2023
Селестиел ухаанаар бодогтун!
2023 оны 11-р сар


19:15

Селестиел ухаанаар бодогтун!

Та нарын сонголт таны үүрд амьдрах газар, амилуулагдах бие махбод болон үүрд хамт амьдрах хүмүүсийг тодорхойлно.

Хайрт ах, эгч нар аа, би өнөөдөр та нарт хандан үг хэлж байгаадаа гүнээ талархаж байна. Миний насан дээр ирэхэд шинэ өдөр бүр сайн ба саар гэнэтийн зүйлс тохиож байна. Гурван долоо хоногийн өмнө би нурууныхаа булчинд гэмтэл авсан. Хэдийгээр би 100 гаруй Ерөнхий чуулганы үгийг зогсоод хэлж байсан бол өнөөдөр суугаад үг хэлэхээр болж байна. Энэ өдөр Сүнс захиасыг маань зүрх сэтгэлд тань хүргэх болтугай хэмээн би залбирч байна.

Би саяхан 99 насны төрсөн өдрөө тэмдэглэснээр амьдралынхаа 100 дахь жилийг эхлүүллээ. Урт удаан амьдрахын нууц юу болохыг надаас байнга асуудаг. “Бараг нэг зууныг наслахдаа би юу сурсан бэ?” гэж асуух нь арай оновчтой байх болов уу.

Өнөөдрийн өгсөн цагт багтаан тэр асуултад бүрэн хариулах боломжгүй ч олж авсан хамгийн чухал нэг сургамжаа би хуваалцах гэсэн юм.

Бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө гайхалтай бөгөөд энэ амьдралд бидний хийх зүйл үнэхээр чухал ба Аврагчийн Цагаатгал Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгодог гэдгийг би олж мэдсэн.1

Сүүлд авсан гэмтлийн хүчтэй өвдөлтийг мэдэрч байхдаа би Есүс Христэд болон Түүний Цагаатгалын цаглашгүй бэлэгт илүү гүн гүнзгий талархах болсон. Бодоод үз дээ! Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг”2 тэвчсэн ба ингэснээр Тэр биднийг хэрэгтэй үед тайтгаруулж, эдгээж, аврах боломжтой болсон билээ.3 Есүс Христ Гетсеманид болон Калварид Өөрт нь ямархуу байсныг ийн дүрсэлсэн. “Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх[эд] … хүргэсэн.”4 Миний бэртэл “Израилын Ариун Нэгэний сүр жавхлангийн”5 талаар намайг ахин дахин эргэцүүлэн бодоход хүргэлээ. Эдгэрэх явцдаа Их Эзэн тэнгэрлэг хүчээ амар тайван, андуурахын аргагүй арга замаар үзүүлсэн.

Есүс Христийн хязгааргүй Цагаатгалын ачаар Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө төгс төгөлдөр болсон билээ! Бурханы гайхалтай төлөвлөгөөг ойлгосноор амьдрал нууцлаг, ирээдүй маань тодорхойгүй байхаа больдог. Энэ нь бидний хүн нэг бүрд дэлхий дээр хэрхэн амьдарч, хаана үүрд мөнх амьдрахаа сонгох боломжийг олгодог. “Ид, уу, мөн баяс, учир нь маргааш бид үхнэ; мөн энэ нь бидэнд сайн байх болно”6 гэсэн ул үндэсгүй ойлголт нь ертөнцийн хамгийн утгагүй худал хуурмагуудын нэг юм.

Бурханы төлөвлөгөөний сайхан мэдээ бол мөнх бус амьдралыг тань байж болох хамгийн сайхан хувилбараар нь байлгах тэр зүйлс нь үнэндээ таны амьдралыг үүрд мөнхөд хамгийн сайхан хувилбараар байлгах яг тэр зүйлс байдаг хэмээх мэдээ юм! Та нарт зориулсан Тэнгэрлэг Эцэгийн өгөөмөр адислалуудыг хүлээн авахуйц болоход туслахын тулд “селестиел ухаанаар бодох”7 дадлыг өөрийн болгоход би та нарыг өнөөдөр урьж байна. Селестиел ухаанаар бодох нь сүнслэгээр сэтгэх гэсэн утгатай. “Сүнсээ бодох нь мөнх амьдрал”8 болохыг бид Мормоны Ном дээрх бошиглогч Иаковаас сурдаг.

Мөнх бус амьдрал нь хамгийн агуу мөнхийн ач холбогдолтой зүйлсийг сонгож сурдаг мастер анги юм. Дэндүү олон хүн энэ амьдралаас өөр амьдрал байхгүй мэт амьдардаг. Гэвч та нарын өнөөдрийн сонголт таны үүрд амьдрах газар, амилуулагдах бие махбод болон үүрд хамт амьдрах хүмүүс гэсэн гурван зүйлийг тодорхойлно. Тиймээс селестиел ухаанаар бод.

Сүмийн ерөнхийлөгчийн хувьд хэлсэн анхны үгэндээ би та нарыг төгсгөлийг нь харж эхлүүлэхэд уриалсан. Энэ нь селестиел хаант улсыг мөнхийн зорилгоо болгож, дараа нь энэ дэлхий дээр байхдаа хийх сонголт бүр тань таныг дараагийн амьдралд хаана аваачих талаар нухацтай бодохыг хэлж байгаа юм.9

Ариун сүмд эхнэр, нөхрийн хувьд лацдан холбогдож, гэрээгээ сахидаг эмэгтэй, эрэгтэй хүмүүс л үүрд мөнх хамтдаа байна гэдгийг Их Эзэн тодорхой заасан. Тэрээр: “Бүх гэрээ, хэлцэл, заалт, хариуцлага, тангараг, андгай, гүйцэтгэл, хэлхээ, холбоо эсвээс найдлага … энэ зорилгын тулд хийгдээгүй бүх хэлцлүүд хүмүүнийг нас нөгчихөд төгсгөл болдог бөлгөө”10 хэмээн хэлсэн.

Иймд хэрэв бид телестиел хуулиар амьдрах мэргэн бус сонголтыг одоо хийвэл, телестиел бие махбодтой амилуулагдах сонголт хийж байгаа хэрэг. Бид гэр бүлтэйгээ үүрд амьдрах сонголтыг хийхгүй байна гэсэн үг юм.

Тиймээс, хайрт ах, эгч нар аа, та нар хэнтэй, хаана, хэрхэн үүрд мөнхөд амьдрахыг хүсэж байна байна вэ? Сонголт та нарынх.11

Сонголт хийхдээ алсын хараа буюу мөнхийн талаас нь харахад би та нарыг урьж байна. Есүс Христийг нэгт тавь. Учир нь та нарын мөнхийн амьдрал Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлтээс тань хамааралтай.12 Энэ нь мөн Түүний хуулийг дуулгавартай дагахаас тань хамааралтай. Дуулгавартай байх нь өнөөдөр баяр баясгалантай амьдралд, маргааш мөнхийн шагналд хүргэх замыг та нарт тавьж өгдөг.

Та нар мухардалд орвол селестиел ухаанаар бодогтун! Уруу таталтад орохдоо ч селестиел ухаанаар бодогтун! Амьдрал эсвээс таны хайртай хүмүүс урмыг тань хугалах үед селестиел ухаанаар бодогтун! Хэн нэгэн “зуурдаар” нас барах үед селестиел ухаанаар бод. Хэн нэгэн аймшигт өвчин эмгэгт нэрвэгдсэн үед селестиел ухаанаар бод. Амьдралын ачаа дарамтад нухлуулах үед селестиел ухаанаар бодогтун! Та нар яг одоо над шиг аливаа осол, гэмтлээс эдгэрч байхдаа селестиел ухаанаар бодогтун!

Селестиел ухаанаар бодохоор төвлөрөх үед эсэргүүцэлтэй тулгарна гэдэгт өөрсдийгөө бэлд.13 Хэдэн арван жилийн өмнө, намайг “ариун сүмд хэт автсан” гэж мэргэжил нэгт нэгэн шүүмжилж байсан ба хэд хэдэн ахлах ажилтан итгэлээс минь болж надад арга хэмжээ авч байсан. Гэсэн ч селестиел ухаанаар бодсон нь ажил мэргэжлийн хувьд надад түлхэц өгсөн гэдэгт би итгэдэг.

Та нарыг селестиел ухаанаар бодоход зүрх сэтгэл тань аажим аажмаар өөрчлөгдөх болно. Та нар илүү ойр ойрхон, чин сэтгэлээсээ залбирахыг хүснэ. Залбирлаа худалдан авах зүйлсийн жагсаалт шиг бүү байлга. Их Эзэний харах өнцөг та нарын мөнх бус мэргэн ухаанаас илүү дээр. Түүнээс ирэх залбирлын тань хариулт таныг гайхшируулж болох ч селестиел ухаанаар бодоход тань тусална.

Иосеф Смит Либерти шоронд байхдаа тайтгарал хүсэн гуйхад түүнд өгсөн Их Эзэний хариултыг бодож үз. Бошиглогчид үзүүлж буй хүнлэг бус хандлага туршлага болох ба түүний сайн сайхны төлөө байх болно гэдгийг Их Эзэн түүнд заасан.14 “Хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно”15 хэмээн Их Эзэн амласан. Их Эзэн уг өдрийн тэвчихийн аргагүй хүнд хэцүү зовлон дээр анхаарлаа хандуулахын оронд селестиел ухаанаар бодож, мөнхийн шагналыг төсөөлөн бодохыг Иосефт зааж байв. Бидний залбирал Тэнгэрлэг Эцэг бидний хооронд өрнөх амьд харилцан яриа байх боломжтой, тийм ч байх ёстой.

Селестиел ухаанаар бодох үед сонгох эрхээс тань хумсалж буй аливаа зүйлээс та нар зайлсхийх болно. Цахим тоглоом, мөрийтэй тоглоом, өр шир, хар тамхи, согтууруулах ундаа, уур уцаар, порнограф, бэлгийн харьцаа тэр ч байтугай хоол унд гээд ямар ч донтолтод автах нь Бурханыг гомдоож буй хэрэг. Яагаад гэж үү? Учир нь донтолт тань таны бурхан болдог. Тайтгарлыг авахын тулд та Түүнд бус тэр зүйлдээ ханддаг. Хэрэв та донтолттой тэмцэж байгаа бол өөрт хэрэгтэй сүнслэг болон мэргэжлийн тусламж авахыг эрэлхийл. Бурханы гайхалтай төлөвлөгөөг дагах эрх чөлөөнөөс тань хумслах боломжийг донтолтдоо бүү өг.

Селестиел ухаанаар бодох нь ариун явдлын хуулийг дуулгавартай дагахад танд мөн тусална. Амьдралыг тань энэхүү тэнгэрлэг хуулийг зөрчихөөс илүү хурдан бусниулах зүйл цөөхөн байдаг. Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал нь гэрчлэлээ хамгийн хурдан алдах арга замуудын нэг юм.

Дайсны хамгийн няцашгүй уруу таталтуудын ихэнх нь ёс суртахууны цэвэр ариун байдлыг зөрчихтэй холбоотой байдаг. Амьдралыг бүтээх тэрхүү хүч бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгсөн Бурханы адил байх боломжийг олгодог нэгэн давуу эрх юм. Тиймээс Бурхан энэхүү тэнгэрлэг хүчийг ашиглахад зориулсан тодорхой удирдамжийг өгсөн. Бие махбодын дотно харилцаа нь зөвхөн хууль ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эмэгтэй, эрэгтэй хүмүүст зориулагдсан.

Дэлхийн дийлэнх нь үүнд итгэдэггүй ч олон нийтийн үзэл бодол юу үнэн болохыг шийддэг шүүгч биш. Цэвэр ариун бус хүн селестиел хаант улсыг өвлөхгүйг Их Эзэн тунхагласан. Тиймээс та нар ёс суртахууны тал дээр шийдвэр гаргахдаа селестиел ухаанаар бодоорой. Мөн хэрэв та нар цэвэр ариун бус аваас, би та нарыг наманчлаасай хэмээн гуйж байна. Та нар нүглээ бүрэн наманчлахдаа Христэд ирж, Түүний амласан бүрэн дүүрэн өршөөлийг хүлээн ав.16

Та нар селестиел ухаанаар бодох үед сорилт бэрхшээл, эсэргүүцлийг өөр өнцгөөс харах болно. Хайртай хэн нэгэн чинь үнэн рүү довтлох үед селестиел ухаанаар бодож, гэрчлэлдээ бүү эргэлз. Төлөөлөгч Паул: “хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна”17 хэмээн бошиглосон.

Дайсны хууран мэхлэлтэд төгсгөл үгүй. Бэлтгэлтэй байгаарай. Ямар ч тохиолдолд итгэлгүй нэгнээс зөвлөгөө бүү ав. Бошиглогч, үзмэрч, илчлэгч зэрэг итгэж болохуйц тэдний дуу хоолойноос мөн Ариун Сүнсний шивнээнээс удирдамж эрэлхийл. Тэд “та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.”18 Та нар хувийн илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд сүнслэг байдал дээрээ ажилла.19

Та нар селестиел ухаанаар бодох үед итгэл тань өсөн нэмэгдэх болно. Намайг залуу дадлагажигч байхад миний сарын орлого 15 доллар байв. Нэгэн орой миний эхнэр Данцэл тэр өчүүхэн орлогоосоо аравны нэгээ төлж байгаа эсэхийг надаас асуулаа. Би төлдөггүй байв. Би тэр даруй наманчилж, сар тутмын аравны нэг дээрээ доллар 50 цэнт нэмж өгч эхэлсэн юм.

Аравны нэгээ нэмж өсгөснөөр Сүмд өөрчлөлт гарсан уу? Мэдээж үгүй. Гэсэн ч, аравны нэгийн бүрэн төлөгч болсон нь намайг өөрчилсөн. Аравны нэгээ төлөх нь мөнгөтэй биш харин итгэлтэй холбоотой асуудал болохыг би тэр үед л олж мэдэж билээ. Аравны нэгийн бүрэн төлөгч болсноор тэнгэрийн цонх надад нээгдэж эхэлсэн. Итгэлтэйгээр төлсөн аравны нэгийн маань ачаар ажил мэргэжлийн олон боломж надад нээгдсэн.20

Аравны нэгээ төлөхөд итгэл шаарддаг төдийгүй энэ нь Бурханд болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийг мөн өсгөн нэмэгдүүлдэг.

Замбараагүй бэлгийн харьцаатай, улс төржсөн дэлхийд ариун журамтай амьдрахыг сонгох нь итгэлийг хөгжүүлдэг.

Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь итгэлийг хөгжүүлдэг. Мөн ариун сүмд үзүүлсэн үйлчлэл, бишрэл тань селестиел ухаанаар бодоход танд тусална. Ариун сүм бол илчлэлтийн газар юм. Тэнд та нарт селестиел амьдралын зүг хэрхэн өсөж хөгжихийг үзүүлдэг. Тэнд та нар Аврагчид илүү ойртож, Түүний хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой. Тэнд амьдралынхаа асуудлыг, бүр хамгийн төвөгтэй асуудлаа шийдэх удирдамж зааврыг хүлээн авна.

Ариун сүмийн ёслол, гэрээнүүд мөнхийн ач холбогдолтой. Эдгээр ариун нандин боломжийг хүн нэг бүрд бодитоор өгөхийн тулд бид олон ариун сүмийг үргэлжлүүлэн барьж байна. Бид дараах 20 байрлалд ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа зарлахдаа баяртай байна.

  • Самоагийн Савай

  • Мексикийн Канкүн

  • Перугийн Пиура

  • Перугийн Уанкаёо

  • Чилигийн Виня дэл мар

  • Бразилын Гояаниа

  • Бразилын Жуан Пэссоа

  • Нигерийн Калабар

  • Ганагийн Кэйп Көүст

  • Анголын Луанда

  • Бүгд Найрамдах Ардчилсан Конгогийн Мүжи-Маи

  • Филиппиний Лоаг

  • Японы Оосака

  • Хавайн Кахүлүй Мауи

  • Аляскагийн Фэйрбэнкс

  • Вашингтоны Ванкүвэр

  • Колорадогийн Колорадо Спрингс

  • Оклахомагийн Тулса

  • Виржиниагийн Рөүнөк

  • Монголын Улаанбаатар

Их Эзэн селестиел ухаанаар бодоход туслахын тулд эдгээр ариун сүмийг барихыг бидэнд зааварласан. Бурхан амьд. Есүс бол Христ. Бурханы бүх хүүхдийг адислахын тулд Түүний Сүм сэргээгдсэн. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Иохан 6:38-ыг үзнэ үү.

  2. Алма 7:11

  3. Алма 7:12-ыг үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 19:18

  5. 2 Нифай 9:40

  6. 2 Нифай 28:7

  7. Бидний сүнс бие махбодтой маань нэгдсэн байгаа дээр энэ дэлхийд наманчилж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих нь нас барж, дараагийн дэлхийд амилуулагдах цагаа хүлээхээс хялбар болох нь гарцаагүй. Амюлек “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе” (Алма 34:32–35-ыг үзнэ үү) хэмээн урвагч зорамчуудад заасан.

  8. 2 Нифай 9:39

  9. Бенжамин хаан “хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж … үргэлж итгэлтэй бай[хгүй] аваас, та нар мөхөх ёстой болно” хэмээн өөрийн хүмүүстээ сануулсныг Мозая 4:30-аас үзнэ үү.

  10. Сургаал ба Гэрээ 132:7; тодотгол нэмсэн.

  11. Мэдээж таны сонгох өөр нэгний сонгох эрх, дагалдах үр дагаврыг үгүйсгэх боломжгүй. Би ээж, аавтайгаа лацдан холбуулахыг үнэхээр их хүсэж байсан. Гэсэн ч тэднийг 80 гарч байхдаа хишиг хүртэх сонголт хийхийг нь хүлээх шаардлагатай болсон юм. Тэр үед тэд хоёр эхнэр, нөхрийн хувьд лацдан холбогдож, хүүхдүүд нь болох бид тэдэнтэй лацдан холбуулсан.

  12. Судруудад мөнх амьдралын бэлэг нь зөвхөн Аврагч Есүс Христийн сайн үйл, нигүүлсэл мөн ач ивээлээр боломжтой болохыг ахин дахин гэрчилдэг (жишээлбэл: Моронай 7:41; мөн 2 Нифай 2:6–8, 27-г үзнэ үү).

  13. 2 Нифай 2:11-ийг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 122:7-г үзнэ үү.

  15. Сургаал ба Гэрээ 121:8

  16. Исаиа 1:16–18; Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү.

  17. 1 Тимот 4:1 Дараагийн шүлэгт “Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж [байлаа]”(2-р шүлэг) хэмээсэн байна. Паул мөн “Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно”(2 Тимот 3:12) гэдгийг тунхагласан.

  18. 2 Нифай 32:5; тодотгол нэмсэн. Хэрэв бид асуух аваас “илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 42:61).

  19. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Лиахона, 2018 оны 5-р сар, 119-ийг үзнэ үү.

  20. Энэ нь шалтгаан үр дагавартай холбоотой ойлголт биш юм. Аравны нэгийг огт төлж байгаагүй зарим хүнд ажил мэргэжилдээ амжилт гаргах олон боломж өгөгддөг ч аравны нэгээ төлдөг хүмүүст ийм боломж гарч ирэхгүй байх үе бий. Аравны нэгийн төлөгчдөд тэнгэрийн цонх нээгдэх болно гэсэн нь өгөгдсөн амлалт нь юм. Адислалын төрөл зүйл өөр өөр байна.