2023
Тэр өдрийг Христ дотор тэсэн гар
2023 оны 11-р сар


10:33

Тэр өдрийг Христ дотор тэсэн гар

Есүс Христ бидэнд “тэр өдрийг тэсэн гарах” боломжийг олгодог.

Тэр өдөр шууд утгатай сургаалт зүйрлэл, нарийн төвөгтэй асуулт, гүн гүнзгий сургаалаар дүүрэн байлаа. Есүс “цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн”1 хүмүүсийн тухай хатуу зэмлэл айлдсаныхаа дараа сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх мөн шавь байх талаар дахин гурван сургаалт зүйрлэл заав. Эдгээр сургаалт зүйрлэлийн нэг нь арван охины зүйрлэл байв.

“Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.

Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа.

Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.

Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ.

Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав.

Гэтэл шөнө дөлөөр ‘Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа’ гэх хашхираан хаджээ.

Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв.

Мунхгууд нь ухаалгуудад ‘Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь’ гэсэнд

ухаалгууд нь ‘Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ.

Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ.

Дараа нь бусад охин ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч”2 гэхэд

харин Тэр хариуд нь ‘Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй’ гэв.”3

“Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.”4

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Сүйт залуугийн5 ирэлттэй холбоотой тунгаан бодоход хөтлөх дараах асуултуудыг тавьсан. Үүнд: “Түүний ирэх өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдаар нас барж эсвэл Их Эзэн гэнэт ирж бид Түүнтэй уулзах боллоо гэхэд бид өнөөдөр юу хийх байсан бэ?”6

Их Эзэний ирэлтэд бэлтгэлтэй байх нь нэн чухал төдийгүй жинхэнэ амар амгалан, аз жаргалыг олох цорын ганц арга зам гэдгийг би хувийн туршлагаасаа олж мэдсэн.

Намрын нэгэн налгар өдөр “Та хорт хавдар тусжээ” гэдэг үгийг би сонссон юм. Нөхөр бид хоёр үнэхээр их цочирдсон! Тухайн мэдээг чимээгүйхэн бодон гэрийн зүг явж байхдаа би гурван хүүдээ л сэтгэл зовж байлаа.

Тэнгэрлэг Эцэгээс “би үнэхээр үхэх үү?” гэж дотроо асуув.

Ариун Сүнс “Бүх зүйл сайхан болно” гэж шивнэв.

Дараа нь “Би амьдрах уу?” гэж асуулаа.

“Бүх зүйл сайхан болно” гэсэн хариулт дахин ирэв.

Би ойлгохгүй байлаа. Яагаад би амьдрах уу, үхэх үү гэхэд яг ижил хариулт хүлээж авсан бэ?

Гэтэл “Бид гэртээ харьж, хэрхэн залбирахыг хүүхдүүддээ заах гэж яарах хэрэггүй” гэдгийг санаад тэр даруй миний биеийн эд эс бүр туйлын амар тайвныг мэдрэв. Тэд залбирлаар дамжуулан хэрхэн тайтгарал, хариултуудаа хүлээн авахаа мэддэг байв. Бид судрууд, амьд бошиглогчдын үгсийн тухай заахаар мөн гэртээ харихаар яарах шаардлагагүй. Тэдгээр үг хүч чадал, ойлголтын танил эх сурвалж болсон. Бид тэдэнд наманчлал, Амилалт, Сэргээлт, авралын төлөвлөгөө, мөнхийн гэр бүл эсвэл Есүс Христийн сургаалын тухай заах гэж гэртээ харихаар яарах шаардлага байгаагүй.

Гэр бүлийн үдшийн хичээл бүр, судар судлах хэсэг, итгэлтэйгээр залбирсан залбирал, өгсөн адислал, хуваалцсан гэрчлэл, байгуулж, сахисан гэрээ, орсон Их Эзэний өргөө, ариунаар сахисан Хүндэтгэлийн өдрийн мөч бүхэн хэчнээн чухал байсан гээч! Дэнлүүндээ тос хийхэд хэтэрхий оройтсон байлаа. Бидэнд дусал бүр яг тэр мөчид хэрэгтэй байсан.

Хэрэв би үхвэл Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний ачаар гэр бүл маань тайтгарал хүлээн авч, хүчирхэгжиж мөн нэгэн өдөр сэргээгдэх байсан. Хэрэв би амьдарвал би энэ дэлхий дээрх туслах, дэмжих мөн намайг эдгээх хамгийн агуу хүчийг авах боломжтой байсан. Эцсийн эцэст Есүс Христийн ачаар бүх зүйл сайхан болно.

“Сайхан” гэдэг нь ямар утгатай болохыг бид Сургаал ба Гэрээнээс анхааралтай суралцаж болно.

“Мөн намайг алдар суундаа залран ирэх тэр өдөр арван охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно.

Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.”7

Есүс Христ бидэнд “тэр өдрийг тэсэн гарах” боломжийг олгодог. Тэр өдрийг тэсэн гарах гэдэг нь байнга өсөн нэмэгдэж буй хийх зүйлсийн жагсаалтад хийх зүйл нэмэх гэсэн үг биш. Томруулдаг шилний талаар бодоод үз дээ. Үүний цорын ганц зорилго нь аливаа зүйлсийг зүгээр нэг томруулах явдал биш юм. Энэ нь мөн гэрлийг цуглуулж, төвлөрүүлэн илүү хүчирхэг болгодог. Бид хичээл зүтгэлээ хялбаршуулж, төвлөрүүлж Есүс Христийн гэрлийг цуглуулагчид байх хэрэгтэй. Бид илүү ариун, илчлэлтээр дүүрэн үйл явдлыг туулж өнгөрүүлэх хэрэгтэй.

Израилын баруун хойд бүсэд “Мөнх ногоон уул” гэгдэх үзэсгэлэнт уул нурууд оршдог. Кармел уул8 нь бага хэмжээний шүүдрийн ачаар жилийн турш ногооноороо байдаг. Шим тэжээл өдөр тутам хэрэгтэй байдаг. Кармелын шүүдрүүдтэй9 адил бид бодгалиа “зөв шударгад хамаарах зүйлүүд”,10 “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр”11 тэжээхийг эрэлхийлэх үед бидний гэрчлэл мөн хүүхдүүдийн маань гэрчлэл амьдрах болно!

Одоо та нар “Гэхдээ, Врайт эгчээ миний гэр бүлийг та мэдэхгүй шүү дээ. Бид үнэхээр их зовж зүдэрч байна мөн бидний нөхцөл байдал таныхаас өөр” гэж бодож магад. Та нарын зөв. Би гэр бүлийг тань мэдэхгүй. Гэвч хэмжээлшгүй хайр, нигүүлсэл, хүч чадал, мэдлэг, сүр жавхлангаар дүүрэн Бурхан та нарыг мэддэг.

Та нарын асууж байгаа асуултууд бодгалийн гүнд тань хөндүүрлэх чин сэтгэлийн асуултууд байдаг. Ариун судруудад ижил төстэй асуултууд байдаг. Тухайлбал:

“Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?”12

“Найдвар минь тэгээд хаана байх вэ?”13

“Энэ харанхуйн үүл [намайг] сүүдэрлэхээ больж, нүүхийн тулд [би] юу хийх билээ?”14

“Мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарал орших газар хаана байна вэ?”15

“[Би] сайн зүйл болгоноос барих нь яавал боломжтой байх вэ?”16

“Их Эзэн, би юу хийх ёстой вэ?”17

Мөн хайраар дүүрэн хариултууд ирдэг.

“Та авралд хүргэх Христийн хүчинд та итгэдэг үү?”18

“Тэд өөрийнх нь сайн сайхнаас хүртэх ёсгүй хэмээн нэгээхэнд боловч Их Эзэн зарлигласан уу?”19

“[Тэр] үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?”20

“Та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ?”21

“Та нарыг бүтээсэн түүний гэтэлгэлд та нар итгэлийг хөгжүүлдэг үү?”22

“Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү?”23

Хайрт хүндэт найз нар аа, бид тосоо хуваалцаж чадахгүй ч Түүний гэрлийг хуваалцаж чадна. Бидний дэнлүү дэх тос “тэр өдрийг тэсэн гарахад” бидэнд туслаад зогсохгүй бидний хайртай хүмүүсийг “хүлээн авахаар гараа дэлгэн” зогсдог Аврагч руу хөтлөх замыг гэрэлтүүлэх хэрэгсэл болдог.24

“ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Уйлахаас дуу хоолойгоо, нулимснаас нүдээ тэвчин барь. Учир нь үйлс чинь шагнагдана’ гэж ЭЗЭН тунхаглаж байна. ‘Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.

Та нарын ирээдүйд найдвар бий’ гэж ЭЗЭН тунхаглаж байна. ‘Хүүхдүүд нутаг дэвсгэртээ буцаж ирнэ.”25

Есүс Христ бол “ирээдүйн найдвар”. Бидний хийсэн эсвэл хийж амжаагүй ямар ч зүйл байлаа гэсэн Түүний хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол залруулж чадна. Тэр бол бидний түүх хэзээ ч төгсдөггүй шалтгаан билээ.26 Иймийн тул бид “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв [бид] урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: [Бидэнд] мөнх амьдрал байх болно.”27

Мөнх амьдрал бол мөнхийн баяр баясгалан юм. Үүнд энэ амьдрал дахь одоогийн баяр баясал буюу Их Эзэний тусламжтайгаар өнөөгийн сорилт бэрхшээлүүдээс суралцаж, эцэстээ тэдгээрийг даван туулахаас ирэх баяр баясал мөн ирэх амьдралд ирэх хэмжээлшгүй баяр баясал аль аль нь орно. Асгарсан нулимс хатаж, эмтэрсэн зүрх эдгэрч, алдагдсан зүйлс олдож, санаа зовнил арилж, гэр бүлүүд эргэн нэгдэж мөн Эцэгт байгаа бүхэн бидэнд өгөгдөх болно.28

Есүс Христэд найдан амьдраарай29 хэмээх гэрчлэлээ хайрт “Хоньчин буюу [бидний] сэтгэлийн Харгалзагч”30 Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.

Эх сурвалж

  1. Матай 23:27

  2. Матай 25:1-11

  3. Иосеф Смитийн Орчуулга, Матай 25:11 (Матай 25:12 дахь зүүлт тайлбар a).

  4. Maтай 25:13

  5. Ахлагч Жэймс Э.Талмэж “Сүйт залуу нь Их Эзэн Есүс, хурим найр нь Түүний алдар суунд ирэх ирэлтийг мөн дэлхий дээрх Сүмийг Өөрийн сүйт бүсгүй болгон хүлээн авахыг бэлгэддэг. 10 охин нь Христэд итгэдэг хүмүүс ба тэдгээр нь найрт оролцох адислагдсан хүмүүсийн дунд гарцаагүй багтах тэд юм. Шивэгчин бүрийн барьсан асаасан дэнлүү нь Христийн шашинтны итгэл үнэмшил, зан үйлийн гадаад илрэл ба ухаалгуудын нөөцөлсөн тосноос бид Бурханы үйлчлэлд зориулах хичээнгүй, үнэнч байдал болох сүнслэг хүч чадал, элбэг дэлбэг байдлыг харж болно” (Jesus the Christ [1916], 578–579).

  6. Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9.

  7. Сургаал ба Гэрээ 45:56–57; тодотгол нэмсэн.

  8. “Шүүдэр унах нь гандуу зун ч тодорхой хэмжээний чийгийг өгдөг ба тарвас зэрэг зуны ургацад нэн чухал. Хөрс нь үүний гадаргуу дээр хүрч буй агаараас илүү сэрүүн болох үед уг хэсэг далайтай ойр байх тусам салхигүй шөнө шүүдэр унах магадлал нь их байна. Ерөнхийдөө эргийн тал хэсэг нь дотоод бүс нутгаас илүү шүүдэртэй ба Кармел уул нь жил бүр дунджаар 250 шөнө шүүдэртэй байдаг (Efraim Orni and Elisha Efrat, Geography of Israel, 4th rev. ed. [1971], 147).

  9. Сургаал ба Гэрээ 128:19

  10. Мозая 23:18

  11. Алма 37:6

  12. Марк 4:38

  13. Иoв 17:15

  14. Хиламан 5:40

  15. Иов 28:12

  16. Моронай 7:20

  17. Үйлс 9:6

  18. Алма 15:6

  19. 2 Нифай 26:28

  20. Матай 9:28

  21. Үйлс 26:27

  22. Алма 5:15

  23. Эхлэл 18:25

  24. Мормон 6:17

  25. Иеремиа 31:16–17; тодотгол нэмсэн.

  26. Камилл Н.Жонсон, “Түүхээ бичихдээ Христийг урь,” Лиахона, 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган: “Сайн түүх бүрийн нэг хэсэг болох бэрхшээл, зовлон зүдгүүрийг Есүс Христэд ойртох, Түүнтэй илүү адил болох хэрэгсэл болгоцгооё.”

  27. 2 Нифай 31:20

  28. Сургаал ба Гэрээ 84:38-ыг үзнэ үү.

  29. Алма 37:47-г үзнэ үү.

  30. 1 Петр 2:25