2023
Аравны нэг: Тэнгэрийн цонхыг нээх нь
2023 оны 11-р сар


14:12

Аравны нэг: Тэнгэрийн цонхыг нээх нь

Тэнгэрийн цонх олон арга замаар нээгддэг. Их Эзэний цаг хугацаанд итгэ; адислалууд үргэлж ирдэг.

Саяхан намайг Өмнөд Америкт байх үед Венесуэлээс ирсэн Рожэр Парра ах надтай дараах түүхийг хуваалцсан юм. Тэрээр:

“2019 онд Венесуэлд цаг үеийн нөхцөл байдал хүндэрсний улмаас таван өдрийн турш цахилгаан тасарсан юм.

Үймээн самуун, эмх замбараагүй байдал гудамжаар дүүрч, эмзэг давхаргын олон хүн хоол хүнсний дутагдалд орсон байлаа.

Зарим нь хоолны газруудыг тонон дээрэмдэж эхлэн, замдаа таарсан бүгдийг сүйтгэж байв.

Талх, нарийн боовны жижигхэн газрын эзний хувьд би бизнестээ ихэд санаа зовж байлаа. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст нарийн боовны газарт байгаа бүх хүнсээ тарааж өгөхөөр бид гэр бүлээрээ шийдэв.

Нэгэн маш харанхуй шөнө үймээн дэгдээгчид хаа сайгүй байлаа. Миний цор ганц санаа зовж байсан зүйл бол хайртай эхнэр, хүүхдүүдийн минь аюулгүй байдал байв.

Гэгээ ороход би талхны газар луугаа очлоо. Харамсалтай нь ойр хавийн хоолны бизнес болгоныг тонуулчид сүйтгэсэн байв. Гэхдээ намайг гайхшируулсан зүйл нь манай талхны газар яагаа ч үгүй байсан юм. Бүх зүйл бүрэн бүтэн байлаа. Би Тэнгэрлэг Эцэгтээ даруухнаар талархав.

Би гэртээ ирээд гэрийнхэндээ Бурханы адислал, хамгаалалтын талаар хэлэхэд,

тэд ямар их талархсан гээч!

Дөнгөж 12 настай миний том хүү Рохэлио: ‘Аав аа! Манай дэлгүүр яагаад хамгаалагдсаныг би мэднэ. Ээж та хоёр аравны нэгээ үргэлж төлдөг болохоор’ гэсэн юм.”

Парра ах цааш нь “Миний санаанд Малахигийн ‘Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй’ [Малахи 3:11] гэсэн үгс орж ирсэн. Бид өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгтээ гайхамшгийнх нь төлөө талархал илэрхийлсэн” хэмээн тэр түүхээ дуусгасан юм.1

Парра гэр бүл

Намайг одоо үүгээр шалга

Бидэнд байгаа бүх зүйл, мөн бид бүгд Бурханаас ирсэн билээ. Христийн шавийн хувьд бид эдгээр бэлгийг эргэн тойрныхоо хүмүүстэй өөрсдийн хүслээр хуваалцдаг.

Их Эзэн бидэнд өгсөн бүхнийхээ хариуд Түүнд болон дэлхий дээрх Түүний хаант улсад өөрсдийн орлогын 10 хувийг буцаан өгөхийг биднээс хүсдэг билээ. Бид аравны нэгээ шударгаар төлөх үед Тэр “тэнгэрийн цонхыг нээж … ивээлийг хальтал асгах … болно” хэмээн амласан.2 Тэр биднийг хилэнцтээс хамгаална хэмээн амласан.3 Эдгээр амлалт нь маш баттай 4 бөгөөд Их Эзэн “Намайг одоо үүгээр шалга”5 хэмээх судрын өөр хаана ч байхгүй хэллэгээр тунхагласан юм.

Тэнгэрийн цонх олон арга замаар нээгддэг. Зарим нь түр зуурынх байдаг бол олон нь сүнслэг байдаг. Зарим нь үл мэдэгдэм бөгөөд анзаарагдахгүй өнгөрөх нь бий. Их Эзэний цаг хугацаанд итгэ; адислалууд үргэлж ирдэг.

Бид амь зуух гэж зовж байгаа хүмүүсийн өмнөөс шаналдаг. Саяхан Сүм дэлхий даяарх эмзэг бүлгийн хүүхдүүд болон ээжүүдэд халамж үзүүлэхээр 54 сая ам.долларын хандив өгсөн.6 Таны сар тутмын мацгийн өргөлөөр манай сайн бишопууд ширээн дээр тавих хүнс, өмсөх хувцас, толгой хоргодох газрын тусламж түр хугацаанд хэрэгтэй байгаа мянга мянган хүнд долоо хоног бүр тусалдаг. Энэ дэлхийн ядуурлыг шийдвэрлэх цорын ганц бүрэн шийдэл бол Есүс Христийн сайн мэдээ юм.7

Итгэлийн хэрэг

Төлөөлөгч Паул хүмүүний мэргэн ухаан хүмүүний зүйлүүдийг ойлгодог хэр нь Бурханы зүйлүүдийг ойлгохдоо удаан болохыг анхааруулсан байдаг.8 Дэлхий аравны нэгийг бидний мөнгөтэй холбож ярьдаг бол аравны нэгийн ариун нандин хууль нь үндсэндээ бидний итгэлийн асуудал юм. Аравны нэгийг шударгаар төлөх нь бид Их Эзэнийг амьдралдаа өөрсдийн хүсэл сонирхлын дээгүүр, бүхний түрүүнд тавих хүслээ харуулж буй нэг арга зам юм. Бид Их Эзэнд итгэснээр тэнгэрийн адислалууд ирдэг гэдгийг би та нарт амалж байна.

Есүс “Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд” өг хэмээсэн.9 Амилсан Есүс нифайчуудаас Малахи номд байгаа амлалтуудыг өөрсдийн цэдэгт бичихийг хүссэн.10 Бидний өнөө үед Их Эзэн аравны нэгийн тэнгэрлэг хуулийг дахин бататган: “Мөн энэ нь миний хүмүүсийн аравны нэгийн эхлэл болой. Мөн [тэд] жил тутмын ашгийнхаа аравны нэг хэсгийг төлөх ёстой; мөн энэ нь тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой”11 хэмээн тунхагласан.

Их Эзэн аравны нэгийг хэрхэн тараах талаар тодорхой чиглэл ийн өгөхдөө “бүхий л аравны нэгээ агуулахад авчир”12 гэсэн нь аравны нэгээ Өөрийнх нь сэргээгдсэн хаант улсад буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд авчир гэсэн утгатай аж.13 Тэрээр эдгээр ариун нандин аравны нэгийн хэрэглээг Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөр мөн “тэдэнд хандах миний өөрийн дуу хоолойгоор”14 залбиралтайгаар авч хэлэлцэх ёстой хэмээн чиглүүлсэн.

Их Эзэний ариун сан

Энэ ариун сан нь Сүмийн удирдагчдынх биш юм. Эдгээр нь Их Эзэнийх билээ. Түүний үйлчлэгчид өөрсдийн үүрэг хариуцлагын ариун нандин мөн чанарыг гүнээ ухамсарладаг.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бага насандаа тохиолдсон дараах үйл явдлыг ийн эргэн дурссан: “Би жаахан хүү байхдаа ааваасаа … Сүмийн сангийн зарцуулалтын талаар нэг асуулт асуусан юм. Бурханаас надад өгсөн үүрэг хариуцлага бол аравны нэг болон өргөлүүдээ төлөх явдал гэдгийг тэр надад сануулсан. Би ийнхүү төлөх үед [аавын маань хэлснэр] миний өгсөн зүйл минийх байхаа больдог. Энэ нь миний зориулан өгсөн Их Эзэнийх болдог.” Түүний аав нь нэмж “Сүмийн удирдлагууд үүгээр юу хийх нь санаа чилээх асуудал биш [Гордон хүү минь]. Тэд өөрсдөөс нь тайлагнал шаардах Их Эзэний өмнө хариуцлага хүлээдэг” гэж хэлжээ.15

Бид “Их Эзэний өмнө хариуцлагатай байх” ачааг гүнээ мэдэрдэг.

Таны өгөөмөр аравны нэг болон өргөлүүд

Өнгөрсөн жил Их Эзэнд өргөсөн та нарын өгөөмөр аравны нэг болон өргөлүүдээс нэг тэрбум гаруй америк долларыг тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахад зарцуулжээ.16

Сэргээгдсэн сайн мэдээг дэлхий даяар түгээх бидний чухал үүрэг хариуцлагын хүрээнд 414 номлолд 71000 гаруй номлогч үйлчилж байна.17 Та нарын аравны нэг болон өргөлүүдийн ачаар номлогчид гэр бүлийнхээ санхүүгийн нөхцөл байдлаас үл хамааран үйлчлэх боломжтой болдог юм шүү.

Ариун сүмүүд дэлхий даяар урьд өмнө байгаагүй олон тоогоор баригдаж байна. Одоогоор 177 ариун сүм үйл ажиллагаа явуулж, 59 ариун сүм баригдаж эсвэл засвар шинэчлэлтэд орж байгаа бол дахин 79 ариун сүм төлөвлөлт, дизайны шатандаа явж байна.18 Та нарын аравны нэг ариун сүмийн адислалуудыг зөвхөн Их Эзэний урьдчилан харж чадах газруудад боломжтой болгож байна.

195 улс орон, бүс нутгийн мянга мянган цуглааны болон бусад байранд 30000 гаруй шашны цуглаан явагдаж байна.19 Та нарын итгэлтэйгээр төлсөн аравны нэгийн ачаар та нарын мэдэхгүй, очихгүй байж болох газруудад зөв шударга гэгээнтнүүдийн дунд Сүм байгуулагдаж байна.

Одоогоор Сүм дээд боловсролын таван байгууллагыг ивээн тэтгэдэг.20 Эдгээр байгууллагад 145000 гаруй оюутан суралцаж байна. Долоо хоног бүр 110000 семинар, институтийн хичээл заагдаж байна.21

Эдгээр болон өөр маш олон том адислал аравны нэгээ шударгаар төлдөг санхүүгийн янз бүрийн давхаргын ахмад болон залуу үеийнхнээс ирдэг.

Аравны нэгийн тэнгэрлэг хуулиас ирэх сүнслэг хүчийг хандивласан мөнгөн дүнгээр хэмждэггүй бөгөөд хангалуун болон тарчиг амьдралтай аливаа хүн бүрийг орлогынхоо 10 хувийг хандивлахыг Их Эзэн зарлигласан юм.22 Энэхүү сүнслэг хүч нь Их Эзэнд итгэлээ тавьснаар ирдэг.23

Та бүхний өгөөмрөөр өгдөг аравны нэгээр дамжуулан Их Эзэний нэмэн өгсөн элбэг дэлбэг байдал нь Сүмийн санг арвижуулж, бидний урьд өмнө харж байгаагүйгээр Их Эзэний ажлыг цааш илүү урагшлуулах боломжоор хангаж байна. Их Эзэн бүгдийг мэддэг бөгөөд цаг нь ирэхэд бид Түүний ариун зорилгууд биелсэн байхыг харах болно.24

Адислал олон хэлбэрээр ирдэг

Аравны нэгийн адислал олон хэлбэрээр ирдэг. 1998 онд би ахлагч Хэнри Б.Айрингийг дагалдан одоо Силикон Слөүпс хэмээх технологийн томоохон шинэчлэлтийн төв болсон Ютагийн бүсэд зохион байгуулагдсан Сүмийн томоохон уулзалтад очсон юм. Энэ нь хөгжил цэцэглэлтийн цаг үе байсан ба ахлагч Айринг өөрсдөд байгаа зүйлсээ бусадтай харьцуулж, илүү ихийг хүсдэг байдлын талаар гэгээнтнүүдэд сэрэмжлүүлсэн юм. Тэд аравны нэгээ шударгаар төлөх үед илүү материаллаг зүйл эзэмших тэдний хүсэл буурах болно гэж хэлсэн түүний амлалтыг би үргэлж санаж явах болно. Хоёр жилийн дотор технологийн салбарын зах зээл буурав. Санхүүгийн зохицуулалтын энэ үед олон хүн ажилгүй болж, компаниуд хүнд байдалд байв. Ахлагч Айрингийн зөвлөгөөг дагасан хүмүүс адислагдсан юм.

Түүний амлалт надад өөр нэг үйл явдлыг сануулсан юм. 1990 онд Францад би номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Каркассонн хотын ойролцоо 12 настай Шарлотт Хэлимитэй танилцсан юм. Хэлимигийнхэн 8 хүүхэдтэйгээ орон сууцад амьдардаг, итгэлтэй гэр бүл байлаа. Тэд ханан дээрээ Аврагч болон бошиглогчийн зургуудыг өлгөсөн байдаг байв. Патриархын адислалын ярилцлагын үеэр би Шарлоттоос аравны нэгийг шударгаар төлдөг эсэхийг асуув. Тэр, “Тийм ээ, ерөнхийлөгч Андэрсэн. Ээж минь надад аравны нэгээ төлснөөр материаллаг болон сүнслэг адислал ирдэг гэж заасан. Бид аравны нэгээ байнга төлбөл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх болно гэж ээж маань хэлсэн. Тиймээс ерөнхийлөгч өө, бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг” гэж тэр хариулсан юм.

Хэлими гэр бүл

Одоо 45 настай Шарлотт ариун сүмд лацдан холбуулсан ба өөрийн түүхийг хуваалцах зөвшөөрлийг надад өгсөн юм. Тэрээр “Аравны нэгийн талаарх миний гэрчлэл тухайн үед яг бодит байсан. Одоо бол бүр илүү хүчтэй байгаа. Би энэ зарлигт гүнээ талархдаг. Би үүний дагуу амьдарснаар үргэлжлүүлэн элбэг дэлбэг адислагдсаар байна.”25

Нэг өдөр бидний хүн нэг бүр дэлхий дээрх аяллаа дуусгах болно. 25 жилийн өмнө миний хадам ээж Марта Виллямс хавдраар өөд болохоосоо хэдэн өдрийн өмнө шуудангаар бага дүнгийн чек хүлээн авсан юм. Тэр даруй миний эхнэр Кэтигээр чекийн дэвтрээ авчруулан аравны нэгээ төлөхийг хүсэв. Ээжийнх нь бие маш сул байсны улмаас арай гэж бичиж байсан учир Кэти чекийг нь түүний өмнөөс бичиж өгч болох эсэхийг асуусан юм. Ээж нь түүнд, “Болохгүй ээ, Кэти. Би өөрөө хиймээр байна” гэж хариулав. Тэгээд тэр намуухнаар, “Би Их Эзэний өмнө зөвт байдалд зогсмоор байна” гэж нэмж хэлсэн юм. Кэтигийн ээжийнхээ төлөө хийсэн сүүлчийн зүйлсийн нэг нь аравны нэгийг нь бишопт дамжуулан өгсөн явдал байсан юм.

Бурханы чухал ажил

Хүндэт ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “тодорхой бус байдлаас гарч”,26 дэлхий даяар гайхамшигтай адислалуудыг авчирч байна. Биднийг дэмжих нэгэн байхад дэмждэггүй нэгэн байх болно. Би төлөөлөгч Петр, Иохан нарын гайхамшгийн талаар сонсож, Иерусалим дахь зөвлөлд ийн сэрэмжлүүлэг өгсөн мэргэн Гамалиелын үгсийг бодож байлаа. Тэрээр:

“[Энэ эрчүүдийг] орхи. Учир нь … үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно:

“Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй … та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу”27 хэмээн хэлсэн.

Та бид Бурханы дэлхий дээрх чухал ажлын нэг хэсэг юм. Энэ нь нурж унахгүй бөгөөд дэлхий даяар тархаж, Аврагчийн эргэн ирэх замыг бэлтгэх болно. Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны, “Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно. Өнөөдрөөс … эргэн ирэх тэр өдрийг хүртэл Тэрээр итгэлтэй хүн бүрийн дээр тоо томшгүй олон боломж, адислал, гайхамшгийг хүртээх болно”28 хэмээх үгсийг гэрчилж байна.

Энэ бол миний гэрчлэл. Есүс бол Христ. Энэ бол Түүний ариун ажил. Есүс дахин ирэх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рожэр Паррагийн илгээсэн хувийн захидал, 4, 2023 оны 8-р сарын 4.

  2. Малахи 3:10

  3. Малахи 3:11-ыг үзнэ үү. Ахлагч Жэффри Р.Холланд “Жишээ нь: Би амьдралдаа Тэрээр ‘[миний төлөө] цөлмөгчийг зэмлэх’ амлалтын биелэлтийг харсан [Малахи 3:11]. Хилэнцтээс хамгаалах тэрхүү адислал нь миний мөн хайртай хүмүүсийн минь дээр миний хангалттай хүлээн зөвшөөрч чадах байдлаас илүүтэйгээр асгарсан. Би тэрхүү тэнгэрлэг хамгаалалтын өчүүхэн ч болов хэсэг нь хувьдаа болон гэр бүлээрээ аравны нэгээ төлөх бидний шийдвэр төгс байдлын улмаас ирсэн гэдэгт итгэдэг” (“Like a Watered Garden,” Liahona, Jan. 2002, 38).

  4. Их Эзэн тэнгэрийн цонхыг бидний шунал бус харин хэрэгцээний дагуу нээх болно. Хэрэв баяжихын тулд аравны нэгээ төлж байгаа бол бид аравны нэгийг буруу шалтгаанаар төлж байгаа хэрэг юм. … Өргөл өгөгчид зориулсан адислал … үргэлж санхүүгийн эсвэл материаллаг хэлбэрээр ирэхгүй байж болно” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 657).

  5. Малахи 3:10; 3 Нифай 24:10

  6. The Church of Jesus Christ Is Helping Alleviate Global Malnutrition,” Aug. 11, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org; see also “How the Church of Jesus Christ and UNICEF Are Keeping Mothers and Children Healthy and Safe,” Aug. 17, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org.

  7. “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй” (Мосе 7:18).

  8. 1 Коринт 2:14-ийг үзнэ үү. Учир шалтгааныг тунгаах хүмүүний чадвар нь Бурханы мэргэн ухаантай тэр бүр нийцдэггүй. Малахигийн өдрүүдэд олон хүн Их Эзэнээс холджээ. Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүст, “Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн. Энэхүү элгэмсэг урилга бидний хүн нэг бүрд маш чухал нэгэн асуултыг төрүүлдэг: “Бид яаж эргэн очих вэ?” (Малахи 3:7) Өөрөөр хэлбэл, “Би юуг өөрчлөх ёстой вэ? Би Танд хэрхэн ойртох вэ?” Их Эзэн аравны нэгийн ач холбогдлыг санхүүгийн энгийн нэг хууль хэлбэрээр бус харин Түүн рүү зүрх сэтгэлийн хүслээ эргүүлэх бодит арга замаар хариулдаг.

    Бид үүнийг өөрсдийн гэр бүл дотроо харсан. Кэтигийн ээж 22 настайдаа Сүмд нэгдсэн байв. Марта болон Бэрнард Виллямс хоёр богино хугацаанд Сүмд явсан бөгөөд өөр муж руу нүүснийхээ дараа идэвх султай болжээ. Бэрнард цэрэгт татагдан хилийн чанад руу явсан ба Марта Сүмийн эсрэг үзэлтэй байдаг авга, нагац нараасаа хамт амьдрах өгөөмөр урилга хүлээн авч Флорида мужийн Тампа хот руу нүүсэн аж. Марта Виллямс сүмд явалгүй, ихэд даруухан нөхцөл байдалд амьдарч анхны хүүхдээ төрүүлэхээр хүлээж байх энэ үедээ аравны нэгийнхээ чекийг бишоп руугаа явуулж эхлэх шийдвэр гаргажээ. Хожим нь түүнээс асуух үед тэрээр номлогчдын түүнд зааж байсан аравны нэг болон Бурханы адислалуудын талаар нэг зүйл санасан гэдгээ ийнхүү хуваалцсан юм: “Бидний амьдралд Бурханы адислал туйлын их хэрэгтэй байсан учир би аравны нэгийнхээ чекийг бишоп руугаа илгээж эхэлсэн”. Марта, Бэрнард Виллямс хоёр Сүмд эргэн ирсэн. Тэдний хамгийн агуу адислал бол Бурханд итгэх итгэл, Түүний амлалтад тавих найдвараас өөр юу ч байхгүй үедээ аравны нэгээ төлөх шийдвэрийг Марта гаргасан нь түүний гэр бүлийн зургаан үеийг адисалсан явдал юм.

  9. Maтай 22:21

  10. 3 Нифай 24-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 119:3–4 “Аравны нэг бол орлогынхоо аравны нэгийг Бурханы Сүмд хандивлах явдал юм (Сургаал ба Гэрээ 119:3–4-ийг үзнэ үү; ашиг нь орлого гэсэн үг). Орлоготой бүх гишүүн аравны нэгээ төлөх хэрэгтэй” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 34.3.1, Gospel Library).

  12. Малахи 3:10

  13. “Бид Аврагчийн заасанчлан өргөлүүдээ ‘агуулахад авчирч’ [Малахи 3:10; 3 Нифай 24:10] аравны нэгээ төлдөг. Бид өргөлүүдээ бишоп, салбарын ерөнхийлөгчдөө өгснөөр аравны нэгээ төлдөг. Бид өөрсдөд таалагдсан аль нэг буяны байгууллагад өргөл өгснөөр аравны нэгээ төлдөггүй. Буяны байгууллагуудад өгөх хандив нь Их Эзэний агуулахад өргөхөөр зарлигдуулсан аравны нэгээс бус, бидний сангаас гардаг” Dallin H. Oaks, “Tithing,” Ensign, May 1994, 35).

  14. Сургаал ба Гэрээ 120:1

  15. Gordon B. Hinckley, “Rise to a Larger Vision of the Work,” Ensign, May 1990, 96.

  16. The 2022 Report on How the Church of Jesus Christ Cared for Those in Need,” Mar. 22, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org.

  17. 2023 оны 9-р сарын 14-ний өдөр Номлолын албанаас э-мэйлээр ирсэн.

  18. Temple List,” ChurchofJesusChrist.org/temples/list.

  19. 2023 оны 7-р сарын 28-ны өдөр Гишүүнчлэл ба статистик бүртгэлийн газраас э-мэйлээр ирсэн.

  20. Үүнд Бригам Янгийн Их Сургууль, Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль, Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль, Ensign College, BYU Pathway Worldwide багтдаг.

  21. 2023 оны 7-р сарын 28-ны өдөр Институт, семинарын албанаас э-мэйлээр ирсэн.

  22. Ерөнхий гарын авлага, 34.3.1-ийг үзнэ үү.

  23. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Их Эзэнд итгэсэн тухай дараах түүхээ хуваалцсан юм: “Миний бэлэвсэн ээж өөрийн гурван жаахан хүүхдийг [багахан] цалингаараа тэжээдэг байлаа. … Би ээжээсээ яагаад цалингаасаа тийм их мөнгийг аравны нэгд төлдөг талаар нь асуусан юм. Би түүний ийнхүү тайлбарласныг хэзээ ч мартаагүй: “Даллин, аравны нэг төлөхгүйгээр болоод байгаа хүмүүс байдаг ч бид болохгүй. Их Эзэн аавыг чинь биднээс авч, намайг үр хүүхэд та нарыгаа өсгө хэмээн үлдээхээр шийдсэн. Би та нарыгаа Их Эзэний адислалгүйгээр өсгөж чадахгүй. Би аравны нэгээ шударгаар төлснөөр эдгээр адислалыг хүлээн авдаг” (“Tithing,” 33).

  24. “Миний санаа тавилтаар дамжин, чам дээр гай зовлон ирэх хэдий ч, сүм селестиел дэлхийн доорх бусад бүх биетүүдийн дээр тусгаар байдалтай байж болохын тулд буюу” (Сургаал ба гэрээ 78:14).

  25. Шарлотт Хэлими Мартины илгээсэн захидал, 2023 оны 8-р сарын 30.

  26. Сургаал ба Гэрээ 1:30

  27. Үйлс 5:38–39

  28. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона 2022 оны 11-р сар, 95