2023
Далайн арлууд дээрх Аврагчийн эдгээх хүч
2023 оны 11-р сар


10:27

Далайн арлууд дээрх Аврагчийн эдгээх хүч

Ариун сүмийн адислалуудаар дамжуулан Аврагч хувь хүн, гэр бүлүүд болон үндэстнүүдийг эдгээдэг.

1960-аад онд манай аав Хавайн Лаиэ дахь Сүмийн коллежид багшилдаг байсан ба би тэнд төрсөн юм. Долоон эгч маань ээж ааваас надад “Кимо” гэдэг Хавайн нэр өгүүлэхээр шалсан байв. Японыг оролцуулаад Ази номхон далайн бүс нутаг дахь Сүмийн ихэнх гишүүнд үйлчилдэг байсан Хавайн Лаиэ ариун сүмийн ойролцоо бид амьдардаг байлаа.1 Тэр үед Японы гэгээнтнүүд хэсэг хэсгээрээ ариун сүмийн адислалууд хүлээн авахаар Хавайд ирж эхэлсэн юм.

Эдгээр гишүүний нэг нь Окинавагийн үзэсгэлэнт арлаас ирсэн эгч байсан ба Түүний Хавайн ариун сүмд ирсэн түүх нэн өвөрмөц юм. Тэрээр хорин жилийн өмнө Буддын уламжлалт зан үйлээр богтлуулж гэрлэсэн байв. Түүнийг гэрлээд удаагүй байхад Япон улс Хавайн Сувдан Эрэг рүү дайрсан нь Нэгдсэн Улс, Япон хоёрын хооронд зөрчилдөөн үүсгэв. Мидвэй, Иво Жима гэх мэт томоохон тулаануудын үр дагавраас үүдэн Японы тал Японы төв цэг дээр Холбоотны хүчнээс өөрийг нь хамгаалж байсан сүүлчийн зурвас болох түүний амьдардаг Окинава арлын эрэг рүү ухрахад хүрсэн юм.

1945 онд зүрх шимшрэм гурван сарын дотор Окинавагийн дайн улам хурцдав. Америкийн байлдааны 1300 усан онгоц арлыг бүсэлж, бөмбөгдөв. Цэргүүд болон иргэд үй олноороо амиа алдав. Өнөөдөр Окинава дахь хүндэтгэлийн хөшөөнд уг дайнд амь үрэгдсэн 240000 гаруй хүний нэрсийн жагсаалт байдаг.2

Окинавагийн энэ эмэгтэй аймшигт дайралтаас дайжин, арга барахдаа нөхөр, хоёр жаахан хүүхдийнхээ хамт уулын агуйд хоргодож байв. Тэдний үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон олон долоо хоног, олон сараар үргэлжилжээ.

Гэр бүл нь өлбөрлийн туйлд хүрч, нөхөр нь ухаан орохгүй байсанд цөхрөнгөө барсан тэр дайны дундах нэг орой гар гранатаараа зовлонгоо дуусгая гэж бодов. Эрх мэдэлтнүүд түүнд болон бусад хүмүүст ийм зорилгоор гранат өгсөн байжээ. Гэсэн хэдий ч түүнийг ийн үйлдэхээр бэлдэж байх зуур нэгэн сүнслэг туршлага тохиож, Бурхан амьд бөгөөд түүнд хайртай гэдгийг мэдэгдэхүйц ойлгуулсан нь түүнд үргэлжлүүлэн амьдрах хүч тэнхээг өгсөн байна. Дараагийн өдрүүдэд тэр нөхрөө тэнхрүүлж, гэр бүлээ хогийн ургамал, зэрлэг зөгийн бал болон ойролцоох горхиноос барьсан амьд биетүүдээр тэжээж байв. Хамгийн гайхалтай нь, нутгийн тосгоны иргэдэд дайн дууссан тухай мэдэгдтэл тэд агуйд зургаан сар тэссэн юм.

Тэд гэртээ харьж, амьдралаа ахин босгож эхэлсэн ба энэ япон эмэгтэй Бурханы тухай хариултуудыг хайж эхлэв. Яваандаа түүний Есүс Христэд итгэх итгэлийн оч бадарч, баптисм хүртэхийг хүсэж эхлэв. Гэсэн хэдий ч тэрээр өөрийг нь төрүүлэхдээ нас барсан ээжээсээ авхуулаад Есүс Христийн талаар мэдээгүй байхдаа, баптисмгүйгээр нас барсан хайртай хүмүүсийнхээ талаар санаа зовж байлаа.

Нэг өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр эмэгтэй номлогч тэднийд ирж, хүмүүс сүнсний дэлхийд Есүс Христийн талаар суралцаж болно гэж заахад түүний хэчнээн их баярласныг төсөөлөөд үз дээ. Түүний эцэг эх үхлийн дараа ч гэсэн Есүс Христийг дагахаар сонгож, ариун сүм хэмээх ариун нандин газарт охиныхоо өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн баптисмыг хүлээн авч болно гэдгийг заалгасандаа тэр баяртай байв. Тэр гэр бүлтэйгээ Аврагчид хөрвөгдөж, баптисм хүртсэн юм.

Тэд гэр бүлээрээ шаргуу хөдөлмөрлөж, гурван хүүхдээр бүл нэмж, амьдрал нь өөдөлж эхлэв. Тэд итгэлтэй, Сүмдээ идэвхтэй хүмүүс байсан. Дараа нь түүний нөхөр гэнэт цус харваж, нас барсан нь түүнийг таван хүүхдээ өсгөхийн тулд олон жил олон цагаар төрөл бүрийн ажил хийхээс өөр аргагүйд хүргэв.

Зарим хамаатан садан, хөрш нь түүнийг шүүмжилж, Христийн сүмд нэгдэх шийдвэрээсээ болж зовж байна гэж буруутгадаг байсан ч тэр тэдний харгис, хатуу шүүмжлэлд авталгүй, Есүс Христэд итгэх итгэлдээ үнэнч хэвээр байсан ба Бурхан өөрийг нь мэдэж байгаа, гэрэл гэгээтэй өдрүүд тохионо гэдэгт итгэн урагшлахаар шийдэв.3

Түүний нөхрийг зуурдаар нас барснаас хойш хэдэн жилийн дараа Японы номлолын ерөнхийлөгч гишүүдийг ариун сүмд орохын төлөө хөдөлмөрлөхөд урамшуулах сүнслэг өдөөлт авсан байна. Номлолын ерөнхийлөгч Окинавагийн энэ эгчийг болон түүний гэр бүлийг асар ихээр зовж шаналахад хүргэсэн Окинавагийн дайнд оролцож явсан америкийн цэрэг байв.4 Гэвч энэ даруухан эгч түүний талаар “Тэр нэгэн цагт бидний өстөн дайснуудын нэг байсан ч одоо хайр болон амар тайвны сайн мэдээний төлөө энд ирсэн. Энэ л миний хувьд гайхамшиг юм”5 гэжээ.

Номлолын ерөнхийлөгчийн захиасыг сонссон бэлэвсэн эмэгтэй хэзээ нэгэн өдөр ариун сүмд гэр бүлийнхэнтэйгээ лацдан холбогдохыг хүсдэг болов. Гэсэн ч энэ нь түүнд санхүүгийн хязгаарлагдмал байдал болон хэлний бэрхшээлээс болоод боломжгүй байлаа.

Тэр үед хэд хэдэн шинэлэг шийдлүүд гарч ирсэн юм. Хэрэв Японы гишүүд аяллын ачаалал багатай улирлын үеэр Хавай руу нисэхээр нэг онгоцыг бүхэлд нь түрээсэлбэл зардал нь хоёр дахин багасахаар байв.6 Гишүүд Япон гэгээнтнүүдийн дуулал гэсэн пянз бичээд зарж байлаа. Зарим гишүүн аялалд оролцохын тулд гэр орноо хүртэл зарж, зарим нь ажлаасаа гарчээ.7

Гишүүдэд тулгарч байсан өөр нэг бэрхшээл нь ариун сүмийн толилуулга япон хэл дээр орчуулагдаагүй явдал байв. Сүмийн удирдагчид нэгэн япон ахыг Хавайн ариун сүм рүү аялж, хишиг хүртэх ёслолыг орчуулахаар дуудсан юм.8 Тэрээр итгэлтэй америк цэргүүдээр заалгаж, баптисм хүртсэн, дайны дараах анхны япон хөрвөгч байв.9

Хавайд амьдарч байсан, хишиг хүртсэн япон гишүүд орчуулгыг нь анх сонсоод уйлж байв. Нэг гишүүн: “Бид ариун сүмд маш олон удаа очиж, ёслолуудыг англи хэл дээр сонсож [байсан ч] одоо төрөлх хэл дээрээ сонсож байгаа шиг хэзээ ч ариун сүмийн ажлын сүнсийг мэдэрч байгаагүй”10 гэж бичжээ.

Тэр оны сүүлээр 161 хүүхэд, насанд хүрэгчид Хавайн ариун сүм явах замдаа гарч, Токиогоос онгоцондоо суув. Нэгэн япон ах аяллынхаа тухай ийн эргэцүүлэн бодсон байна. “Би онгоцны цонхоор Сувдан Эргийг хараад, 1941 оны 12-р сарын 7-нд манай улс энэ хүмүүст юу хийснийг санаж, тэд биднийг хүлээж авах болов уу? хэмээн эмээж байв. Гэвч тэд миний амьдралдаа харж байснаас ч илүү агуу хайр, сайхан сэтгэлээр хандсанд би гайхсан.”11

Японы гэгээнтнүүдийг хэлхсэн цэцгийн зүүлтээр угтжээ.

Хавайн гишүүд япон гэгээнтнүүдийг олон цэцгийн хэлхээ барьж, тэвэрч, хацар дээр нь үнсэн, Японы соёлоос өөрөөр угтан авав. Япон гэгээнтнүүд Хавайд өөрчлөлтийн 10 хоногийг өнгөрүүлсний дараа Хавайн гэгээнтнүүд “Алоха Ои” дууг дуулж үдэж өгчээ.12

Япон гишүүдэд зориулан зохион байгуулсан ариун сүмийн хоёр дахь аялалд бэлэвсэн эхнэр Окинавагийн эгч багтсан юм. Тэр өөрийнх нь салбарт үйлчилж, гэрт нь ирж хоол иддэг байсан номлогчдын өгөөмөр бэлгийн ачаар 16000 км замыг туулжээ. Тэр ариун сүмд ээжийгээ төлөөлөн баптисм хүртэж, мөн нас барсан нөхөртэйгөө лацдан холбогдох үедээ баярын нулимс унагаж байв.

Японы Токио ариун сүмийг 1980 онд онцгойлон адислагдаж, үйл ажиллагаагаа явуулж буй 18 дахь ариун сүм болох хүртэл Японоос Хавай хүртэлх ариун сүмийн аялал тогтмол явагдсан юм. Энэ оны 11-р сард 186 дахь ариун сүм Японы Окинавад онцгойлон адислагдана. Уг ариун сүм энэ эмэгтэйн гэр бүлийнхээ хамт хоргодож байсан Окинавагийн төв дэх агуйгаас холгүй оршдог.13

Би Окинавагийн энэ гайхалтай эгчтэй өмнө нь уулзаж байгаагүй ч миний ихэнхийг нь таньдаг, хайрладаг итгэлт үр удамд нь түүний өв өвлөгдөн үлдэх болно.14

Дэлхийн 2-р дайнд оролцож явсан номхон далайн ахмад дайчин аав маань намайг залуу номлогчоор үйлчлэхээр Японд дуудагдахад их баярласан юм. Японы ариун сүм онцгойлон адислагдаад удаагүй байхад очих үедээ би тэдний ариун сүмийг гэх хайрыг хамгийн түрүүнд мэдэрсэн.

Ариун сүмийн гэрээ бол Тэнгэрлэг Эцэгээс Өөрийн Хүү Есүс Христийн итгэлтэй дагалдагчдад өгдөг бэлэг юм. Тэнгэрлэг Эцэг маань ариун сүмээр дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийг Аврагчтай бас бие биетэй нь холбодог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.

“Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм.…

Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. Энэ хүч бидний замыг хялбарчилдаг.”15

Ариун сүмийн адислалуудаар дамжуулан Аврагч хувь хүн, гэр бүлүүд болон үндэстнүүдийг, бүр өмнө нь өстөн дайснууд байсан хүмүүсийг хүртэл эдгээж чадна. Амилсан Их Эзэн Мормоны ном дахь зөрчилдөөнтэй нийгэмд, Түүний нэрийг хүндлэх тэдэнд хандан “Зөв Шударгын Хүү жигүүртээ эдгээх чадлыг эзэмдэн босох болно”16 хэмээн тунхагласан.

“Нэгэн Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд”17 бүр “далайн арлууд дээрх”18 хүмүүсийн дунд тархах тэр цаг ирэх болно хэмээх Их Эзэний амлалт биелсээр байгааг гэрчилж байгаадаа би баяртай байна.

Аврагч Есүс Христ болон энэ хожмын үе дэх Түүний бошиглогч, төлөөлөгчдийн талаар би гэрчилж байна. Газар дээр юу холбоно, үүний тэнгэрт холбогдох хүчийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна.

Энэ бол Аврагчийн ажил бөгөөд ариун сүм бол Түүний ариун өргөө юм.

Би гуйвшгүй итгэлээр энэ бүх үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. 1919 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Хавайн Лаиэ ариун сүмийг онцгойлон адисалжээ. Төлөөлөгчийн хувьд тэрээр 1901 онд японд Сүмийг нээж байжээ. Энэ нь үйл ажиллагаагаа явуулж буй 5 дахь ариун сүм, Нэгдсэн Улсаас гаднах анхны ариун сүм байв.

  2. 2023 оны 3 дугаар сарын 2, Хөшөөн дэх жагсаалтад 241 281 хүний нэр байв!

  3. Gordon B. Hinckley, “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov.30, 1999), 4, speeches.byu.edu.

  4. Дүэйн Н.Андэрсэн Окинавагийн дайнд шархадсан юм. Тэр 1962-1965 оны хооронд японд номлолын ерөнхийлөгчөөр, 1980-1982 онын хооронд Японы Токио ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилжээ.

  5. Эхнэр бид хоёр Токиод номлолын удирдагчдаар үйлчилж байхдаа түүний гэр бүлийн гишүүдтэй уулзсан. Тэд түүний хувийн гэр бүлийн түүхийн бүртгэлээс энэ мэдээллийг олж өгсөн юм.

  6. Dwayne N. Andersen, An Autobiography for His Posterity, 102–5, Church History Library, Salt Lake City.

  7. Dwayne N. Andersen, 104.

  8. Edward L. Clissold, “Translating the Endowment into Japanese,” Stories of the Temple in Lā‘ie, Hawai‘i, comp. Clinton D. Christensen (2019), 110–113.

  9. Орчуулагч Тацүй Сато 1946 оны 7-р сарын 7-нд АНУ-ын цэрэг С.Эллиотт Ричардсаас баптисм хүртжээ. Тацүйгийн эхнэр Чиёо Сато түүнчлэн энэ өдөр Боид К.Пакэраас баптисм хүртсэн байна. Нийл А.Максвэлл Окинавагийн дайнд байлдаж явсан ба Л.Том Пэрри энх тайвны гэрээний дараа японы эрэгт очсон анхны усан цэргүүдийн нэг байв. Ахлагч Пакэр, ахлагч Максвэлл, ахлагч Пэрри нар хожим нь Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд болсон.

  10. In Clissold, “Translating the Endowment into Japanese,” 112.

  11. In Dwayne N. Andersen, “1965 Japanese Excursion,” Stories of the Temple in Lā‘ie, Hawai‘i, 114.

  12. See Andersen, “1965 Japanese Excursion,” 114, 117.

  13. 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулганы энэ хуралдааны төгсгөлд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 20 шинэ ариун сүмийг зарласан ба дунд нь Японы 5 дахь ариун сүм болох Осакагийн ариун сүм байв.

  14. Ковид цар тахлын хүнд үед буюу 2018–2021 онд биднийг Токиод номлолд үйлчилж байх үед тэр эгчийн гэр бүл надад болон манай гэр бүлд хайраа зориулж, анхаарал тавьдаг байсанд бид үргэлж талархаж явах болно.

  15. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона 2022 оны 11-р сар, 96

  16. 3 Нифай 25:2

  17. Мозая 3:20

  18. 2 Нифай 29:7