2023
Сүнсний өдөөлт
2023 оны 11-р сар


14:10

Сүнсний өдөөлт

Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байх гэдэг бол Хожмын үеийн гэгээнтнүүдэд байдаг хамгийн агуу сүнслэг бэлгийн нэг юм.

Оршил

Саяхан Австрали, Шинэ Зеланд улсуудад зохион байгуулагдсан 2023 оны Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спорт сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Дэлхийн 200 гаруй орны шигшээ багийн тамирчдаас бүрдсэн дэлхийн шилдэг тамирчид хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд тэвчээр шандас, хичээл зүтгэл, авьяас чадвараа харуулсан юм.

Янз бүрийн спорт, ур чадварын дээд өндөрлөгт хүрсэн хүмүүсийг хараад бид гайхширдаг. Бурханы тэдэнд өгсөн авьяас чадвар, бэлгүүдийн талаар бид ярьдаг. Үүн дотор бүжиг, гимнастик, хөгжим, уран зураг, жүжиг, математик, шинжлэх ухаан зэрэг олон янзын талбар орно. Энэ хүмүүс дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөж, суралцаж, сургуулилж байж Бурханаас өгсөн бэлгүүдээ хурцалж сайжруулдаг. Бурханаас өгөгддөг бэлгүүд авьяас билигтэй хүмүүсийг бий болгодог.

Сүнслэг бэлгүүдийг ашиглах нь

Сайн мэдээний өнцгөөс харвал Бурхан хүүхдүүддээ олон сүнслэг бэлгийг өгч, тэднийг сүнслэг авьяас чадвартай хүмүүс болгодог. Гэрээгээ сахидаг сүмийн гишүүдэд Сүнсний бэлгүүд өгөгддөг бөгөөд үүнд Есүс Христийг бидний Аврагч гэдгийг мэдэх гэрчлэлийн бэлэг, Ариун Сүнсний бэлэг, эдгээх ба эдгэрэх итгэлийн бэлэг, ялган таних бэлэг, гайхамшгуудыг хүлээн авах бэлэг, мөн мэргэн ухаан ба мэдлэгийн бэлэг зэрэг орно.1 Их Эзэн биднийг хамгийн сайн бэлгүүд, үүний дотор сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхэд урьдаг. Тэрээр биднийг адисалж, бусдыг адислахад ашиглахын тулд сүнслэг бэлгүүдийг өгдөг.2

Авьяаслаг, чадварлаг хүмүүсийн зүйрлэл рүү эргэн очиход, бэлэг өгөгдсөн л бол мастер болно гэсэн үг биш гэдгийг санах нь чухал. Байгалиас заяасан хосгүй авьяас чадвар байсан ч, тухайн талбартаа хамгийн дээд түвшинд хүрэхийн тулд зогсолтгүй шаргуу дасгал сургуулилт, хүч хөдөлмөрөөр ур чадвараа сайжруулах шаардлагатай байдаг. Бидний хүлээн авдаг бэлэг сэлтүүд хүртэл баглаа боодол дээрээ “бага зэргийн угсралт” шаардлагатай гэсэн тааламжгүй үгсийг агуулдаг.

Үүнтэй адилаар, сүнслэг бэлгүүдтэй холбоотой суралцах шаардлагыг би ажигласан. Сүнслэг бэлгүүдийг ашиглахад сүнслэг сургуулилт шаардагддаг. “Амьдралдаа Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахын тулд сүнслэг байдлын хувьд ажиллах шаардлагатай. Энэ ажилд чин сэтгэлээсээ залбирах, судраас тууштай судлах зэрэг ордог. Үүнд мөн гэрээнүүдээ болон Бурханы зарлигуудыг сахих багтдаг. … Үүнд долоо хоног бүр ариун ёслолоос зохистой хүртэх бас багтдаг.”3

Сүнслэг бэлгүүдээ ашигласнаас ирэх үр шим юу вэ? Үүнд бидэнд өдөр тутмын өөр өөр хэрэгцээ нөхцөл байдалтай нүүр тулахад тусалж, юу хийх болон хэлэхийг харуулдаг Сүнсний өдөөлт, амар тайван, тайтгарлын адислалууд ордог. Бид сүнслэг өдөөлтийг сонсож, үйлдэхийн хэрээр Ариун Сүнс бидний ур чадвар, чадамжийг өөрсдийн хийж чадахаас хавьгүй ихээр өсгөдөг. Эдгээр үнэт сүнслэг бэлгүүд нь бидний амьдралын бүхий л талбарт бидэнд туслах болно.4

Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байх гэдэг бол Хожмын үеийн гэгээнтнүүдэд байдаг хамгийн агуу сүнслэг бэлгийн нэг юм.

Энэ бэлэг хэр чухал вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дээрх асуултад хариулахдаа “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”5 гэсэн.

Сүнсний өдөөлтүүдийг хэрхэн урьж мөн таних вэ

Хүн бүр Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн урьж, танихыг эрэлхийлдэг болохыг би тохинууллынхаа явцад олж мэдсэн. Сүнсний өдөөлт бол маш хувийн чанартай бөгөөд янз бүрийн арга замаар ирдэг. Бид эрт үеийн болон орчин цагийн бошиглогчдын үгсээр адислагдсан. Эдгээр нь бидэнд Сүнснээс удирдамж авахад хэрэг болох үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.

Сүнсний өдөөлтийг урьж мөн танихад туслах дөрвөн удирдах зарчмыг би та бүхэнд өгье.

Ариун газруудад зогсогтун

Эхний зарчим бол ариун газруудад зогсогтун.6 Би саяхан Японы Токио ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон. Хэвлэл мэдээлэл болон чухал зочдын албан ёсны урилгад төсөөлснөөс ч олон хүн ирсэн юм. Ариун сүмтэй танилцах хөтөчтэй аялалд олон зуун хүн оролцсон. Зочид ариун сүмийн сайхныг, үүний дотор Японы уламжлалтай гүн хосолсон хээ угалз, утга учрыг нь шагшиж байв. Өвөг дээдсийн ёслолуудыг, гүйцэтгэдэг өрөөнүүдийг тайлбарлах үед зочид улам илүү гүн хүндэтгэл бишрэлтэй хүлээн авсан. Гэхдээ хамгийн их сэтгэлд дулаахан зүйл нь Сүнсний нөлөө байлаа.

Энэ үед засгийн газрын өндөр албан тушаалтантай хамт өнгөрүүлсэн мөч миний дурсамжид тод үлдсэн. Селестиел өрөөнд хэсэг хугацаанд бясалган чимээгүй суусны дараа сэтгэл нь ихэд хөдөлсөн тэрээр миний чихэнд, “Энэ өрөөнд миний амьсгалж байгаа агаар нь хүртэл өөр санагдаж байна” гэв. Тэрээр ариун газруудад оршин байдаг Ариун Сүнс тэнд байсныг тайлбарлахыг оролдож байгааг би ойлгосон. Та Сүнсийг мэдрэхийг хүсвэл Сүнс байхад хялбар газарт бай.

Бидний ариун сүм, гэр орон маань энэхүү газруудын хамгийн ариунд орно. Энд бид Сүнсийг илүү хялбархан урьж, таньж чадна. Бусад ариун газарт цуглааны байрууд, семинар, институтийн байр, Сүмийн түүхт газрууд ба айлчлах төвүүд орно. Ариун газруудад зогсогтун.

Ариун хүмүүстэй бай

Хоёрдугаарт, ариун хүмүүстэй бай. Хоёр дахь удирдах зарчмыг би бас нэгэн дурсамжаар тайлбарлая.

Би олны танил стадионд болсон нэгэн онцгой цугларалтыг хэзээ ч мартахгүй. Ердийн үед энэ талбай өөрсдийн багийг дэмжиж, магадгүй эсрэг багаа ёжилж байгаа хөгжөөн дэмжигчдийн уухайн дуугаар дүүрч байдаг. Гэвч тэр үдэш уур амьсгал ондоо байсан. Бошиглогч Иосеф Смитийн амьдралыг дурсан хүндэтгэхээр ирсэн мянга мянган өсвөр үеийнхнээр Стадион дүүрсэн байлаа. Тэдний чимээгүй хүндэтгэл, талархал, залбирал бүхий зүрх сэтгэл нь стадионыг Ариун Сүнсээр дүүргэв. Тэдний нүүр царайнаас Ариун Сүнсийг би тодхон харж байлаа. Энэ бол Иосеф Смит ба сайн мэдээний Сэргээлтийг гэрчилсэн Ариун Сүнсний бэлэг үйлчилж байгаа хэрэг байв.

Ариун хүмүүсийн цугларсан газар Сүнс байхгүй байна гэж байхгүй. Та Сүнсийг мэдрэхийг хүсвэл Сүнс байхад хялбар хүмүүстэй бай. Аврагч үүнийг ийн хэлсэн: “Хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна”.7 Залуу хүмүүсийн хувьд та нарын чуулга ба ангиуд, ӨҮБББТ чуулган ба семинар, тойрог ба гадасны үйл ажиллагаанууд, бүр тойргийн найрал дуу хүртэл ариун хүмүүсийн цугларах газар болно. Ариун хүмүүстэй хамт байж, шударга байдал оршдог газар очихыг сонго. Олуулаа байхад хүчтэй байна. Сайн найзуудтай бол. Сайн найз бай. Хаа ч байсан нэг нэгнээ дэмж. Ариун хүмүүстэй хамт бай.

Ариун үнэнийг гэрчил

Гуравдугаарт, ариун үнэнийг аль болох их гэрчил. Бид өөрийн дуу хоолойгоор гэрчлэх үед Тайтгаруулагч ямагт дуу хоолойгоо хуваалцдаг. Сүнс ярьж буй, сонсож буй хоёрт адил байдлаар гэрчилдэг.

Би нэг удаа Ню Иорк хотод таксигаар 45 минут явсан юм. Нисэх буудал очих замын турш би таксины жолоочтой сайн мэдээний талаар халуун дулаан яриа өрнүүлж яваад мөнгөө төлөөд буухдаа бэлдлээ. Тэгээд би хуваалцсан зүйлсийнхээ талаарх гэрчлэлээ хуваалцаагүйгээ санав. Би буухаа түр азнаад энгийн богинохон гэрчлэл хуваалцахад бид хоёр хоёулаа Сүнсийг мэдэрч, нүдэнд нулимс цийлгэнэж билээ.

Та нар гэрчлэлээ бусадтай хуваалцах боломжийг эрэлхийлж, үйлдэхийн хэрээр өөрсдөө Сүнсийг мэдрэх мөчүүдийг гаргаж байгаа явдал юм.

Ариун сүнсийг сонс

Сүүлийн зарчим бол Ариун Сүнсийг сонсох юм. Тэр бидний байнгын хамтрагч байж болох ч аядуу зөөлөн дуугаар ярьдаг. Бошиглогч Елиа Их Эзэний дуу хоолой салхи, газар хөдлөлт, гал доторх биш, харин “намуухан хүнгэнэх дуу” байсныг олж мэдсэн.8 “Энэ нь аянгын дуу бус” харин “шивнээн байсан мэт төгс зөөлөн тайван дуу хоолой” байсан мөртлөө “сэтгэлийн угт хүртэл нэвтрэх ажгуу.”9

Ахлагч Боид К.Пакэр: “Сүнсний дуу хоолой нь ‘чанга’ ч биш, ‘хахир’ ч биш хэмээн сударт дүрслэгдсэн байдаг. Харин тэр шивнэдэг. Маш зөөлөн дуугаар ярьдаг учраас өөр зүйлд анхаарлаа хандуулсан байвал түүнийг огт мэдрэхгүй байж магадгүй”10 гэж хэлсэн байдаг. Заримдаа Түүний дуу хоолой хэт зөөлөн, эсвэл намайг өөр зүйлд улайрсан байх үед миний хайртай хүмүүс надад Түүний дуу хоолойг дамжуулдгийг анзаарсан. Ариун Сүнсний өдөөлт надад миний эхнэр Лэсагаар олон удаа дамжин ирж байсан. Зөв шударга эцэг эх, удирдагчид ч гэсэн өдөөлтөөр ирэх удирдамжийг таны өмнөөс авч болно.

Дэлхийг бүрхсэн чимээ шуугиан, хашхираан, хэрүүл маргаан нь Ариун Сүнснээс ирэх нам гүм, зөөлөн мэдрэмжийг дарж болно. Сүнснээс удирдамж эрэлхийлэхдээ нам гүм, ариун газрыг зорьж олоорой.

Анхааруулах үгс

Сүнсийг урьж, таних эдгээр зарчмыг хэрэгжүүлэхдээ дараах үгсийг анхаараарай.11

Сүнслэг мэдрэмжээ бататга. Жишээлбэл: Сүнснээс ирэх мэдрэмж нь судрууд болон амьд бошиглогчдын сургаалтай нийцэх болно.

Таны хүлээн авсан мэдрэмж таны үүрэг даалгавартай нийцэх эсэхийг бататгаарай. Та зохих эрх мэдлээр дуудагдсан биш л бол Сүнснээс ирэх мэдрэмж танд бусдад зөвлөх, засаж залруулах эрх өгөгддөггүй.

Сүнслэг зүйлсийг хүчилж болохгүй. Та Сүнсийг урих орчин, хандлагыг өөртөө бий болгож, өөрийгөө бэлдэж болох ч сүнслэг өдөөлт хэзээ, хэрхэн ирэхийг тулгаж чадахгүй. Тэвчээртэй байж, хэрэгцээтэй зүйлсээ цаг нь ирэхэд хүлээн авна гэдэгт найд.

Хамгийн зөв гэж бодсоноо сонго. Заримдаа бид бүх зүйлд Сүнсээр удирдуулахыг хүсдэг. Гэвч ихэвчлэн Их Эзэн биднийг Бурханаас өгөгдсөн ой ухаанаа ашиглаж өөрсдийн ойлголт, мэдлэгт тулгуурлан үйлдэхийг хүсдэг. Ахлагч Даллин Х.Өүкс:

“Их Эзэнээр удирдуулах хүсэл нь хүч чадал боловч олон асуудал дээр Тэнгэрлэг Эцэг маань биднийг өөрсдийн сонголтыг хийгээсэй гэж хүсдэг гэдгийг ойлгох нь бас чухал. … Их Эзэнд бүх шийдвэрээ даалгахыг оролдож, сонголт бүрийг хийхдээ илчлэлт авахыг хүсдэг хүмүүс удирдамж заавар хүсэн залбирсан ч хариултаа авахгүй байх нөхцөлд тун удалгүй орох болно. …

“Бид ой ухаандаа эхлээд эргэцүүлэх хэрэгтэй. … Тэгээд бид удирдамж хүлээн авахын тулд залбирч, … үүний дагуу үйлдэх ёстой. Хэрэв бид удирдамж хүлээн авахгүй бол хамгийн зөв гэж бодсоноо сонгох хэрэгтэй.”12 гэж заасан.

Урилгаар төгсгөе

Төгсгөлд нь хэлэхэд, Хожмын үеийн гэгээнтнүүд бол гэрээгээ сахидаг, авьяас чадварлаг хүмүүс байх ёстой. Гэлээ ч бидний хүн нэг бүр сүнслэг бэлгүүдээ ашиглахыг эрэлхийлж, мөн Сүнсний өдөөлтийг урьж, танихыг сурах хэрэгтэй. Энэхүү нэн чухал үйл хэрэгт туслах дөрвөн зарчим байдаг. Үүнд:

  1. Ариун газруудад зогсогтун.

  2. Ариун хүмүүстэй хамт бай.

  3. Ариун үнэнийг гэрчил.

  4. Ариун Сүнсийг сонс.

Сүнсний өдөөлтүүдийг урьж мөн таних таны чадвар алхам алхмаар хөгжих болно. “Сүнсний бидэнтэй харилцдаг хэлийг ойлгоно гэдэг нь шинэ хэл сурахтай адил юм. Энэ бол тууштай хичээл зүтгэлийг шаарддаг, аажимдаа сайжирдаг үйл явц юм.”13

Ярианыхаа эхэнд хэлснийг давтахад, Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд та нарт бэлэг өгөгдсөнийг санаарай. Надад саяхан ярьж өгсөн түүхийг би хуваалцъя. Та бүхний дүрслэлд ойр тусах мацгийн ням гаргийн талаар төсөөлцгөөнө үү. Бяцхан хүүхэд сандал дээр гарч зогссон ч индрийн цаанаас арай гэж цухуйж байв. Түүний аав нь хажууд нь дэмжихээр зогсоод чихэнд нь шивнэхэд тэрээр бахархалтайгаар “Би Бурханы хүүхэд” гэв.

Түүний дараа гэрчлэл хуваалцахаар нэгэн залуу гишүүн гарч ирээд “Миний чихэнд ингэж шивнэж өгөх хэн нэгэн байсан ч болоосой” гэж сандрангуй хэллээ. Тэр мөчид түүнд сүнслэг бодол зурсхийн орж ирэхэд тэрээр “Миний чихэнд ингэж шивнэж өгөх нэгэн байгаа юм байна, энэ бол Ариун Сүнс!” гэж гэрчилсэн юм.

Би бүх өсвөр үеийнхэнд онцгойлон хандсан урилгаар үгээ төгсгөе. Та нарын олон нь өдрөө эхлэхдээ толины өмнө зогсдог. Маргааш, энэ долоо хоног, энэ жил, ер нь толинд өөрийгөө харахдаа байнга дараах үгсийг дотроо эсвэл чангаар хэлээрэй: “Хөөх, намайг хараач! Би гайхалтай! Би Бурханы хүүхэд! Тэр намайг мэддэг! Тэр надад хайртай! Надад бэлэг өгөгдсөн—Ариун Сүнс миний байнгын хамтрагч байх бэлгийг авсан!”

Авьяас билигтэй Хожмын үеийн гэгээнтнүүд та нартаа би Бурхан Эцэг, Есүс Христ, мөн тэднийг гэрчилдэг Ариун Сүнсний талаарх гэрчлэлээ нэмж үлдээе. Есүс Христийн нэрээр, амен.