Институт сайн мэдээнээс суралцахад тань хэрхэн тусалдаг вэ?
Шашны институтийн ангиасаа илүү ихийг сурч мэдэх дараах гурван арга замыг туршаад үзээрэй.
Өнөөдөр дэлхий олон талаараа … өмнө байснаасаа илүү их сорилттой болсон байна. Манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд номлол, ирээдүйн аз жаргалтай амьдрал хоёрын аль алинд нь бэлтгэх замаас нь гажуудуулах илүү олон саад бэрхшээл тулгарч байна” гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард хэллээ. Өнөөдөр бид урьд урьдынхаас илүү “Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн сонсож, хариулахаа мэддэг”1 болоход суралцах хэрэгтэй байна.
Сүнслэгээр илүү мэдрэмтгий болоход тань туслахаар Сүм шашны институтийг санал болгосон юм. Институт нь “Бурханы үгээр дамжуулан илүү утга учиртай [хувийн] туршлагатай болох”2 боломжоор хангаж чадна.
Та институтийн хэд хэдэн ангиас сонгон суралцах боломжтой. Залуучуудын хэрэгцээ болон асуултуудыг ойлгодог багш нар судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын сургаалуудаас суралцахад тань тусална.
Институтэд хийгдсэн шинэхэн өөрчлөлт танд суралцахуйгаа өндөрт гарган, Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд (1) курсийн судлах тэмдэглэл, (2) курсийн асуултууд, (3) хувийн суралцах төсөл зэргийг ашиглах боломж олгоно. Энэ гурван судлах сонголт нь танд сайн мэдээг судлах арга барилаа өөрийн болгож, Сүнс хэрхэн ажилладаг болохыг сурахад тусална.
Курсийн судлах тэмдэглэл
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) бидэнд хүлээж авсан сүнслэг мэдрэмжээ бичиж тэмдэглэхийг уриалсан юм. “Сүнснээс суралцсан чухал зүйлсээ аюулгүй газарт бичиж авч бай. Та үнэ цэнтэй сэтгэгдлээ бичих тусам тийм сэтгэгдэл илүү олноороо төрөхийг харах болно.”3
Суралцагчид судруудыг судлах явцад төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийн тулд судлах тэмдэглэлийг (цаасан хэлбэрээр мөн Gospel Library апп байж болно) анги дээрээ мөн гэр орондоо ашиглаж болно. Филиппиний институтийн суралцагч Жэйми Дэнз судлах тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг олж харжээ. “Би судрын хэсэг, бошиглогчдын хэлсэн үгийн захиасыг бичиж тэмдэглэхгүй байж чаддаггүй. Яагаад гэвэл эдгээр нь миний сайн мэдээг судлах цар хүрээг тэлдэг.”
Японы Нагоя дахь Сэйчи Такахаши ахын институтийн суралцагчид тэмдэглэл хөтлөх дуртай. Учир нь энэ бол “суралцах үйл явцыг аяндаа бий болох” боломжоор хангадаг бөгөөд суралцагчдад ангидаа суралцах мөн оролцох илүү их хүсэлтэй ирэхэд тусалдаг.
Өмнөд Италийн Таисиа Бартоломео “Би сурсан зүйлээ бичиж тэмдэглэснээр хэрэгтэй ойлголтуудаа хэрэгтэй үед нь илүү сайн санах боломжтой байдаг” гэж хэллээ. Ангийнх нь суралцагч Мариатэраса Санторо “Би тодорхой сүнслэг ойлголт, хувийн илчлэлтийг эргэн санахын тулд тэмдэглэлээ хардаг” гэж нэмж хэлэв.
Курсийн асуулт
Курс эхлэхэд өгдөг асуултууд суралцагчдыг курсийн турш тунгаан бодож, судлах сэдвээр хангадаг. Төгсгөлд нь суралцагчид хувийн болон Сүнсээр өдөөгдсөн хариултуудаа бичээд, багшдаа хураалгадаг.
Өмнөд Италийн суралцагч Илариа Бэлломо “Эдгээр асуулт өөрийн амьдралыг, харин институтээс суралцсан зүйлс Есүс Христийг илүү сайн мэдэхэд тусалдаг гэсэн гэрчлэлээ тунгаан бодоход хүргэдэг” гэж тайлбарлав.
Солонгосын институтийн суралцагч Жинсэоп Жэонг “Асуултууд надад сурсан зүйлээ илүү гүнзгий тунгаан бодож, үнэлж цэгнэхэд тусалсан. Энэ нь ойлгож мэдсэн зүйлээ дүгнэн, тунгаан бодож, тогтоох чухал цаг үе байсан” гэж хэллээ.
Суралцагчдын сүнслэг өсөлт хариултаас нь харагдаж байна. Солонгосын гадасны институтийн багш Сэонсим Канг эгч “Суралцагчдынхаа гэрчлэл, бодол санааг уншиж, тэндээс суралцах нь үнэхээр сайхан туршлага болсон” гэж хэллээ.
Суралцах хувийн төсөл
Институтийн олон суралцагч утга учиртай төслийг сонгон хийхийн тулд залбирдаг. Дэлхий даяарх суралцагчид хүсэл, сонирхолдоо тулгуурлан сайн мэдээтэй холбоотой урлагийн бүтээл, дуу хөгжим, видео бичлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэлүүдийг бүтээсэн. Эдгээр төсөл суралцагчдыг ангид ойлгож мэдсэн зүйлсээ үйлдэл болгоход урьдаг. Жишээлбэл, нэг суралцагч “Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ” курсийн хавсралт болгон Аврагчийн хөрөг зургийг зурахаар шийдсэн байна.
“Мөнхийн гэр бүл” курсэд хамрагдсан нэгэн суралцагч “эмээтэйгээ мөн ойрын гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хичээлийн хагас жилийн турш бэлтгэснээр ариун сүмийн 40 лацдан холболтыг хийлгэхээр ариун сүм рүү аялах боломжтой болгож, мөн гэр бүлийг маань илүү ойр дотно болгосон” ариун сүм, гэр бүлийн түүхийн төслийг бүтээжээ.
Филиппиний институтийн суралцагч Синиа Авила Органис суралцах хувийн төсөл дээр ажиллах нь Бурханы үгийг судлах мөн авьяас чадвараа ашиглан Сүнс мэдрэх эрх чөлөөг олгосноор суралцагчдад “уян хатан байдлыг” санал болгодог гэдгийг онцоллоо.
Өндөр үр дүн
Эдгээр суралцах арга барилыг ашигласнаар таны сайн мэдээг судлах чадвар өсөж, гэрчлэл тань гүнзгийрэх болно. Та институтийн курсээр дамжуулан сайн мэдээг гүн гүнзгий судалснаар хэрхэн Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлж, бусдын амьдралыг адислахаа илүү сайн ойлгох болно.