2018
Гэр бүлийн мөнхийн ач холбогдол
January 2018


Гэр бүлийн мөнхийн ач холбогдол

2015 оны 10-р сарын 27-нд хэлсэн үгээс эш татав.

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид болсон Дэлхийн гэр бүлийн ес дэх чуулга уулзалтаар хэлсэн үгэндээ ахлагч М.Рассэлл Баллард уламжлалт гэрлэлтэд итгэдэг хүмүүс итгэл, гэр бүл, эрх чөлөөгөө хүчирхэгжүүлэн, хамгаалахын тулд бүхий л тусламж дэмжлэгээ нэгтгэх ёстой гэж хэлжээ.

family in the city

Хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүмүүдэд зөвхөн үхэл салгах энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд гэрлэдэг учраас ариун сүм тэдний хувьд маш чухал зүйл юм. 23 жилийн өмнө Сүмийн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т тунхагласнаар “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”1

Энэ сургаал биднийг гэр бүлд маш их ач холбогдол өгдөг болохыг харуулж байна. Бид мөн бүх хүнийг ойлгож, хайрлан, өрөвч нигүүлсэнгүй хандах ёстой гэдэгт итгэдэг. Юуны түрүүнд би яагаад уламжлалт гэр бүлүүд манай Сүмд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг сургаалын талаас тайлбарлана. Хоёрдугаарт, гэр бүлийн талаарх шашны ойлголт, шашны эрх чөлөөний уялдаа холбооны талаар тайлбарлах болно. Эцэст нь, аливаа буруу ойлголт, зөрчилдөөнөөс үл хамааран эргэн тойрондоо байгаа хүмүүст хүрч туслах удирдах зарчмуудыг хуваалцана.

Гэр бүлийн талаарх Сүмийн итгэл үнэмшил

Би гэр бүлийн талаарх Сүмийн итгэл үнэмшлийг дэлгэрэнгүй тайлбарлахдаа хүүхдүүдийнхээ байнга дуулдаг “Би тэнгэрт амьдарч байсан” дууны шүлгээс эш татмаар байна. Энэ дуу биднийг хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явах талаар товч ойлголт өгдөг. Хожмын үеийн гэгээнтнүүд үүнийг авралын төлөвлөгөө буюу Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөө гэж нэрлэдэг юм.

Би эрт дээр үед тэнгэрт амьдарч байсан нь үнэн

Хайрладаг хүмүүстэйгээ хамт байсан. Чи ч гэсэн адил.

Хүмүүнд өгсөн дэлхий, мөнхийн авралын төлөвлөгөөг

Тэнгэрлэг Эцэг танилцуулсан.

Бүгд буцахын тулд өөрийнхөө амьдралыг өгч чадах

Хайраар дүүрэн хэн нэгэн Түүнд хэрэгтэй гэлээ.

Тэнд алдрыг өөртөө авахыг хайсан нэгэн байсан.

Есүс “Намайг илгээ, алдар суу таных” гэсэн.

Есүс сонгогдож, Мессиа болон ирсэн,

Өөрийн алдаршсан нэрээр үхэл, хилэнцийг ялж

Намайг хүлээж байгаа аавын орших тэнгэр дэх гэр

Гайхалтай амьдралын итгэл найдварыг өгсөн.2

Энэ дууг ашиглан бидний мөнх бус байдал, мөнхийн мөн чанар, гэр бүлийн тухай авралын төлөвлөгөөний хэд хэдэн чухал бүрэлдэхүүн хэсгийг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү.

Бид энэ амьдралаас өмнө Тэнгэрлэг Эцэг маань болох Бурхантай хамт амьдарч байсан. Тэрээр бидний сүнсний төрсөн Эцэг бөгөөд бид Түүний сүнсэн хүүхдүүд. Иймээс энэ амьдралд төрсөн хүн бүр сүнсэн ах, эгч, дүүс билээ.

“Бурханы бүх зорилго—ажил болон алдар суу нь Түүний бүх адислалыг эдлэхийг хүн нэг бүрд боломжтой болгох явдал мөн.” Түүний зарлигуудыг дагах, эс дагах сонголт нь бидний мөнхийн хувь заяаг тодорхойлдог. “Есүс Христ бол Бурханы төлөвлөгөөн дэх төв юм. Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан Эцэгийнхээ зорилгыг хэрэгжүүлж, үхэшгүй байдал, мөнх амьдралыг эдлэх явдлыг хүн нэг бүрд боломжтой болгосон.”3 Хэрэв бид “энэ амьдралд хийгээд үүрд мөнхийн тулд” ариун сүмд гэрлэсэн бол гэрлэлт, гэр бүлийн харилцаа нь санваарын эрх мэдлээр холбогдон, үхлийн дараа ч оршин тогтнох болно (С ба Г 132:7).

Би энэхүү товч дүгнэлт нь бидний шашин шүтлэг уламжлалт гэр бүлтэй хэрхэн бүрэн дүүрэн холбогддог болохыг ойлгоход тань тусална гэж найдаж байна. Нийгэм, хууль, нийтлэг үзэл бодол өөрчлөгдөж болох ч нийгмийн тодорхойлдог гэр бүл Бурханы хүүхдүүддээ зориулсан зорилго, төлөвлөгөөг орлож чадахгүй, орлох ч үгүй.

Гэрлэж, үр хүүхдүүдтэй болохыг чухал гэж үзэхээ больж буй өнөөдрийн дэлхийд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ганцаараа уламжлалт гэр бүлийг сургаалынхаа хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болгон зогсоогүй билээ.

Пап Францис “[Бурхан] өөрсдийг нь нөхөн гүйцээх хэн нэгэнтэй аяллаа хамт туулан, хайрлуулах, хайрлахын гайхамшгийг мэдрэн, уг хайр нь хүүхдүүд хэмээх үр жимсийг авчрахыг харан, аз жаргалтай байх заяатай болгон эрэгтэй, эмэгтэйчүүдийг бүтээсэн”4 хэмээн хэлсэн юм.

Өмнөдийн баптист сүм “Гэрлэлт гэдэг нь нэг эрэгтэйг өөр нэг эмэгтэйтэй энэ амьдралын туршид гэрээ бүхий амлалтаар нэгтгэхийг хэлнэ. … Эхнэр, нөхөр хоёр хоёулаа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас Бурханы мэлмийд адил үнэ цэнтэй билээ”5 хэмээн тунхаглажээ.

Мөнхийн гэр бүлийн талаарх бидний сургаалын итгэл үнэмшил, бусад Христийн шашинтан нэр нөлөө бүхий удирдагчдын хэлсэн мэдэгдэл бид яагаад уламжлалт гэр бүлийг хөхиүлэн дэмжиж, хамгаалахад хамаг чадлаа зориулдаг болохыг ойлгоход тусалдаг.

Шашны итгэл үнэмшлийг дэмжих шашнаас ангид дэмжлэг туслалцаа

Иймэрхүү сургаал, мэдэгдлүүдийг шашны мунхаглал гэж боддог хүмүүс байдаг. Гэсэн ч 2015 оны 6-р сард Нэгдсэн Улсын дээд шүүх үнэнч шударга, ухаалаг хүмүүс ижил хүйстний гэрлэлтийн талаарх асуудлуудад хүртэл өөр үзэл бодолтой байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан.

“Шашнаа дээдлэн хүндэлдэг хүмүүст гэрлэлт нь ариун нандин зүйл байдаг. …

Цаг хугацаа, соёл уламжлал, итгэл үнэмшлийн гүүр болсон гэрлэлтийн сайн сайхан байдлын талаарх тоолж баршгүй олон эшлэл шашны мөн гүн ухааны текстүүдэд уран бүтээл, ном зохиол зэрэг бүхий л хэлбэрээр байдаг. Гэрлэлт бол эсрэг хүйсийн хоёр хүний хоорондын нэгдэл хэмээх ойлголт дээр эдгээр нь түшиглэсэн гэж хэлэх нь шударга зүйл бөгөөд ингэж хэлэх шаардлагатай байна.

… Гэрлэлт нь мөн чанартаа эсрэг хүйсийн эмэгтэй, эрэгтэй хүний нэгдэл юм. Энэхүү ойлголт энд байгаа мөн дэлхий даяарх үнэнч шударга, ухаалаг хүмүүсийн сайн санаан дээр өнө удаан оршин тогтносон бөгөөд цаашид ч оршин тогтнох болно.”6

Улсын дээд шүүх дэлхий дээрх үнэнч шударга, ухаалаг олон хүн уламжлалт гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөөр байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

family sitting together

Итгэл, гэр бүл, эрх чөлөө

Үнэнч шударга, ухаалаг хүмүүс гэрлэлтийг зөвхөн эсрэг хүйсийн хүмүүсийн хооронд байдаг гэж үздэг учраас ийм итгэл үнэмшил олон нийтийн санаа бодлоор хүлээн зөвшөөрөгдөж, шашны эрх чөлөөгөөр хамгаалуулах ёстой. Үнэндээ шашны итгэл үнэмшил нь итгэгчдэдээ амьдралын зорилгыг хэрхэн харахад нь нөлөөлдөг учраас иймэрхүү итгэл үнэмшил тэднийг нийгэмтэй хэр харилцаатай болохыг харуулна.

Багш нь бие биедээ дурласан хоёр ханхүүгийн талаарх түүхийг ярьж өгсөн нэгэн хүүхдийн тухай сонины нийтлэл санаанд минь орлоо. Багш материалаа ямар ч сэрэмжлүүлэг, анхааруулгагүйгээр танилцуулжээ. Энэ түүхийг дахиад унших эсэхийг мэдэхийг хүссэн эцэг эхчүүдэд сургууль хариу өгөхөөс татгалзсан байна.7

Итгэл үнэмшилтэй нь зөрчилдөх материалыг зааснаас болж хүүхдүүдээ сургуулиас гаргахыг эцэг эхчүүдэд зөвшөөрөхөд сургуулийн захиргаанд тийм хор хөнөөлтэй байсан гэж үү? Энэ сургуулийн шийдвэр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг шууд утгаараа уландаа гишгэж байгаа санагдсан юм.

Бид дэндүү эсрэг тэсрэг цаг үед амьдарч байна. Ихэнхдээ харилцан буулт хийхэд хэцүү, боломжгүй санагддаг. Итгэл бишрэлийнхээ дагуу амьдрахыг хичээснээсээ болж мухар сүсэгтэн, гадуурхагч гэж буруутгагдан, хүлээн зөвшөөрөмгүй байдлаар шийтгүүлж үлдсэн хүмүүсийн түүхийг бид сонсдог.

Нэгдсэн Улсыг оруулаад дэлхийн бараг 200 үндэстэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурахдаа хүүхдүүддээ заах эцэг эхийн эрхийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ гэрээний 18-р зүйл дээр “Энэхүү хэлэлцээрт оролцогч улс эцэг эхийн үр хүүхдэдээ хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ”8 гэж тунхагладаг.

Энэхүү олон улсын хүний эрхийн хамгаалалт нь гэр бүлийн тунхаг дээрх Сүмийн байр суурьтай нийцдэг юм. “Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, … бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагахыг зааж сургах нандин үүрэгтэй. Эхнэр нөхөр, эцэг эхчүүд үүргээ хэрхэн биелүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээнэ.”9

Бид далайн түрлэгийг сөрөн зогсож байгаа мэт санагдаж болох ч уламжлалт гэрлэлтийн үзэл бодлоо хадгалан үлдэхэд туслах олон дэмжлэг туслалцаа бидэнд бий. Би зөвхөн цөөн эх сурвалж дурдлаа. Үүнээс ч их бий.

Бид итгэл, гэр бүл, эрх чөлөөгөө хүчирхэгжүүлэн, хамгаалахын тулд бүхий л арга замаар дэмжүүлэх ёстой. Зарим хүн бидний эрхийг булаах гэж идэвхтэй зүтгэж байна. Нэгдсэн Улс дахь шашны эрх чөлөөний хамгаалалтыг буулгаж авах гэж сая сая доллар зарцуулсан гэсэн мэдээ гарсан байсан.10

Энэхүү заналхийллийн хариуд хамтран зүтгэгч маань болох Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс цагаа олсон хариулт өгсөн гэж би итгэдэг. “Бид номхон дөлгөөн байж, сөргөлдөөнөөс зайлсхийхдээ өөрсдийн ойлгож хүлээн авсан үнэн зүйлст итгэх итгэл үнэмшлээ сулруулах юм уу үүнд бууж өгч болохгүй. Бид байр сууринаасаа эсвэл эрхэмлэх зүйлсээсээ татгалзах ёсгүй.”11

Хэрэв биднийг эсэргүүцдэг хүмүүс хүмүүний өөр хоорондын ялгаатай байдал, эрх тэгш байдлын үнэ цэнийн талаарх итгэл үнэмшилдээ үнэнч байгаа бол бид өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, эв найрамдлыг бий болгохын тулд хамтдаа ажиллах боломжтой гэсэн үг. Эцэг эхийнх нь хүсэлтэй зөрчилдөх материалыг хүүхдүүдэд уншиж өгсөнтэй адил өөр нэгний итгэл үнэмшлийг нөгөөд нь тулгах нь хүмүүний өөр хоорондын ялгаатай байдлын ач холбогдлыг бууруулж, эрх тэгш байдлын тэнцвэрийг алдагдуулдаг. Харилцан буулт хийж, ах, эгч, дүүс маань болох Бурханы бүх хүүхдэд хайрын гараа сунгаснаар ёс суртахуун, итгэл үнэмшилтэй амар тайван, олон талт нийгмийг бүтээж чадна.

family walking and holding hands

Нэг нэгнээ хайрлах үндсэн зарчим

Би уламжлалт гэрлэлтийн ач холбогдлыг мөн эрх чөлөөгөө хамгаалах ёстой талаар тайлбарлалаа. Одоо бид яагаад санал зөрөлддөг хүмүүстэйгээ нөхөрсөг байх ёстойг тайлбарлая. Есүс Христ

“Дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир.

Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд байж болохын тулд буюу” (Матай 5:44–45) хэмээн зарлигласан.

Бид санал зөрөлддөг гэр бүлийн гишүүдээ үгүйсгэдэггүй мөн үгүйсгэж болохгүйтэй адил биднээс өөр харагддаг, өөрөөр бодож, үйлддэг хүмүүст тэгж хандаж болохгүй. Бид Бурханы бүх хүүхдийг хайрлаж, энэрснээр хамгийн хүнлэг сэтгэлтэйгээ харуулдаг. Бид тулган шаардалтыг эсэргүүцэж, доог тохуу хийсэн нэр хочийг үл тоон, ойлголцол, харилцан хүндлэлээр дамжуулан шударга үр дүнг хүсэж олон нийтэд санаа бодлоо өргөхдөө шавь гэдгээ батлан харуулдаг.

Сүм саяхан ЛГБТ (лесби, гомо, бисексуал, трансжендер) хүмүүсийн болон уламжлалт шашны ойлголттой хүмүүсийн аль алиных нь эрх ашгийг бодолцсон хуулийг дэмжсэн. Энэ хууль нь ЛГБТ хүмүүсийг хүйсийн чиг хандлага, өвөрмөц байдлаасаа болж ажлаасаа халагдах эсвэл орон байр олж чадахгүй байхаас хамгаалдаг. Үүнтэй нэгэн адил энэхүү хүчирхэг хууль нь шашны сүсэг бишрэлийг мөн шашны итгэл үнэмшилдээ үнэнч байх эрхийг хамгаалдаг.12

Аль аль тал нь хүссэн үр дүндээ хүрээгүй ч бидний ЛГБТ хүмүүстэй мөн Ютагийн хууль тогтоох байгууллагатай хамтран ажилласан нь чухал зарчмууд дээр харилцан буулт хийлгүйгээр нийгмийнхээ санал зөрөлдөөнийг намжаахад тусалсан.13 Бид хувь хүний шашны зарчмуудаа хөсөр хаялгүй, нэг нэгнээ хайрлаж чадна. Мөн бид бусдыг дорд үзэлгүйгээр эдгээр зарчмынхаа тухай ярьж болно.

Есүс Христ бусдыг хайрлахын төгс жишээ байсан. Тэрээр бидний хүн нэг бүрийн гэм нүглийн төлөөсийг төлөх хүнд хэцүү үйл явцыг эхлүүлэхээсээ өмнө Дээгүүр өнгөрөх баярт буюу Сүүлчийн зоогонд оролцохоор мөн мөнх бус байдлынхаа хамгийн сүүлчийн зааврыг өгөхөөр төлөөлөгчидтэйгөө уулзжээ. Түүний сургаалд “Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” (Иохан 13:34) гэх амьдралыг өөрчлөх тунхаг байв.

Бид өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг хүндэлж эсвэл тэднийг гомдоолгүйгээр эмэгтэй, эрэгтэй хүний хоорондын гэрлэлтийн ашиг тусын талаар тодорхой мөн үнэн сэтгэлээсээ ярьж чадна. Итгэл үнэмшил, зан заншлаасаа үл хамааран ах, эгч, дүүсийн хувьд бид нэг нэгнээ ойлгохыг хичээх хэрэгтэй. Эцсийн эцэст, гэрлэсэн байна уу эсвэл ганц бие байна уу хамаагүй, бид бүгд Бурханы гайхамшигт төлөвлөгөөний нэгэн онцгой хэсэг билээ.

Дүгнэлт

Бошиглогч Иосеф Смит болон түүний ах Хайрум 1844 оны 6-р сарын 27-нд мужийн түр саатуулах байранд байхдаа танхайрагчдад алуулжээ. Тэднийг нас барсны дараа хавчлага, дарамт, танхайрал Сүмийн гишүүдийг Науву ариун сүмийг барьж байх үед заналхийлж байв. Тэд ариун сүмийг орхиж явна гэдгээ мэдэж байсан ч үргэлжлүүлэн барьсаар байсан. Танхайрагчдыг хөөхөөс өмнө тэд гэр бүлээрээ мөнхөд нэгдэхийн тулд ариун нандин амлалтуудыг өгөхөөр ариун сүмд өдөр, шөнөгүй орж байлаа.14

Аав, ээжийн маань талын элэнц эцэг, эх Солт Лэйк Валли руу аянд гарахаасаа өмнө зовлон шаналал, сорилт бэрхшээлийн агуу их төлөөсийг төлсөн юм. Анхдагч гэр бүлүүд үхэл хагацлыг үзэж, үр хүүхэд, хань ижил, эцэг эх, өвөө эмээ, найз нөхдөө эзгүй цөлд булшлан явсан ч аянаа үргэлжлүүлсэн.

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн зохиосон тэнгэрлэг төлөвлөгөөнд итгэх итгэл нь тэдэнд аймшигт сорилттой тулгарах зоригийг өгсөн билээ. Тэд хавчлага дарамтгүйгээр Бурханыг хайрлаж, Түүнд үйлчилдэг гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэх газрын эрэлд гарсан юм. Өмнөх замыг маань харуулсанд би тэдэнд талархдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, шашны номлол гэр бүлээр эхэлж, гэр бүлээр төгсдөг. Би түрүүнд хэлсэн зүйлээ давтан хэлье. Бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурханы сүнсэн хүүхдүүд болж, мөнх бус байдлын өмнөх гэр бүлд амьдарч байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бид энэ дэлхийд байхдаа Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүст амласан адислалуудыг хүлээн авахаар буцаж явахад бэлтгэх ёстой гэдэгт итгэдэг.

Энэхүү мэдлэг нь биднийг нас барсныхаа дараа Бурханы ариун нандин оршихуй руу эргэж очин, бидний төлөөх Түүний төлөвлөгөөний жинхэнэ зорилгыг баттай мэдэх тэр өдөрт бэлтгэх болно. Мөн гэр бүлийн тунхагт тэмдэглэснээр “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна”.15

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2010 оны 11-р сар, 129.

  2. “I Lived in Heaven,” Children’s Songbook, 4.

  3. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 53.

  4. “Pope Francis’s Homily at the Family Synod’s Opening Mass,” Catholic Herald, 2015 оны 10-р сарын 4, catholicherald.co.uk.

  5. “Basic Beliefs: Family,” Southern Baptists Convention, sbc.net/aboutus/basicbeliefs.asp.

  6. Obergefell et al. v. Hodges, 576 U.S. (2015), supremecourt.gov.

  7. “Teacher, School Sued over Gay Fairy Tale,” NPR, 2006 оны 4-р сарын 27, npr.org-ийг үзнэ үү.

  8. “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ,” 18-р зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ohchr.org.

  9. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129.

  10. Кэвин Жөүнс, “LGBT Grant-maker Wants to Win Religious Liberty Fight within Three Years,” Catholic News Agency, 2015 оны 7-р сарын 29, catholicnewsagency.com.

  11. Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй хамт амьдрах нь,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 28.

  12. Дэннис Ромбой, “LDS Church, LGBT Advocates Back Anti-Discrimination, Religious Rights Bill,” 2015 оны 3-р сарын 4-ний Deseret News-ийг үзнэ үү.

  13. “Utah Lawmakers Introduce Bill Balancing Religious Freedom and Nondiscrimination Protections,” 2015 оны 3-р сарын 4, mormonnewsroom.org-ийг үзнэ үү.

  14. Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003), 302–304-ийг үзнэ үү.

  15. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129.