2023
Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байх
2023 оны 11-р сар


13:48

Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байх

“Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” энэ амьдралд амар амгалан болон алдар суут тэнгэрлэг уулзалтыг олно гэдгийг би гэрчилж байна.

“Христийн амгалан дөлгөөн дагалдагчид”1 янз бүрийн сорилт бэрхшээлтэй тулгардаг цаг үед бид амьдарч байна. Есүс Христийг гэрчилж, даруухнаар шүтэн биширч, Түүнд итгэдэг хүмүүс байнгын зовлон зүдгүүр, сорилт, саад бэрхшээлийг туулсаар ирсэн.2 Миний эхнэр Мэри бид хоёр ч мөн ялгаагүй. Өнгөрсөн хэдэн жил бид хоёрын ахлах сургуулийн найзууд, номлолын хамтрагчид, заримынх нь эрхэм эхнэрүүд, хуучны хамтран ажиллагсад зэрэг дотны найз нөхдөөс олон нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр хөшигний нөгөө талд дэвшсэн юм. Итгэл, үнэмшилтэй гэр бүлд өссөн ч гэрээний замаас хазайсан тэднийг бид хардаг.

Бид 23 настай ач хүүгээ аймшигт автын ослоор харамсалтайгаар алдлаа.2 Зарим эрхэм найз, гэр бүлийн гишүүн, ажлын хамтрагчид ч эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг туулсан.

Бид зовлон зүдгүүр тохиолдох бүрд гашуудаж, нэг нэгнийхээ ачааг хөнгөлөх гэж хичээдэг.3 Бид биелэл болоогүй зүйлийн төлөө, дуулж чадаагүй дууны төлөө шаналдаг.4 Энэхүү мөнх бус аялалд муу зүйлс сайн хүмүүст тохиолддог. Хавайн Мави, Өмнөд Чили болон Зүүн Канадын бүс нутагт гарсан гамшигт түймэр нь сайн хүмүүст заримдаа тохиолддог аймшигт үйл явдлын жишээ юм.

Бид Агуу Үнэт Сувд номоос Их Эзэн Абрахамд сүнсний мөнхийн мөн чанарыг илчилсэн тухай уншдаг. Абрахам өмнөх амьдрал, урьдчилсан томилолт, Бүтээлт, Гэтэлгэгчийг сонгосон үйл явдал болон хүн төрөлхтний хоёр дахь байдал буюу энэ мөнх бус амьдралын талаар олж мэдсэн.5 Гэтэлгэгч ийн тунхагласан.

“Дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно;

Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно.”6

Одоо бид бүгд Бурханы агуу аврал, өргөмжлөлийн төлөвлөгөөний нэг хэсэг болох алдар суугийн хаант улс руу урагшлах аяллынхаа хоёр дахь байдалд энд байгаа. Бид сонгох эрхийн адислалыг хүртсэн ба мөнх бус амьдралын сорилтод автдаг. Энэ бол бидэнд өгөгдсөн Бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм.7 Бид Есүс Христ болон энэхүү төлөвлөгөөн дэх Түүний үүргийн тухай мэдэхээр адислагдсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм буюу Түүний сэргээгдсэн сүмийн гишүүн болох онцгой адислал бидэнд байдаг. Христийн амгалан дөлгөөн дагалдагчдын хувьд бид Түүний зарлигуудын дагуу амьдрахыг хичээдэг. Энэ нь хэзээ ч Түүний дагалдагчдад амар байгаагүй. Аврагчид ч мөн адил Өөрийн мөнх бус номлолоо итгэлтэйгээр гүйцэлдүүлэхэд хялбар байсангүй.

Судруудад тодорхой хэлсэнчлэн олон нь “ид, уу, мөн баяс, учир нь маргааш бид үхнэ”8 гэсэн хандлагад бууж өгөх болно. Бусад үл итгэгчид “дараагийн шинэ зүйл”9 болон хүмүүсийн гүн ухааныг10 сурталчлах ижил санаа бодолтой бүлэг хүмүүс рүү ухран оддог. Тэд үнэнийг хаанаас олохыг мэддэггүй.11

Христийн амгалан дөлгөөн дагалдагчид аль ч замыг дагадаггүй. Бид амьдарч буй нийгмийнхээ идэвх зүтгэлтэй, эелдэг гишүүд билээ. Бид Бурханы бүх хүүхдийг Христийн сургаалыг дагахад урьж, хайрлаж, тэдэнтэй хуваалцдаг.12 Одоо төдийгүй үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонго гэсэн хайрт бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг бид дагадаг.13 Энэ сүнслэгээр өдөөгдсөн арга барил нь судрууд болон бошиглолын чиглүүлэгт аль алинд нь нийцсэн байдаг.

1829 онд сэргээгдсэн Сүм хараахан зохион байгуулагдаагүй, Мормоны Ном ч хэвлэгдээгүй байсан. Зовж шаналж буй бүлэг хүн Бурханы Сүнсээр өдөөгдөж, бошиглогч Иосеф Смитийг дагасан байна. Их Эзэн хүнд хэцүү цагт нь Иосефт “Бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй”14 хэмээх зөвлөгөөг илчилсэн. Тэр тэдэнд ийн зөвлөсөн.

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

“…Итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно”15.

Бидний тэнгэрлэг хувь тавилан зовлон бэрхшээл тохиолдох үед өөрчлөгдөхгүй нь тодорхой. Еврей ном дээр “хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очихыг”16 бидэнд зөвлөсөн. Есүс Христ “мөнх авралын эх үндэс”17 мөн.

“Христийн амгалан дөлгөөн дагалдагчдыг хүмүүний үрстэй хамт амгалан дөлгөөн алхдагийн учир” магтсан хүү Моронайн эш татсан Мормоны үгэнд би дуртай.18

Сүмд “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” байхаар хичээж буй биднийг Их Эзэн хийгээд Аврагч Есүс Христэд төвлөрөх үед гэрэл гэгээтэй өдрүүд хүлээж байдаг. Сорилт бэрхшээл нь мөнх бус амьдралын нэг хэсэг ба дэлхий дээрх хүн бүрийн амьдралд тохиолддог. Үүнд улс орон, хувь хүмүүсийн хоорондын томоохон зөрчилдөөн багтдаг.

Сүмийн удирдагчдаас “Яагаад Бурхан хүмүүст, тэр дундаа сайн хүмүүст муу зүйл тохиолдохыг зүгээр л зөвшөөрдөг юм бол?” “Яагаад зөв шударга, Их Эзэнд үйлчилдэг хүмүүсийг ийм гай зовлонгоос хамгаалдаггүй юм бол?” гэж олон удаа асуудаг.

Бид бүх хариултыг мэдэхгүй ч бидний хүн нэг бүрийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэсэн итгэл, найдвартайгаар зовлон зүдгүүр, сорилт, саад бэрхшээлийг туулах боломжийг олгодог чухал зарчмуудыг бид мэддэг. Бошиглогч Иосеф Смитийг Либерти шоронд байхад Их Эзэний түүнд хэлсэн үгнээс илүү саад бэрхшээлийг даван туулахтай холбоотой жишээ сударт байхгүй.

Их Эзэн ийн тунхагласан:

“Хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.

Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?

… Хүний хийж чадах юмнаас бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно.”19

Биднийг хувьчлан мэдэж, хайрладаг мөн бидний зовлонг төгс ойлгодог Тэнгэрлэг Эцэг бидэнд байдаг нь тодорхой. Түүний хүү Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард нар Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь шинэ хэвлэлийн ач холбогдлыг онцолсон билээ.20 Би тэдний өөдрөг үзэлтэй нэгдье. Энэ шинэ хэвлэл нь ариун судруудыг гэрчилж, хүчирхгээр ийнхүү тунхагладаг.

“Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослолоороо бидний өвчин шаналал, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Иймээс Тэр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэддэг (Алма 7:12; мөн 11-р шүлгийг үзнэ үү). Тэр ‘Над дээр ир’ гэж урьдаг бөгөөд биднийг ийн ирэхэд Тэр бидэнд амралт, найдвар, хүч чадал, харах өнцөг, эдгэрэлтийг өгдөг (Маттай 11:28; мөн 29–30-р шүлгийг үзнэ үү).

Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж найдах юм бол Тэр бидэнд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, өвчин эмгэгээ даван гарахад тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байх болно. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зѳв болгогдож болно.”21

Бид баяр хөөртэйгөөр Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байж чадна.

Эцэгийн маань хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд зөвхөн өмнөх амьдрал, мөнх бус амьдрал багтаад зогсохгүй мөнх амьдралыг хүлээн авах боломж багтдаг. Тэр үед бид халин одсон тэдгээр хүмүүстэйгээ агуу хийгээд алдар суутайгаар дахин учрах болно. Бүх буруу зүйл зөв болгогдох ба бид юмсыг тов тодорхой, алдаа мадаггүй харах өнцөг болон ойлголттойгоор харах болно.

Сүмийн удирдагчид энэ харах өнцгийг гурван үзэгдэлт жүжгийн өрнөл дунд явж байгаа хүмүүстэй зүйрлэдэг.22 Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэддэггүй хүмүүс нэгдүгээр үзэгдэлд (буюу өмнөх амьдрал дээр) юу болсныг, мөн тэнд тодорхойлогдсон зорилгыг ойлгодоггүй ба Тэнгэрлэг Эцэгийн алдар суут гүйцэтгэл болох гурав дахь үзэгдэлд тохиох тодруулга, шийдвэрийг мэддэггүй.

Олон хүн Түүний хайраар дүүрэн, цогц төлөвлөгөө өөрсдийн буруугаас болоогүй сул дорой тэдгээрт эцэстээ нөлөөлөхгүй гэдгийг ойлгодоггүй.23

Судруудад зөв шударга, Аврагчийг дагадаг, Түүний зарлигуудыг сахидаг Христийн амгалан дөлгөөн дагалдагчид адислагдах болно гэж тодорхой бичсэн байдаг. Амьдралынх нь нөхцөл байдлаас үл хамааран зөв шударга хүмүүст зориулсан хамгийн чухал судруудын нэг нь хаан Бенжамины хүмүүстээ хандан хэлсэн үгийн хэсэг юм. Тэрээр зарлигуудыг итгэлтэйгээр сахидаг хүмүүс энэ амьдралд бүх зүйлд адислагдаж, “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно”24 хэмээн амладаг.

Бид бараг бүгдээрээ амьдралдаа бие махбодын болон сүнслэг байдлын шуургатай, зарим нь бүр аймшигт шуургатай нүүр тулж байснаа хүлээн зөвшөөрдөг. Хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний сэргээгдсэн Сүмийн тэргүүн болох Түүний Хүү, Есүс Христ биднийг бэлтгэж, хамгаалахын тулд аюулаас сэрэмжлүүлэх, бэлтгэх судрууд болон бошиглогчдыг бидэнд өгсөн. Зарим удирдамж шууд үйлдэхийг шаарддаг бол зарим нь ирээдүйн олон жилд хамгаалалт болдог. Сургаал ба Гэрээний Их Эзэний өмнөх үг болох 1-р хэсэгт “бошиглогчдын үгсэд анхаарал тавихыг” 25 бидэнд зөвлөсөн.

1-р хэсэгт түүнчлэн бидэнд “Бэлтгэгтүн та нар, ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн”26 гэж анхааруулдаг. Их Эзэн туулах бэрхшээлүүдэд бэлтгэх боломжийг Өөрийн хүмүүст олгодог.

1847 оны 1-р сарын 14-нд Винтер Квортерст Их Эзэн ерөнхийлөгч Бригам Янгд нэгэн хүчит илчлэлтийг өгсөн.27 Энэ илчлэлт нь Их Эзэн хүмүүсээ ирэх тэр зүйлд бэлтгэдэг талаарх сонгодог жишээ юм. Итгэлтэй гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндий дэх ариун газар луу нүүж эхэлсэн байв. Тэд Наувугийн ариун сүмийг амжилттай барьж, ариун нандин аврах ёслолуудыг хүлээн авсан. Тэд Миссуригээс хөөгдөөд зогсохгүй хавчин гадуурхагчид тэднийг хахир өвлийн улиралд Наувугаас хөөж гаргав. Бригамын илчлэлтэд уг нүүлтэд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөөг өгсөн. Их Эзэн ядуус, бэлэвсэн эмэгтэйчүүд, эцэггүй хүүхдүүд мөн Мормон батальонд үйлчилж буй хүмүүсийн гэр бүлийг харж хандахад онцгой ач холбогдол өгсөн. Учир нь гэгээнтнүүдийн үндсэн хэсэг аймшигт аялалдаа гарсан байлаа.

Их Эзэн зөв шударгаар амьдрах бусад зөвлөгөөнөөс гадна өдгөө ч бидэнд үргэлжлүүлэн хамаатай өөр хоёр зарчмыг онцолсон.

Нэгдүгээрт, Тэрээр “Их Эзэнийг дуугаар, хөгжмөөр, бүжгээр мөн магтаалын болон талархлын залбирлаар магтагтун”28 хэмээн тэднийг зоригжуулсан.

Хоёрдугаарт, Их Эзэн хэрэв тэд “уй гашуутай байх аваас сүнс чинь баяр хөөртэй байж болохын тулд Их Эзэн Бурханаа даруухан залбирлаар дуудагтун”29 гэж зөвлөсөн.

Эдгээр хоёр сануулга бидний үед ч агуу зөвлөгөө байсаар байна. Магтаал, хөгжим, талархлаар дүүрэн амьдрал онцгойлон адислагддаг. Баяр хөөртэй байж, залбирлаар дамжуулан тэнгэрлэг тусламжид найдах нь Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байх хүчирхэг арга зам билээ. Үргэлж зоригтой байхыг хичээх нь сүнслэг байдлын хувьд цөхрөхгүй байхад тусалдаг.

Утга төгөлдөр нэгэн дууллын сүүлийн мөрөнд “Тэнгэрийн эдгээж чадахгүй шаналал дэлхийд үгүй”30 хэмээн гайхалтайгаар хариулсан байдаг.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” энэ амьдралд амар амгалан болон алдар суут тэнгэрлэг уулзалтыг олно гэдгийг би гэрчилж байна. Аврагчийн бурханлаг чанар болон Түүний Цагаатгалын бодит байдлыг би баттай гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч билээ. Есүс Христийн нэрээр, амен.