2023
Сүр жавхлангийн хаант улсууд
2023 оны 11-р сар


16:13

Сүр жавхлангийн хаант улсууд

Бидэнд хүсэл, сонголтынхоо дагуу авч болох бүхий л адислал, давуу талыг өгөхөд бэлэн хайрт Тэнгэрлэг Эцэг бий.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдээс “Танай Сүм бусад Христийн шашны сүмээс юугаараа өөр вэ?” гэж байнга асуудаг. Бидний өгдөг хариултууд дунд Есүс Христийн сургаалын бүрэн байдал гэсэн хариулт бий. Энэхүү сургаалын хамгийн чухал нь бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ асар ихээр хайрладаг тул бүх хүүхдээ сүр жавхлангийн хаант улсад мөнхөд амьдраасай хэмээн хүсдэг нь бодит үнэн юм. Түүнээс гадна Тэр биднийг Өөртэйгөө болон Өөрийн Хүү Есүс Христтэй хамт үүрд мөнх амьдраасай хэмээн хүсдэг. Түүний төлөвлөгөө бидэнд хувь заяандаа хүрч, сонгосон амьдралаараа амьдрах баталгааг өгдөг сургаал мөн сонголт хийх боломжийг олгосон.

I.

Дэлхий дээр амьдарч буй бүх хүний эцсийн хувь заяа бол зөв шударга хүмүүст зориулсан диваажин, бусдад нь зориулсан тамын мөнхийн зовлонгийн талаарх бүрэн бус ойлголт биш юм гэдгийг бид орчин үеийн илчлэлтээс мэдэж авсан. Бурханы хүүхдүүддээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөнд “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий”1 хэмээн бидний Аврагч Есүс Христийн заасан бодит үнэн багтдаг.

Сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн илчлэгдсэн сургаал нь Бурханы бүх хүүхэд (маш цөөн онцгой хэдэн тохиолдлыг эс тооцвол) эцэст нь сүр жавхлангийн гурван хаант улсын аль нэгийг нь өвлөх бөгөөд үүнээс хамгийн доод нь ч гэсэн “бүх ойлголтоос давж гарсан”2 хэмээн заадаг. Дуулгаваргүй хүмүүсийн нүглийнхээ төлөө зовж шаналан өнгөрүүлэх хугацаа нь тэднийг дараагийн алхамд бэлтгэдэг бөгөөд үүний дараа бүгд амилан, Эзэн Есүс Христийн Эцсийн шүүлтээр орно. Тэнд бидэнд зааснаар хайрт Аврагч маань “Эцэгийг алдаршуулж мөн … түүний гарын бүх ажлыг тэрээр авар[ч]”3, Бурханы бүх хүүхдийг сонголтоороо харуулсан хүслийнх нь дагуу тэдгээр сүр жавхлангийн хаант улсын аль нэгэнд илгээнэ.

Сэргээгдсэн Сүмийн өөр нэг өвөрмөц сургаал, зан үйл бол Бурханы бүх хүүхдэд селестиел хаант улсад сүр жавхлангийн хамгийн дээд зэрэглэлд орох шаардлагыг хангах ариун нандин давуу эрхийг санал болгодог илчлэгдсэн зарлиг, гэрээнүүд юм. Тэрхүү хамгийн дээд түвшинд хүрэх буюу селестиел хаант улсад өргөмжлөгдөх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гол зорилго юм.

Хожмын үеийн гэгээнтнүүд Бурханы хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөний талаарх энэ өвөрмөц ойлголтыг орчин үеийн илчлэлтээр хүлээн авсан. Тэрхүү төлөвлөгөө нь төрөхийн өмнөх бидний сүнсний амьдралаар эхэлдэг бөгөөд мөнх бус амьдрал дахь бидний сонгосон аяллын болон үүний дараах бидний очихыг хүссэн газрын зорилго, нөхцөлүүдийг илчилдэг.

II.

Орчин үеийн илчлэлтээс бид “бүх хаант улс өгөгдсөн хуультай”4, Эцсийн шүүлтээр бидний хүлээн авах сүр жавхлангийн хаант улс нь мөнх бус амьдралынхаа аян замд дагахаар сонгосон хуулиудын дагуу тодорхойлогддог гэдгийг мэднэ. Энэхүү хайраар дүүрэн төлөвлөгөөний дагуу олон хаант улс буюу олон орон байр байгаа бөгөөд Бурханы бүх хүүхэд хуулиудыг нь хангалттай “дагаж” чадах сүр жавхлангийн хаант улсаа өвлөн авах юм.

Бид Эцэгийн төлөвлөгөөн дэх гурван хаант улс бүрийн мөн чанар, тавигддаг шаардлагуудыг тайлбарлахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр дамжуулан Бурханы илчилсэн тэнгэрлэг зарлиг, ёслолуудын төвд байдаг хамгийн дээд түвшнээс нь эхэлдэг. “Селестиел” сүр жавхланд5 гурван зэрэглэл5 байдаг бөгөөд үүний хамгийн дээд нь селестиел хаант улсад өргөмжлөгдөх явдал юм. Энэ бол “түүний бүрэн байдлыг, мөн түүний сүр жавхланг хүлээн авсан” тул “бурхад, бүр Бурханы хөвгүүд [болон охид]”7 болох тэд “Бурхан хийгээд түүний Христийн дэргэд үүрд мөн мөнхөд орших”8 тэрхүү газар юм. Илчлэлтээр дамжуулан Бурхан энэхүү тэнгэрлэг чадавхад хүрэхэд шаардагдах бурханлаг зан чанарыг хөгжүүлэхийн тулд дагаж мөрдөх ёстой мөнхийн хууль, ёслол, гэрээнүүдийг илчилсэн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм эдгээрт анхаардаг. Учир нь энэхүү сэргээгдсэн Сүмийн зорилго бол Бурханы хүүхдүүдийг селестиел сүр жавхлан дахь авралд, тэр тусмаа хамгийн дээд зэрэгт өргөмжлөгдөхөд бэлтгэх явдал юм.

Мөнхийн үнэн дээр үндэслэгдсэн Бурханы төлөвлөгөөний дагуу зөвхөн ариун сүмд үйлдсэн мөнхийн гэрлэлтийнхээ гэрээнд үнэнч байж чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс л өргөмжлөлд хүрэх боломжтой9 бөгөөд энэ гэрлэлтийг эцэст нь бүх итгэлтэй хүмүүс үйлдэх боломжтой. Тиймээс бид “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм”10 хэмээн заадаг.

Өргөмжлөлд бэлтгэхэд бидэнд туслах онцгой үнэ цэнтэй сургаал бол 1995 онд гарсан гэр бүлийн тунхаг билээ.11 Энэхүү тунхаглалд Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христтэй хамт амьдрахад биднийг бэлтгэдэг шаардлагуудыг тодорхой болгосон байдаг. Эцэгийн хүүхдүүддээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөг бүрэн ойлгодоггүй хүмүүс энэхүү гэр бүлийн тунхгийг өөрчлөх боломжтой жирийн нэг мэдэгдэл гэж үзэж магадгүй. Харин бид хөдөлшгүй сургаал дээр суурилсан энэхүү гэр бүлийн тунхаг нь бидний мөнхийн өсөлт хөгжлийн хамгийн чухал хэсэг тохиож болох мөнх бус гэр бүлийн харилцааг тодорхойлдгийг баталж байна.

Төлөөлөгч Паул сүр жавхлангийн гурван зэрэглэлийг нар, сар, оддын12 сүр жавхлантай зүйрлэсэн байдаг ба хамгийн дээд сүр жавхланг нь “селестиел,” удаахыг нь “террестриел”13 гэж нэрлэсэн байна. Тэрээр хамгийн доод зэрэглэлийг нь нэрлээгүй ч Иосеф Смитэд өгсөн илчлэлт “телестиел” 14 хэмээх нэрийг нэмж оруулсан. Өөр нэгэн илчлэлт мөн сүр жавхлангийн хаант улс тус бүрд орох хүмүүсийн мөн чанарыг дүрсэлсэн байдаг. “Селестиел хаант улсын хуулийг мөрд[өөгүй]”15 хүмүүс селестиелээс бага боловч дагахаар сонгосон, хангалттай “дагаж” болох хуулиудад нь тохирсон өөр сүр жавхлангийн хаант улсыг өвлөн авна. Сударт нийтлэг гардаг abide гэх үг нь найдвартай байр суурь эзэлнэ гэсэн утгатай.16 Жишээлбэл: Террестиел хаант улс буюу түгээмэл ойлголттой харьцуулбал диваажинтай дүйцэх газар дахь хүмүүс нь “Эцэгийн бүрэн байдлыг бус, харин Хүүгийн сүр жавхланг хүлээн авсан тэд юм.”17 Тэд “хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн”18 боловч “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш”19 хүмүүс юм.

Сүр жавхлангийн хаант улсуудын хамгийн доод зэрэг болох телестиелд “террестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй”20 хүмүүс орохыг илчлэлтээр дүрсэлсэн байдаг. Энэ нь Аврагчийг хүлээн аваагүй, биеэ авч явахдаа бурханлаг хязгаарлалтыг дагадаггүй хүмүүсийг хэлж байгаа юм. Энэ нь нүглийнхээ зовлон шаналлыг амссаныхаа дараа ёс бус хүмүүсийн амьдардаг хаант улс юм. Тэдгээрийг орчин үеийн илчлэлтэд “Эдгээр нь Христийн сайн мэдээг ч, Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээн аваагүй тэд юм. …

Эдгээр нь худал хэлэгчид, мэрэг төлөгчид, мөн садарлагчид, мөн завхайрагчид, мөн худал хуурмагт дурладаг мөн тийн үйлддэг тэд юм”21 хэмээн дүрсэлсэн байдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бошиглолын үзэгдэлдээ сүр жавхлангийн гурван хаант улсын талаар ийн бичсэн: “Мөнх бус амьдралыг мөнх амьдралтай харьцуулах юм бол нано секунд ч хүрэхгүй. Гэхдээ энэ нь ямар чухал нано секунд билээ! Энэ нь ямар байдлаар өрнөдгийг сайтар бодож үзээрэй: Энэхүү мөнх бус амьдралынхаа туршид та селестиел хаант улсынх уу аль эсвэл террестиел эсвэл бүр телестиел хаант улсын хуулиудад дуулгавартай байх уу гэдгээ буюу аль сүр жавхлангийн хаант улсад үүрд амьдрахаа сонгох боломжтой. Ямар гайхалтай төлөвлөгөө вэ! Энэ бол таны сонгох эрхийг бүрэн хүндэтгэн авч үзсэн төлөвлөгөө юм.”22

III.

Төлөөлөгч Паул Их Эзэний сургаал, зарлигууд нь бид бүгд “Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүр[ч]”23 болох боломжийг олгохоор өгөгдсөн болохыг заасан. Тэрхүү үйл явцад мэдлэг олж авахаас хавьгүй олон зүйл шаардагддаг. Сайн мэдээнд итгэж үнэмших нь хангалтгүй бөгөөд бид үүгээр хөрвүүлэгдэх хэмжээнд үйлдэх ёстой. Бидэнд ямар нэг зүйлийг мэддэг болохыг заадаг өөр сургуулиудтай адилгүй нь Есүс Христийн сайн мэдээ биднийг хэн нэгэн болоход урьдаг.

Эдгээр сургаалаас бид ийм дүгнэлтэд хүрдэг: “Эцсийн шүүлт бол бидний үйлдсэн сайн, муу үйлсийн нийлбэрийн үнэлгээ төдий зүйл биш юм. Энэ нь бидний хэн болсон буюу үйлс, бодлын маань эцсийн үр дүн дээр тулгуурладаг. Бид хөрвөлт гэгч үйл явцаар дамжуулан мөнх амьдралын шалгуурт тэнцдэг. Энд хэрэглэснээр олон утга агуулгыг тээдэг энэ үг нь мөн чанарын гүн гүнзгий өөрчлөлтийг илэрхийлдэг. Хүмүүсийн хувьд зүгээр урсгалаараа явах нь хангалттай биш юм. Сайн мэдээний зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжид тушаах шаардлагатай орлогын жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэг биднийг ямар хүмүүс болохыг хүсдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм.”24

IV.

Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар бид энэ амьдралдаа алдаа гаргасан ч наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд өгөхийг хүсдэг зүйл рүү хөтлөх гэрээний замдаа дахин гарах боломжтой.

Мормоны Ном нь “энэ амьдрал бол [бид] Бурхантай уулзахаар бэлтгэх үе”25 хэмээн заадаг. Гэвч одоо Сургаал ба Гэрээ 138-р хэсэгт цэдэглэгдсэн, Их Эзэний ерөнхийлөгч Жосеф Ф.Смитэд өгсөн илчлэлтийн дагуу бол “энэ амьдралын” тэрхүү хүнд хэцүү хязгаарлалт нь (зарим хүний хувьд тодорхой хэмжээнд) найдлага төрүүлэх мэдээлэл агуулдаг. Бошиглогч: “Энэ эрин үеийн итгэлт ахлагчид, тэд мөнх бус амьдралаас хагацахдаа, Бурханы Төрсөн Ганц Хүүгийн золиослолоор дамжуулан харанхуйд байгаа тэд болон нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхийд нүглийн боолчлол дор буй тэдний дунд наманчлалын болон гэтэлгэлийн сайн мэдээг номлох хөдөлмөрөө үргэлжлүүлдэг болой.

Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно,

Мөн тэд зөрчлийнхөө цээрлэлийг төлсний, мөн угаагдан цэвэршсэний дараа, ажлуудынхаа дагуу шагналаа хүлээн авах болно, учир нь тэд авралыг өвлөгчид бөлгөө”26 хэмээн бичжээ.

Үүнээс гадна, мянган жил буюу Аврагчийн Хоёр дахь ирэлтийн дараах мянган жил нь мөнх бус амьдралдаа авсан байх шаардлагатай ёслолуудыг хүлээн авч чадаагүй хүмүүст зориулан тэдгээрийг үйлдэх цаг байх болно гэдгийг бид мэднэ.27

Авралын төлөвлөгөөний гурван гол үе болох (1) мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхий, (2) мөнх бус байдал, (3) мөнх бус амьдралын дараах амьдралын талаар мөн тэдгээрийн хоорондын уялдаа холбооны тухай мэдэхгүй зүйл бидэнд их бий. Гэхдээ бид “Аврал хувь хүмүүсийнх, харин өргөмжлөл гэр бүлийнх байдаг”28 хэмээх эдгээр мөнхийн үнэнийг мэднэ. Бидэнд хүсэл, сонголтынхоо дагуу авч болох бүхий л адислал, давуу талыг өгөхөд бэлэн хайрт Тэнгэрлэг Эцэг бий. Тэр мөн хэнийг ч хүсээгүй байхад нь лацдан холбох харилцаанд оруулахыг хүчлэхгүй гэдгийг бид мэднэ. Лацдан холбогдсон харилцаанаас ирэх адислалуудыг гэрээгээ сахидаг бүх хүн баттай авах ч үүний төлөө зохисгүй, бэлэн бус хүнтэй хүчээр лацдан холбогдох шаардлагагүй.

Хайрт ах, эгч нар аа, би эдгээр зүйлийн үнэнийг гэрчилж байна. Би “итгэлийн [маань] үүсгэгч мөн төгсгөгч”29 бидний Их Эзэн Есүс Христийг гэрчилж байна. Түүний Цагаатгал Тэнгэр дэх Эцэгийн маань төлөвлөгөөний дагуу бүхнийг боломжтой болгодог. Есүс Христийн нэрээр, амен