2023
Хүүхдээ тэнгэрлэгээр хүмүүжүүлэх хичээлүүд
2023 оны 11-р сар


10:17

Хүүхдээ тэнгэрлэгээр хүмүүжүүлэх хичээлүүд

Эцэг эхчүүд хайрт хүүхдүүдээ тэнгэрт эргэн очиход нь удирдан залахын тулд Тэнгэрлэг Эцэгтэй түншийн холбоонд ордог.

Та нар дөнгөж төрсөн нялх хүүхдийг энгэртээ тэвэрч үзсэн үү? Шинэхэн төрсөн хүүхдээс эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг баяр баяслаар дүүргэж, хайрын онцгой холбоог бий болгодог гэрэл цацарч байдаг.1 Нэгэн мексик зохиолч “Нярай хүүхэд бяцхан гараараа эцгийнхээ хурууг анх удаа атгахдаа түүний зүрх сэтгэлийг үүрд барьж авдаг гэж би сонссон”2 хэмээн бичжээ.

Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг бол хүний амьдралын хамгийн гайхалтай үйл явдлуудын нэг юм. Эцэг эхчүүд хайрт хүүхдүүдээ тэнгэрт эргэн очиход нь удирдан залахын тулд Тэнгэрлэг Эцэгтэй түншийн холбоонд ордог.3 Өнөөдөр би амьд бошиглогчдын заасан, сударт гардаг хүүхэд хүмүүжүүлэх зарим хичээлээс хуваалцмаар байна. Энэ нь бидэнд хүүхэд хүмүүжүүлэх өв соёлоо үлдээхэд туслах юм.

Сайн мэдээний соёлын илүү өндөр газар луу өгсөх нь

Бид гэр бүлээрээ сайн мэдээний соёлын илүү өндөр газар луу өгсөх ёстой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гэр бүлүүд тэнгэрээс удирдамж авах эрхтэй. Эцэг эхчүүд зөвхөн хувийн туршлага, айдас эсвэл өрөвдөх сэтгэлээр зааж зөвлөх нь хангалтгүй юм”4 хэмээн тунхагласан.

Бидний соёл уламжлал, хүүхэд хүмүүжүүлэх хэв маяг, хувийн туршлага чухал ч гэсэн хүүхдүүдэд тэнгэрт буцаж очиход нь туслахад эдгээр чадвар хангалттай биш юм. Бид “илүү дээд, ариун нандин арга замаар”6 хүүхдүүдтэйгээ харилцдаг, илүү өндөр дээд “эрхэмлэх чанар … ёс уламжлал,”5 хайр болон хүлээлт найдварын аль алиныг агуулсан соёлд хүрэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, сайн мэдээний соёл гэдэг нь “дагаж мөрдвөл зохих эрхэмлэх чанарууд, хийж дадсан зүйлүүд буюу ялгаатай амьдралын хэв маяг юм. … Энэхүү сайн мэдээний соёл нь авралын төлөвлөгөө, Бурханы зарлигуудаас болон амьд бошиглогчдын сургаалуудаас урган гардаг. Энэ нь биднийг гэр бүлээ төлөвшүүлэх, хувийн амьдралаа хэрхэн авч явах арга замд хөтөлдөг”7 хэмээн тайлбарласан.

Есүс Христ энэхүү сайн мэдээний соёлын гол төвд нь байдаг. Сайн мэдээний соёлыг гэр бүлдээ бий болгох нь итгэлийн үр боловсрох үржил шимтэй орчин бүрэлдүүлэхэд чухал нөлөөтэй. Ерөнхийлөгч Өүкс биднийг илүү өндөр газарт гарахын тулд “Есүс Христийн Сүмийн сургаалуудаас зөрдөг аливаа хувийн болон гэр бүлийн уламжлал, дадлуудаа орхиход”8 урьдаг. Эцэг эхчүүд ээ, сайн мэдээний соёлыг тогтоохдоо зоримог бус байх нь дайсны нөлөө бидний гэр оронд орж, бүр дордвол хүүхдүүдийн минь зүрх сэтгэлд нөлөөлөхөд хүргэх боломжтой.

Сайн мэдээний соёлыг гэрийнхээ гол соёл болгосноор Ариун Сүнсний хүчээр9 бидний одоогийн хүүхэд хүмүүжүүлэх хэв маяг, уламжлал, дадлууд шигшигдэж, шинэчлэгдэж, уялдаж мөн сайжрах болно.

Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болго.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэр орон бол “сайн мэдээнээс суралцах төв”10 байх ёстой хэмээн заасан. Сайн мэдээнээс суралцах зорилго нь “Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэдэнтэй илүү адил болоход өөрсдөдөө туслах явдал юм.”11 Илүү дээд сайн мэдээний соёлыг гэртээ тогтооход туслах, бошиглогч төлөөлөгчдийн заасан гурван чухал хүүхэд хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг авч үзье.

Нэгдүгээрт: Чөлөөтэй заа

Тэнгэрлэг Эцэг Адамд Есүс Христийн тухай, мөн Түүний сургаалын талаар заавар өгсөн. Тэрээр түүнд “эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заах”12 зарлигийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Тэнгэрлэг Эцэг Адамд эдгээр зүйлийг чөлөөтэйгөөр, өгөөмрөөр мөн хязгаарлалтгүйгээр13 заахыг захисан. “Мөн Адам, Ева хоёр Бурханы нэрийг магтан дуулав, мөн тэд бүх зүйлийг хөвгүүд болоод охиддоо мэдүүлэв”14 гэж сударт гардаг.

Бид хүүхдүүдтэйгээ утга учиртай цагийг өнгөрүүлэх үедээ тэдэнд харамгүй зааж байдаг. Бид “дэлгэцийн цаг” гэх мэт хэцүү сэдвүүдээр Сүмийн сургалтын материал, эх сурвалжийг15 ашиглан ярилцах үед хязгаарлалтгүйгээр заадаг. Бид Ирээд, Намайг дага номыг ашиглан судруудыг хүүхдүүдтэйгээ хамт сурч, багшлах боломжийг Сүнсэнд олгох үедээ чөлөөтэйгөөр заадаг.

Хоёрдугаарт: Үлгэр жишээ шавь байх

Бид Иоханы номоос, иудейчүүд Аврагчийн үйлдлийг шүүмжлэхэд Есүс тэдний анхаарлыг Өөрийнх нь үлгэр жишээ болсон Эцэгийнхээ зүг хандуулдаг бөгөөд “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг”16 хэмээн зааж байгаа тухай уншдаг. Эцэг эхчүүд ээ, бид хүүхдүүддээ юуг үлгэрлэх хэрэгтэй вэ? Шавь байхыг.

Эцэг эхийн хувьд, бид Бурханыг нэгдүгээрт тавихын ач холбогдлыг анхны агуу тушаалын талаар ярихдаа зааж болно. Гэхдээ бид долоо хоног бүр дэлхийн зүйлүүдийг хойш тавьж хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихдаа үүнийг үлгэрлэдэг. Бид ариун сүмийн гэрээнүүд чухал гэдгийг селестиел гэрлэлтийн сургаалын талаар ярьж байхдаа зааж болно. Харин хань ижилдээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийн гэрээг сахих үедээ үүнийг үлгэрлэдэг.

Гуравдугаарт: үйлдэхэд урь.

Хүүхдүүдийн маань гэрчлэлийн гол цөм нь Есүс Христэд итгэх итгэл байх хэрэгтэй бөгөөд эдгээр гэрчлэл нь хүүхэд нэг бүрд хувийн илчлэлтээр ирэх ёстой.17 Гэрчлэлээ олж авахад нь хүүхдүүддээ туслахын тулд, бид тэднийг сонгох эрхээ ашиглан зөвийг сонгоход урамшуулан,18 Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход нь бэлддэг.19

Хүүхэд нэг бүрийг Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар гэрчлэлдээ эзэн болж, үүний төлөө зүтгэж, гэрчлэл нь хүчирхэгжиж болохын тулд тэтгэж, үнэнээр хооллож, итгэлгүй хүмүүний худал хуурамч гүн ухаанаар булингартуулахгүй20 байхад урьсан Ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээж авахад тэднийг урамшуулан дэмжих нь ухаалаг явдал юм.

Зөв шударга, зорилго төлөвлөгөөтэй эцэг эх байх

Эцэг хүний хувьд Тэнгэрлэг Эцэгийн маань бидний төлөөх бурханлаг зорилго нь Мосед өгөгдсөн илчлэлтээр мэдэгддэг: “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”21 Ерөнхийлөгч Нэлсон үүн дээр нэмээд “Бурхан та нарын сонгох эрхэд халдахаас бусдаар та нарыг мөнхийн, мөн хамгийн агуу адислалуудаас хоцроохгүйн тулд чадах бүхнээ хийх болно”22 гэж хэлсэн.

Эцэг эхийн хувьд бид хүүхдүүддээ анхаарал тавих Бурханы төлөөлөгчид юм.23 Хүүхдүүддээ Түүний тэнгэрлэг нөлөөг мэдрэх боломжтой орчин бүрдүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийх ёстой.

Эцэг эхийн хувьд хүүхдүүдийнхээ сүнслэг амьдралд юу болохыг зүгээр хажуугаас нь ажиглаж суухыг Тэнгэрлэг Эцэг маань хүсдэггүй. Зорилго төлөвлөгөөтэй эцэг эх байх талаар илүү дэлгэрүүлэхийн тулд би хувийн туршлагаа хуваалцъя. Намайг Гватемалын нэгэн бяцхан салбарын Хүүхдийн хэсэгт явдаг байхад аав ээж маань надад патриархын адислалын ач холбогдлын талаар зааж эхэлсэн юм. Ээж минь надад цаг гарган үнэ цэнтэй патриархын адислалаа хүлээн авч байсан тухайгаа хуваалцсан. Тэр надад патриархын адислалтай холбоотой сургаалыг зааж, үүний амлагдсан адислалуудын талаар гэрчилсэн. Түүний зорилготойгоор зааж сургасан нь надад патриархын адислалаа хүлээж авах хүслийг төрүүлсэн.

Намайг 12 настай байхад аав ээж маань надад патриарх хайхад тусалсан. Бидний амьдардаг дүүрэгт ямар ч патриарх байгаагүй учир хайх шаардлагатай байсан. Би 156 километрийн цаана байх гадасны патриархтай уулзахаар очсон. Тэр патриарх миний толгой дээр гараа тавин адисалж байсан үеийг би тод санадаг. Би Тэнгэрлэг Эцэг маань намайг мэддэг гэдгийг хүчирхэг сүнслэг баталгаагаар, мөн эргэлзээгүйгээр мэдсэн.

Жижиг хотын 12 настай хүүгийн хувьд энэ нь надад маш чухал зүйл байсан юм. Миний эцэг эх зорилго төлөвлөгөөтэй зааж сургасан учраас тэр өдөр миний зүрх сэтгэл Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэсэн юм. Би тэдэнд мөнхөд талархаж явах болно.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жой Д.Жөүнс “Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. … Тохиолдлын хөрвүүлэг бол Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм”24 гэж заасан. Бидний хайр болон сүнслэгээр нөлөөлөгдсөн урилгууд хүүхдүүд маань сонгох эрхээ хэрхэн ашиглахад нөлөөлж чадна. Ерөнхийлөгч Нэлсон “Зөв шударга, сайн эцэг эх байхаас илүү чухал зүйл гэж үгүй!”25 хэмээн онцлон хэлсэн.

Дүгнэлт

Эцэг эхчүүд ээ, энэ дэлхий бидний хүүхдүүдийн анхаарлыг татах гэсэн гүн ухаан, соёл, үзэл санаагаар дүүрэн байна. Тэрхүү агуу хийгээд нүсэр барилга нь хамгийн сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн сувгуудыг ашиглан өдөр тутам сурталчилгаа явуулж байна. Бошиглогч Моронай “Гэвч өөрийн Хүүгийн бэлгээр Бурхан илүүтэй онцгой замыг бэлтгэсэн бөлгөө”26 хэмээн заасан.

Бид гэрээгээр Бурхантай хамтарч, хүүхдүүддээ анхаарал тавихад Түүний төлөөлөгчид болсноор Тэр бидний зорилгыг ариулан адисалж, заахад минь сүнсээр нөлөөлж “мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд”27 урилгуудыг маань чиглүүлэх болно. Есүс Христийн нэрээр, амен.