Зөвлөлд суух нь
Мелкизедек САНВААРЫН болон Халамжийн нийгэмлэгийн цуглаануудад илүү агуу хүчийг авчрах нь
Өмнөтгөлийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард
Би төлөөлөгчөөр үйлчлэхдээ номлол, гадас, тойрог, туслах бүлгийн зөвлөл зэрэг Сүмийн зөвлөлүүдийн хүч, ач холбогдлын талаар тогтмол онцолдог байсан. Зөвлөлөөр дамжуулан ажиллах нь бодит үр дүнд хүрэх хамгийн үр дүнтэй арга барил гэдэгт би итгэдэг.
Бид энэ сард энгийн боловч чухал өөрчлөлтийг хөтөлбөртөө оруулж байгаа бөгөөд Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн гишүүд тус тусын бүлгээрээ ням гарагт цугларахдаа үүнээс суралцах ёстой. Бид хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганы амьд бошиглогчдын үгсээс суралцахын зэрэгцээ хамтдаа “зөвлөлд сууж” (С ба Г 107:89), тулгарч буй асуудал, хэрэгцээгээ ярилцана.
Бид хамтдаа илүү үр дүнтэй зөвлөлдөж сурвал Бурхан биднийг илүү олон илчлэлт, ойлголт болон Өөрийн ажлыг хийж гүйцэтгэх илүү агуу хүчээр адислах болно.
Энэ дэлхийг бүтээхийн өмнө Тэнгэрлэг Эцэг ажлаа зөвлөлөөр дамжуулан хийдэг байсан (С ба Г 121:32 үзнэ үү). Адам, Евагаас эхлэн Бурханы хүмүүс Түүний зөвлөгөөг зөвлөлөөр эрэлхийлдэг байв. Үнэндээ, Бурхан Өөрийгөө “Зөвлөгөөний Хүн” (Мосе 7:35) хэмээн нэрлэсэн байдаг. Энэ эрин үеийн эхэнд Иосеф Смит “эрт үеийн Зөвлөлүүдийн жаягийг”1 сэргээж эхэлсэн. Өнөөдөр Сүмийг бүхий л түвшинд зөвлөлүүдээр дамжуулан удирддаг.
Сүүлийн саруудад Сүмийн ерөнхий удирдагчид Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн бүлгийн цуглаануудыг хүчирхэгжүүлэх талаар хамтдаа зөвлөлдсөн. Үүний үр дүнд “Ирээд, Намайг дага—Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгт зориулав” хэмээх шинэ сургалтын материал гарч ирсэн. Энэ нь Ерөнхий чуулганы захиасыг түлхүү ашиглаж, санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгт зөвлөлдөх хүчийг татан оролцуулах юм.
Энэ өөрчлөлтийг удирдан явуулахад тусалсан Далын ахлагч Кристоффэл Голдэн: “Бид өмнө нь маш их сайн зүйлийг хийсэн. Харин одоо Их Эзэн биднээс урагшлахыг хүсэж байна. Амьд бошиглогчдын үгсийг судлах мөн зөвлөлд суух гэсэн энэ шилжилтийн үр дүнд өсөлт хөгжил ирнэ” хэмээн хэлсэн.
Саяхан Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл болон Далын гишүүд уулзан, зөвлөлдөх нь хэрхэн илчлэлтийг урьж, нэгдмэл байдлыг нэмэгдүүлж, хүчийг авчирдаг талаар ярилцсан билээ. Та нар өөрсдөдөө болон тойрог, салбартаа мөн чуулга болон Халамжийн нийгэмлэгтээ зөв шийдлүүдийг хайж олохдоо эдгээр санааг баяжуулна гэдгийг мэдэж байгаа тул тэд дараах зарчмуудыг санал болгож байна. Тэдгээр нь:
Зорилгод агуулагдсан хүч
“Та нар өөрсдийгөө цуглуулсан учраас, мөн … энэ нэг зүйлийн талаар санал нэгтэй байж, мөн миний нэрээр Эцэгээс асуулаа, бүр үүнчлэн та нар хүлээн авах болно” (С ба Г 42:3).
Зөвлөл нь бидний “Их Эзэний хүслийг хамтаараа эрж хайх”2 арга зам юм. Өөрөөр хэлбэл, үүнд зөвхөн бодол санаагаа хуваалцах нь хангалтгүй. Харин бид хамтдаа зөвлөлдсөнөөр үүссэн нөхцөл байдалд Их Эзэний биднээс юу хийхийг хүсэж байгааг олж мэдэхийн тулд илчлэлтийг урих явдал юм. Бид дараах зүйлсийг санаж байх юм бол ийм илчлэлтийг амжилттай хүлээн авна. Тухайлбал:
1. Анхаарлаа төвлөрүүлэх—тодорхой, чухал асуудал, хэрэгцээнээс эхэл. Дан ганц асуудал, хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэх нь бидний ач холбогдолтой ахиц гаргах чадварыг нэмэгдүүлнэ. Анхаарлаа төвлөрүүлэх нь нүдэнд харагдах шинж тэмдгээс (юу болж байгаа) цаадхыг харж, уг язгуур учир шалтгааны (ямар нэгэн зүйл яагаад, хэрхэн хүмүүст нөлөөлдөг) талаар ойлгоход бидэнд тусалдаг. Жишээлбэл: Өсвөр үеийнхний компьютерийн дэлгэц харахад зарцуулдаг цагийн талаар ярих биш, харин хэрхэн тэдэнд зааж сурган, тэдэнтэй холбогдох тухай зөвлөлдөж болох юм.
2. Хэтийн төлөв—асуудал, хэрэгцээг асуултаар илэрхийл. Сэдвийг асуулт маягаар тавих юм бол сургаалын талаарх ойлголтын тухай ярилцах боломжтой байна. “Бид нөхцөл байдалд хэрхэн тус болох, шийдвэрлэх арга замаар хандаж болох вэ?” эсвэл “Ямар сургаалыг сайн ойлгуулбал уг асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадах вэ?” гэж бид асууж болно.
3. Хүч—илчлэлтийг эрэлхийл. Зөвлөл нь шийдлийн талаар хамтран хэлэлцэж болох ч энэ нь зүгээр л тэргүүн туршлагын жагсаалт гаргах эсвэл “Миний өмнөх тойрогт ингэж хийдэг байсан” гэж хэлэх биш, харин Бурханы хүсэл юу болохыг олж мэдэх зорилготой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд хурал биш, харин илчлэлтийн туршлага хэрэгтэй хэмээн заасан.3 Хамтдаа хэлэлцсэнээр үйлдэлд хүргэх хүчтэй шийдлийг олдог.
Оролцооны хүч
“Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (С ба Г 88:122).
Зөвлөлд хувь хүн ба тойрог эсвэл салбарын ашиг сонирхол, ялангуяа оролцогчид дараах зүйлийг ойлгодог тохиолдолд өвөрмөц байдлаар нэгддэг. Тухайлбал:
1. Зөвлөлийн гишүүн бүр чухал үүрэгтэй. Зөвлөлийн гишүүд зөвлөлд давамгайлалгүйгээр идэвхтэй оролцох ёстой. Паулын зааснаар: “Нүд ‘Чи надад хэрэггүй’ гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой ‘Та нар надад хэрэггүй’ гэж хөлд хэлж чадахгүй юм. Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж” (1 Коринт 12:21–22).
2. Зөвлөлийн гишүүд асуудлыг тодотгохыг эрэлхийлдэг. Бошиглогч Иосеф Смит “хүн бүр зөвлөлөөр хэлэлцэхээр авчирсан асуудлыг эсэргүүцэхээсээ өмнө харанхуй, сөрөг мэдрэмжийг тараахын оронд уг асуудлыг тодотгож, гэрэл гэгээ цацруулах хэрэгтэй. Ингэвэл эсэргүүцэл тань зөв шударга байдал дээр үндэслэгдэх болно”4 гэж заасан.
3. Зөвлөлийн гишүүд нэгдмэл байхыг эрэлхийлдэг. Зөвлөлийн гишүүд өөр өөр үзэл бодолтой байж болох ч “Ариун Сүнснээс удирдамж хүлээн ав[ахын]5 тулд эв нэгдэлтэй байхыг эрэлхийлдэг. Иосеф Смит нэг удаа зөвлөлийн үеэр: “Илчлэлт болон тэнгэрийн адислал хүлээн авахын тулд бид өөрсдийн оюун ухааныг Бурханд хандуулан, итгэлээ хөгжүүлж, нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болох шаардлагатай”6 хэмээн хэлсэн.
Хийх ажлын төлөвлөгөөний хүч
“Миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон ирээдүйд хамаарах сургаал хийгээд зарчимд үйлдэж болохын тулд … буюу.” (С ба Г 101:78).
Зөвлөл нь хүлээн авсан илчлэлтийн дагуу үйлдэх төлөвлөгөө гаргахгүй бол үүнийг бүрэн гүйцэд хийсэнд тооцохгүй. Зөвлөлд оролцогчдыг тодорхой үүрэг даалгавар хийж гүйцэтгэх амлалт өгөхөд урьсан байх ёстой. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч “Зөвлөлийн хурлын төгсгөлд та нарт даалгавар хүлээлгэн өгсөн байх хэрэгтэй. Хамгийн чухал ажил хурлуудын хооронд хийгддэг.
Удирдагч нь зөвлөлийнхнийг харилцан ойлголцож, тохиролцоход хөтлөн удирддаг. Үүний дараа тэр үүрэг даалгаврыг гаргаж, даалгаж өгсөн ажлаа тэмдэглэн, гүйцэтгэлийг шалгадаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк эгч: “Хүч чадал бидэнд бий. Бид үйлдэхийн тулд өөрсдөдөө үүрэг хүлээх юм бол Их Эзэн бидний хичээл зүтгэлийг ариусгах болно” (С ба Г 43:9-ийг үзнэ үү) хэмээн хэлсэн. Сайн дураараа оролцох, үүрэгт ажлаа эргэж тайлагнах нь гэрээт ажлын утга агуулга юм.
Удирдагчийн үүрэг
“Номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш байв” (Алма 1:26).
Бид зөвлөлөө сайжруулахын тулд удирдлагын талаарх дэлхийнхний ойлголтоос ангид байх ёстой. Их Эзэний хаант улсад удирдагч нь “бүгдийн боол” (Марк 10:44) билээ. Үүний адил, зөвлөлийн удирдагч тэргүүлэх эрх мэдэлтэн юм уу багш байхаас үл хамааран анхаарлын төвд байдаггүй, харин анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйлийг л толилуулдаг. Тэр бусдаас илүү ярьж, зөвлөлийнхний үгийг сонсохоосоо өмнө өөрийн байр суурийг тогтоохоос зайлсхийх ёстой.
Зөвлөлийн удирдагч нь зорилгыг тодорхойлох, ярилцлагад түлхэц өгөх, оролцогчдыг үйлдэх амлалт өгөхөд урихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөвлөлийн удирдагч сонсож, удирдан залж, урьж, хамгаалж, бататгах юм бол зөвлөл илүү үр дүнтэй ажилладаг.
1. Сонс. Сайн сонсогч ярьж байгаа хүнээ болон Ариун Сүнсийг сонсдог. Ахлагч Бэднар “Бид ярихын оронд сонсох юм бол ялган таних бэлэг илүү үр дүнтэй ажилладаг гэдэгт би итгэдэг”7 хэмээн хэлсэн.
2. Удирд. Зөвлөлийн удирдагч үзэл санаа бүрэлдэн гарч ирэх боломжийг олгох замаар ярилцлагыг хөтөлдөг. Шаардлагатай бол удирдагч ярилцлагын сэдвийг өөр хүрээнээс танилцуулах юм уу өөр чиглэл рүү эвтэйхэн хандуулна.
3. Урь. Их Эзэн илчлэлтийг зөвлөлийн гишүүдийн дунд тарааж өгдөг. Бүгдийг, тэр тусмаа дуугүй суудаг хүмүүсийг санаагаа хуваалцахад урих нь Их Эзэний хүслийн талаар олж мэдэх магадлалыг өсгөн нэмэгдүүлдэг.
4. Хамгаал. Зөвлөлийн удирдагч саналаа хуваалцаж буй хүмүүст анхаарал халамж тавьж, шүүмжлэх, шүүгдэхээс хамгаалах замаар тэдэнд амар тайван хуваалцах орчныг бий болгодог. Эмзэг сэдвийг эвтэйхэн удирдан залах хэрэгтэй. Нууц асуудал нууц хэвээр үлдэх ёстой.
5. Бататга. Оролцогчдыг бодол санаагаа хуваалцах үед удирдагч оруулсан хувь нэмэрт нь талархаж, холбогдох санааг хооронд нь уялдуулан холбох замаар тэдний оролцоог бататгадаг. Ийнхүү бататгах нь оролцогчдод илчлэлтийн үйл явцын нэгэн хэсэг гэдгийг мэдэрч, тус нэмэр болгохын тулд өөрөө өөрсдийгөө дайчлахад тусалдаг.
Шинэ сургалтын материал, шинэ үүрэг даалгавар
Шинэ он гарч, шинэ сургалтын материалтай болсноор шинэ үүрэг амлалтын үе ирнэ. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр адислагдсан. Түүний удирдамжийг эрэлхийлэн, Түүний ажлыг хийх нь бидний үүрэг бөгөөд онцгой эрх юм. Ням гаргийн Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаанд энэхүү алхмыг хийх нь зөвхөн ажлын талаар хичээл заах биш, харин “зөвлөлд сууж” мөн зөв шударга үйлдлийг буюу “олон хүнийг тэргүүн дээрээ үүрдийн баяр баясгалангийн дуунуудтайгаар Сион уруу түлхэх” (С ба Г 66:11) үйлдлийг хөхиүлэн дэмжих явдал юм.