2018
Та нар, өсвөр үеийнхэн, Мючелийн сэдэв
January 2018


Та нар, өсвөр үеийнхэн, Мючелийн сэдэв

Мючелийн сэдэв хэрхэн биднийг нэгтгэдэг вэ?

Young Women leaders

Жил бүр Залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл өсвөр үеийнхнийг Тэргүүн Зөвлөлийн баталсан судрын сэдвийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд урьдаг. Мючелийн сэдэв дээрх сургаалуудыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэх нь итгэл, гэрчлэлийг хүчирхэгжүүлж, чуулга, анги, гэр бүлүүдийг нэгтгэдэг.

2018 оны сэдэв

Энэ жилийн сэдэв нь өсвөр үеийнхэнд Есүс Христээс ирэх амар амгаланг хэрхэн хүлээн авах тухай юм. Сургаал ба Гэрээ 19:23 дээр Их Эзэн “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” хэмээн урьсан байдаг. Эргэлзээ, айдас ноёрхсон энэ дэлхийд энэ нь хүчирхэг амлалт юм.

Энэ судар нь эцэг эх, удирдагч, зөвлөхүүдийг сорилт бэрхшээлтэй цагт өсвөр үеийнхийг хүчирхэгжүүлэх загваруудыг заах боломжоор хангадаг.

Би энэ сэдвийг хэрхэн ашиглах вэ?

Залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл биднийг судруудыг чээжлэх, сургаалыг судлах, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урьсан. Эдгээрийг ганцаарчлан хийж болох ч хамтдаа хийвэл өсвөр үеийнхнийг гэр бүлтэй нь нэгтгэн, хүчирхэгжүүлж чадна.

Уг сэдвийг өсвөр үеийнхний амьдралд хэрэгжүүлэх олон арга зам бий. Үүнийг гэр бүлийн үдэш, Сүмийн хичээл, семинар зэрэгт мөн Мючелийн нээлтийн үйл ажиллагааг баяжуулах, өсвөр үеийнхний ариун ёслолын цуглаанд хэлэх үгийн сэдэв болгох зэрэгт эсвэл аялал зугаалга, өсвөр үеийнхний чуулган, нэгдсэн үйл ажиллагаа, Шинэ эхлэл, онцгой цугларалт зэрэг үйл ажиллагаануудын үндсэн хэсэг болгон ашиглаж болно.

Үйл ажиллагааны санаанууд

Мючелийн сэдвийг жилийн туршид хэрэгжүүлэх цөөн санааг доор харуулав. Илүү олон санааг youth.lds.org-оос үзнэ үү.

“Надаас суралц”

young men at church

Есүс Христийн тухай судлах нь Есүс Христ дотор амар амгаланг олоход нэн чухал. Түүний ямар болохыг мэдэж, хэрхэн амьдарсныг судлан, бидний төлөө юу хийснийг ойлгосноор амар амгалан, итгэлтэй байдал ирдэг.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг (1895–1985) 14 настай байхад Библийг уншиж дуусгасан эсэхийг асуужээ. “Би тэр үед хөгжилтэй өгүүлэл, олон ном зохиол уншсан байсан ч миний зэмлэнгүй сэтгэл ‘Спэнсэр Кимбалл гуай, та энэ ариун нандин номыг хэзээ ч уншаагүй шүү дээ. Яагаад? гэж асуусан юм.”1 Тэр цагаас хойш ерөнхийлөгч Кимбалл “Христийн үгэн дээр найрлахыг” (2 Нифай 32:3) эн тэргүүнд тавих болжээ.

  • Өсвөр үеийнхнээс Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай судалж байгаа зүйлсээ бичих судлах тэмдэглэл гаргахыг хүс.

  • Та “[Судрууд] дээрх Есүсийн хэлж, хийсэн бүх зүйлийг судлахад долоо хоног бүр цаг гарга”2 гэсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны уриалгыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахад өсвөр үеийнхнийг урьж болно. Анги эсвэл гэр бүлийн үдэш дээр та тэднээс юу сурч байгаагаа мөн тэдгээрийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж байгаагаа тайлагнахыг хүсэж болно.

Эх сурвалж

  • Иаков 1:22; Мосе 1

  • “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2.

  • Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  • Дэвид А.Бэднар, “A Christlike Character,” Лиахона, 2017 оны 10-р сар, 50–53.

“Миний үгийг сонс”

young men in Church class

Аврагчийн үгийг сонсоно гэдэг нь зөвхөн сонсохыг биш, анхаарч сонсох (буюу дуулгавартай дагах)-ыг багтаадаг. Өөрсдийгөө Түүний сургаалын дагуу амьдарч байгаа гэдгээ мэдсэнээр агуу амар амгалан, итгэлтэй байдал ирдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон найман настай байхдаа найз Даннитайгаа хамт түүдэг гал асаахаар шийджээ. Тэдний түүдэг асаахыг хүссэн газар хэтэрхий хуурай, өргөс, зэрлэг өвсөөр дүүрсэн байсан нь цорын ганц асуудал байв. Тэр үед залуу ерөнхийлөгч Монсонд нэгэн санаа төржээ. “Би Даннид ‘Энэ зэрлэг өвсийг шатаачихъя. Яг тэр тойрог доторх газрын өвсийг л шатаачихъя!’ гэж хэлсэн. Тэр ч дуртайяа зөвшөөрч, би шүдэнз авахаар гэр рүүгээ гүйв.

… Бидний тавьсан гал хэрэгтэй газрыг маань цэвэрлэчихээд л илбийн юм шиг өөрөө унтарчих байх гэж бодсоноо би санадаг юм.

Шүдэнзээ чулуунд зурж асаагаад, хатсан хуурай өвсөнд аваачиж тавилаа.” Төд удалгүй гал өөрөө унтрахгүй болохыг ухаарсан хөвгүүд тусламж эрэн гүйсэн бөгөөд галыг хэдэн цаг хөлс хүчээ гаргасны эцэст унтраажээ.

“Тэр өдөр Данни бид хэцүүхэн боловч чухал хэдэн зүйл сурсны нэг нь дуулгавартай байхын ач холбогдол байсан юм” гэж ерөнхийлөгч Монсон хэлжээ.3

  • Миний сайн мэдээг номло-ын 6-р бүлгээс дуулгавартай байдлын талаар, тэр дундаа бүлгийн төгсгөлд байх зан чанарын үйл ажиллагаанаас дуулгавартай байдал хэсгийг судлахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Их Эзэний үгийг сонсоход саад болох зүйлсийн талаар ярилц. Жишээлбэл, өсвөр үеийнхнийг цахим хэрэгсэл дээр зарцуулдаг цагаа судар судлахад зарцуулахад урьж болно.

  • Ойлгож мэдсэн зүйлээсээ үүдэн юу хийх талаар өсвөр үеийнхнээс ойр ойрхон асуух боломжийг эрэлхийл.

Эх сурвалж

  • Египетээс гарсан нь 20; Матай 5:1–12

  • “Дуулгавартай байдал,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 139.

  • Хэдлий Григгс, “Ten Minutes a Day,” Лиахона, 2017 оны 9-р сар, 58–61.

  • Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54.

“Миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун”

young women at church

Суралцах, сонсох нь бидний юу хийх хэрэгтэйг тодорхойлдог. Их Эзэний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхах нь бидний үүнийг хийх арга зам юм.

Номхон дөлгөөн байна гэдэг нь “Өвчин зовлонг тэвчээртэй, уурлаж гомдоллохгүйгээр давж гарах”4 гэсэн үг бөгөөд хүч чадал, даруу байдлын аль алиныг шаарддаг. 1838 онд Арван хоёрын чуулгын анхны ерөнхийлөгч Томас Б.Марш Сүмийн удирдагчдыг сүүний маргаанд эхнэрийнх нь талд ороогүйд хорссондоо Сүмийг орхисон юм. Амьдралынхаа хожуу үед тэрээр алдсан адислалууддаа харамсан, Сүмд эргэж иржээ. Тэрээр “Би хэзээнээс урваж шарваснаа байнга мэдэхийг хүсдэг байсан бөгөөд Их Эзэний Сүнс зүрх сэтгэлээс минь алдуурсан байсныг мэдсэн… Би уур уцаартай, догшин болсон. Их Эзэний Сүнс холдон явсан байсан бөгөөд сударт өгүүлдгээр би сохорсон байсан”5 гэж хэлжээ.

  • Аврагчийн амьдрал амар хялбар байгаагүй. Есүсийн хүнд хэцүү үедээ номхон дөлгөөн байсныг харуулсан судрууд дээрх жишээг ол. Бид өнөөдрийн тулгарч буй нөхцөл байдалд Аврагчийн үлгэр жишээг хэрхэн хэрэгжүүлж болох тухай ярилц.

  • Номхон дөлгөөн болох нэг арга бол бусдад үйлчлэх явдал юм. Өсвөр үеийнхний ганцаараа эсвэл бүлгээрээ хийж болох өөр өөр үйлчлэлийг бодож ол.

Эх сурвалж

  • Тит 3:2–5; Моронай 8:26; Сургаал ба Гэрээ 112:13

  • Юлиссэс Соарэс, “Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9.

  • Нийл А.Максвэлл, “The Holy Ghost: Glorifying Christ,” Ensign, 1983 оны 3-р сар, 70.

“Надаар дамжин амар амгалан чамд байх болно”

young women outside of church

Эдгэрэх нь боломжтой зүйл гэдэгт найдах, хүнд хэцүү цагт гарах арга зам байдаг гэдэгт итгэх эсвэл зөв зам дээрээ байгаа гэдгээ дахин мэдрэх зэрэг амар амгалан нь хүмүүсийн хувьд өөр өөр утга учиртай байдаг.

  • Mormon.org/easter-оос мөн энэ нийтлэлийн 60, 63-р хуудсаас хүмүүс хэрхэн Христээр дамжуулан амар амгаланг олсон тухай түүхүүдийг олж унш. Та хэрхэн амар амгаланг олсон бэ?

  • Mormon.org/easter-ээс “Prince of Peace” 2017 оны Христийн амилсны баярын видео бичлэгийг үз. Христээр дамжуулан хэрхэн амар амгаланг олсон тухай гэрчлэлийнхээ хамт уг видео бичлэгийг онлайнаар хуваалцахыг өсвөр үеийнхэнд урьж болно.

Эх сурвалж

  • Иохан 14:27; Филиппой 4:7

  • В.Кристофэр Ваддэлл, “Амар амгаланд хүргэх загвар,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74.

  • Квинтин Л.Күк, “Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37.

Эшлэл

  1. Спэнсэр В.Кимбалл, “Read the Scriptures,” Friend, 1985 оны 12-р сар, нүүрэн талын дотор талын зураг; мөн “What I Read as a Boy,” Children’s Friend, 1943 оны 11-р сар, 508-ыг үзнэ үү.

  2. Рассэлл М.Нэлсон, “Prophets, Leadership, and Divine Law” (Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8), broadcasts.lds.org.

  3. Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104.

  4. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “meekness,” merriam-webster.com.

  5. Томас Б.Марш, in Journal of Discourses, 5:206–7 (мөн “The Faith and Fall of Thomas Marsh,” in Revelations in Context: The Stories behind the Sections of the Doctrine and Covenants, Matthew McBride and James Goldberg, eds. [2016], 57–59-ийг үзнэ үү).