2023
Есүс Христ бол үнэт эрдэнэ
2023 оны 11-р сар


12:24

Есүс Христ бол үнэт эрдэнэ

Есүс Христэд төвлөр. Тэр бидний Аврагч мөн Гэтэлгэгч, бидний хайх ёстой “зорилго”, мөн бидний агуу үнэт эрдэнэ юм.

1907 онд Карнарвоны тавдугаар гүн Жорж Хэрбэрт1 гэх чинээлэг англи эр Египет рүү нүүж очин археологи сонирхож эхэлжээ. Тэрээр египет судлаач алдарт Ховард Картэртай уулзан, хамтран ажиллах санал тавьсан ба Картэр археологийн малтлагаа удирдан, Карнарвон үүнийг нь санхүүжүүлэх байв.

Тэд хамтдаа олон байршлыг амжилттай судалсан аж. Тийн тэд одоогийн Лаксорын ойролцоо буюу нэлээн хэдэн фараоны бунхан олдсон газар болох Хаадын хөндийд малтлага хийх зөвшөөрөл авчээ. Тэд Тутанхамун хааны бунхныг хайхаар шийджээ. Тутанхамун хаан 3000 гаруй жилийн өмнө Египетийн хаан ширээнд заларсан ба тэрээр зуурдаар нас барахаасаа өмнө 10 жилийн турш хаанчилсан байна.2 Түүнийг Хаадын хөндийд3 оршуулсан гэх боловч булш нь яг хаана байгаа нь мэдэгдэхгүй байжээ.

Картэр, Карнарвон нар 5 жилийн турш эрлээ үргэлжлүүлээд амжилт олсонгүй. Эцэстээ Карнарвон энэхүү үр ашиггүй хайгуулыг зогсоох болсноо Картэрт хэлэв. Картэр дахиад ганцхан улирал малтлага хийхийг гуйхад Карнарвон түүний ятгалгад орж, санхүүжүүлэхээр болжээ.

Хаадын хөндийн хөрсөнд нэгд нэгэнгүй шат дараалалтайгаар малтлага хийсэн ч зөвхөн өөрсдийнхөө байрлаж байсан газраа малтаагүй байснаа Картэр анзаарчээ. Тийнхүү уг газрыг хэдхэн хоног ухаж үзэхэд өнөөх бунхан руу орох эхний шатыг олжээ.4

Картэр хожим нь Тутанхамун хааны бунхны үүдний өрөө рүү шагайхад л битүү алт харагджээ. Гурван сар уг үүдний өрөөний эд агуурсыг ангилсны дараа тэд 1923 онд буюу одоогоос 100 жилийн өмнө битүүмжилсэн бунхныг онгойлгосон байна. Энэ бол 20-р зууны хамгийн алдартай археологийн олдвор байв.

Тэдгээр үр ашиггүй эрэл хайгуулын жилүүдэд Картэр, Карнарвон хоёр өөрсдийн хөл доорх газраа анзаарч хараагүй байсан юм. Аврагчийг мэндлэхээс 5 зууны өмнө Мормоны Номын бошиглогч Иаков эргэн тойрныхоо зүйлийг байдаг л мэтээр хүлээж авах эсвэл дутуу үнэлэх байдлыг “зорилгоос алсуур хайх” хэмээн нэрлэсэн байдаг. Амлагдсан Мессиаг ирэх үед Иерусалимын оршин суугчид Түүнийг танихгүй байх болно гэдгийг Иаков харжээ. Иаков бошиглохдоо “тэд тодорхой байдлын үгсийг басамжилсан [хүмүүс байв] … мөн тэд ойлгож чадаагүй зүйлүүдийнхээ төлөө эрэлхийлсэн юм. Иймийн тул, уг зорилгоос алсуур хайснаас болсон тэр, харалганыхаа учир тэд унах ёстой нь зайлшгүй”5 хэмээжээ. Өөрөөр хэлбэл тэд бүдчих бөлгөө.

Иаковын таамаглал оновчтой байлаа. Есүсийн мөнх бус амьдралын тохинууллын үеэр олонх нь зорилгоос алсуур буюу Түүнээс цаагуур зүйлийг хайсан. Тэд дэлхийн Аврагчийг үл хайхарсан. Тэд Түүний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэх зорилгыг ойлгохын оронд Түүнийг яллаж, цовдолсон билээ. Тэд өөрсдөд нь авралыг авчрах өөр нэгнийг хайж хүлээсэн юм.

Иерусалимд байсан хүмүүс болон Картэр, Карнарвон нарын адилаар бид ч мөн зорилгоос алсуур хайх нь бий. Бид ийм хандлагаас болгоомжлох хэрэгтэй, эс бөгөөс бид өөрсдийн амьдралдаа Есүс Христийг олж харалгүй, Түүний бидэнд өгөх олон адислалыг анзааралгүй өнгөрөөнө. Тэр бидэнд хэрэгтэй. “Аврах чадал бүхий түүний гавьяанд бүрэн дүүрнээр”6 найдахыг бидэнд зөвлөсөн.

Тэр бол бидний зорилго. Түүний өгөхөөс илүү зүйл хэрэгтэй хэмээн буруу төсөөлбөл бид өөрсдийн амьдрал дахь Түүний цар хүрээ, хүчийг үгүйсгэж эсвээс бууруулна. Тэрээр нигүүлслийн эрхийг шаардсан ба уг нигүүлслээ бидэнд зориулдаг.7 Тэр бол “[бидний] нүглээсээ ангижрах … эх сурвалж”8 мөнөөсөө мөн. Тэр биднийг Эцэгт өмгөөлөх Өмгөөлөгч ба Түүний хаант улсыг өвлөгчдийн хувьд Түүнд эргэн ирэхийн тулд биднээс хүссэн бүхнийг өмгөөлж хамгаалдаг билээ. Бид бошиглогч Алмагийн өгүүлснээр “харцаа чулуудан мөн Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр [бидний] нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт … тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор нас барагсдын дундаас босно гэдэгт”9 итгэх хэрэгтэй. Есүс Христ бол бидний үнэт эрдэнэ.

Аврагч бидэнд өдөр бүрийн наманчлах боломжийг, мөн Түүнд зориудаар анхаарлаа хандуулах олон арга замыг өгсөн. Заримдаа бид энэхүү боломжит адислал ямар агуу болохыг бүрэн дүүрнээр үнэлдэггүй. Намайг 8 настай байхад аав маань надад баптисм хүртээсэн. Үүний дараахан нэгэн өдөр, би аавынхаа гараас хөтлөөд хөдөлгөөн ихтэй замаар хөндлөн гарахаар явж байв. Ачааны том машин хурдтай ирж байсныг би анзааралгүй замын хашлаганаас доош гишгээд буучхав. Аав маань тэр даруй намайг замын хашлага руу буцаан угз татлаа. Тэгж татаагүй бол би ачааны машинд мөргүүлэх байв. Би томоогүй зангаараа “Би хэзээ ч яг одоогийн дөнгөж баптисм хүртсэний дараах шигээ цэвэр ариун байхгүй юм чинь ачааны машинд дайруулаад үхчихсэн нь илүү дээр биз дээ” хэмээн бодсон.

Баптисмын ус нүглийг маань угаачихсан хэмээн наймхан настай би буруу бодож байлаа. Тийм биш байв. Би баптисм хүртсэнээс хойших он жилүүдэд, баптисмын гэрээг10 байгуулж сахиснаар Есүс Христийн цагаатгах золиослолоор дамжуулан Түүний хүчээр гэм нүгэл минь цэвэршигддэг гэдгийг сурч авсан. Тийн наманчлалын бэлгээр бид цэвэр хэвээр үлддэг. Би түүнчлэн ариун ёслол нь нүглийн ангижралыг11 хадгалан үлдэх боломжийг олгох хүчирхэг, ариун нандин давтамжийг бидний амьдралд авчирдгийг сурч мэдсэн.

Бид ариун ёслолын цуглаанд оролцох бүрдээ Картэр, Карнарвон нарын хөл доор байсан баялаг шиг ариун ёслолын агуу үнэт адислалыг олж авах боломжтой. Шинэ хөрвөгч баптисмын болон гишүүний баталгааг хүлээн авч буй мэтээр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр, баптисмын гэрээнийхээ дагуу амьдрах шийдэмгий байдлаар ариун ёслолд хандвал Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байна хэмээх амлалт бидэнд бий. Ариун Сүнс Өөрийн ариусгах хүчээр биднийг адислах бөгөөд тэгснээр бид долоо хоногоос долоо хоногт үргэлж нүглийнхээ ангижралыг хадгалж чадна.12

Бид наманчилж, ариун ёслолд чин сэтгэлээсээ тогтмол бэлдэн, зохистойгоор хүртэх үед бидний сүнслэг суурь хүчирхэгжиж байдаг. Сүнслэг суурь маань бат бөх байвал бид бороо, салхи, үертэй зүйрлэхүйц, амьдралдаа тулгарах саадыг даван туулж чадна.13 Эсрэгээрээ бид ариун ёслолыг санаатайгаар алгасан, эсвэл ариун ёслолын үеэр Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхгүй бол бидний сүнслэг суурь хэврэгшдэг. Бид магадгүй санамсаргүй “өөрсдийгөө Их Эзэний Сүнснээс холдуулж, ингэснээр [бид] адислагдсан, дэгжсэн, мөн хадгалагдан үлдсэн байж болохын тулд тэрхүү мэргэн ухааны замд [биднийг] удирдахад үүний орших зай [бидэнд] байж чадахгүй биз ээ.14

Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах үед бид бусад гэрээг, тухайлбал ариун сүмд гэрээнүүдийг байгуулах урам зориг, удирдамжийг авдаг. Ийн бидний Бурхантай харилцах харилцаа гүнзгийрдэг.15 Сүүлийн жилүүдэд мөн дөнгөж саяхан шинээр олон ариун сүм барихаар зарлан гишүүдэд ариун сүмийг илүү ойртуулж байгааг та бүхэн анзаарсан байх.16 Хачирхалтай нь ариун сүм улам хүртээмжтэй болохын хэрээр бид ариун сүмд орох явдлыг үл тоомсорлож байж болох юм. Ариун сүм хол байх үед бид цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулан, ариун сүм рүү аялж бишрэн шүтдэг. Ариун сүм рүү хийх энэхүү аяллаа бид эн тэргүүнд тавьдаг.

Харин ариун сүмд ойр үед, “За за, дараа оръё доо” гэж өөрсдөдөө хэлэн ороход саад болох жижиг зүйлсэд автах нь амархан болдог. Ариун сүмтэй ойрхон амьдарснаар бид ариун сүмд орох цагаа илүү уян хатнаар зохицуулах боломжтой болдог ч яг тэр илүү уян хатан байдал нь ариун сүмийг байдаг л зүйл мэтээр хүлээн авахад хялбархан хүргэдэг. Ингэснээр бид Аврагчийн ариун сүмд Түүнд ойртох боломжоо дутуу үнэлж “зорилгоо мартдаг”. Ариун сүм хол ч бай, ойр ч бай, үүнд орох бидний үүрэг амлалт адилхан хүчтэй байх ёстой.

Картэр, Карнарвон нар Тутанхамун хааны бунхныг хайн Хаадын хөндийн хаа сайгүй малтлага хийснийхээ дараа өөрсдийн эндүүрлийг ойлгосон юм. Харин бид өөрсдийн баялгаа олохын тулд тэдэн шиг нэлээдгүй хугацаанд үр ашиггүй хөдөлмөрлөх шаардлагагүй билээ. Бид харийн эх сурвалжийн зөвлөгөөг эрэлхийлэн, үүний шинэ содон байдлыг өндрөөр үнэлэн, энэ нь Бурханы даруухан бошиглогчоос илүү биднийг гэгээрүүлэх зөвлөмж байна хэмээн бодох хэрэггүй.

Хуучин Гэрээнд цэдэглэснээр, Нааманыг уяман өвчнөө эдгээхээр эрэлхийлсний хариуд, энгийн нэгэн голд биеэ долоон удаа булх гэж хэлсэнд тэр эгдүүцсэн. Гэсэн ч тэр гайхамшиг хэрхэн тохиох ёстой гэсэн өөрийн ойлголтод тулгуурлалгүйгээр бошиглогч Елишагийн зөвлөгөөнд үнэмшсэн юм. Үүний дүнд Нааман эдгэсэн.17 Бид өнөөгийн дэлхий дээрх Бурханы бошиглогчид итгэн, зөвлөмжийг нь үйлдэл болговол бид баяр баясгаланг олж мөн эдгээгдэх болно. Бид илүүг хайх хэрэггүй.

Ах, эгч нар аа, би та бүхнийг Есүс Христэд төвлөрч, Түүнийг санахыг урамшуулж байна. Тэр бидний Аврагч мөн Гэтэлгэгч, бидний хайх ёстой “зорилго”, мөн бидний агуу үнэт эрдэнэ юм. Та бүхэн Түүнд ирснээр амьдралын сорилт бэршээлтэй тулгарах хүч, зөв зүйлийг хийх зориг, мөнх бус амьдрал дахь өөрийн зорилгыг гүйцэлдүүлэх чадвараар адислагдах болно. Наманчлах боломж, ариун ёслолоос хүртэх эрх, ариун сүмийн гэрээ байгуулж, сахихын адислал, ариун сүмд шүтэн бишрэхийн бахдал болон амьд бошиглогчтой байхын баяр баяслыг нандигнан эрхэмлээрэй.

Бурхан, Мөнхийн Эцэг бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэр амьд. Есүс бол Христ. Тэр бидний сайхан сэтгэлт, мэргэн ухаант тэнгэрлэг Найз18 ба энэ бол Түүний сэргээгдсэн Сүм гэсэн чанд баттай гэрчлэлээ би хуваалцаж байна. Та бүхний итгэл найдвар, үнэнч шударга байдалд талархаж байна. Та бүгд адислагдан, дэгжиж, хадгалагдан үлдэх болтугай хэмээн бид Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эх сурвалж

  1. Карнарвоны тавдугаар гүний бүтэн нэрийг Жорж Эдвард Стэнхөүп Молино Хэрбэрт гэдэг.

  2. 2005 онд хийсэн компьютер томографын зургаар Тутанхамун хааны хөлийнх нь нэг яс ил хугарснаас энэ нь халдвар авч үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж үзжээ.

  3. Египетийн Шинэ хаант улсын ихэнх фараоныг Хаадын хөндийд оршуулсан. Тэдгээр булшны олонхыг нь олсон бөгөөд эртний эд зүйлсийг нь цөлмөжээ.

  4. Тутанхамуны бунхныг нээн илрүүлсэн тухай баримтыг голчлон Эрик Х.Клайны “King Tut’s Tomb,” Archaeology: An Introduction to the World’s Greatest Sites номоос авсан.

    Картэр, Карнарвон нарт Хаадын хөндийн хаана малтлага хийх, хийхгүйгээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэдний байрлаж байсан суурь баазыг тойрсон газар эхэндээ тийм ч малтлага хийхээр газар санагдаагүй байна. Энэ нь зургаадугаар Рамзесын бунханд айлчлагсдад зориулсан хэсэг гурвалжин талбай байсан тул малтлага хийх нь эвдрэл үүсгэх магадлалтай байв. Картэрын хэлснээр тэр газар нь “Рамзесын бунханд ажиллагсдын л амьдарч байсан болов уу гэмээр хааш яаш барьсан хэдэн оромж, [мөн] тэдгээрийн доор байрлах гурван фут хөрс л байжээ.” Тэдгээр оромжийг бунхан руу орох хэсгийн дээр барьсан гэж огт санагдаагүй аж. (Ховард Картэр, А.С.Мэйс, The Tomb of Tut-ankh-Amen: Discovered by the Late Earl of Carnarvon and Howard Carter, 1-р боть [1923 он], 124-28, 132-ыг үзнэ үү).

    Тутанхамуны бунхны талаар өөр баримтыг дараах эх сурвалжаас үзнэ үү. Захи Хавасс, Tutankhamun and the Golden Age of the Pharaohs (2005 он); Николас Рийвс, The Complete Tutankhamun: The King, the Tomb, the Royal Treasure (1990 он), 80–83; Николас Рийвс, Ричард Х.Вилкинсон, The Complete Valley of the Kings: Tombs and Treasures of Ancient Egypt’s Royal Burial Site (1996 он), 81–82.

  5. Иаков 4:14

  6. 2 Нифай 31:19

  7. Моронай 7:27–28-ыг үзнэ үү.

  8. 2 Нифай 25:26

  9. Aлмa 33:22

  10. Сургаал ба Гэрээ 76:52

  11. David A. Bednar, “Teach to Build Faith in Jesus Christ” (address given at the seminar for new mission leaders, June 23, 2023); Rachel Sterzer Gibson, “Teach to Build Faith in Jesus Christ, Elder Bednar Instructs,” Church News, June 23, 2023, thechurchnews.com.

  12. Гэсэн хэдий ч, ариун ёслолыг нүглийн ангижралыг хадгалан үлдээх арга хэрэгсэл болгон үндэслээгүй. (Жэймс Э.Талмэж, The Articles of Faith, 12 дахь хэвлэл. [1924 он], 175-ыг үзнэ үү). Хүн бямба гаргийн орой санаатайгаар нүгэл үйлдэн, ням гарагт нь зөвхөн үмх талх, аяга ус уухаас өөр зүйл хийхгүйгээр ид шидийн мэтээр цэвэр болж чадахгүй. Харин Ариун Сүнсний ариусгах хүч нь чин сэтгэл, үнэн хүслээр наманчлах бүх хүнийг цэвэршүүлж чадна.

  13. 3 Нифай 18:12–13-ыг үзнэ үү.

  14. Мозая 2:36

  15. Ерөнхийлөгч Нэлсон: “Бурхан баптисмын усанд Өөртэй нь гэрээ байгуулах хүн бүрийг онцгойлон хайрладаг. Тэрхүү тэнгэрлэг хайр нь гэрээнүүд нэмж байгуулан, итгэлтэйгээр сахисан үед гүнзгийрдэг” гэжээ. (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], Gospel Library). Гэрээний зам дээрх олон гэрээ нь дараалсан бус харин нэмэгдсэн бүр нийлмэл байдаг. Тэдгээр нь Бурхантай илүү ойрхон, илүү хүчтэй холбоог бий болгодог. Тийм холбоо нь бидний царайнд Түүний төрхийг буулгаж, зүрх сэтгэлд хүчтэй, үүрдийн өөрчлөлтийг бий болгодог (Алма 5:14-ийг үзнэ үү).

  16. Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэн “ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна. Тэр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэршүүлэгдэх үйл явцыг улам хялбарчилж байна” хэмээн тайлбарлажээ (“Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” Лиахона, 2022 оны 11-р сар, 121).

  17. 2 Хаад 5:9–14-ийг үзнэ үү.

  18. Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38-ыг үзнэ үү.