2023
Бошиглогч, төлөөлөгчид дэлхий даяарх гэгээнтнүүдэд тохинуулж байна
2023 оны 11-р сар


“Бошиглогч, төлөөлөгчид дэлхий даяарх гэгээнтнүүдэд тохинуулж байна,” Лиахона, 2023 оны 11-р сар.

Сүмийн мэдээ

Бошиглогч, төлөөлөгчид дэлхий даяарх гэгээнтнүүдэд тохинуулж байна

Долоодугаар сард тохиодог Дэлхийн уучлалын өдрөөр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр уучлалын талаар захиас хуваалцсан. Тэрээр “уучлал гэдэг нь нэг удаагийн үйлдэл биш, харин тэвчээр, өрөвч нинжин сэтгэл, ойлголтыг шаарддаг үргэлжилсэн үйл явц. Таныг шархлуулсан хүнийг уучлах тийм ч амархан биш. Гэхдээ та Есүс Христээс хүч чадлыг хүлээн авч чадна” гэж хэлсэн.

Тавдугаар сарын 21-нд болсон онцгой цугларалт дээр Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өнөөгийн “стресстэй цаг үе”-ийг туулахдаа мөнхийн талаас нь аливааг бодохыг дэлхий даяарх залуучуудад уриалав.

Тэрээр “Тэнгэр дэх Эцэгийн бүтээлүүд бидний хувьд ямар төрөл байхаас үл хамааран Тэр биднийг бүгдийг нь хайрладаг бөгөөд Түүний аз жаргалын төгс төлөвлөгөөнд бүгдэд нь багтах орон зай бий. Бид Түүний хүүхдүүдийг хайрлах зэрэг зарлигуудыг нь сахиснаар Түүнд хайраа харуулдаг” хэмээсэн.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 8-р сарын 13-нд Ютагийн Саратога Спрингс ариун сүмийг онцгойлон адислах ёслолд оролцсон Хожмын үеийн гэгээнтнүүдийг Их Эзэний шинэ өргөөг итгэл, эрч хүчээр хүлээн авахад урамшууллаа.

Тэрээр “энэ ариун сүм Их Эзэний найдвар … [тэд] үүнийг илүү их итгэл, эрч хүчээр хүлээн авах болно гэсэн итгэлийн бэлэг тэмдэг болон Сүмийн гишүүдэд өгөгдсөн” гэж хэлсэн. “Энэ ариун сүм бол та нар ариун сүмийн гэрээнүүдийнхээ хүчийг илүү ойр ойрхон мэдэрч болох газар юм. Тэр та нарын зүрх сэтгэлийг мэддэг. Дэлхий улам зөрчилдөөнтэй болж, унаж байгаагийн хэрээр та нарыг өргөгдөж, илүү зөв шударга хүмүүс болохыг хүсэж байгааг Тэр мэддэг.”

Гишүүд Сэргээлтийн тухай захиасыг ярьж, хуваалцах үед бусад хүн тэдгээр үгийн үнэнийг мэдрэх болно гэж Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хэлэв. “Дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай үйл явдал 1820 онд Ариун төгөлд болсон. Тэнгэр үнэхээр нээгдсэн юм!” гэж тэр онцолсон.

Дөрөвдүгээр сард Онтариогийн Торонто хотод ерөнхийлөгч Баллард гишүүд, номлогчдод хандан үг хэлэхдээ Иосеф Смитийн бошиглолын дуудлагын талаар гэрчилсэн. “Тэнгэрлэг Эцэг маань түүнийг нэрээр нь дуудаж, “Иосеф, энэ бол Миний Хайрт Хүү Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү) хэмээн хэлэхэд түүний толгойн оройгоос хөлийн ул хүртэл бүх бодгальд нь ямар нэгэн зүйл мэдрэгдсэн нь гарцаагүй. Энэ бол бидний захиас” гэж тэр номлогчдод хэлэв.

Дөрөвдүгээр сард ахлагч Дийтр Ф.Угдорф Франц, Египет, Израилд айлчилсан. Тэрээр Египетэд ариун ёслолын цуглаануудад оролцож, Бригам Янгийн Их Сургуулийн Иерусалимын төвд оюутнуудад хандан үг хэлж, ариун газруудаар зочилсон юм.

“Их Эзэн надад энэ цаг үед Түүний шавь нарын нэг байхыг зөвшөөрсөн нь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрийг мэдрүүлдэг. Мэдээж бид бүгд шавь байх ёстой ба хийсэн гэрээнүүдийнхээ дагуу амьдрах хэрэгтэй.

Гэхдээ энд байж, шавийн хувьд эрт цагийн Төлөөлөгчдийн адил гэрчлэх нь миний зүрх сэтгэлийг дулаацуулж, намайг төсөөлшгүй огторгуйд хөөрөхөд хүргэдэг. Их Эзэн намайг Өөрийнхөө болон нэрийнхээ гэрч байхаар итгэмжилсэн гэдгийг би гүн гүнзгий даруу байдалд мэдэрдэг. Төлөөлөгчдийн амьдарч, алхаж байсан газраар явна гэдэг ямар их баяр баясгалан гээч.”

Наймдугаар сарын 26-нд Ахлагч Дэвид А.Бэднар Охайо мужийн Көртланд хот дахь Иосеф, Эмма Смит хоёрын сэргээгдсэн байшинг онцгойлон адислав. Ахлагч Бэднар 300 орчим хүнд, тэр дундаа нийгэмдээ нэр хүндтэй хүмүүс, шашны удирдагчидтай уулзахдаа: “Энэ байшин бол түүхэн сонирхолтой барилгаас илүү ач холбогдолтой юм. Энэ байшин үнэхээр Иосеф, Эмма Смит хоёрын гэр байсан ба Иосефыг нас барахаас өмнө хамгийн урт хугацаанд хамтдаа амьдарч байсан тэдний газар” гэж хэлсэн.

Наймдугаар сард ахлагч Квинтин Л.Күк Бригам Янгийн их сургуулийн жил тутмын чуулганд үг хэллээ. Тэрээр номлолд үйлчилснээр дээд боловсролд бэлтгэдэг суралцахуйд боловсордог гэж сэтгэцийн төлөвшлийн мэргэжилтнүүд санал болгосныг онцлон хуваалцав.

БЯИС-ийн оюутнуудын гуравны хоёроос илүү нь номлолд үйлчилсэн гэж Ахлагч Күк дурдсан. “Энэ нь хичээлийн улирлаас хамаараад 21,000 гаруй буцаж ирсэн номлогч байна гэсэн үг. Энэ оюутнууд дэлхий дахинд хэр их хүчийг авчирсан талаар бодоод үзээрэй. Нөгөөтээгүүр тэдний номлолын туршлага энэ сургууль дахь сургалтын орчныг хэрхэн бэхжүүлж байгааг тунгаан бодоорой.”

Тавдугаар сард ахлагч Д.Тодд Кристоффэрсон Шинэ Зеланд, Австралид айлчлах үеэрээ Шинэ Зеландын хожмын үеийн гэгээнтнүүдийг 2024 онд Окландын ариун сүмийг онцгойлон адислахад бэлтгэж илүү ариун, Христтэй адил хүмүүс болоход урьсан.

Тэрээр тэднийг өөрсдөөсөө “Намайг илүү ариун хүн болгох юуг би хийж чадах вэ, онцгойлон адислах өдөр Их Эзэнд ямар өргөлийг мөн хувийн бэлгийг би өргөж чадах вэ?” гэж асуухад урьсан.

Есдүгээр сард ахлагч Нийл Л.Андэрсэн Ази тивд зочлох үеэрээ Есүс Христийн талаар гэрчилжээ. “Их Эзэний Төлөөлөгчийн хувьд миний туршлага надад Есүс бол Христ, Тэр Өөрийн бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан энэ дэлхий дээрх Өөрийн ажлыг удирдан чиглүүлдэг гэсэн гэрчийг өгсөн” гэж тэр хэлэв. Ахлагч Андэрсэн Солонгос, Монгол, Япон дахь хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзаж, тэдэнд тохинуулахаар Сүмийн Азийн хойд бүсэд зочилсон юм.

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ахлагч Роналд А.Расбанд Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч буюу ерөнхийлөгчийн орлогч Пол Машатилэтэй уулзсан. Энэ нь Сүмийн удирдагч Өмнөд Африкийн төр засгийн өндөр албан тушаалтантай анх удаа уулзсан явдал байв.

Сүмийн удирдагчид Өмнөд Африкийн ард иргэдэд туслах, тэднийг чадавхжуулах чиглэлээр хийсэн ажлуудынхаа талаар дурдсан ба 2018 оноос хойш 240 сая рандын (13 сая гаруй ам. доллар) тусламж үзүүлжээ. Сүм гамшгийн дараах нөхөн сэргээлтээс эхлээд өсвөр үеийнхний хөдөлмөр эрхлэлтийн санаачилгыг дэмжих, амьжиргаа дэмжих хөдөө аж ахуйн хөтөлбөр, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа зэрэг олон чиглэлд хандив өгсөн байна.

Ахлагч Расбанд хэлэхдээ эдгээр хүчин чармайлт нь Сүмийг “урт хугацаанд энд байгаа гэдгийг харуулсан гэж найдаж байна. Бид үүнийг Бурханаа болон хөршөө хайрла гэсэн Их Эзэний хоёр агуу зарлигийг дагахын тулд хийдэг” гэсэн.

Есдүгээр сард ахлагч Гари И.Стивэнсон Исланд, Шотланд, Англид айлчлах үеэрээ хожмын үеийн гэгээнтнүүд “нэг зүрх сэтгэл, нэг оюунтай” (Мосе 7:18) байж, “амьдралаа Есүс Христэд төвлөрүүлж,” Түүнийг дагахын тулд чадах бүхнээ хийх шаардлагатайг онцолсон. Есдүгээр сарын 7-нд ахлагч Стивэнсон, эхнэр Лисагийн хамт Исландын Рейкьявик хотод айлчилсныхаа дараа, 9-р сарын 9–10-ны өдрүүдэд Шотландын Эдинбург, Английн Нортхэмптон хотуудыг зорьсон.

Бригам Янгийн Их Сургуулийн Боловсролын долоо хоногийн үеэр буюу 8-р сарын 22-нд Марриотт төвд болсон онцгой цугларалт дээр ахлагч Дэйл Г.Рэнланд ажиглалт, шалтгаан, итгэл хэрхэн хамтдаа ажиллаж илчлэлтийг урин авчирдаг талаар гүн гүнзгий номлол айлдав. Тэрээр ажиглалт, шалтгаан, итгэл нь дангаараа хүчгүй. Харин энэ гурав хамтдаа байж ажиллах ёстой хэмээн заалаа.

“‘Үйлсгүй’ итгэл” [Иаков 2:20] өөрөө цэцэглэхгүй. Итгэл зөвхөн ажиглалт, шалтгаан, бусад сүнслэг үйлстэй хамт өснө. Түүнчлэн ажиглалт, шалтгаан, итгэл нь зөвхөн хувийн илчлэлтийг хүлээн авах төдийгүй тэр илчлэлтийг ойлгох урьдчилсан нөхцөл болдог” гэж тэр заажээ.

Зургаадугаар сарын 15-нд ахлагч Гэррит В.Гонг Бүгд Найрамдах Гана Улсын муслим шашны тэргүүн, их захирагч эрхэмсэг ахлагч Осман Нуху Шарубутутай уулзав. Уулзалт Аккра дахь Их захирагчийн өргөөнд болсон юм.

Ахлагч Гонг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм муслимчуудын адилаар бидний анхны эцэг эх Адам, Ева хоёрыг хэрхэн эрхэмлэдэг талаараа “Бид ч бас нэг эцэг эхээс гаралтай бөгөөд нэг гэр бүл шиг эв найртай амьдрах ёстой гэдэгт итгэдэг” хэмээн хуваалцсан. Ахлагч Гонг биднийг Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон удирддаг ба түүний заадаг зүйлс нь таны заадагтай төстэй гэж онцолсон. “Манай бошиглогч бидэнд амьдралдаа Бурханыг ялуулахыг, бид бүгд амар тайвныг тогтоогч байх ёстойг, өсвөр үеийнхэндээ боловсрол, мэдлэг эзэмшүүлж амжилтад хүрэхэд нь туслах ёстойг, эмэгтэйчүүд, өсөж буй үеийнхнийг хүчирхэгжүүлэхийг бидэнд заадаг. Өнөөдөр та ч мөн адил эдгээр зүйлийг ярилаа” хэмээн ахлагч Гонг хэлсэн.

Зургаадугаар сард ахлагч Үлиссэс Соарэс Чили, Уругвай, Аргентин руу 10 хоногийн хугацаатай айлчилсан. Тэрээр Аргентинд байх хугацаандаа шашин хоорондын чуулган дээр үг хэлж, Аргентины нэрт сэтгүүлчтэй ярилцлага хийснээс гадна, Сүмийн гишүүдэд тохинуулсан байна.

Ахлагч Соарэс Буэнос-Айрес хотноо болсон Шашин, соёл хоорондын яриа хэлэлцээний дэлхийн чуулгад цугларсан хүмүүст хандан “Энх тайван нь хүн бүрийн өвөрмөц байдлыг хүндэтгэхээс эхэлдэг” гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр “Хүний нэр төрийг эрхэмлэх тухай ойлголт нь соёл бүрд өөр өөр байж болох ч энэ нь тогтворгүй, хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд тогтмол үүрэг гүйцэтгэдэг. Хүний эрх нь давуу эрх, эд баялаг, боломжийн тэнцвэргүй байдлыг арилгадаг. Мөн эдгээр эрхийг бүх нийтээр хэрэгжүүлэх ёстой” гэж хэлсэн үгэндээ дурджээ.