2018
Нэг нэгнийхээ залбиралд хариулсан нь
January 2018


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Нэг нэгнийхээ залбиралд хариулсан нь

missionary on plane

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би Иллинойн Чикагогийн Өмнөд Номлол дахь номлолоо дуусгаж байхдаа өмнө нь үйлчилж байсан бүсдээ зочлон очиж, Трэмилогийн гэр бүлтэй оройн хоол идэх онцгой зөвшөөрөл авсан юм. Би тэдний тойрогт бүтэн жил үйлчилсэн бөгөөд тэдэнтэй ойртож дотноссон байлаа.

Оройн хоолны үеэр Трэмило ах намайг гэртээ харих замдаа ядаж нэг аз жаргалын захиас хуваалцаарай хэмээн урамшуулав. Их Эзэн онгоцонд маань миний туслалцаа хэрэгтэй хэн нэгнийг суулгана гэж тэр хэлсэн юм. Би ч түүнд хуваалцана гэдгээ амлав.

Би тэр үеэс эхлэн Чикагогоос явах хүртлээ номлолд үйлчлэхийн тулд гаргасан золиослолыг маань Их Эзэн хүлээн авсан гэсэн баталгааг авахаар залбирч байсан билээ.

Гурван долоо хоногийн дараа би гэрт маань хүргэх онгоцондоо орлоо. Суудалдаа дөхөж очтол хажуу талын суудал дахь хүн над руу хараад, “Үгүй байлгүй дээ! Итгэмээргүй юм!” гэв.

Би ч дотроо “Өө, за за. Тэр ч мормончуудыг үзэн яддаг бололтой” гэж бодлоо. Намайг суухад тэр өөрийг нь Кэлли гэдэг мөн саяхан хөрвөгдсөн гэдгээ хэлэв. Хажууд нь номлогч суусанд тэр ямар их баярлаж байгаагаа бас илэрхийллээ. Кэлли надад хамгийн сүүлд хажууд нь суусан хүн мормончуудын эсрэг үзэлтэй, түүний шинээр олсон итгэлийнх нь талаар үзэл бодлоо хуваалцахдаа найрсаг бус байсан тухай хэлэв. Сэтгэл санаа нь тавгүйтсэн байсан ба асуух зүйл ч байлаа. Тэр хариулт олж, сэтгэл санаагаа тайвшруулахаар залбирч байсан аж.

Би дотроо залбираад, сайн мэдээ үнэн болохыг мөн Бурхан түүнийг болон үр хүүхдүүдээ хайрладаг талаар гэрчиллээ. Би бас Тэрмило ахын өгсөн зөвлөгөөг түүнд уламжлав. Бурхан энэ онцгой мөчийг зөвхөн түүнд зориулан бэлдсэн гэдгийг би хэллээ.

Кэллигийн нүдэнд нулимс хуран, надад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр бас надад “Чи сайн номлогч байсан гэж надад харагдаж байна. Их Эзэн чиний золислолыг хүлээн авсан” гэж хэлэв. Яг тэр агшинд би намайг гэх Бурханы агуу хайрыг мэдэрсэн юм. Харин энэ удаад би уйлж билээ. Би нулимс дуслуулан, Кэллид баярлаж талархсанаа илэрхийлж, түүнийг залбирлын минь хариулт байсан гэдгийг хэлэв. Би түүний өөр хэдэн асуултад хариулаад, э-мэйл хаягаа солилцсон юм.

Онгоц ч газардаж, түүнийг дараагийн онгоцондоо суухад бид гараараа даллан үдсэн билээ. Тэнгэрлэг Эцэг биднийг ийм сэтгэл уярам байдлаар адисалсанд би үргэлж талархаж байх болно.