2023
Үүргийнхээ замд байх
2023 оны 11-р сар


14:29

Үүргийнхээ замд байх

Өнөөдрийн үүрэгт ажлын замдаа урагшлан зүтгэж буй та нар бол Аврагчийн сэргээгдсэн Сүмийн хүч чадал билээ.

Би дэлхий даяарх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд хайр, хүндэтгэл мөн талархлаа илэрхийлэхдээ Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэн чин сэтгэлээсээ залбирч байна.

Сүүлийн хөсөг тэрэгнийхэн

1947 онд хожмын үеийн гэгээнтэн анхдагчид Солт Лэйк Валлид нүүж ирсний 100 жилийн ой болсон юм. Тэр жил дурсгалын олон баяр наадмыг тэмдэглэсэн ба зам харгуй гаргаж, байшин сууц барьж, хоосон цөлд тариа ногоо тарьж, хот суурин байгуулсан Есүс Христийн үнэнч шавь нарт олон олон хүн талархлаа илэрхийлсэн билээ.

1947 оны аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк энэ итгэлт анхдагчдын дурсгалд зориулан хамгийн мартагдашгүй, сэтгэл хөдөлгөм хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэрээр захиасандаа өрнөд рүү хийсэн нүүдлийг удирдсан, олонд танигдсан удирдагчид болох Бригам Янг, Хибэр С.Кимбалл, Вилфорд Вудрафф, Парлей П.Пратт зэрэг олон удирдагчийг товч дурдсан. Гэсэн хэдий ч тэр эдгээр олны танил эрхмийн хийсэн үйлсийг дурдахыг гол зорилгоо болгоогүй бөгөөд нэр нь мэдэгдэхгүй эсвэл Сүмийн түүхэд албан ёсоор бичигдээгүй үнэнч бодгалиуд дээр яриагаа төвлөрүүлсэн юм. Тэр захиасаа “Сүүлчийн хөсөг тэрэгнийхэн” хэмээн гарчигласан байв.

Ерөнхийлөгч Кларк тал нутгийг хөндлөн туулсан урт цуваа бүрийн сүүлчийн хөсөг тэргэнд явсан цагаачдын тухай мөн тэдэнд тулгарч байсан бэрхшээлийг маш дэлгэрэнгүй тайлбарласан юм. Тэрээр цувааны ард хамгийн их тоос шороон дунд өдрөөс өдөрт, долоо хоногоос долоо хоног, бүр сар сараар урагшлан явж, замд тохиосон бартаа бэрхшээлийг давсан нэр нь үл мэдэгдэх баатруудыг сайшаан магтсан.

Ерөнхийлөгч Кларк “Сүүлчийн тэрэгнийхэн өдрөөс өдөрт ядарч туйлдан, хөл нь холгож, заримдаа бараг зүрх алдан халширдаг байсан ч Бурхан тэдэнд хайртай, сэргээгдсэн сайн мэдээ үнэн, Бурхан ах нарын урд удирдан чиглүүлж байгаа гэсэн итгэлээсээ урам авч, урагш зүтгэн тэмүүлдэг байсан” гэдгийг мэдэгдэв.2

Тэр өөрийн захиасыг сэтгэл хөдлөм талархлын захиасаар дуусгасан юм: “Бидэнд үнэлж баршгүй өвийг үлдээсэн агуу итгэлтэй, агуу үйлстэй, агуу шударгаар амьдарсан даруу бодгалиудад би өөрийн хайр, хүндлэл, бишрэлийг даруухнаар өргөж байна.”3

Дутуугүй үйлчилдэг

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр 1990 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч байхдаа олон нийтийн хүндлэл талархлыг бараг хүртдэггүй ч гуйвшгүйгээр итгэлтэй үйлчилдэг Сүмийн тоолшгүй олон гишүүний юугаар ч орлуулшгүй үйлчлэлийн талаарх захиасыг хуваалцжээ.

Ерөнхийлөгч Хантэр үүнийг ингэж тайлбарласан.

“[Залуу бөгөөд гуйвшгүй ахмад Моронайн] тухай дараах үгс ийн бичигдсэн байдаг:

’Хэрэв бүх хүмүүн Моронайн адил байсан мөн байдаг мөн байх аваас, болгоогтун, тамын чухамхүү хүчин чадал үүрд сэгсрэгдэн сулруулагдахсан; тийм ээ, хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байхсан’ (Алма 48:17).

Алдар суу, хүч чадалтай уг хүнийг ямар сайхан магтаа вэ. … Хоёр шүлгийн дараа Моронай шиг олны нүдэн дээр ил байгаагүй Хиламан ба түүний ах дүү нарын талаар бичсэнийг бид уншдаг:

‘Эдүгээ болгоогтун, Хиламан мөн түүний ах дүүс хүмүүст Моронайгаас дутуугүй үйлчилдэг байв’ (Алма 48:19).”

Ерөнхийлөгч Хантэр цааш нь “Хэдийгээр Хиламан Моронай шиг анхаарал татахуйц эсвэл түүн шиг нэрд гараагүй ч түүнээс дутуугүй үйлчилдэг байв; Тэр хүмүүст Моронай шиг тустай буюу хэрэгтэй байсан”4 гэжээ.

Ерөнхийлөгч Хантэр дараа нь бид бүхнийг дутуугүй үйлчилж байхыг зөвлөсөн. Тэрээр “Хэрэв таны энэ жил эсвэл ирэх хэдэн жил хийх зүйлийн ихэнх нь таныг нэр алдарт хүргэхгүй бол зүрх сэтгэлээ чангал. Дэлхий дээр амьдарч байсан хамгийн сайн хүмүүсийн ихэнх нь нэр алдартай байгаагүй. Итгэлтэйгээр, даруухнаар үйлчилснээр өсөж хөгж”5 хэмээн хэлсэн.

Үүргийнхээ замд байх

Өнөөдөр Аврагч дээр ирж гэрээний замаар хөсөг тэрэгний цувааны сүүлчийн тэргэнд урагшлан зүтгэж байгаа үнэнхүү дутуугүй үйлчилдэг сая сая Сүмийн гишүүнд би талархлаа илэрхийлье.6 Та бүгдийн Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд итгэх хүчтэй итгэл мөн өөрсдийгөө зориулсан, дүр эсгээгүй амьдрал намайг илүү сайн хүн, илүү сайн шавь байхад өдөөдөг.

Би та нарт хайртай. Би та нарыг хүндэлдэг. Би та нарт талархаж байна. Мөн би та нарыг магтмаар байна.

Мормоны Ном дээр лемен хүн Самуелын хэлсэн үг та нарын талаарх миний мэдэрч байгаа зүйлсийг бүрэн илэрхийлнэ.

“Мөн тэдний ихэнх хэсэг нь үүргийнхээ замд байж, мөн тэд Бурханы өмнө хянамгай алхаж, мөн тэд Мосегийн хуулийн дагуу түүний зарлигуудыг мөн түүний дүрмүүд хийгээд тогтоолуудыг дагахаар чармайна гэдгийг та нар болгоогоосой хэмээнэ би. …

Тийм ээ, би та нарт хэлнэ, тэдний ихэнх хэсэг нь үүнийг хийж, мөн тэд ах дүүсийнхээ үлдсэнийг нь үнэний мэдлэгт авчирч болохын тулд тэд шантралгүй хичээнгүйлэн оролдож байна.”7

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь сүмийн цуглаанууд дээр болон бусад олон нөхцөлд ганцаараа байгаа хүмүүсийг анзаарч, дэргэд нь очиж суудаг ах, эгч нарыг хэлж байгаа гэж би бодож байна. Тэд ямар нэг талархал эсвэл сайшаал харалгүйгээр “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахыг”8 үргэлж хичээдэг.

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь Их Эзэний сэргээгдсэн Сүмд удирдах дуудлагад үйлчилдэг хамтрагч, эцэг эх, үр хүүхдээ дэмждэг хань мөн хүүхдүүдийг хэлдэг. Олон хувь хүн, гэр бүлийг адислах тэдний тасралтгүй, чимээгүй мөн хүмүүст ихэвчлэн харагддаггүй нөлөө, дэмжлэг нь зөвхөн мөнх оршихуйд л бүрэн танигдах болно.

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь Бурханаас эргэсэн боловч даруухнаар Түүн дээр эргэн ирж,9 нүглээ наманчилж, Аврагчийн ариусгагч, эдгээгч Цагаатгалын хүчийг эрэлхийлж буй хүмүүсийг хэлдэг. Нүглийн жимээр “хориглогдсон зам”10 руу орсон ч гэрээний зам руу эргэн ирснээр Христэд ирэх нь11 сүнслэг байдалд зайлшгүй хэрэгтэй бөгөөд шударга зүтгэл юм. Тэд сайныг үйлдэхэд шантралгүйгээр итгэлээр урагш тэмүүлэхдээ агуу ажлын суурийг өөрсдийн амьдралаар эхлэн12 “ирээдүйн үр удамдаа мөнхөд тавьж байгаа билээ.”13

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь эрх мэдлээр байгуулагдах сайн мэдээний гэрээ болон ёслолуудаар дамжуулан Аврагчийн буулгад орохыг хүсэн эрэлхийлдэг боловч өөрсдөөс нь үл шалтгаалах зүйлсийн улмаас чадахгүй байгаа шударга хүмүүсийг хэлдэг. Таны шаналал тайлагдаж, өөрийн хүслийг Бурханд тэвчээртэйгээр захируулах дуулгавартай бөгөөд итгэлтэй байдал тань “Их Эзэнээс тогтоосон тэр цагт” шагнагдахыг би танд амлаж байна.14 “Шөнөд уйлаан байж болох ч, өглөөд баярын уухай ирдэг.”15

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь найз нөхдөдөө мөн гишүүдэд “сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, өөрийн хэлээр сонсох[од]”16 нь туслах замаар Их Эзэнд үйлчилдэг дэлхий даяарх сүнсээр өдөөгдсөн орчуулагч, хэлмэрчдийг хэлдэг. Тэдний дуу хоолой, дохионы хэл, орчуулсан баримт бичгүүд мөнхийн үнэнийг дамжуулдаг ч тэдний нэрийг мэддэг, талархдаг нь цөөхөн байдаг. Хэлний бэлгээр адислагдсан орчуулагч, хэлмэрчид хичээнгүйлэн, хувиа хичээлгүй мөн ихэвчлэн хэнд ч үл мэдэгдэм байдлаар хүмүүст Бурханы үгийг уншиж, сонссоноор ирэх итгэлийн сүнслэг бэлгийг хүлээн авахад нь тусалж байдаг.17

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь гэрээний үүргээ ухамсарлан, өсөж үржин дэлхийг дүүргэхээр хичээж, ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдтэйгээ зууралдах хүч чадал, тэнхээгээр адислагдсан итгэлтэй аав ээжүүдийг хэлдэг. Улам бүр самуурч, чухал зүйлийн эрэмбийг олж чадахаа байсан дэлхийд энэ зоригтой бодгалиуд өөртөө төвлөрсөн жам сургаал айлддаг шашингүйн дуу хоолойг үл тоодог. Тэд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд амь амьдрал нандин бөгөөд чухал болохыг хүндэтгэдэг.

Гэрлэсэн олон хос зүрх сэтгэлийнх нь зөв шударга хүсэл тэдний хүсэж эсвэл найдаж мөрөөдсөн цаг хугацаанд биелээгүй ч Бурханд найдсаар байдаг. Тэд “Их Эзэнд найд[даг]”18 бөгөөд Түүнийг өөрсдийн мөнх бус цаг хугацаанд тааруулахыг шаарддаггүй. “Учир нь дэлхийн эхлэлээс хойш хүмүүн сонссон нь үгүй, мөн чихээр хүлээн авсан нь үгүй, мөн аль ч нүд харсан нь үгүй, Ай Бурхан минь, өөрөөсөө гадна, таныг хүлээдэг түүний төлөө таны бэлтгэсэн зүйлүүд хичнээн агуу билээ.”19

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь Хүндэтгэлийн өдөр бүр Сүмийн хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд заадаг мянга мянган Хүүхдийн хэсэг, балчир хүүхдийн ангийн багш нарыг хэлдэг.

Үйлчлэлдээ өөрийгөө зориулсан эдгээр шавь нарын үйлчлэлийн мөнхийн үр дагаврыг болон хүүхдүүдэд тохинуулдаг тэдэнд амлагдсан гайхамшигт адислалуудыг авч үзье.

“[Есүс] хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. [Тэр] хүүхдийг тэвэрч, тэдэнд

— Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв.”20

“Үүргийнхээ замд байх” хэмээх хэллэг нь нас дээр гарсан эцэг эхээ уян зөөлөн сэтгэлээр асардаг үр хүүхдүүдийг, айсан хүүхдээ тайтгаруулан нойргүй хонож, өрх гэрээ “эрслэн адил хамгаалах”21 ээжүүдийг, Сүмд эрт ирж сандлуудыг засаж, тарсны дараа үлдэж хураадаг гишүүдийг мөн гэр бүл, найз нөхдөө сүнслэг өдөөлтөөр Сүмд ирж харах, ирж туслах, ирж үлдэхэд урьдаг хүмүүсийг хэлдэг.22

Би та нар шиг “үүргийнхээ замаар” урагш зүтгэж байгаа, гэрээгээ сахидаг, Есүс Христийн үнэнч шавь нарын хэдхэн жишээг л татлаа. Бурханд “бүхэл бодгалиа”23 өргөсөн сая сая хожмын үеийн гэгээнтний жишээ дэлхий даяарх Христэд төвлөрсөн гэр орон, Сүмийн нэгжүүдэд байдаг.

Та нар хайрлаж үйлчилдэг, сонсож суралцдаг, санаа тавьж тайтгаруулдаг мөн Ариун Сүнсний хүчээр зааж гэрчилдэг. Та нарын “сэтгэл оюун баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл [тань] бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байгаа.”24

Амлалт ба гэрчлэл

Сүүлчийн хөсөг тэрэгнийхэн, тэднээс дутуугүй үйлчилдэг хүмүүс мөн өнөөдрийн үүрэгт ажлын замдаа урагшлан зүтгэж буй та нар бол Аврагчийн сэргээгдсэн Сүмийн хүч чадал билээ. “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно”25 хэмээн Их Эзэн амласан.

Би Тэнгэрлэг Эцэг мөн Түүний Хайрт Хүү амьд гэдгийг мөн Тэдний амлалтууд гарцаагүй гэдгийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр баяртайгаар гэрчилж байна, амен.