Люсиад өгсөн хариулт
Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.
Люсиа багшийнхаа хэлсэн зүйлийг ойлгохгүй байв. Хэн тусалж чадах вэ?
“Би ариун судруудыг унших дуртай. Унших бүрдээ би Сүнс зүрх сэтгэлийг минь дүүргэж байгааг мэдэрч, гэрчлэл маань үнэн гэдгийг мэддэг” (Children’s Songbook, 109).
Люсиа нулимсаа арчив. Тэр бусад хүүхдэд нулимсаа харуулахыг хүсэхгүй байлаа. Тэр сургуулийнхаа орчноос холдоод, гэр рүүгээ яарав.
Люсиа үзэсгэлэнтэй, жижигхэн арал дээр амьдардаг. Тэр сургуулийнхаа цорын ганц Сүмийн гишүүн бөгөөд бусад хүн бүгд өөр нэг сүмд явдаг. Тэд Люсиаг өөр учраас гадуурхаж, хамт тоглодоггүй.
Энэ нь цорын ганц асуудал байсангүй. Заримдаа Люсиаг гараа өргөхөд багш нар нь үл тоомсорлодог байв.
“Гэхдээ өнөөдөр үүнээс ч дор зүйл боллоо!” гэж тэр бодов. Тэр замын чулууг өшигчин явав. Хичээл дээр багш нь Люсиагийн ойлгохгүй Библийн шүлгүүдийг уншиж өгөв. Тэгэхэд Тэнгэрлэг Эцэг, Есүс, Ариун Сүнс гурвыг нэг хүн гэж хэлэх шиг сонсдов. Тэгээд багш нь Библийн заасан зүйлст итгэдэггүй зарим сүм байдаг гэж хэлээд, Люсиа руу харав. Ангийнхан бүгд шоолж инээлдлээ.
Люсиа бүр төөрөлдөж орхив. Тэнгэрлэг Эцэг, Есүс, Ариун Сүнс гурав тусдаа биес биш гэж үү? Юу болоод байна аа?
Түүнд гэнэт сайхан санаа төрөв. Тэр номлогчдоос асууж болно шүү дээ! Тэд Люсиагийн тосгонд өдөр бүр ирдэг. “Тэд яаж туслахаа мэднэ” гэж тэр боджээ.
Люсиа гэртээ ирээд, Браун, Руйз гэдэг хоёр эгчийг харав. Тэд дээвэр дээрх усны сав руу ус юүлэхэд тусалж байлаа.
Люсиа шуудхан асуув. “Яагаад Библи Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг нэг хүн гэж заадаг юм бэ?”
Браун эгч инээмсэглээд, “Энэ чинь их сайхан асуулт байна. Өдрийн хоолны дараа тус болох хэдэн судар харцгаая” гэж хэлэв.
Люсиа ээжийнхээ хийсэн амттай ropa vieja жигнэсэн махыг арайхийн идлээ. Тэр хариултаа авахыг л хүсэж байв!
Өдрийн хоол арай гэж нэг юм дууслаа. Люсиа номлогчидтой хамт судраа нээв. Тэд Иосеф Смитийн үзэгдлийн тухай, дараа нь Есүсийн баптисмын тухай уншлаа. Хоёр судар хоёулаа Тэнгэрлэг Эцэг, Есүс, Ариун Сүнс гурвыг тусдаа гэж зааж байв.
“Тэгвэл яагаад өөр бусад судар тэднийг нэг гэж заадаг юм бэ?” гэж Люсиа асуулаа.
Браун эгч хуудсуудыг эргүүлэв. “Иохан 17-г уншицгаая. Энд Есүс төлөөлөгчдийнхөө төлөө Тэнгэрлэг Эцэгт залбирч байна.”
Тэд ээлжлэн уншив. Судруудад Есүс төлөөлөгчдөө өөртэйгөө болон Тэнгэрлэг Эцэгтэй адил “нэг” байгаасай гэж залбирдаг. Люсиа ингэж гурван удаа хэллээ гэж тоолов.
“Төлөөлөгчид бүгд нэг хүн шиг болж чадахгүй шүү дээ” гэж Руйз эгч хэллээ. Гэхдээ тэд итгэж, хийж байгаа зүйлээрээ нэг болж чадна. Ингэж л Тэнгэрлэг Эцэг, Есүс, Ариун Сүнс гурав нэг болдог.
Люсиад халуун дулаан мэдрэмж төрөв. Энэ нь Ариун Сүнс гэдгийг тэр мэдэж байсан. Ариун Сүнс Руйз эгчийн хэлсэн зүйл үнэн гэж хэлж байлаа.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нэг хүн биш. Гэхдээ тэд хэлж, хийж буй зүйлээрээ нэг юм. Тэд хоёул өөрт нь хайртайг Люсиа мэдэж байлаа.