“Ахлагч Алэксандр Душку,” Лиахона, 2023 оны 11-р сар.
Ахлагч Алэксандр Душку
Далын ерөнхий эрх мэдэлтэн
1964 онд ахлагч Алэксандр Душкугийн эцэг эх Нью-Йорк хотод болсон дэлхийн үзэсгэлэн яармагт зочлон оролцсоныхоо дараа АНУ-ын Массачусэттс мужийн Бостон дахь Сүмийн салбарт нэгджээ. Аав нь уг үзэсгэлэнгийн үеэр Сүмийн ивээн тэтгэсэн асарт сайн мэдээний талаар сурсан зүйлдээ сүнслэгээр өдөөгдөж, номлогчдыг өөрт нь болон удахгүй гэрлэх эхнэрт нь хичээл заахад урьжээ.
Ахлагч Душкуг төрөхөд эцэг эх нь Сүмийн шинэхэн гишүүд байсан ч тэрээр номлолд үйлчлэх болно гэдгээ үргэлж мэддэг байжээ.
1986-1988 онд Португалын Лисбон номлолд үйлчилсэн ахлагч Душку “Би номлолд гарснаар энэ ажлын сүр жавхланг, мөн энэ нь хэчнээн хүчтэй болохыг үнэхээр ойлгож эхэлсэн” гэж хуваалцсан. Тэр “уг туршлага Бурханы хаант улс, үүний учир утгын талаарх ойлголтын мэлмийг минь бүрэн нээсэн” гэв.
Ахлагч Душку Сүмийн гишүүд дэлхийд өөрчлөлт гаргах асар их чадавхтай гэдэгт итгэдэг.
“Бид тоогоор цөөн ч, ойлголт гүнзгий мөн хүчирхэг хүмүүс. Бид Христийн гараас хөтлөн алхдаг. Тэгээд бид дараа нь бие биедээ гараа сунгадаг. Бид бусдыг өргөж, хүчирхэгжүүлэх Их Эзэний мутар, дуу хоолой болдог” гэж тэр хуваалцлаа.
Александр Душку 1966 оны 11-р сарын 17-нд АНУ-ын Калифорниа мужийн Фэйрфийлд хотод Николас, Донна Лий Душку нарын гэр бүлд мэндэлжээ. Ахлагч Душку 1988 онд Солт Лэйкийн ариун сүмд Жэннифэр Бөрнхэмтэй гэрлэсэн. Тэд найман хүүхэд, есөн ач зээтэй.
Ахлагч Душку 1990 онд Бригам Янгийн Их Сургуулийг эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр 1993 онд БЯИС-ийн Ж.Рүбэн Кларкийн хуулийн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэр үндэсний нийтийн ашиг сонирхлын хуулийн компани, АНУ-ын Долоодугаар тойргийн давж заалдах шатны шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хамгийн сүүлд Солт Лэйк Сити дэх Киртон Макконки хуулийн фирмд орж АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлт, шашны эрх чөлөө дээр түлхүү анхаарал хандуулан ажиллажээ.
Ахлагч Душку дуудагдах үедээ гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэр өмнө нь бишоп, дээд зөвлөлийн гишүүн, бишопын зөвлөлийн гишүүн, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.