Хөл бөмбөг, ням гараг ба сүнслэг байдлын хувьд ЭЛЭГДҮҮЛЭХ нь
Виллийн хувьд ням гарагт хөл бөмбөг тоглохгүй байх нь хамгийн сайн хөл бөмбөгийн багт тоглож чадахгүй гэсэн үг байв.
Намайг хүүхэд байхад найзууд маань “үсэр эсвэл шумба” гэдэг нэг тоглоом тоглодог байлаа. Үүнийг тоглоход гүнзгий усан сан юм уу нуур, үсрэх тавцан гэх мэт үсэрч болох зүйл л хэрэгтэй байв. Тоглохын тулд үсрэх тавцангаас доош үсэрдэг байсан юм. Яг үсрэх гэж байхад хэн нэгэн нь “үсэр” гэж хашгирвал, хөлөөрөө үсэрч ус руу орох, харин “шумба” гэвэл ус руу гараараа түрүүлэн орж шумба гэсэн үг байв.
Агаарт байхдаа хөдөлгөөнөө өөрчлөх гэвэл сарвалзаж эсвэл элгээрээ цохиулан, маш их өвдөлтийг мэдэрнэ.
Амьдралд “үсэр эсвэл шумба” гэсэн тоглоом байхгүй. Та урьдчилан шийдвэр гаргаснаар сүнслэг байдлын хувьд элэгдүүлэхээс сэргийлж болно. Хуучин Гэрээний бошиглогч Иошуа “хэт оройтохынхоо өмнө сонголтоо хий” гээгүй. Тэр “Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго” (Иошуа 24:15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн хэлсэн.
АНУ-ын Калифорнийн Сан Францискод 14 настай В.Вилл эцсийн мөч ирэхээс өмнө сонголтоо хийх хэрэгтэй гэдэгт итгэдэг тул сүнслэг байдлын хувьд тийм ч олон удаа элэгдүүлээд байдаггүй байх.
Тэр: “Аливаа зүйл тохиолдохын өмнө хийх эсвэл хийхгүй байх сонголтоо хийх нь асуудлыг хялбарчилна. Үдэшлэгт очиход хэн нэг нь танд согтууруулах ундаа өглөө гэж бодъё. Яг тэр мөчид авах эсэхээ шийдэх хэрэгтэй бол авчихъя гэсэн уруу таталтад орж болох юм. Харин та үгүй гэж хэлэх сонголтоо эртнээс хийсэн бол хэн нэгэн согтууруулах ундаа өгвөл өөртөө хамаагүй итгэлтэй байна. Танд уруу таталтад орох боломж гарахгүй. Та бүр эртнээс шийдвэрээ гаргасан тул үгүй гэж хэлэх нь мэдээж” гэв.
2018 оны Мючелийн сэдэв “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (С ба Г 19:23) юм. Виллийн хувьд амар амгалан нь зөвийг итгэлтэйгээр сонгож, бусад хүний хэлэх сөрөг үгэнд ач холбогдол өгөхгүй байх явдал юм. Харин энэ амар амгалан нь Виллд Есүс Христийн үгийг эртнээс сонсож, дагах шийдвэр гаргаснаар ирсэн билээ.
“Заримдаа хүүхдүүд миний хийдэг эсвэл хийдэггүй зүйлээс болж намайг хэцүү байдалд оруулдаг. Гэхдээ би олон жилийн өмнөөс ингэж амьдарна гэдгээ шийдсэн болохоор надад хэцүү санагдахаа больсон” гэж тэр хэлсэн юм.
Вилл болон түүний гэрийнхэн Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихаар олон жилийн өмнөөс шийджээ. Харин энэ нь Виллд дээд зэрэглэлийн хөл бөмбөгийн багт ороход түвэг учруулсан юм. Гэхдээ Нифайн хэлснээр: “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7).
Виллийн хувьд хөл бөмбөг амь, амьдрал нь байв. Ээжийнх нь хэлснээр “Тэр идэж, ууж, унтдаг бас хөл бөмбөгт маш дуртай. Хөл бөмбөг түүний сонирхол бөгөөд тэр маш сайн тоглодог” байна.
Харин Вилл бүсийнхээ хамгийн дээд зэрэглэлийн багт орж чадсандаа баярлаж байв. Ганц асуудал нь уг баг ихэнх тоглолтоо ням гарагт хийдэг байсанд байлаа. Ихэнх баг ням гаргийн тоглолт бүрийг алгасдаг тоглогчийг хүлээн зөвшөөрдөггүй. Ням гарагт тоглохгүй байх нь багт эзлэх байр сууриа алдана гэсэн үг байв.
Харин Вилл шийдвэрээ олон жилийн өмнө гаргасан байлаа. Тэр Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихаар шийдсэн байв.
Вилл гэр бүлийнхэнтэйгээ хамт залбиран, Тэнгэрлэгт Эцэгт зарлигуудыг нь дагахыг хүсэж байгаагаа хэлээд, Түүнээс тусламж гуйсан аж. Дараа нь Вилл, ээжтэйгээ хамт багийнхаа дасгалжуулагчтай өөрсдийн шашин шүтлэгийн талаар ярьсан байна. Харин дасгалжуулагч нь ням гарагт тоглохгүй байсан ч Виллийг багтаа үлдээх хүсэлтэй байсан нь тэднийг гайхшируулсан юм.
“Би Хүндэтгэлийн өдрийг сахих юм бол адислагдана гэдгээ мэднэ. Би бусадтай адил олон тоглож чадахгүй ч ням гаргийн тоглолт гэнэт өөр өдөр болж хойшлогдох гэх мэт адислалуудыг харж байсан. Бас нэг өдөр амардаг болохоор би өөрийгөө илүү сайн тоглодог гэж боддог” гэж Вилл хэлэв.
Илүү сайн зүйл тохиолдсон нь Виллийн багийн нэг гишүүн нь бас Сүмийн гишүүн гэдгийг тэр олж мэдсэн аж. Хэдэн сар хамтдаа тоглосны эцэст тэр хүү ч гэсэн Виллийн үлгэр жишээг даган, ням гарагт тоглохоо больжээ.
Хэрэв танд дуулгавартай байдлын адислалыг авахгүй байна гэсэн бодол төрж байвал та Тэнгэрлэг Эцэгийн өөрт тань зориулан бэлдсэн зүйлийг харахгүй байна гэсэн үг. Христийн үгсийг сонсож, Их Эзэнд үйлчлэхээр шийдэх нь ямагт зөв шийдвэр байх учраас шийдвэрээ яг одоо гаргаарай!
“Биднийг Тэнгэрлэг эцэгтэй цуг мөнх амьдрахад хүргэх тэр замаас гажихгүй байх төгс шийдвэрийг та нар яг одоо, энд гаргаасай гэж би та нараас хүсэж байна” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн (“Гурван сонголт,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69).
Амьдралаа “үсэр эсвэл шумба” гэдэг тоглоом бүү болго. Сүнслэг байдлын хувьд болон өөр төрлийн элэгдүүлэх эрсдэлд бүү ор. Есүс Христийг дагах шийдвэрийг яг одоо гаргаж, Түүний амьдралд тань авчрах амар амгалангаас хүрт.