2023
Эзэн, бид Есүсийг хармаар байна
2023 оны 11-р сар


10:23

Эзэн, бид Есүсийг хармаар байна

Бид Есүсийн хэн болохыг нь харж, Түүний хайрыг мэдрэхийг хүсдэг.

Нүүр царайг ялгаж харах чадваргүй байх

1945 оны хаврын нэг өдөр нэгэн залуу цэргийн эмнэлэгт сэрэв. Тэр ус уух хувьтай хүн байв. Яг чихнийхээ ард буудуулсан ч эмч нар мэс засал хийснээр хэвийн алхаж, ярьж чаддаг болсон.

Харамсалтай нь сум хүний нүүр царайг ялган таньдаг тархиных нь нэг хэсгийг гэмтээсэн байлаа. Тэр эхнэр рүүгээ харсан ч таньж байгаа ямар ч шинж илрээгүй бөгөөд төрсөн эхээ ч таньж чадаагүй. Тэр ч бүү хэл толинд харагдах нүүр царай нь хүртэл үл таних хүнийх байлаа. Тэр эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэдгийг нь ч ялгаж чадахгүй байв.1

Тэр нүүр царайг ялгаж харах чадвараа алдсан олон сая хүний нэг нь болсон байлаа.2

Нүүр царайг ялган харах чадвараа бүрэн алдсан хүмүүс охиноо сэвхний хэлбэрээр нь эсвэл найзаа хөлөө чирч алхдаг байдлаар таних гэх мэт ялган таних шинж тэмдгийг нь ойндоо тогтоох дүрмийг дагах замаар бусдыг тодорхойлохыг хичээдэг.

Том болох

Хуваалцах хоёр дахь түүх маань миний амьдралд тохиолдсон юм. Бага байхдаа би ээжийгээ дүрэм журам тогтоогч нэгэн гэж хардаг байлаа. Тэр намайг хэзээ тоглох, хэзээ орондоо орох эсвэл хамгийн хэцүү нь хашааныхаа хогийн ургамлыг хэзээ зулгаахыг хүртэл шийддэг байв.

Мэдээж тэр надад хайртай байсан. Гэхдээ би ихэвчлэн түүнийг зөвхөн “Үгийг нь дуулгавартай дагавал зохих эмэгтэй” гэж хардаг байснаасаа одоо ичдэг.

Гагцхүү олон жилийн дараа л би түүнийг бодит хүн талаас нь харах болсон юм. Үнэндээ би түүний золиосыг огт анзаарч байгаагүй, (хажууд нь би хичээлд өмсөх шинэ хувцастай байхад) тэр яагаад олон жилийн турш нөгөө л хоёр хуучин банзлаа өмссөнийг нь эсвэл яагаад өдрийн төгсгөлд тэр маш их ядарч намайг эртхэн орондоо орохыг хүсдэг байсныг нь гайхаж бодож байгаагүйдээ ичдэг.

Бид нүүр царайг ялгаж харах чадваргүй байж магад

Энэ хоёр түүх үнэндээ нэг зүйлийн тухай өгүүлсэн гэдгийг та анзаарсан байх. Олон жилийн турш би бодит байдал дээр нүүр царайг ялгаж харах чадваргүй байжээ. Би ээжийгээ жинхэнэ хүн талаас нь харж чадаагүй. Би түүний дүрмүүдийг хардаг байсан ч тэдгээрээс түүний хайрыг олж харж чадаагүй.

Энэ хоёр түүх нэг санааг илэрхийлж байгааг би та нарт хэлье. Та нар нүүр царайг ялгаж харах чадваргүй нэгнийг мэднэ гэдэгт би итгэлтэй байна (магадгүй та тэр хүн нь байж магад).

Та Бурханыг хайрт Эцэг гэдгээр нь харж чадахгүй байж магад. Та тэнгэр өөд хараад хайр, нигүүлслийн нүүр царайг биш, харин зам гаргаж явах ёстой дүрэм журмын шигүү ойг олж хардаг байж болох юм. Та Бурхан тэнгэртээ удирдан захирдаг, бошиглогчдоороо дамжуулан ярьдаг, эгчийг тань хайрладаг гэдэгт итгэдэг ч Тэр таныг хайрладаг болов уу гэж битүүхэн дотроо бодож байж магад.3 Магадгүй та төмөр бариулаас барьсан ч үүнийг дагавал хүрдэг Аврагчийнхаа хайрыг хараахан мэдрээгүй байж болох юм.4

Та ийм хүмүүсийг мэддэг байх. Учир нь би олон жилийн туршид ийм л хүн байсан. Би сүнслэг байдлын хувьд нүүр царайг ялгаж харах чадваргүй байсан.

Миний амьдралын зорилго бол дүрэм журам дагаж, бодит бус жишгүүдэд хүрэх гэж андуурдаг байсан. Би Бурхан та нарт төгс хайртайг мэдэж байсан ч үүнийг өөрөө мэдэрдэггүй байсан. Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байх талаар биш харин диваажинд орох талаар илүү их бодож байсан гэдгээсээ эмээж байна.

Хэрэв та заримдаа над шиг “гэтэлгэх хайрын дууг”5 дуулахгүй зөвхөн ам барьж чаддаг бол бид юу хийж чадах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд сануулснаар үүний хариулт бол үргэлж Есүс юм.6 Энэ бол харин маш сайхан мэдээ.

Эзэн, бид Есүсийг хармаар байна

Иоханы номд миний дуртай нэгэн богино шүлэг байдаг. Энэ нь харийн хэсэг хүн нэгэн чухал хүсэлт тээсээр Түүний шавь руу ирсэн тухай өгүүлдэг. Тэд “Эзэн, бид Есүсийг хар[ахыг хүсэж] байна”7 гэжээ.

Энэ бол бид бүгдийн хүсдэг зүйл мөн бөгөөд бид Есүсийн хэн болохыг нь харж, Түүний хайрыг мэдрэхийг хүсдэг. Энэ нь Сүмд хийдэг бараг бүх зүйлийн маань мөн ариун ёслолын цуглаан бүрийн шалтгаан нь байх ёстой. Хэрэв та ямар хичээл заах вэ, ямар уулзалтыг төлөвлөх вэ, диконуудаа орхиод дожболл тоглох уу гэж бодож байвал энэ шүлгийг өөрийн хөтөч болгон хэрэглэж, “Энэ нь хүмүүст Есүс Христийг харж, хайрлахад тус болох уу?” хэмээн асуу. Хэрэв үгүй бол магадгүй өөр зүйл хийгээд үз.

Эцгийн нигүүлслийн царайг биш дүрэм журмыг хардаг, сүнслэг байдлын хувьд нүүр царайг ялгаж харах чадваргүй байснаа ойлгохдоо би энэ нь сүмийн буруу биш гэдгийг мэдэж байсан. Энэ нь Бурханы ч буруу биш буюу бүх зүйл талаар болсон гэсэн үг ч биш, харин бид бүгдийн хийж сурвал зохих зүйл юм. Амилалтын эртний гэрчүүд ч амилсан Их Эзэнтэй олон удаа нүүр тулж байсан ч Түүнийг таниагүй. Түүний анхны дагагчид булшны цэцэрлэгээс Галилийн эрэг хүртэл “Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй.”8 Тэд Түүнийг таньж сурах ёстой байсан ба бид ч мөн адил таньж сурвал зохино.9

Энэрэл

Би сүнслэг байдлын хувьд нүүр царайг ялгаж харах чадваргүй байснаа анзаараад Түүнийг гэх миний хайр болон Түүний намайг гэх Түүний бүх шавь нарт амлагдсан хайраар дүүргэгдэж, “Түүнийг байгаагаар нь харж … энэ найдвар байж болохын тулд” “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” залбир хэмээсэн Мормоны зөвлөгөөг дагаж эхэлсэн.10 Би Бурханыг хайрла хэмээх эхний зарлигийг дагах мөн “Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ өөрийн бүх хүч чадал, оюун хийгээд чадлаар хайрладаг гэдэг … хамгийн эхний агуу үнэнийг11 мэдэрч болохын тулд хэдэн жилийн турш залбирсан.

Сайн мэдээнүүд

Энэ удаа би дүрэм журмыг олж мэдэхийн тулд биш, харин Тэр хэн бэ, Тэр хэнийг хайрладаг вэ гэдгийг олж мэдэхийн тулд дөрвөн Сайн мэдээг ахин дахин уншсан бөгөөд цаг нь болоход би Түүнээс ундран гарах хайрын голд умбасан билээ.

Есүс эхлэлд “шархалсан зүрхийг эдгээж, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн”12 тулд ирсэн гэдгээ зарласан.

Энэ нь зүгээр л нэг хийх ажлын жагсаалт эсвэл нэр хүнд олох гэсэн арга биш харин энэ нь Түүний хайрын илрэл байсан юм.

Сайн мэдээний номуудаас санамсаргүй байдлаар нээгээд үзвэл бараг хуудас болгоноос бид Түүнийг нийгмийн хүрээнд гадуурхагдсан, сүнслэг байдлын болон бие махбодын хувьд зовж зүдэрч буй хүмүүст анхаарал тавьж байгааг харах болно. Тэр бохир, цэвэр бус13 гэсэн хүмүүст гар хүрч, өлссөн нэгнийг хооллож байсан.14

Таны хамгийн дуртай Есүс Христийн тухай түүх юу вэ? Энэ нь магадгүй Бурханы Хүү уяман өвчтэй,15 үзэн ядагдсан самари хүн,16 гэм буруутай гэгдсэн, дуулиант нүгэлтэн17 эсвэл үндэсний дайсан18 гэх мэт нийгэмд гадуурхагдсан хүнд ойртон очиж тэвэрч, итгэл найдвар өгч байгааг харуулдаг түүх байж болох юм. Түүний ач ивээл гайхалтай юм.

Тэр гаднын хүнийг сайшаасан, эдгээсэн, хамт хооллосон тохиолдол бүрийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэх гээд үз. Лукийн номыг дуусгахын өмнө бэх чинь дуусна.

Би үүнийг олж хараад зүрх сэтгэл минь хайраар цохилж, Түүний ач ивээлийг танин, Тэр намайг хайрладаг юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан “Аврагчийн талаар илүү ихийг сурах тусам Түүний нигүүлсэл, хэмжээлшгүй хайранд … итгэж найдахад хялбар болно.”19 Та мөн Тэнгэрлэг Эцэгтээ илүү ихээр итгэж, Түүнийг илүү ихээр хайрладаг болно.

Есүс бидэнд “Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямар болохыг, түүнчлэн … бүх насны, өөр өөр улс үндэстний хүүхдүүддээ хэрхэн Өөрийгөө бүрэн зориулдгийг харуул[ахаар]” ирсэн21 гэж ахлагч Жэффри Р.Холланд заасан.

Паул Бурхан бол “[бүх] өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн”21 хэмээн хэлсэн.

Хэрэв та Түүнийг өөрөөр харж байвал үргэлжлүүлэн хичээ.

Гэрээнүүд ба Бурханы тэврэлт

Бошиглогчид биднийг Түүний нүүр царайг хайхад урьдаг.22 Бид дүрэм журмыг нь биш өөрсдийн Эцэгийг бишрэн шүтэж, Есүсийг Эцэгийн хайрын нүүр царай гэж харан23, зөвхөн дүрмүүдийг нь биш Түүнийг Өөрийг нь дагадаг24 болтлоо ажил дуусаагүй гэдгийг энэ нь надад сануулдаг.

Бошиглогч, төлөөлөгчид гэрээний талаар ярихдаа нөхцөл байдлыг мэдэхгүй байж “илүү их хичээ” гэж хашхирдаг дасгалжуулагчтай адилгүй. Тэд биднийг гэрээ маань үнэндээ харилцааны талаар25 бөгөөд сүнслэг байдлын хувьд нүүр царайг ялгаж харах чадваргүй байх эмгэгээсээ эдгэрэх боломж гэдгийг олж хараасай хэмээн хүсдэг26. Тэдгээр нь Түүний хайрыг олж авах дүрэм биш юм. Тэр биднийг аль хэдийн төгс хайрладаг. Тэр хайрыг ойлгож, уг хайрын дагуу амьдралаа бүтээх нь бидний хувьд асуудал юм.27

Яг л цонхны цаана нь байгаа зүйлийг харж болдог шиг бид гэрээнүүдээрээ дамжуулан цаана нь байгаа Эцэгийн нигүүлслийг олж харахыг хичээдэг.

Гэрээнүүд нь Бурхан биднийг тэвэрч буй нэгэн арга зам юм.

Бурханы хайрын гол

Эцэст нь, бид түүнд үйлчилснээр Түүнийг харж сурах болно. “Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?”28

Хэдэн жилийн өмнө би шинэ дуудлага хүлээн авсан бөгөөд уг дуудлагыг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байв. Би эрт сэрж, сэтгэл тавгүй байлаа. Гэтэл “Энэ Сүмд үйлчлэх нь Бурханы хүүхдүүдээ гэх хайрын гол дотор зогсох явдал юм” гэсэн урьд өмнө сонсож байгаагүй нэгэн үг толгойд орж ирсэн юм. Энэ Сүм бол талбайн төгсгөлд байх Бурханы хүүхдүүдэд Түүний хайрын голын усыг хүргэхийн тулд хүрз, зээтүү барин, сувгийг нь чөлөөлөхөд тусалж буй хүмүүсийн ажлын хэсэг юм.

Та хэн ч бай, таны өнгөрсөн ямар ч бай, та нарт зориулсан газар энэ Сүмд бий.29

Хүрз зээтүүгээ бариад багт нэгд. Түүний хайрыг хүүхдүүдэд нь хүргэхэд тусал. Тэгвэл хайр нь тан руу ч гэсэн цацарна.30

Бүгдээрээ Түүний хайрын нүүр царайг, Түүний гэрээний тэврэлтийг эрэлхийлж, Түүний хүүхдүүдтэй гар гараа барин нэгдэж хамтдаа “Израилын Гэтэлгэгч”-ийг дуулцгаая.

Эзэн Аврагч минь, Та

Энэрэн нааш хараад,

Гуньсан сэтгэлийг тайвшруулаач.

Ариун газарт орших

Гэгээн хүсэл минь

Агуу найдвар авчраасай.31

Бид Түүний нүүр царайг эрэлхийлэн Түүний хүүхдүүдэд Түүний нигүүлслийн сав байх болтугай.32 Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Hadyn D. Ellis and Melanie Florence, “Bodamer’s (1947) Paper on Prosopagnosia,” Cognitive Neuropsychology, vol. 7, no. 2 (1990), 84–91; Joshua Davis, “Face Blind,” Wired, Nov. 1, 2006, wired.com-ийг үзнэ үү.

  2. Dennis Nealon, “How Common Is Face Blindness?,” Harvard Medical School, Feb. 24, 2023, hms.harvard.edu; see also Oliver Sacks, “Face-Blind,” The New Yorker, Aug. 23, 2010, newyorker.com-ийг үзнэ үү.

  3. “Сүмийн зарим гишүүн Чуулганы төвийн болон дэлхийн өнцөг буланд байх орон нутгийн цуглааны индэр дээрээс ахин дахин тунхагласан сургаал, зарчим, гэрчлэлийг үнэн гэж хүлээн авдаг ч эдгээр мөнхийн үнэн яг тэдний амьдрал, нөхцөл байдалд хамаатай гэдэгт итгэж чадахгүй байж магад” (Дэвид А.Бэднар, “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун,”Лиахона, 2023 оны 5-р сар, 125).

  4. 1 Нифай 8:19; 15:23-ыг үзнэ үү. “Их Эзэнд итгэж, найдахгүйгээр Түүний зарлигуудыг сахихад хэцүү” (Хэнри Б.Айринг, “Асуух, үйлдэх итгэл,” Лиахона, 2021 оны 11-р сар, 75).

  5. Алма 5:26

  6. Рассэлл М.Нэлсон, “Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” Лиахона, 2023 оны 5-р сар, 127–28.

  7. Иохан 12:21

  8. Иохан 20:14 Тэд Еммау орох замд (Лук 24:16-г үзнэ үү), түгжигдсэн өрөөнд (Лук 24:37-г үзнэ үү), Галилийн эрэг дээр (Иохан 21:4-ийг үзнэ үү), цэцэрлэг дэх булшинд (Иохан 20:14-ийг үзнэ үү) Түүнийг харсан ч таниагүй.

  9. Хэрэв бид Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж, итгэлээр үргэлжлүүлбэл Түүнийг олж чадна.

    “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь … гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм.

    Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” (Иеремиа 29:11, 13).

    “Түүнд мөн түүгээр амьдруулагдсан учраас та нар бүр Бурханыг ойлгох өдөр ирэх болно.

    Тэгээд та нар намайг харсан гэдгээ, би байдаг гэдгийг … мэдэх болно;” (Сургаал ба Гэрээ 88:49–50).

    “Нүглээ орхиж мөн надад ирдэг, мөн миний нэрийг дууддаг, мөн дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахидаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно” (Сургаал ба Гэрээ 93:1).

  10. Моронай 7:48 Паул мөн энэрлийг тодорхой харах чадвартай холбодог. Энэрлийн талаарх өөрийн агуу номлолын дараа тэр “бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч” дараа нь “нүүр нүүрээ харна. … би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно” (1 Коринт 13:12) хэмээн бичсэн.

  11. Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 127. “Христэд итгэгчдийн хувьд бид уг хайрыг бусдад үзүүлэхийг хичээдэг боловч ихэнхдээ бүтэлгүйтдэг. Харин ‘Христийн цэвэр хайрын’ илүү агуу тодорхойлолт нь Христийн бидэнд үзүүлсэн бүрэн дүүрэн хайр юм. Жинхэнэ энэрлийг ганц л удаа үзүүлсэн юм. Үүнийг Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр цэвэр, төгс төгөлдрөөр харуулсан” (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 336).

  12. Лук 4:18, шинэ Хаан Жэймсийн хувилбар.

  13. Матай 8:3; 9:25-ыг үзнэ үү.

  14. Матай 14:13–21-ийг үзнэ үү.

  15. Матай 8:1–3-ыг үзнэ үү.

  16. Иохан 4:7–10; Тэр самари хүнийг магтав (Лук 10:25–37-г үзнэ үү).

  17. Maтай 21:31–21; Марк 7:27–50; Лук 9:10–10; Иохан 8:2–12.

  18. Матай 8:5–13-ыг үзнэ үү.

  19. Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Лиахона, 2021 оны 5-р сар, 103.

  20. (Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 70) “Намайг харсан нь Эцэгийг харсан” (Иохан 14:9).

  21. 2 Коринт 1:3

  22. Дуулал 27:8; Сургаал ба Гэрээ 101:16-г үзнэ үү.

  23. 2 Коринт 4:6; Pope Francis, “Misericordiae Vultus: Bull of Indiction of the Extraordinary Jubilee of Mercy,” Apostolic Letters, vatican.va-г үзнэ үү.

  24. Энэ бол маш чухал сэдэв Энэ бол зөвхөн аврал, өргөмжлөлийн ажил биш, харин Түүний ажил юм (Gospel Library дахь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2, Gospel Library). Би зөвхөн ариун сүмд биш, харин Их Эзэний өргөөнд очдог, энэ бол Мормоны Сүм биш харин Есүс Христийн Сүм юм (Рассэлл М.Нэлсон “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89-ыг үзнэ үү). Удирдагчид маань биднийг Түүн рүү чиглүүлдэг бөгөөд бидэнд “тусламж, эдгэрэл, өршөөл, хүч чадал гуйж болох ‘Цагаатгал’ хэмээх хэлбэр дүрсгүй биет гэж байдаггүй бөгөөд Есүс Христ эдгээр бүх зүйлийн эх үндэс” (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40) гэдгийг сануулдаг.

  25. “Гэрээний зам гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа”; энэ нь “бие биедээ өрөвч нигүүлсэнгүй хандаж, хүрч үйлчлэх хайрын зам юм” (Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 11).

    David A. Bednar, “The Blessed and Happy State” (address given at the seminar for new mission leaders, June 24, 2022); Scott Taylor, “Elder Bednar Shares 7 Lessons on ‘the Blessed and Happy State’ of Obedience,” Church News, June 27, 2022, thechurchnews.com-ийг үзнэ үү.

    “Ариун гэрээнд нэгдэж, санваарын ёслолыг зохистойгоор хүлээн авах нь биднийг Их Эзэн Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгтэй холбож, Христийн буулгаас үүрэлцүүлдэг. Энгийнээр ойлговол, бид Аврагчийг өөрсдийнхөө өмгөөлөгч, зууч хэмээн итгэж, амьдралын аян замдаа Түүний сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд найддаг гэсэн үг юм. …

    Гэрээний амлалтаа хайрлаж, үүний дагуу амьдарснаар бид Их Эзэнтэй гүн гүнзгий хувийн, сүнслэг хүчирхэг холбоо тогтоодог. … Тийнхүү Есүсийн үлгэр жишээ, сургаал бидний хүсэл, бодол, үйлдэл болгонд нөлөөлж, Тэрээр судрын түүхүүд дээр гардаг гол дүрээс илүү бодит болдог юм” (Дэвид А.Бэднар, “Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой,” Лиахона, 2022 оны 4-р сар, 15).

    Д.Тодд Кристоффэрсон, “Бидний Бурхантай харилцах харилцаа,” Лиахона, 2022 оны 5-р сарыг үзнэ үү.

  26. “Мөн үүний ёслолуудгүйгээр, мөн санваарын эрх мэдэлгүйгээр, бурханлаг чанарын хүч махан бодид хүмүүнд илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө.

    Учир нь үүнгүйгээр хүмүүн Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьдарч чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 84:21–22).

  27. Жэффри Р.Холланд, “Найдвараар дүүрэн ирээдүй,” (зориулсан дэлхий даяарх дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 1-р сарын 8) Gospel Library:

    “Та нар [Тэр та нарт тусална гэсэн найдвар] -ийг олж авахын тулд хойноос нь хөөцөлдөх шаардлагагүй. Мөн үүнийг үйлдвэрлэж чадахгүй бөгөөд боломжгүй. Нигүүлслийн хүрээнд орших өөр бүх зүйлийн нэгэн адил та үүнийг өөрийн эсвэл бусад мөнх бус хүмүүний хүчинд тулгуурлан олж авахгүй. Үүнд ямар нэгэн нууц томьёо, шидэт тарни хэрэггүй.

    Үнэндээ бидний гүйцэтгэдэг үүрэг чухал ч өчүүхэн хэсгийг эзэлдэг. Уг ажлын ихэнх хэсгийг Бурхан гүйцэтгэдэг билээ. Бидний үүрэг бол энгийн даруугаар Түүн дээр очиж, дараа нь санаа зовохгүй, айхгүй байх явдал юм.“

  28. Матай 5:13 мөн Иохан 17:3-ыг үзнэ үү.

  29. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “хайрын хүрээгээ тэлэн бүхий л хүн төрөлхтний гэр бүлийг хамруул” (“Blessed Are the Peacemakers,” Liahona, Nov. 2002, 41) хэмээн ахин дахин урьсан. 2022 оны 5-р сард тэр залуучуудад хандан “Таних тэмдэг зүүлгэх нь шүүмж, дайсагналд хүргэдэг. … Яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, боловсролын зэрэг, соёл болон бусад ялгарах онцлог шинж тэмдгийн эсрэг аливаа хүчирхийлэл, гадуурхал бидний Бүтээгчийн таалалд нийцдэггүй!” гэж заасан.(“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], Gospel Library). Хамгийн чухал нь тэр “Дэлхийн хар арьстан ах, эгч нар маань арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, ад үзэгдэж ирсэнд би харамсдаг. Өнөөдөр би бүхий л газарт байгаа гишүүддээ хандан ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна. Би Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг дэмжихийг та нараас гуйж байна” хэмээсэн “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган 94).

    “Ялгаварлан гадуурхах явдал нь Бурханы илчлэгдсэн үгтэй нийцдэггүй. Бурханы тааллыг олох эсвэл алдах нь хүний арьсны өнгө, бусад шинж чанараас биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.

    Үүнд арьсны өнгө, яс үндэс, үндэс угсаа, овог омог, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, нийгэм, эдийн засгийн статус, шашинд итгэдэг, итгэдэггүй, бэлгийн чиг хандлагаас үүдэлтэй ялгаварлан гадуурхал зэрэг нь багтдаг” (Ерөнхий гарын авлага, 38.6.14, Gospel Library).

  30. 1 Нифай 11:25-ийг үзнэ үү.

  31. Израилын Гэтэлгэгч” (Дуулал, д. 5).

  32. Ром 9:23-ыг үзнэ үү.