensign, 1980 оны 11-р сар, 93-ыг үзнэ үү.