2018
Сургаал ба Гэрээ 19:23
January 2018


Шат шатаар

Сургаал ба Гэрээ 19:23

Есүс Христээр дамжин амар амгаланг хүлээн авах хэд хэдэн түлхүүрийг Их Эзэн Иосеф Смитэд илчилсэн.

23 Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно.

Надаас суралц

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бид энэ ‘Бурханаас ирсэн багш’ [Иохан 3:2] энгийн багшаас хавьгүй дээр нэгэн байсан гэдгийг мэддэг. Бидэнд Их Эзэн Бурханаа бүх зүрх, сэтгэл, хүчин чадал хийгээд оюун ухаанаараа хайрлахыг мөн хөршүүдээ өөрсдийн адил хайрлахыг заасан Тэрээр Агуу Багш бөгөөд төгс амьдралын Үлгэр жишээ үзүүлэгч юм.

Бид Их Эзэний ‘Надаас суралц’ гэсэн эелдэг урилгад хариулснаараа Түүний бурханлаг хүчийг хүртэгчид болдог.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Learn of Me,” Liahona, 2016 оны 3-р сар, 4, 6.

Миний үгсийг анхаарагтун

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд сонсох чадвартай байх нь чухал. “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17).

“Бурханы хүүхдүүд эхлээд сонсож сураад, дараа нь Их Эзэний үгээс суралцахын тулд сонсох хэрэгтэй” (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч, “Listen to Learn,” Ensign, 1991 оны 5-р сар, 24).

Алхагтун

Есүс Христийг үнэн сэтгэлээсээ дагахад суралцах, сонсох аль аль нь чухал байдаг. Гэхдээ тэдгээр нь дан ганцаараа хангалтгүй. Бид сурсан, сонссон зүйлийнхээ дагуу алхаж, үйлдэх хэрэгтэй.

“Түүний замаар амьдрах нь ямагт зөв байдаг төдийгүй хэзээ ч оройтохгүй” (Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, “Шавь болох зам,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85).

Номхон дөлгөөн байдал

Номхон дөлгөөн байдал нь “зовлон бэрхшээлтэй тулгарахад тэвчээртэй” (Судруудын удирдамж, “Номхон дөлгөөн, номхон дөлгөөн байдал,” scriptures.lds.org) байхыг багтаадаг. Бид зовлон бэрхшээлээ гомдоллохгүйгээр мөн номхон дөлгөөн байдалд тэвчиж даван туулбал хөрвөгдөөд зогсохгүй, Тэрээр биднийг эдгээх болно (С ба Г 112:13-ыг үзнэ үү).

Миний Сүнс

Номхон дөлгөөн байдал нь “Ариун Сүнсний айлчлалыг” (Моронай 8:26) авчирдаг ба “Сүнсний үр жимс” (Галат 5:22–23-ыг үзнэ үү) юм.

Надаар дамжих амар амгалан

Ахлагч Квинтин Л.Күк

“Амар амгаланг агуу эд баялаг, эрх мэдэл, хүч, алдар нэрээр олдоггүй. Амар амгаланг баяр наадам, зугаа цэнгэл хөөж, амралт чөлөөт цаг ихтэй байснаар олж авдаггүй. Эдгээр зүйлийн алинд нь ч хамаг цагаа зориулаад төгсөшгүй аз жаргал болох амар амгаланг олж чадахгүй.

… Аврагч … бол амар амгалангийн эх сурвалж бөгөөд бүтээгч нь юм. Тэр бол ‘Энхийн Жонон’ [Исаиа 9:6].”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк, “Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34.