Итгэлийн хөрөг
Аманда Жири
Өмнөд Африк, Кэйп Таун
Аманда өсвөр настай байхдаа амьдрал хүнд хэцүү болох тусам Сүмээс холдож, шинэ зүйлс турших болжээ. Хэдэн жилийн дараа Амандагийн сэтгэл эзгүйрсэн мэт санагдах болов. Аз жаргал олох замнал нь нэгэн чухал асуултаас эхэлсэн байна.
Коди Бэлл, гэрэл зурагчин
Манай гэр бүл 1993 онд баптисм хүртсэн. Хэдэн жилийн дараа аав, ээж хоёр маань салж, ах эгч дүү гурав маань Сүмээс бага багаар холдсон юм. 1998 онд 11-р ангид байхдаа би ч гэсэн Сүмд очихоо болив.
Би шинэ зүйлс туршиж үзэн, бас өөр бусад сүмийг судална гэж өөрөө өөртөө амласан юм. Найзуудаасаа сүмд нь очих хэд хэдэн урилга хүлээн авсан ч би тэр болгон очдоггүй байв. Би Сүмтэй холбоотой гэдгээ мэдэрч байсан учраас очоогүй юм биш л дээ. Ямар нэгэн сонин шалтгаанаар очих гэхээр л нэг юм болдог байв. Эсвэл би сэрээгүй эсвэл өөр ажил гарч ирэн, эсвэл би шалтгаан тоочдог байлаа.
Би ойролцоогоор 8 жил идэвхгүй явсан. Тэр үед би буруу хүмүүстэй нөхөрлөж, ээж минь бас эдгэшгүй өвчнөөр өвчилсөн. Би сэтгэлээр ихэд унаж, зүрх сэтгэлээ хоосон оргиж байгааг мэдсэн юм. “Би хэзээ хамгийн сүүлд үнэхээр аз жаргалтай байсан бэ?” гэж би бодох болов.
Хэрэв хүмүүс миний амьдралыг гаднаас харах юм бол, “Тэр ч дажгүй сайхан амьдардаг юм байна” гэж бодох байсан биз. Би өөрийгөө нэр төртэй хүмүүсээр хүрээлүүлж, сайхан амьдралтай юм шиг харагддаг байлаа. Гэсэн хэдий ч надад хоосон хөндий, дутуу мэт санагддаг байв.
Харин дараа нь би Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт байснаа бодсон юм. Яг тэр үед би хамгийн сүүлд үнэхээр аз жаргалтай байснаа ухааран ойлгов. Дараагийн ням гарагт би Сүмд буцаж очихоор шийдлээ. Би салбарын ерөнхийлөгчтэй уулзаж, наманчлалын замаа эхлүүлсэн.
Хэсэг хугацааны дараа намайг Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт ажиллуулахаар дуудав. Залуу эмэгтэйчүүдийн уриагаа унших үед би тэр даруй санасан! Өнөөдөр ч гэсэн би энэ уриаг унших болгонд Сүм бол миний байх ёстой газар гэсэн баталгааг хүлээж авдаг.