2023
Мөнхийн үнэн
2023 оны 11-р сар


10:40

Мөнхийн үнэн

Үнэнийг таних бидний хэрэгцээ өмнө нь хэзээ ч ийм чухал байсангүй!

Ах, эгч нар аа, Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд зүрх сэтгэлээ зориулж, бие биеэ хайрлаж үйлчилдэгт тань баярлалаа. Та бүхэн үнэхээр гайхалтай хүмүүс шүү!

Оршил

Миний эхнэр Анн бид хоёр бүрэн цагийн номлолын удирдагчаар үйлчлэх дуудлага хүлээн авсны дараа манай гэр бүл номлолын талбарт очихоосоо өмнө номлогч бүрийн нэрийг мэдэхийг зорьсон юм. Бид зургуудыг нь авч, цээжлэх карт хийж, царайг нь тогтоож, цээжилж эхлэв.

Очсоныхоо дараа бид номлогчидтой танилцах чуулган зохион байгуулж билээ. Тэдэнтэй хамт ярьж суух зуур манай 9 настай хүү:

“Сэм, чамтай танилцсандаа баяртай байна!

Рэйчэл, чи хаанаас ирсэн бэ?

Пөөх, Дэйвид, чи өндөр юм аа!” гэж ярихыг нь би санамсаргүй сонслоо.

Би сандран хүү рүүгээ очиж, “Хүүе, номлогчдыг ахлагч, эгч гэж дуудахаа битгий мартаарай” гэж хэлэв.

Тэр над руу гайхаж хараад: “Аав аа, бид тэдний нэрийг нь л цээжлэх ёстой гэж би бодсон шүү дээ” гэж хэлж билээ. Хүү маань өөрийнхөө ойлголтон дээр үндэслэн зөв гэж бодсоноо л хийсэн байв.

Тиймээс, өнөөгийн дэлхий ертөнц дэх үнэний талаарх бидний ойлголт юу вэ? Биднийг хатуу үзэл баримтлал, нэг талыг барьсан мэдээлэл, бүрэн бус баримт мэдээгээр байнга бөмбөгдөж байна. Үүний зэрэгцээ энэ мэдээллийн эх сурвалж, тоо хэмжээ өсөн нэмэгдэж байна. Үнэнийг таних бидний хэрэгцээ өмнө нь хэзээ ч ийм чухал байсангүй!

Бидний хувьд үнэн нь Бурхантай харилцаа тогтоож, түүнийгээ бэхжүүлж, амар амгалан, баяр баясгаланг олж, бурханлаг чадавхдаа хүрэхэд маш чухал. Өнөөдөр дараах асуултуудыг авч үзэцгээе:

  • Үнэн гэж юу вэ? Энэ нь яагаад чухал вэ?

  • Бид үнэнийг хэрхэн олдог вэ?

  • Үнэнийг олсон бол бид хэрхэн хуваалцаж болох вэ?

Үнэн мөнхөд оршдог

Их Эзэн судрууд дээр бидэнд “үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм” (Сургаал ба Гэрээ 93:24) гэж заасан. Энэ нь “бүтээгдээгүй буюу хийгдээгүй” (Сургаал ба Гэрээ 93:29) мөн “төгсгөл гэж үгүй” (Сургаал ба Гэрээ 88:66).1 Үнэн нь туйлын, тогтмол, хувиршгүй. Өөрөөр хэлбэл, үнэн мөнхөд оршдог.2

Үнэн нь бидэнд худал хуурмагаас зайлсхийж,3 сайныг муугаас ялган таньж,4 хамгаалалт хүлээн авч,5 тайтгарч, эдгэрэхэд тусалдаг.6 Үнэн нь мөн бидний үйлдлийг чиглүүлж,7 биднийг чөлөөлж,8 ариусгаж,9 мөнх амьдрал руу хөтөлдөг.10

Бурхан мөнхийн үнэнийг илчилдэг

Бурхан Өөрийгөө болон Есүс Христийг, Ариун Сүнсийг болон бошиглогчдыг мөн биднийг оролцуулсан илчлэлтээр харилцах сүлжээгээр дамжуулан мөнхийн үнэнийг бидэнд илчилдэг. Энэ үйл явцад оролцогч бүрийн гүйцэтгэдэг ялгаатай боловч харилцан уялдаа холбоотой үүргүүдийг авч үзэцгээе.

Нэгдүгээрт, Бурхан бол мөнхийн бүх үнэний эх сурвалж юм.11 Тэр болон Түүний Хүү Есүс Христ үнэний талаар төгс ойлголттой12 байдаг ба үргэлж үнэн зарчим болон хуульд нийцүүлэн үйлддэг.13 Энэ хүчээр Тэд дэлхийнүүдийг бүтээж мөн захирдаг14 төдийгүй бидний хүн нэг бүрийг төгс хайрлаж, чиглүүлж, халамжилдаг.15 Тэд биднийг Өөрсдөд нь буй адислалаас хүртээсэй гэсэндээ биднээс үнэнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн хүсдэг.16 Тэд өөрсдийн биеэр эсвэл ихэнхдээ Ариун Сүнс, тэнгэр элч, амьд бошиглогчид зэрэг элчээр дамжуулан үнэнийг илэрхийлдэг.

Хоёрдугаарт, Ариун Сүнс бүх зүйлийн үнэнийг гэрчилдэг.17 Тэр үнэнийг бидэнд шууд илчлэхээс гадна бусдын заасан үнэнийг гэрчилдэг. Сүнсний нөлөөлөл нь ихэвчлэн бидний оюун ухаанд бодол, зүрх сэтгэлд мэдрэмж хэлбэрээр ирдэг.18

Гуравдугаарт, бошиглогчид үнэнийг Бурханаас хүлээн авч, тухайн үнэнийг бидэнтэй хуваалцдаг.19 Бид судар дахь өмнөх үеийн бошиглогчдоос20 мөн Ерөнхий чуулганаар болон албан ёсны сувгуудаар дамжуулан амьд бошиглогчдоос үнэнийг мэдэж авдаг.

Эцэст нь, та бид энэхүү үйл явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бурхан биднээс үнэнийг эрэлхийлж, танин мэдэж, хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Эцэст нь хэлэхэд үнэнийг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлэх чадвар маань Эцэг, Хүүтэй тогтоосон бидний бат бөх харилцаа, Ариун Сүнсний нөлөөнд үзүүлэх хариу үйлдэл, хожмын үеийн бошиглогчидтой хэр нийцэж байгаагаас шалтгаална.

Сатан үнэнээс биднийг холдуулахыг санаархдаг гэдгийг бид санавал зохино. Үнэнгүйгээр бид мөнхийн амьдралыг хүлээн авах боломжгүй гэдгийг тэр мэднэ. Тэр биднийг төөрөгдүүлж, бидэнд хандан Бурханы хэлсэн үгсээс анхаарлыг маань сатааруулахын тул үнэнийг дэлхийн гүн ойлголттой хольдог.21

Мөнхийн үнэнийг эрэлхийлж, таньж мэдэн, амьдралд хэрэгжүүлэх

Үнэнийг эрэлхийлэхдээ22 дараах хоёр асуултыг тавих нь бидэнд тухайн ойлголт Бурханаас ирсэн үү аль эсвэл өөр эх сурвалжаас ирсэн үү гэдгийг ойлгоход тусална.

  • Энэ ойлголтыг судрууд дээр болон амьд бошиглогчид тууштай заасан байна уу?

  • Энэ ойлголтыг Ариун Сүнсний гэрчлэл баталсан уу?

Бурхан мөнхийн үнэнийг бошиглогчдоор илчилдэг бөгөөд Ариун Сүнс тэдгээр үнэнийг бидэнд баталж, үүний дагуу амьдрахад тусалдаг.23 Ингэж батлах үед нь бид эдгээр сүнслэг мэдрэмжийг хүлээн авахыг эрэлхийлж, бэлтгэгдсэн байх ёстой.24 Биднийг даруу байж,25 чин сэтгэлээсээ залбирч, Бурханы үгийг судалж,26 зарлигуудыг нь сахих үед Сүнсний гэрчлэлийг хүлээн авах магадлал хамгийн өндөр байдаг.27

Аль нэгэн тодорхой үнэний талаар Ариун Сүнсний баталгааг хүлээн авсан л бол тухайн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидний ойлголт гүнзгийрдэг. Тухайн зарчмын дагуу тууштай амьдарснаар бид уг үнэний талаар баттай мэдлэг олж авдаг юм.28

Жишээлбэл: Би алдаа гаргаж,буруу сонголт хийсэндээ гэмшдэг байсан. Харин залбирч, судалж, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулж наманчлалын зарчмын талаар гэрчлэлийг хүлээн авсан.29 Үргэлжлүүлэн наманчлахын хэрээр наманчлалын талаарх ойлголт маань улам бүр гүнзгийрсэн. Би Бурхан, Түүний Хүү хоёртой илүү ойр дотно болсноо мэдэрсэн. Одоо би наманчлалын адислалыг өдөр бүр мэдэрдэг тул Есүс Христээр дамжуулан нүглээсээ уучлагдах боломжтой гэдгийг мэднэ.30

Үнэн илчлэгдээгүй байхад Бурханд итгэх

Тэгвэл хараахан илчлэгдээгүй байгаа үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэхдээ бид юу хийвэл зохих вэ? Ирэхгүй мэт санагдавч хариултаа авахыг хүсдэг хүмүүсийн зовлонг би маш сайн ойлгодог.

Их Эзэн Иосеф Смитэд “уг асуудлын талаар бүх зүйлүүдийг … мэдүүлэх нь зохимжтойг би харах хүртэл дуугүй байгтун” (Сургаал ба Гэрээ 10:37) хэмээн зөвлөжээ.

Мөн Эмма Смитэд “Үзээгүй юмсынхаа улмаас болж чи бүү бувтна, учир нь тэдгээр нь чамд хийгээд дэлхийд өгөгдөөгүй нь ирэх цагт надад орших мэргэн ухаан бөлгөө” (Сургаал ба Гэрээ 25:4) хэмээн тайлбарласан байдаг.

Би ч мөн адил сэтгэлийнхээ угаас гарсан асуултууддаа хариулт авахыг эрэлхийлж байсан. Олон асуултын хариултыг авсан ч, заримынх нь хариултыг аваагүй.31 Биднийг Бурханы мэргэн ухаан, хайранд итгэн найдаж, зарлигуудыг нь сахиж, мэддэг зүйлдээ итгэж, найдвараа алдахгүй хэвээр байвал бүх зүйлийн үнэнийг илчлэх хүртлээ Тэр бидэнд амар амгаланг олоход тусална.32

Сургаал, бодлогыг ойлгох

Үнэнийг эрэлхийлэх нь сургаал, бодлого хоёрын ялгааг ойлгоход тусалдаг. Сургаал гэдэг нь Бурхан Тэргүүтний мөн чанар, авралын төлөвлөгөө, болон Есүс Христийн цагаатгагч золиослол гэх мэт мөнхийн үнэнийг хэлж байгаа юм. Бодлого гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан сургаалыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг хэлж байгаа юм. Бодлого нь Сүмийг эмх цэгцтэй удирдахад тусалдаг.

Сургаал хэзээ ч өөрчлөгддөггүй боловч бодлого үе үе өөрчлөгддөг. Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан ажиллаж, Өөрийн сургаалыг хэвээр авч үлдээдэг харин хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сүмийн бодлогыг өөрчилдөг.

Харамсалтай нь, бид заримдаа бодлого, сургаал хоёрыг нэг зүйл гэж андуурдаг. Хэрэв бид ялгааг нь ойлгохгүй бол бодлого өөрчлөгдөхөд бидний урам хугарах эрсдэлтэйгээс гадна зарим нь бүр Бурханы мэргэн ухаан хийгээд бошиглогчдын илчлэх үүрэгт ажилд эргэлзэж эхэлдэг.33

Мөнхийн үнэнийг заах

Бурханаас үнэнийг олж авах үед Тэрээр олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцахад биднийг урамшуулдаг.34 Бид ангид зааж, хүүхдийг залж чиглүүлэн, найз нөхөдтэйгөө сайн мэдээний үнэнүүдийн талаар ярилцахдаа, олж авсан үнэнүүдээ хуваалцаж байдаг.

Бидний зорилго бол Ариун Сүнсний хөрвүүлэгч хүчийг урих замаар үнэнийг заах явдал юм.35 Бидэнд тус болох Их Эзэн болон Түүний бошиглогчдын хэд хэдэн тодорхой энгийн урилгыг би хуваалцъя.36

  1. Бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хөрвүүлэхийн тулд Тэдэнд болон Тэдний үндсэн сургаал дээр төвлөр.37

  2. Судруудад болон хожмын үеийн бошиглогчдын сургаалд тулгуурла.38

  3. Эрх мэдэл бүхий олон гэрчээр дамжин үндэслэгдсэн сургаалд итгэж найд.39

  4. Таамаглал, хувийн үзэл бодол, дэлхийн үзэл санаанаас зайлсхий.40

  5. Сайн мэдээний үнэнүүдийн агуулгын хүрээнд сургаалын санааг заа.41

  6. Сүнсний нөлөөллийг урин авчирдаг заах арга барилыг ашигла.42

  7. Буруу ойлголт өгөхгүйн тулд тодорхой ярь.43

Үнэнийг хайраар ярих

Үнэнийг хэрхэн заах бидний арга барил үнэхээр чухал. Паул биднийг “үнэнийг хайраар” ярихад урамшуулсан (Ефес 4:14–15-ыг үзнэ үү). Үнэнийг Христийнхтэй адил хайраар хүргэх үед бусдыг адислах боломж хамгийн өндөр байдаг.44

Хайргүйгээр заасан үнэн нь шүүмжлүүлэх, урам хугарах, ганцаардах мэдрэмж төрүүлдэг. Энэ нь ихэвчлэн дургүйцэх, хагаралдах, тэр ч байтугай зөрчилдөхөд хүргэдэг. Нөгөөтээгүүр, үнэнгүй хайр нь хоосон хөндий бөгөөд үүнд өсөж хөгжих баталгаа үгүй.

Үнэн, хайр хоёр хоёулаа бидний сүнслэг өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй.45 Үнэн нь мөнх амьдралыг олж авахад шаардлагатай сургаал, зарчим, хуулиудыг өгдөг байхад үнэний талаар хайраар ярих нь үнэнийг хүлээн авч, түүний дагуу үйлдэх сэдлийг төрүүлдэг.

Надад мөнхийн үнэнийг хайраар тэвчээртэй зааж өгсөн хүмүүст би үүрд талархаж явдаг.

Дүгнэлт

Эцэст нь, сэтгэлийн минь зангуу болсон мөнхийн үнэнүүдээ би хуваалцъя. Би өнөөдрийн авч үзсэн зарчмуудыг дагаснаар эдгээр үнэний талаарх мэдлэгийг олж авсан.

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг гэдгийг би мэднэ.46 Тэр бүхнийг мэддэг,47 бүхнээс хүчтэй,48 бөгөөд төгс хайрладаг.49 Тэр бидэнд мөнх амьдралыг олж авах, Өөртэй нь адил болох төлөвлөгөөг өгсөн.50

Уг төлөвлөгөөний хүрээнд Тэр бидэнд туслахаар Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм.51 Тэр бидэнд Эцэгийн тааллын дагуу үйлдэж,52 нэг нэгнээ хайрлахыг заасан.53 Тэр бидний нүглийг цагаатгаж,54 Өөрийн амийг загалмай дээр өгсөн билээ.55 Тэр бол гурван өдрийн дараа үхэгдэгсдийн дундаас боссон.56 Христ болон Түүний ач ивээлээр бид амилуулагдаж,57 өршөөгдөж,58 зовлон бэрхшээл дунд хүч чадлыг олж чадна.59

Дэлхий дээр тохинуулж байхдаа Есүс Сүмээ байгуулсан.60 Цаг хугацаа өнгөрөхөд Түүний Сүм өөрчлөгдөж, үнэнүүд нь алдагдав.61 Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг болон сайн мэдээний тодорхой бөгөөд ариун нандин үнэнүүдийг сэргээсэн билээ.62 Харин өнөөдөр Христ амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан Сүмээ удирдсаар байгаа.63

Бид Христэд ирснээр эцэст нь“түүгээр төгөлдөржи[ж]” (Моронай 10:32), “баяр хөөрийн бүрэн байдлыг” (Сургаал ба Гэрээ 93:33) төдийгүй “Эцэгт байгаа бүх[нийг]” (Сургаал ба Гэрээ 84:38) хүлээн авах болно. Би эдгээр мөнхийн үнэнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Мөн Дуулал 117:2; Сургаал ба Гэрээ 1:39-ийг үзнэ үү.

  2. “Зарим хүн эргэлздэг ч зөв, буруу гэж үнэхээр байдаг. Туйлын үнэн буюу мөнхийн үнэн гэж үнэхээр байдаг. Хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хаанаас эрэлхийлэхээ мэдэхгүй байгаа нь бас нэгэн тахал болоод байна” (Рассэлл М.Нэлсон, “Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  3. Иосеф Смит—Матай 1:37-г үзнэ үү.

  4. Моронай 7:19-ийг үзнэ үү.

  5. 2 Нифай 1:9; Сургаал ба Гэрээ 17:8-ыг үзнэ үү.

  6. Иaков 7:8-ыг үзнэ үү.

  7. Дуулал 119:105; 2 Нифай 32:3-ыг үзнэ үү.

  8. Иохан 8:32; Сургаал ба Гэрээ 98:8-ыг үзнэ үү.

  9. Иохан 17:17-г үзнэ үү.

  10. 2 Нифай 31:20-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 88:11–13; 93:36-г үзнэ үү.

  12. Иохан 5:19–20; 7:16; 8:26; 18:37; Мосе 1:6-г үз.

  13. Алма 42:12–26; Сургаал ба Гэрээ 88:41-ыг үзнэ үү.

  14. Moсе 1:30–62-ыг үзнэ үү.

  15. 2 Нифай 26:24-ийг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 82:8-9

  17. Иохан 16:13; Иаков 4:13; Моронай 10:5; Сургаал ба Гэрээ 50:14; 75:10; 76:12; 91:4; 124:97-г үзнэ үү.)

  18. Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3-ыг үзнэ үү.

  19. Иеремиа 1:5, 7; Амос 3:7; Матай 28:16–20; Моронай 7:31; Сургаал ба Гэрээ 1:38; 21:1–6; 43:1–7-г үзнэ үү. Бошиглогч бол “Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас ирдэг зарлиг, бошиглол, илчлэлтүүдийг хүлээн авдаг. Түүний үүрэг хариуцлага бол Бурханы таалал, үнэн мөн чанарыг хүн төрөлхтөнд мэдүүлж, Бурханы тэдэнтэй харилцах харилцааны утга учрыг харуулах явдал мөн. Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагаврыг нь урьдчилан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсны номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг угтан хэлэхэд сүнслэгээр нөлөөлөгддөг. Гэвч түүний үндсэн үүрэг бол Христийн тухай гэрчлэх явдал юм. Дэлхий дээрх өнөөгийн бошиглогч бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч билээ. Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дэмжин батлагддаг” (Судруудын удирдамж, “Бошиглогч,” Gospel Library). Эдгээр зарчмын жишээг Адам (Moses 6:51–62-ыг үзнэ үү), Енох (Moses 6:26–36-г үзнэ үү), Ноа (Moses 8:19, 23–24-ийг үзнэ үү), Абрахам (Genesis 12:1–3; Abraham 2:8–9-ийг үзнэ үү), Мосе (Exodus 3:1–15; Moses 1:1–6, 25–26-г үзнэ үү), Петр (Matthew 16:13–19-ийг үзнэ үү), Иосеф Смит (Doctrine and Covenants 5:6–10; 20:2; 21:4–6-г үзнэ үү) нарын амьдралаас харж болно.

  20. 2 Тимот 3:16-г үзнэ үү.

  21. Иохан 8:44; 2 Нифайi 2:18; Сургаал ба Гэрээ 93:39; Мосе 4:4-ийг үзнэ үү.

  22. 1 Нифай 10:19-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бид үнэнийг эрэлхийлж, тухайн судалгаанд тохирсон эх сурвалжийг сонгохдоо анхааралтай байвал зохино. Бид дэлхийн нэр төр, эрх мэдлийг үнэний баталгаатай эх сурвалж хэмээн үзэх ёсгүй. … Бид шашин шүтлэгийн талаар үнэнийг эрэлхийлэхдээ залбирал, Ариун Сүнсний гэрч, судраас болон орчин үеийн бошиглогчдын үгсээс суралцах гэх мэт тухайн судалгаанд тохирсон сүнслэг арга барилыг ашиглах ёстой” хэмээн заасан (“Үнэн ба төлөвлөгөө,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25).

  23. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Төлөөлөгчид, бошиглогчид … Бeрханы үгийг тунхагладаг. Гэвч эрэгтэй эмэгтэй хүмүүс, бүр хүүхдүүд ч гэсэн залбирч, судраас судалсныхаа хариуд бурханлаг сүнслэг өдөөлтөөр сурч, удирдан чиглүүлэх боломжтой гэдэгт бид бас итгэдэг. Есүс Христийн СҮмийн гишүүдэд Сүнсний бэлэг өгөгддөг бөгөөд энэ Тэнгэрлэг Эцэгтэйгээ үргэлж харилцаж холбогдоход тусалдаг. Энэ нь гишүүн бүр Сүмийн өмнөөс ярьж, сургаалыг тодорхойлж болно гэсэн үг биш бөгөөд хүн бүр өөрсдийн амьдралд тохиох зовлон бэрхшээл, боломж бололцоотой холбоотой асуудлаа шийдвэрлэхдээ бурханлаг удирдамж зааврыг хүлээн авах боломжтой гэсэн үг юм” (“Христийн сургаал,” 2012 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 89–90, тэмдэглэл 2).

  24. 2 Нифай 2:1–2-ыг үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээ 1:28-ыг үзнэ үү.

  26. Моронай 10:3–5; Сургаал ба Гэрээ 9:7–9; 84:85-ыг үзнэ үү.)

  27. Сургаал ба Гэрээ 5:35; 63:23; 93:27–28-ыг үзнэ үү. Сэтгэлээсээ хичээсэн ч бидний зарим нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаасаа болж Сүнсийг мэдэрч чадахгүй байж болох юм. Сэтгэлийн хямрал, түгшүүр болон өөр бусад мэдрэлийн эмгэг нь Ариун Сүнсийг ялган таних явцыг хүндрүүлдэг. Ийм тохиолдолд Их Эзэн биднийг сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрахад урсан ба Тэр биднийг адисална (Мозая 2:41-ийг үзнэ үү). Бид Сүнсний үр жимсийг мэдэрч (Галат 5:22–23-ыг үзнэ үү), Бурхантай харилцах харилцааг маань бэхжүүлэхэд туслах ариун нандин хөгжим сонсох, үйлчлэлд оролцох эсвэл байгальд цагийг өнгөрөөх зэрэг нэмэлт үйл ажиллагааг хийж болно.

    Ахлагч Жэффри Р.Холланд ийн илэрхийлэн. “Та эсвэл таны хайртай хүмүүс сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орвол та хэрхэн хандах вэ? Юуны түрүүнд таны ойлгож чадахаас ч илүүгээр таныг хайрладаг Тэнгэр дэх Эцэгтээ итгэх итгэлээ хэзээ ч бүү алд. Таны амьдралд Их Эзэний Сүнсийг авчирдаг бөгөөд цаг хугацааны туршид шалгарсан шашны үйлээ итгэлтэйгээр дагаарай. Өөрийн тань сүнслэг сайн сайхны төлөө түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээс та зөвлөгөө ав. Санваарын адислалуудыг эрэлхийлж, нандигнан хайрла. Ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж, Есүс Христийн Цагаатгалын төгс амлалтуудаас зууран барь. Гайхамшгуудад итгэ. Аль ч талаас харсан итгэх зүйл үйлдсэнгүй гэж байсан ч олон гайхамшиг тохиож байхыг би харж байсан. Найдвар хэзээ ч тасардаггүй” (“Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49-ийг үзнэ үү.)

  28. Иохан 7:17; Алма 32:26–34-ийг үзнэ үү. Эцсийн эцэст Бурхан биднээс бүх зүйлийг ухамсарладаг болтлоо “шат шатаар, дүрэм дүрмээр” үнэнийг олж хүлээн аваасай хэмээн хүсдэг (Сургаалт үгс 28:5; 2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 88:67; 93:28-ыг үзнэ үү).

  29. 1 Иохан 1:9–10; 2:1–2-ыг үзнэ үү.

  30. Ерөнхийлөгч Нэлсон ийн тайлбарласан. “Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг” (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

  31. Бурхан ямар учраас зарим мөнхийн үнэнийг бидэнд өгөөгүй бүх шалтгааныг би мэдэхгүй ч ахлагч Орсон Ф.Витни нэгэн сонирхолтой санааг хуваалцсан байдаг. “Үзэхгүйгээр итгэх нь ерөөлтэй еэ. Учир нь итгэлээ хэрэгжүүлснээр сүнслэг өсөлт хөгжил ирдэг ба энэ нь хүмүүний дэлхий дээрх оршихуйн агуу зорилгуудын нэг юм. Харин мэдлэг нь итгэлийг үгүй хийснээр итгэлийг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэн, өсөлт хөгжлийг чөдөрлөдөг. ‘Мэдлэг бол хүч’ бөгөөд бүх зүйл цаг нь болохоор мэдэгдэх нь гарцаагүй. Гэвч болоогүй байхад өгөгдсөн мэдлэг буюу буруу цагт олж мэдэх нь хөгжил дэвшил, аз жаргал хоёрын аль алиныг мөхөөх тавилантай” (“The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 222; мөн Liahona, Dec. 2003-ыг үзнэ үү).

  32. Сургаал ба Гэрээ 76:5–10-ыг үзнэ үү. Их Эзэн мөн Хайрум Смитэд зөвлөсөнчлөн “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл. … Дуугүй бай; … миний үгийг судал” (Сургаал ба Гэрээ 11:21–22). Бошиглогч Алма хариулт байхгүй асуултыг шийдвэрлэх нэгэн жишээг өгсөн. “Эдүгээ эдгээр нууцууд надад хараахан бүрэн дүүрэн мэдүүлэгдээгүй байна; тиймийн тул би түдгэлзэх болно” (Алма 37:11). Тэр мөн өөрийн хүү Кориантонд “Бурханаас өөрөөс нь бусад хэн ч үл мэдэх хадгалагдсан олон нууц байдаг” болохыг тайлбарласан (Алма 40:3). Би мөн хариулт байхгүй асуулттай тулгарахад өгсөн Нифайн хариултаас урам зориг авсан: ‘Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” (1 Нифай 11:17).

  33. Үүнтэй адил уламжлалт ёс заншил бол сургаал эсвэл бодлого биш юм. Тэдгээр нь сургаал, бодлогыг дагахад тусалдаг бол тустай байна. Харин үнэн зарчмууд дээр суурилагдаагүй бол тэдгээр нь бидний сүнслэг өсөлт хөгжлийг гацаах нь бий. Бид Есүс Христэд итгэх итгэлийг маань хөгжүүлдэггүй буюу мөнх амьдрал өөд өсөн дэвжихэд тусалдаггүй ёс уламжлалуудаас зайлсхийвэл зохино.

  34. Сургаал ба Гэрээ 15:5; 88:77–78-ыг үзнэ үү.

  35. Сургаал ба Гэрээ 50:21–23-ыг үзнэ үү.

  36. 2023 оны 2-р сард Тэргүүн зөвлөлийн баталсан “Principles for Ensuring Doctrinal Purity” материалаас авав.

  37. 1 Нифай 15:14-ийг үзнэ үү. Их Эзэн үйлчлэгчдэдээ Өөрийнх нь сайн мэдээний төвд байдаггүй зарчим, үзэл баримтлалд төвлөрөхөөс зайлсхийхийг ийн зааварлажээ. “Мөн шашны сургаалын талаар чи бүү ярь, харин чи наманчлал хийгээд Аврагчид итгэх итгэл, мөн баптисмаар хийгээд галаар, тийм ээ, бүр Ариун Сүнсээр ирэх нүглүүдийн ангижралыг тунхаглах ёстой” (Сургаал ба Гэрээ 19:31).

    Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Шүтэн бишрэх үйл ажиллагаандаа Аврагч Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолын бэлэгт анхаарлаа хандуулцгаая. Энэ нь бид өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцах эсвэл бусдын санаа бодлыг хуваалцах боломжгүй гэсэн үг биш юм. Ярилцах сэдэв маань гэр бүл, үйлчлэлийн тухай эсвэл ариун сүм юм уу саяхны номлолын үйлчлэлийн тухай байж болох ч … бүх зүйл Их Эзэн Есүс Христ рүү хандах ёстой“ гэж тайлбарлажээ (“Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–90).

  38. Сургаал ба гэрээ 28:2–3, 8-ыг үзнэ үү. Бошиглогч Алма сайн мэдээг номлохоор томилогдсон хүмүүст “өөрийнх нь заасан, мөн ариун бошиглогчдын амаар яригдсанаас өөр юуг ч тэд заах ёсгүй” (Мозая 18:19) гэж сануулсан.

    Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Бид Сүмийн үндсэн сургаалуудыг жишиг материал, сургаалыг тунхаглах үүрэгтэй бошиглогчдын сургаалд агуулагдсанаар заах ёстой” гэж тунхагласан (“The Lord Will Multiply the Harvest” [evening with a General Authority, Feb. 6, 1998], in Teaching Seminary: Preservice Readings [2004], 96).

    Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Бид ч бас өөрсдийн ойлголт, мэдлэгийг тэлэх эрдэм мэдлэгийг үнэлдэг. Гэхдээ Сүмд өнөөдөр яг л эрт үеийнхтэй адил, Христийн сургаалыг тодотгож эсвэл сургаалын зөрчилтэй байдлыг залруулах явдал нь төлөөлөгчийн эрх мэдлийг Их Эзэнээс хүлээн авсан хүмүүст ирдэг бурханлаг илчлэлтээр шийдэгддэг” хэмээн хэлжээ (“Христийн сургаал,” 93).

  39. 2 Коринт 13:1; 2 Нифай 11:3; Ифер 5:4; Сургаал ба Гэрээ 6:28-ыг үзнэ үү. Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Хэдэн арван жилийн өмнө Сүмийн нэг удирдагчийн хэлсэн үг манай Сүмийн сургаалтай нийцэхгүй байгаа юм шиг санагдсан үед цөөхөн хүн өөрсдийн итгэлд эргэлзсэн явдал бий. Сүмийн сургаалд удирдлага болгодог нэг чухал зарчим байдаг. Аль нэг сургаалыг Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын 15 гишүүн бүгд адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй. Үнэн зарчмуудыг олон удаа, олон хүн заадаг. Манай Сүмийн сургаалыг олж үзэх нь ямар ч төвөггүй юм” гэж ажигласан байдаг (“Итгэлийн тань сорилт,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).

    Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Сүмийн өнгөрсөн болон орчин үеийн удирдагчийн хэлсэн үг болгоныг сургаал гэж үзэх ёстой биш гэдгийг бас санах хэрэгтэй. Нэгэн удирдагчийн нэг удаа хэлсэн үг өөрийнх нь хувийн, тунгаан бодсон үзэл бодлыг л илэрхийлдэг болохоос, бүхэл Сүмийн хувьд албан ёсны зүйл биш гэдгийг Сүмийн гишүүд ойлгодог” гэж заажээ (“Христийн сургаал,” 88).

  40. 3 Нифай 11:32, 40-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Христийн сургаалыг заахдаа цэвэр ариун байлгах нь чухал болох талаар би өмнө нь ярьж байсан. … Би энэ талаар санаа зовдог. Сургаалыг заахдаа бага ч гэсэн өөрчилж хазайх нь асар том, хилэнцэт худал хуурмаг зүйлд хүргэдэг” гэжээ (Гордон Б.Хинклигийн сургаал [1997], 620).

    Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бошиглогчийн сургаалаас хэдхэн өгүүлбэрийг сонгон авч, улс төрийн эсвэл өөр бусад хувийн зорилгодоо ашигладаг хүмүүс байдаг. … Бошиглогчийн үгсийг хувийн, улс төрийн, санхүүгийн болон өөр бусад зорилгодоо гуйвуулан ашиглах нь бошиглогчийг дагах биш харин түүнийг хүссэн зорилгодоо ашиглаж байгаа хэрэг юм” гэж анхааруулсан (“Our Strengths Can Become Our Downfall” [Brigham Young University devotional, 1992 оны 6-р сарын 7], 7, speeches.byu.edu).

    Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн сэрэмжлүүлжээ. “Сургаалын үнэн нь Ариун Сүнс баталсан үед хүчтэй болдог. Бидэнд Ариун Сүнс хэрэгтэй учраас үнэн сургаалыг гажуудуулж заахаас болгоомжлон сэрэмжлэх ёстой. Ариун Сүнс бол үнэний Сүнс юм. Бид таамаглахаас эсвэл хувийн санаа бодлоороо тайлбарлахаас зайлсхийснээр Ариун Сүнсний баталгааг урьж чадна. Ингэх нь хэцүү байж мэднэ. … Шинэ эсвэл шуугиан дэгдээсэн ямар нэг зүйлийг оролдож үзэх нь сонирхолтой санагдах нь ч бий. Гэхдээ бид үнэн сургаалыг заахдаа анхаарал болгоомжтой байвал Ариун Сүнсийг хамтрагчаа болгон урьж чадна. Хуурамч сургаалд ойртохоос зайлсхийх хамгийн баттай арга замуудын нэг бол заадаг зүйлээ энгийн байлгах явдал юм. Ийнхүү энгийн байлгасны үр дүнд аюулгүй байдал ирдэг бөгөөд үүнээс алдах зүйл бага” (“The Power of Teaching Doctrine,” Liahona, July 1999).

    Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Илүү их ойлголтыг хайх нь сүнслэг өсөлт хөгжлийн чухал хэсэг мөн ч гэсэн бид болгоомжтой байх хэрэгтэй. Учир шалтгаан нь илчлэлтийг орлож чадахгүй. Онолын учир шалтгаан нь биднийг агуу сүнслэг мэдлэг рүү хөтөлдөггүй. Харин энэ нь хууран мэхлэгдэхэд хүргэж эсвэл бидний анхаарлыг илчлэгдсэн зүйлээс холдуулдаг” гэж заасан (“Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70).

  41. Матай 23:23-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит ийн сэрэмжлүүлжээ. “Үнэний нэгхэн хэсгийг авч, түүнийгээ бүхэл үнэн мэтээр үзэх нь мунхаг хэрэг. … Христийн сайн мэдээний илчлэгдсэн бүх зарчим авралын төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай бөгөөд амин чухал юм.” Тэрээр цааш нь “Тэдгээрийн аль нэгийг нь авч, сайн мэдээний үнэний төлөвлөгөөнөөс салгаж, онцгой хоббигоо болгож; өөрсдийн аврал, хөгжил дэвшлийг түүн дээр тулгуурлах нь сайн бодлого ч биш, оновчтой сургаал ч биш юм. … Тэдгээр нь бүгд байх шаардлагатай” гэж тайлбарласан (Gospel Doctrine, 5th edition [1939], 122).

    Ахлагч Нийл А.Максвэлл: “Сайн мэдээний зарчмуудыг … нэгэн зэрэг дагах шаардлагатай. Нэгийг нь нөгөөхөөс нь салгаж, тус тусад нь дагавал тэдгээр сургаалыг хүмүүс хэрхэн тайлбарлаж, хэрэгжүүлэхийг таамаглахын аргагүй. Хайр долоо дахь зарлигаар хязгаарлагдахгүй бол махан биеийн хайр болж болно. Тав дахь зарлиг эцэг эхээ хүндлэхийг онцолсон байдаг нь магтууштай ч эхний зарлигаар хязгаарлагдахгүй бол үр дүнд нь Бурханд бус эгэл эцэг эхдээ л үг хэлгүй үнэнч байх талаар байх болно. … Тэвчээрийг хүртэл ‘Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмж[лэн]’ тэнцвэржүүл [Сургаал ба Гэрээ 121:43]” (“Behold, the Enemy Is Combined,” Ensign, 1993 оны 5-р сар,

    Ерөнхийлөгч Марион Г.Ромни ийн тайлбарласан: “Есүсийн зарлигласнаар тэдний заадаг зүйлсийн талаар олж мэдэхээр [судруудаас] судлах нь урьдаас гаргасан хариуг батлахаар хэрэгжүүлж болох захиаснуудыг судалж хайхаас тэс өөр юм.” (“Records of Great Worth,” Ensign, Sept. 1980, 3).

  42. 1 Коринт 2:4; Моронай 7:9-ийг үзнэ үү. Ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн сайн мэдээг Ариун Сүнсний хүчээр дамжуулан сүнслэгээр сэнхрүүлэх арга замаар хүргэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байдаг. “Их Эзэний Сүмийнхэнд сайн мэдээг ‘Үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номло’ хэмээх зөвлөгөөнөөс өөр ийм тод томруун илэрхийлсэн зөвлөгөө үгүй. Тэр бид сайн мэдээг ‘үнэний Сүнсээр’ зааж байна уу? аль эсвэл ‘ямар нэг өөр замаар зааж’ байна уу хэмээн асуугаад, ‘Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой’ (Cургаал ба Гэрээ 50:14) хэмээн хэлсэн. Мөнхийн сурах үйл явц нь тэнгэрээс ирэх Сүнсний хүчээр ойлгохгүйгээр улиран тохиох боломжгүй юм. … Манай гишүүд үнэндээ үүнийг л хүсдэг. … Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо, тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26) хэмээн заасан.

  43. Алма 13:23-ыг үзнэ үү. Бошиглогч Рассэлл М.Нэлсон Тэнгэрлэг Эцэгийн талаар ярихдаа “Тэрээр буруу ташаа ойлгохын аргагүй энгийн, намуухан бөгөөд маш тодорхой байдлаар ярьдаг” гэж гэрчилсэн (“Түүнийг Сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89).

  44. Дуулал 26:3; Ром 13:10; 1 Коринт 13:1–8; 1 Иохан 3:18-ыг үзнэ үү.

  45. Дуулал 40:11-ийг үзнэ үү.

  46. Ром 8:16-г үзнэ үү.

  47. 1 Самуел 2:3; Матай 6:8; 2 Нифай 2:24; 9:20-ийг үзнэ үү

  48. Эхлэл 17:1; Иеремиа 32:17; 1 Нифай 7:12; Алма 26:35-ыг үзнэ үү.

  49. Иеремиа 31:3; 1 Иохан 4:7–10; Алма 26:37-г үзнэ үү.

  50. 2 Нифай 9; Сургаал ба Гэрээ 93:17–31; Мосе 6:52–62-ыг үзнэ үү.

  51. Иохан 3:16; 1 Иохан 4:9–10-ыг үзнэ үү.

  52. Иохан 8:29; 3 Нифай 27:13-ыг үзнэ үү.

  53. Иохан 15:12; 1 Нифай 3:11-ийг үзнэ үү.

  54. Лук 22:39–46-г үзнэ үү.

  55. Иохан 19:16–30-ыг үзнэ үү.

  56. Иохан 20:1–18-ыг үзнэ үү.

  57. 1 Коринт 15:20–22; Мозая 15:20–24; 16:7–9; Сургаал ба Гэрээ 76:16–17-г үзнэ үү.

  58. Үйлс 11:17–18; 1 Тимот 1:14–16; Алма 34:8–10; Моронай 6:2–3, 8; Сургаал ба Гэрээ 19:13–19-ийг үзнэ үү.

  59. Матай 11:28–30; 2 Коринт 12:7–10; Филиппой 4:13; Алма 26:11–13-ыг үзнэ үү.

  60. Матай 16:18–19; Ефес 2:20-ийг үзнэ үү.

  61. Матай 24:24; Үйлс 20:28–30-ыг үзнэ үү.

  62. Сургаал ба Гэрээ 1:1–4; 21:1–7; 27:12; 110; 135:3; Иосеф Смит—Түүх 1:1–20-ийг үзнэ үү.

  63. Сургаал ба Гэрээ 13:14, 38; 43:1–7; 107:91–92-ыг үзнэ үү.)