2018
Моронай ба засварчин
January 2018


Моронай ба засварчин

“Мөн бяцхан хүүхэд тэднийг хариулах болно” (2 Нифай 30:12).

Moroni and the Mechanic

Олон жилийн өмнө манай гэр бүл хамаатнууд дээрээ очсоныхоо дараа Бразилийн Сан Пауло дахь гэр рүүгээ машинаар буцаж байлаа. Яг өгсүүр зам руу орон явж байтал машин маань эвдрэв.

Бид машинаа асаах гэж хэд хэдэн удаа оролдсон ч ассангүй. Машинууд бидний хажуугаар өнгөрсөөр. Хэн ч зогсож, бидэнд тусалсангүй.

Эцэст нь би гэр бүлийнхэндээ залбирах хэрэгтэй гэлээ. Манай зургаан настай хүү Моронай “Аав аа, битгий санаа зов. Би аль хэдийн залбирчихсан” гэлээ.

“Чи юуны төлөө залбирсан бэ?” гэж намайг асуухад,

“Би зөв хүн ирж, бидэнд туслаасай гэж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан” гэв.

Удалгүй хоёр тод гэрэл машины ард тусах нь тэр. Тэр нь автомашин ачдаг ачааны тэрэг байлаа. Жолооч нь засварчин байв.

“Та нар их азтай юм аа. Би ажлаа дуусгаад гэртээ харьж явсан юм” гэлээ.

Тэр бидний машиныг засав. Дараа нь гэрт маань асуудалгүй хүргэхийн тулд биднийг дагаж явсан юм.

Би Моронайгаас энэ үйл явдал ямар онцгой болохыг мэдэж байна уу гэж асуув. “Мэдээж. Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонссон. Тиймээс би одоо өөрийн гэсэн гэрчлэлтэй боллоо! Би таны гэрчлэлийг зээлэх хэрэггүй боллоо” гэсэн юм. Моронайн итгэлийн талаар үзүүлсэн үлгэр жишээ миний сэтгэлийг хөндөв.

Одоо Моронай өсөж том болсон ч бага насандаа үзүүлсэн үлгэр жишээгээ санадаг. Та хүүхэд байсан ч гэр бүлийнхэн, найз нөхдөдөө үлгэр жишээ үзүүлж чадна.