Ариун сүм биднийг илүү гүн алсын хараатай болгодог
Ариун сүм нь бидний нүдэнд үл үзэгдэх одод руу чиглэсэн дуран авайн адил илүү гүн, илүү өргөн хүрээг хамарсан алсын харааг оюун ухаанд маань нээж өгдөг.
Бид залуухан эцэг эх байхдаа Америкийн Нэгдсэн Улсын баруун төв хэсэгт амьдардаг байсан бөгөөд Вашингтон Ди Сигийн ариун сүмд жил бүр очдог байсан маань бидэнд хамгийн тод томруун үлдсэн чухал дурсамж юм. Энэ нь Миссисиппи мөрнөөс зүүн зүгт орших цорын ганц үйл ажиллагаагаа явуулдаг ариун сүм байв. Ариун сүмийн ёслолууд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд нэн чухал гэдгийг мэддэг байсан нь бидэнд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг байлаа.
Та нарын олонхын адил бид бага насны хүүхдүүдээ найз нөхдийнхөө асрамжинд үлдээж, автобус дүүрэн гишүүдтэйгээ хамт шөнийн цагаар аялдаг байв. Эрдэнэ мэт үнэтэй хоёрхон өдрийн дотор бид аль болох ариун сүмийн олон ёслолыг гүйцэтгэж, ням гараг гэхэд ариун ёслолдоо амжиж суухын тулд шөнөжин автобусаараа давхисаар гэртээ буцаж ирдэг байсан юм. Эдгээр аялал бидэнд золиослол шиг санагддаггүй байв. Яагаад гэвэл, бид аяллын дараачийн саруудад бодгалиа тэжээн тэтгэх сүнслэг урам зоригийг тэндээс авдаг байсан учраас энэ нь бидний хувьд үнэ цэнтэй байсан юм.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа Канадын Албертагийн Кардстон ариун сүм баригдсанаас хойш Хойд Америкийн төв хэсэгт 62 жилийн дараа баригдсан анхны ариун сүм болох Иллинойн Чикаго ариун сүмийг хүлээн авсандаа бид ихэд баярлаж билээ. Гэрээсээ гараад дөнгөж 45 минут явах газарт ариун сүмтэй болсноор жилд нэгээс олон удаа очиж, сүнслэг хоолоо тогтмол хүртэх боломжтой болсон нь бидний хувьд аз жаргал байв.
Гэвч өнөөдөр бидний зарим нь ариун сүмд үүнээс илүү ойрхон амьдардаг ч тогтмол очдоггүй хэвээр. Ариун сүмд ямар ч асуудалгүй очих боломжтой байгаа нь биднийг “Маргааш цаг зав гарвал очно” хэмээн бодож, өөрсдийгөө тайвшруулахад хүргэдэг бололтой. Тухайн нөхцөл байдалд үүссэн дарамтад сатааран, үүнээс ч илүү чухал боломжоо алдахад тун амархан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) “Би та нарыг ариун сүмийн ёслолуудад байнга оролцох хувийн зорилго тавихад уриалж байна”1 хэмээн хэлсэн.
Бид ариун сүм рүү бололцооныхоо хэрээр аль болох ойр ойрхон очих боломжоо ашиглахгүй мөн гэрийнхээ яг дэргэд байх ариун сүмд очих боломжиндоо тоомжиргүй хандах юм бол бидний Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүгийн бидэнд бэлдсэн адислал, боломжийг алдана гэхэд хилсдэхгүй болов уу. “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” (С ба Г 82:10).
Хоорондоо үгссэн юм шиг л ажил төрөл ундарсаар биднийг ариун сүм рүү явуулахгүй байвал Есүс Христ “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иохан 16:33) хэмээн хэлснийг санаарай. Бидэнд саад бэрхшээл тулгарсан ч цөхрөхгүйгээр ариун сүмд очих юм бол бид амьдарч буй дэлхийгээ ялан дийлэх тусламжийг Аврагчаас хүлээн авна. Нөхөр бид хоёр нэг удаа ариун сүм рүү явахаар бэлдэж байтал асуудлууд ар араасаа гарч ирсэн юм. Эцэст нь бид яг хаалгаар гарахдаа “ам зөрчихөв”. Бид хоёр машиндаа дуугаа хураан суухад том охин маань дүүдээ “Битгий санаа зов. Тэд ариун сүмээс гэртээ үргэлж аз жаргалтай ирдэг шүү дээ” гэж тайвшруулан хэлэхийг сонсож билээ. Түүний үг үнэн байлаа!
Ариун сүм бидэнд мөнхийн цаг хугацаа гэж юу болохыг сануулдаг
Бид ариун сүмд баяр хөөртэй ирж байна уу эсвэл уйтгар гунигтай ирж байна уу гэдгээс үл шалтгаалан энэ нь сэтгэл зүрхээ нээсэн зохистой гишүүн бүр урам зориг авч, хүчирхэгжиж болох газар юм.
Би хэцүү нөхцөлд орсон хайртай хүнийг маань адисалсанд гүнээ талархаж, бараг л хөл газар хүрэхгүй ариун сүмд ирж байсан удаатай. Бас алдаа гаргасандаа гүнээ гашуудан, олон ч удаа нулимс дуслуулан сууж байсан. Би өөр хүнд мөнхөд өсөж хөгжих боломж олгохын тулд өмнөөс нь ёслолуудыг хүлээн авч, үйлчлэл хийж байхдаа сүнслэг удирдамж, заавар авч, тэр байтугай зэмлүүлж ч байсан. Эдгээр туршлага бүгд надад урам зориг өгөн, хүчирхэгжүүлж байсан билээ. Тийм ээ, би “үүрэгт ажил” хэмээн, зүгээр л хүлээсэн үүргээ биелүүлэх гэж ариун сүмд олон цаг сууж байсан удаатай. Тэр ч байтугай өглөөний семинарын багшаар үйлчилж байсан жилүүддээ ариун сүмийн цугларалтын үеэр зүүрмэглэдэг байсан! Гэхдээ ариун сүмд очих болгондоо би адислагддаг байв. Гаргасан хүчин чармайлтыг минь тэр даруй эсвээс дараа нь адисалсан гэдгээс үл хамааран ариун сүмд зарцуулсан цаг мөч бүрийнхээ үр дүнд бид хувь хүнийхээ хувьд ямар нэгэн байдлаар өсөж хөгждөг.
Ариун сүмд байх нь өвөг дээдэс рүүгээ эргэн харж, үр хүүхдүүдтэйгээ урагш харах замаар бидэнд мөнхийн цаг хугацаа гэж юу болох талаар сануулдаг. Хүүхдүүд маань ариун сүмд анхаарлаа хандуулсан нь тэдний мөнхийн алсын харааг ч мөн адил бэхжүүлсэн. Бид тэднийг ариун сүмд ороход буюу мөнхийн өсөлт хөгжилд хүргэх нэн чухал алхмыг хийхэд нь хэрхэн бэлдэх вэ? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “эцэг эхчүүд хүүхдүүддээ ариун сүмийн ач холбогдлыг эртнээс зааж эхлэх ёстой”2 гэж зөвлөсөн. Харин ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) эцэг эхчүүд хүүхдүүддээ өдөр бүр ариун сүмийг сануулан, салшгүй нэг хэсэг болтол нь ариун сүмийн зургийг өрөөнд нь тавихыг3 зөвлөсөн юм. Та бас ариун сүмд очсоноор хүлээн авсан адислалуудаа мөн тэдэнтэй мөнхийн харилцаанд орохыг тэсэн ядан хүлээхийн баяр баясгалангийн талаарх гэрчлэлээ хүүхдүүдтэйгээ хуваалцаж болно. Та өсвөр үеийнхнийхээ нас барагсдын төлөө баптисм хийх гэсэн хүслийг урамшуулан дэмжих ёстой. Гэр бүлийн үдшийн хичээл, зааж сургах цаг мөчүүддээ “Ариун сүм бол Сүм дэх бүхий л үйл ажиллагаа, хичээл, аливаа дэвшилтэт алхмын зорилт юм”4 гэдгийг бүү мартаарай.
Та хүүхдүүдтэйгээ “Би ариун сүм харах дуртай. Нэгэн цагт тэнд орно. Эцэгтэйгээ гэрээнд орж, дуулгавартай байхаа амална”5 хэмээн дуулахдаа Их Эзэний ариун өргөөнд орох хүсэлтэй болоход нь туслах юм. Мөн зүрх сэтгэл тань Тэнгэрлэг Эцэгт болон Түүний авралын төлөвлөгөөнд мөн Аврагчид болон хайртай хүмүүстэйгээ мөнхөд хамт байх боломжийг олгосон Түүний Цагаатгалд талархах талархлаар дүүрнэ. Аврагч бол “энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм.”6 Харин тэр зам ариун сүм рүү хөтөлж, ариун сүмээр дамждаг.
Ариун сүм бол дэлхийнхнээс хоргодох байр болой
Дэлхийнхний нөлөө биднийг ариун сүмээс холдуулж болно. Миний хайртай нэг найзыг Сүмийн талаар интернэтээс уншсан үзэл бодол, таамаглал нь зовоож байв. Тэр уг асуудлаа шийдэхээс нааш ариун сүмд очихгүй байхаар шийдсэн. Би гэрчлэлд нь нөлөөлөх асуулт гарч ирсэн байж болох хүмүүсийг амар амгаланг авчрах хариултыг олох хүртлээ үргэлжлүүлэн хувиараа залбирч, судраас судлан, ариун сүмд очоорой хэмээн зүрх сэтгэлийнхээ угаас гуйж байна. Ухаалаг хэдий ч худал хуурмаг үзэл санаанд автахгүй байхын тулд сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хүн биеийн өвчин зовлонгоос ангижрахын тулд хөл бөмбөгийн од тоглогчоос эмчилгээний талаар зөвлөгөө авдаггүйн адил чухал сүнслэг асуултын зөв шийдлийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар хомсхон ойлголттой хүнээс олох боломжгүй. “Бүх зүйлийн үнэнийг” (Моронай 10:5) гэрчилдэг Ариун Сүнс мөнхийн үнэн гэж юу болохыг “оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь чамд ярих болно” (С ба Г 8:2).
Уг Сүнсийг хүчтэй мэдэрч болох газрын нэг бол ариун сүм юм. Хэрэв та Их Эзэний өргөөнд орох зохистой бол (өөрөө болон бишоп тань ийнхүү тодорхойлсон бол) асуултаа сэтгэлдээ тээн, яг одоо бүх зүйлийг мэдэхгүй байгаа ч Их Эзэн мэдэж байгаа гэсэн итгэлийг олж авахаар ариун сүмд ирээрэй. Та мэддэг, ойлгодог зүйлээ санаарай. Таны мэддэг, сүнслэг гэрчийг хүлээн авсан зүйл “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална” (Филиппой 4:7). Тэнгэрлэг Эцэг тань үнэн рүү чиглүүлж, хөтөлнө гэдэгт үргэлжлүүлэн итгэх юм бол эрэлхийлж буй ойлголт, амар амгалан тань ирнэ гэдгийг би гэрчилж байна.
Ариун сүм бол “шуурганаас… хамгаалах хоргодох газар” (Исаиа 4:6) гэдгийг Исаиа бидэнд сануулсан. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгс мөн адил урам зориг өгдөг. Тэрээр “Бид ариун сүмийн хаалгаар орох үедээ дэлхийн анхаарал сарниулагч зүйлс, төөрөгдлийг ардаа үлдээдэг. Энэхүү ариун нандин газар бид үзэсгэлэн гоо, эмх цэгцийг олж хардаг. Тэнд бид бодгальдаа амар амгаланг авч, амьдралынхаа санаа сэтгэлийн зовиураас түр зуур амсхийдэг билээ”7 хэмээсэн.
Дэлхий дээрх асуудлууд улам бүр өсөн нэмэгдэж, өдөр тутмын амьдралын дарамт ихсэх тусам бид жинхэнэ чухал зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Бичил дуран авайгаар бүтэлгүйтэл, асуудлаа томруулж харах мэт сөрөг зүйлс болон дэлхийн зовлон зүдгүүрт анхаарлаа хандуулах амархан. Ариун сүмд байх нь мөнхийн алсын хараанаасаа салахгүй байхыг бидэнд сануулдаг. Мөн энэ нь бидний нүдэнд үл харагдах одод өөд чиглэсэн асар том дуран авайн адил илүү гүн, илүү өргөн хүрээг хамарсан алсын харааг оюун ухаанд маань нээж өгдөг. Энэ нь бидэнд харах, найдах мөн Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг тийм хүн болохын тулд ажиллах боломжийг өгдөг. Түүнчлэн энэ нь биднийг хайрладаг, бидэнд туслахыг хүсдэг Тэнгэрлэг Эцэг, эх болон Тэдний хүүхдүүдийн хувьд бидний жинхэнэ үнэ цэн юу болох, бид “Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид” (Ром 8:17) болох чадавхтай гэсэн мөнхийн үнэн дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Ариун сүмд Бурханы төлөвлөгөө заагдаж, мөнхийн гэрээ хийгддэг. Тэнд бидэнд хамгийн дээд, мөнхийн чадавхдаа хүрэх арга хэрэгслийг өгдөг.
Ерөнхийлөгч Монсон: “Биднийг ариун сүмд очиход хүмүүний зүрх сэтгэлд төрж болох аливаа мэдрэмжээс хавьгүй хол давсан сүнслэг байдлын цар хүрээ, амар амгалангийн мэдрэмж бидэн рүү ирдэг. Бид ‘Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. … Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай’ [Иoхан 14:27] хэмээн Аврагчийн хэлсэн үгийн үнэн утга учрыг ухааран ойлгох болно”8 хэмээн зөвлөсөн билээ.
Таны ариун сүмд хийсэн үйлчлэл бусдад нөлөөлнө
Ариун сүмийн үйлчлэлээрээ авчирсан сүнс тань таны хүрээлэлд байх таних танихгүй олон хүнд нөлөөлнө. Вашингтон Ди Си ариун сүмд орчихоод, автобусаар олон бээрийн тэртээх гэр рүүгээ буцаж явахдаа бидний хэсэг гишүүн гэрчлэлээ хуваалцсан юм. Оролцогчид нэг нэгээрээ ариун сүмийн шууд болон мөнхийн адислалд баярлаж, талархаж явдгаа илэрхийлэв. Эцэст нь манай гишүүн бус жолоочийн тэвчээр барагдсан бололтой чанга яригчаа барьж аваад, бидэнтэй хамт байгаадаа талархаж байгаагаа илэрхийллээ. Дараа нь тэр “Та нарт юу байгааг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энд арай өөр уур амьсгал байгааг би мэдэрч байна” гэж хэлсэн. Мэдээж, манай тойргийн номлолын удирдагч түүнтэй холбоо барих мэдээллийг авч, дараа нь номлогчдод өгсөн.
Би та бүхнийг ариун сүмтэй ойрхон байх энэ бэлгээ боломжийнхоо хэрээр, ойр ойрхон ашиглаж байгаарай хэмээн урьж байна. Их Эзэн дэлхийн гэрэл, амь, найдвар учраас та Түүний өргөөнд хүчирхэгжиж, амар амгаланг олох болно. Амлагдсан ёсоор Их Эзэний эргэн ирэх цаг дөхөх тусам хожмын өдрүүдэд та Түүний гэрлийг хүлээн авч, ариун сүмд нь өгөгддөг итгэл найдварыг мэдрэх болтугай.