2023
Бидэнд хайр байдаг юм
2023 оны 11-р сар


13:14

Бидэнд хайр байдаг юм

Бид зүрх сэтгэлдээ болон гэр орондоо мөн сайн мэдээний дуудлага, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэлдээ Түүний хайрыг сонсож, хайраар ярьж сурах болтугай.

Манай Хүүхдийн хэсгийн хүүхдүүд “Бидэнд хайр байдаг юм” гэж дуулдаг.1

Би нэг удаа Гонг эгчид жижигхэн хүзүүний зүүлт өгч билээ. Тэгээд үүн дээрээ цэг-цэг, цэг-цэг, цэг-цэг-зураас гэж бичүүлсэн. Морзын кодыг мэддэг хүмүүс I, I, U (ай, ай, юү) үсгүүдийг таньж байгаа байх. Би харин хоёр дахь “I (ай)” гэсэн кодыг нэмсэн. Мандарин хятад хэлээр “ai (ай)” гэдэг нь “хайр” гэсэн үг. Тэгэхээр хоёр кодоор зурвас нь “Би чамд хайртай” гэсэн утгатай болж байгаа юм. Хайрт Сюзан минь “I, ai (爱), U (ай, ай, юү).”

Бид хайрыг олон хэлээр ярьдаг. Хүн төрөлхтөн 7168 хэлээр идэвхтэй ярьдаг2 гэдэг. Сүмд бид баримтжуулсан 575 үндсэн хэлээр ярьдаг ба олон нутгийн аялга бий. Бид мөн урлаг, хөгжим, бүжиг, логик утгатай тэмдэглэгээ, хувь хүн доторх болон хүн хоорондын илэрхийлэмжээр дамжуулан зорилго, бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг.3

Өнөөдөр сайн мэдээний хайрын гурван хэлний талаар ярья. Эдгээр нь сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлийн хэл; үйлчлэл, золиослолын хэл; гэрээнд харьяалагдах хэл юм.

Нэгт, сайн мэдээний сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлийн хэл.

Гонг эгч сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлийн хэлээр “Ээж, аав, гэр бүл чинь та нарт хайртай гэдгийг та нар яаж мэддэг вэ?” гэж хүүхдүүд, өсвөр үеийнхнээс асуужээ.

Гватемалд хүүхдүүд: “Ээж, аав маань гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг” гэж хэлсэн. Хойд Америкт хүүхдүүд: “Аав, ээж хоёр маань орой унтахад үлгэр ярьж өгч, хөнжлөөр минь хучиж өгдөг” гэв. Холи Ландад хүүхдүүд: “Миний эцэг эх намайг аюулгүй байлгадаг” гэсэн бол Баруун Африкийн Ганад хүүхдүүд: “Эцэг эх минь надад Хүүхэд, өсвөр үеийнхний зорилго дээр ажиллахад тусалдаг” гэжээ.

Нэг хүүхэд: “Ээж минь өдөржин ажиллаад, маш их ядарсан байдаг ч надтай тоглохоор гадаа гардаг” гэсэн. Өдөр тутам гаргадаг золиос нь чухал гэдгийг сонсоод, ээж нь уйлжээ. Нэгэн залуу эмэгтэй: “Ээж бид хоёр хааяа санал зөрөлддөг ч би ээждээ итгэдэг” гэсэн юм. Түүний ээж ч бас уйлсан.

Энд хайр байдгийг илэрхийлж, талархдаг гэдгийг заримдаа бид мэдэх хэрэгтэй байдаг.

Сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлтэй байдлаар бидний ариун ёслол болон бусад цуглаан Есүс Христэд төвлөрдөг. Бид Есүс Христийн Цагаатгалыг зөвхөн хийсвэр зүйл биш, хувийн, бодитой зүйл гэдгийг бишрэл хүндэтгэлтэй ярьдаг. Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг бид Түүний нэрээр Есүс Христийн хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг. Бид Тэнгэрлэг Эцэгт хандахдаа бишрэл хүндэтгэл бүхий залбирлын үг хэллэг ашигладаг төдийгүй нэг нэгэнтэйгээ ярихдаа ч халуун сэтгэлээр ханддаг. Ариун сүмийн гэрээнүүдийн төвд Есүс Христ байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө бид “ариун сүм рүү явах” гэхээсээ илүү “Их Эзэний өргөөнд Есүс Христэд ирэх” гэж ярьдаг. Гэрээ болгон “бидэнд хайр байдаг” гэж шивнэдэг.

Шинэ гишүүд заримдаа Сүмийн үг хэллэгийг код тайлж уншихтай адил гэж ярих нь бий. “Гадасны байр” гэдэг нь сайхан шарсан үхрийн махтай оройн хоол гэсэн утгатай, мөн “тойргийн байр” гэдэг нь эмнэлэг шиг санагдаж, “нээлтийн үйл ажиллагаа” гэдэг нь сүмийн машины зогсоол дээр толгой, мөр, өвдөг, хөл гээд дасгал хийхэд урьж байна гэж ойлгогдож болно гэдгийг бодохоор инээд хүрдэг. Гэхдээ хайрын шинэ хэлнүүдийг хамтдаа сурахдаа бусдад энэрэнгүй байж, бусдыг илүү ойлгодог байцгаая. Сүмийн нэгэн шинэ хөрвөгчид банзал нь дэндүү богино байна гэж хэлжээ. Гомдол тээхийн оронд тэрээр: “Миний зүрх сэтгэл хөрвөгдсөн. Харин банзал минь хөрвөгдөх хүртэл жаахан хүлээгээрэй”4 гэж хариулсан гэдэг.

Хэрэглэдэг үг хэллэг маань биднийг бусад Христийн шашинтнууд болон найзуудтай маань ойртуулж эсвэл холдуулж болно. Заримдаа бид номлолын ажил, ариун сүмийн ажил, хүмүүнлэгийн болон бусдын сайн сайхны төлөөх ажлуудын талаар ярихдаа эдгээр ажлыг бид өөрсдөө хийдэг гэсэн ойлголтыг бусдад төрүүлэхүйц ярьдаг. Бурханы ажил, алдар суу, сайн сайхан, нигүүлсэл; Есүс Христийн ач ивээл, цагаатгагч золиослолын5 талаар ярихдаа үргэлж сайхан сэтгэлтэй, бишрэл хүндэтгэл, талархалтай байцгаая.

Хоёрдугаарт, сайн мэдээний үйлчлэл, золиослолын хэл.

Бид долоо хоног бүр Хүндэтгэлийн өдрийг хүндэлж, үүнд баясахаар Сүмд дахин цуглахдаа Сүмийн дуудлага, нөхөрлөл, нийгэмшил, үйлчлэлээрээ дамжуулан ариун ёслолын гэрээнүүддээ үнэнч байгаагаа Есүс Христэд болон бусдад харуулж чадна.

Намайг орон нутгийн Сүмийн удирдагчдаас санааг нь зовоож байгаа зүйлийн талаар асуухад “Зарим гишүүн маань Сүмийн дуудлага хүлээж авахгүй байна” гэж ах, эгч нар хэлдэг. Их Эзэний Сүмд Түүнд болон бусдадаа үйлчлэх дуудлагууд нь нигүүлсэл, чадавх, даруу байдлаа нэмэгдүүлэх боломжийг олгодог. Дуудлагад томилогдон адислагдахдаа бид бусдыг болон өөрийгөө өргөж, хүчирхэгжүүлэх сүнслэг урамшууллыг Их Эзэнээс хүлээн авч чадна. Мэдээж, бидний амьдралын өөрчлөгддөг нөхцөл байдал, чухал үеүд үйлчлэх чадварт маань нөлөөлж болох ч бидний үйлчлэх хүсэлд хэзээ ч нөлөөлөхгүй байгаасай гэж найдаж байна. Бенжамин хаантай хамт бид “хэрэв надад байсан бол би өгөх байсан”6 гэж хэлээд, өөрсдийн чадах бүхнийг санал болгодог.

Гадас, тойргийн удирдагчид аа, үүрэг даалгавраа биелүүлцгээе. Ах эгч нарт Их Эзэний Сүмд үйлчлэх дуудлага өгөхдөө (мөн чөлөөлөхдөө) нэр төртэйгөөр, сүнслэг нөлөөллөөр хийгээрэй. Хүн нэг бүрд талархлаа илэрхийлж, амжилттай байж чадна гэдгээ ойлгоход нь тусал. Удирдагч эгч нартай зөвлөлдөж, тэднийг сонс. Их Эзэний Сүмд бид дуудагдсан газраа үйлчилдэг бөгөөд “дуудлагыг өөрөө эрэлхийлэх юм уу түүнээс татгалзах ёс байхгүй”7 хэмээн ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларкийн заасныг санацгаая.

Гонг эгч бид хоёрыг гэрлэх үед ахлагч Дэйвид Б.Хэйт бидэнд “Сүмд үргэлж дуудлагатай байгаарай” гэж зөвлөж байв. Тэрээр: “ялангуяа амьдрал завгүй үед таныг гэх, та нарын үйлчилдэг хүмүүсийг гэх Их Эзэний хайрыг та мэдрэх хэрэгтэй” гэсэн юм. Их Эзэнд Түүний Сүмд Түүний Сүнс болон гэрээгээрээ үйлчлэхдээ Сүмийн удирдагчдад тийм гэж хариулахад хайр энд ч, тэнд ч хааяагүй байдаг гэдгийг би амлаж байна.

Их Эзэний сэргээгдсэн Сүм нь Сионы хүмүүст инкубатортай адил байж болно. Бид шүтэн биширч, үйлчилж, Түүний хайраас хамтдаа суралцан баясах үедээ Түүний сайн мэдээнд нэг нэгнээ зангуугаар холбодог. Бид улс төр, нийгмийн асуудлаар санал нийлэхгүй байж болох ч тойргийн найрал дуунд хөг нийлүүлэн дуулдаг. Бид нэг нэгнийхээ гэрт тогтмол очиж, зүрх сэтгэлээрээ тохинуулахдаа холбоотой байдлыг дэмжин, тусгаарлагдмал байдалтай тэмцдэг.

Гадасны ерөнхийлөгчдийн хамт гишүүдтэй уулзах үедээ би бүхий л нөхцөл байдалд гишүүдээ гэсэн тэдний хайрыг мэдэрдэг. Нэгэн гадасны ерөнхийлөгч нэг гишүүнийх нь гэрийн хажуугаар биднийг машинтай явж өнгөрөхөд, усан сантай гэрт амьдарч байна уу эсвэл шалгүй гэрт амьдарч байна уу гэдгээс үл хамааран Сүмийн үйлчлэл нь ихэвчлэн золиос гаргахыг шаарддаг онцгой эрх юм гэдгийг онцлон хэлж байсан юм. Мөн тэрээр бид сайн мэдээнд хамтдаа үйлчилж, золиос гаргахдаа бусдын алдааг олж харах нь багасаж, илүү их амар амгаланг олдог гэдгийг тун мэргэн анзаарсан байсан. Бид Есүс Христээр туслуулбал Тэр бидэнд Түүний хайрыг энд ярихад тусалдаг.

Энэ зун манай гэр бүл Английн Лафборо, Оксфорд хотууд дахь Сүмийн гайхалтай гишүүд, найзуудтайгаа уулзсан юм. Энэхүү утга учиртай цуглаанууд надад тойргийн олон нийтийн болон үйлчлэлийн үйл ажиллагаанууд нь сайн мэдээний урт удаан харилцааг хэрхэн шинээр үүсгэж болохыг сануулсан. Сүмд олон газарт сайн мэдээний зорилгоор арай илүү олон үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх нь биднийг илүү нэгдмэл болгон холбодог гэдгийг би хэсэг хугацаанд мэдэрсэн.

Сүнсээр нөлөөлөгдсөн тойргийн үйл ажиллагааны хороо болон дарга нь хувь хүмүүс болоод бүлэг гэгээнтнүүдийг халамжлан хамгаалдаг. Тэдний сайн төлөвлөсөн үйл ажиллагаа нь хүн бүрд үнэ цэнээ мэдэрч, Сүмийн нэг хэсэг гэдгээ ойлгон, шаардлагатай үүргээ биелүүлэхэд нь тусалдаг. Иймэрхүү үйл ажиллагаанууд нас, нөхцөл байдлын ялгааг арилгаж, насан туршийн дурсамж үүсгэдэг ба эдгээрийг бага зардлаар эсвэл ямар ч зардалгүйгээр зохиож болно. Сайн мэдээний хөгжөөнт үйл ажиллагаануудад найзууд, хөршүүдээ урьж болно.

Нийгэмших, үйлчлэх хоёр нь үргэлж зэрэгцэж байдаг. Хэрвээ хэн нэгнийг үнэхээр таньж мэдмээр байвал үйлчлэлийн үеэр эвхдэг шатан дээр зэрэгцэн зогсоод, будгийн ажил хамт хийх хэрэгтэй гэдгийг залуучууд мэддэг.

Зураг зурж үйлчилж буй залуучууд.

Мэдээж, ямар ч гэр бүл, хувь хүн төгс биш. Хайраар илүү сайн ярихад бидэнд бүгдэд нь тусламж хэрэгтэй. “Төгс хайр бүх айдсыг зайлуулдаг.”8 Итгэл, үйлчлэл, золиослол бол биднийг өөрсөд дээрээ бага төвлөрч, харин Аврагч дээр илүү их төвлөрөхөд тусалдаг. Бидний үйлчлэл, золиослол илүү өрөвч сэтгэлтэй, итгэлтэй, бусдын төлөө байж, Есүс Христ дотор байх тусам бид Түүний бидэнд зориулсан цагаатгах сэтгэл, ач ивээлийг улам илүү ойлгож эхэлдэг.

Мөн тийнхүү энэ нь биднийг сайн мэдээний гэрээнд харьяалагдах хэл рүү авчирдаг.

Бид өөрсөд дээрээ төвлөрсөн дэлхийд амьдарч байна. “Би өөрийгөө сонгоно” гэх нь олонтоо. Бид юу сонирхдог, сонирхлоо хэрхэн хөөхөө хамгийн сайн мэднэ гэдэгтээ итгэдэг юм шиг байдаг.

Гэвч эцэстээ энэ нь тийм биш. Есүс Христ энэхүү мөнхийн хүчирхэг үнэнийг биеэрээ ийн харуулдаг.

“Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр үүнийгээ олно.

Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ”9

Тэнгэрлэг гэрээн дээр тогтсон харилцаа үхлийн хүлээснээс хүчтэй гэдэг илүү дээр замыг Есүс Христ санал болгодог. Бурхантай болон бие биетэйгээ гэрээнд харьяалагдах нь биднийг болон бидний хамгийн их нандигнадаг харилцааг эдгээж, ариусгаж чадна. Үнэндээ, бид өөрсдийгөө мэдэж, хайрладгаас ч илүү Тэр биднийг мэддэг бас хайрладаг. Үнэндээ, бид байгаагаараа гэрээ байгуулах үедээ байгаагаасаа илүү болдог. Бурханы хүч, мэргэн ухаан биднийг бүхий л сайн бэлгээр Түүний цаг хугацаанд Түүний арга замаар адислах боломжтой.

Хиймэл оюун ухаан нь хэлний орчуулгад томоохон ахиц дэвшил авчирсан. “Сүнс нь бэлэн боловч махбод нь сул дорой юм” гэдэг хэлц үгийг компьютер “Дарс нь сайн боловч мах нь муудсан байна” гэж орчуулдаг үе ард хоцорчээ. Сонирхолтой нь, компьютерт хэл сургахын тулд хэлний дүрэм зааснаас хэлний жишээнүүдийг маш олон удаа давтах нь илүү үр дүнтэй байдаг юм байна.

Үүнтэй адил бидний өөрсдийн давтагдсан туршлагууд бидэнд халуун сэтгэл болон хүндэтгэл, үйлчлэл болон золиослол мөн гэрээнд харьяалагдах гэсэн сайн мэдээний хэлнүүдийг сурах хамгийн сайн сүнслэг зам байж болох юм.

Тэгэхээр Есүс Христ та нартай хаана хэрхэн хайраар ярьдаг вэ?

Та нар Түүний хайр яригдаж байгааг хаана хэрхэн сонсдог вэ?

Бид зүрх сэтгэлдээ болон гэр орондоо мөн сайн мэдээний дуудлага, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэлдээ Түүний хайрыг сонсож, хайраар ярьж сурах болтугай.

Бурханы төлөвлөгөөний дагуу, бид бүгд нэг өдөр энэ амьдралаас дараагийн амьдрал руу шилжих болно. Биднийг Их Эзэнтэй уулзах тэр үед би Түүнийг “Энд миний хайр байдаг” хэмээн заавар, амлалт өгөн хэлж байгаагаар төсөөлдөг. Есүс Христийн ариун нэрээр, амен.