2018
2018-Мючелийн-сэдэв-христээс-ирэх-амар амгалан
January 2018


2018 оны Мючелийн сэдэв

Христээс ирэх амар амгалан

Нөхцөл байдал тань ямар байгаагаас үл хамааран та үргэлж Есүс Христээс амар амгаланг олж авч чадна.

Үймээн самуун, маргаантай үзэл баримтлал, уруу таталт, төөрөлдүүлэх философоор дүүрсэн дэлхийд амар амгаланг олох амаргүй. Гэхдээ Сургаал ба Гэрээ 19:23 (2018 оны Mючелийн сэдэв) дээрх “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; Миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” гэсэн Аврагчийн өгсөн амлалт амар амгаланд хүрэх тодорхой арга замыг өгдөг.

Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн хувьд бид үүнийг үнэн гэдгийг гэрчилж байна. Бид үүнийг өөрсдийн амьдрал дээр харсан бөгөөд хэрэв та нар энэ загварыг дагавал Бурхан амьдралд тань амар амгаланг өгнө гэсэн амлалтаа биелүүлэх болно.

Та нарын дундаас олон хүн ирээдүйнхээ талаар санаа зовж байгаа байх. Мөн олон хүн гадаад төрх, чадвар, чадавхынхаа талаар боддог байх. Гэхдээ та нар юутай ч тулгарсан бай, амар амгаланг олох боломжтой. Энэ нь бүхий л асуулт, асуудлууд тэр даруй сарнин алга болно гэсэн үг биш ч та нар бүх зүйл шийдэгдэнэ гэсэн баталгааг сэтгэлдээ мэдэрч чадна. Хамгийн чухал нь та Есүс Христийн зөвхөн таныг гэсэн хайрыг мэдрэх бөгөөд энэ нь агуу их амар амгаланг авчирдаг.

Энэ шүлгийн хэсэг бүрийн тухай ярилцацгаая.

Надаас суралц

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэх нь та нарын амьдралын аяны нэн чухал хэсэг юм. Их Эзэн: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) хэмээн хэлсэн. Та нар Христийг илүү сайн танин мэдэх үедээ Түүний хэчнээн сайн, ухаалаг, сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн болохыг ойлгоно. Түүнд итгэх итгэл тань өсөж, та нар Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгийг дагах илүү их хүсэлтэй байх болно.

Миний үгсийг сонс

Есүс Христ бидэнтэй судар, амьд бошиглогчид болон Ариун Сүнсээр дамжуулан ярьдаг. Бид эдгээр үгэн дээр найрлан, тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Мормоны Ном “энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, түүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох”1 учраас та нар Аврагчийн үгсээс судлахдаа Мормон Номон дээр төвлөр. Ерөнхийлөгч Томас С.Монсоны 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр өгсөн Мормоны Номыг өдөр бүр унших урилга биднийг Христийн үгийг сонсож ойлгоход туслах болно.2

Миний Сүнсний даруу байдалд алх

Аврагчийн үгсийг сонсох нь зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байлгахад биднийг өөрчилж эхэлдэг. Үүний тулд бид даруу байх хэрэгтэй. Энэ нь биднээс өөрсдийн замыг орхин, Түүний замаар алхахыг шаарддаг. Заримдаа бид өөрсдийнхөө замыг илүү сайн гэж боддог. Гэхдээ бид даруу байж, хаашаа ч хөтөлсөн бай Түүнийг дагах юм бол үргэлж хамгийн сайн зам дээр байх болно.

Надаар дамжин амар амгалан чамд байх болно

Энэ бол агуу амлалт: Хэрэв та нар суралц, сонс, Аврагчтай хамт алх гэсэн гурван зүйлийг хийвэл амьдралдаа амар амгаланг олно. Та нар хэчнээн их айдастай, итгэлгүй, сул дорой байлаа ч гэсэн Бурхан дэргэд тань байж, та нарыг харж халамжилна гэдгийг баттай мэдэх болно. Та нар өөртөө төдийгүй Есүс Христ, Түүний хайр, хүчинд итгэлтэй байж чадна.

Бид Сүмийн бүх өсвөр үеийнхнээс энэ шүлгийг чээжлээрэй хэмээн урьж байна. Үүнийг амьдралынхаа хөтөч болгон ашигла. Харанхуй манан та нарыг хүрээлэн, давшгүй мэт санагдах үед энэ шүлгийг дотроо санаж, загварынх нь дагуу Есүс Христийн бат бөх бөгөөд тодорхой суурин дээр өөрсдийн зангууг тавиарай.

Эшл элүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303

  2. Томас С.Монсон, “Мормоны Номын хүч,” 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 73.