2023
Хүлээн зөвшөөрч мөн дагахуйц даруухан
2023 оны 11-р сар


10:40

Хүлээн зөвшөөрч мөн дагахуйц даруухан

Даруу байдал нь Бурханы оршихуйд буцаж очиход бэлэн болоход бидэнд зайлшгүй шаардлагатай.

Алма номын 5-р бүлэгт “Хэрэв та нар энэ цагт үхэхээр дуудагдвал, та нар хангалттай даруухан байсан хэмээн өөрсдөдөө хэлж чадах сан болов уу?”1 хэмээх нэгийг бодогдуулам асуулт тавьсан байдаг. Энэ асуулт нь Бурханы оршихуйд буцаж очиход бэлэн болоход бидэнд даруу байдал зайлшгүй шаардлагатай байдаг гэсэн утгыг агуулдаг юм.

Бид бүгдээрээ өөрсдийгөө хангалттай даруу гэж бодох дуртай хэдий ч амьдралын зарим үйл явдал төрөлхийн бардам байдал бидний дотор амьд хэвээр байдаг гэдгийг өөрсдөд маань ойлгуулдаг.

Олон жилийн өмнө хоёр охиныгоо гэрээсээ нүүж гараагүй байхад би эхнэр, охиддоо ажилладаг компанийнхаа өөрийн хариуцдаг бизнесийн хэлтсийг үзүүлье гэж шийдсэн юм.

Харин миний жинхэнэ зорилго бол, гэрт маань байдгаас ялгаатай нь, хүн болгон яг миний хий гэж хүссэн зүйлийг асууж шалгаахгүйгээр хийдэг газрыг тэдэнд үзүүлэх явдал байлаа. Жирийн үед машин ойртож ирэхэд автоматаар онгойдог хашааны хаалга энэ удаад биднийг дөхөж ирэхэд онгойсонгүй. Харин миний урьд нь харж байгаагүй хамгаалалтын ажилтан машинд ойртож ирээд, надаас компанийн үнэмлэхээ үзүүлэхийг хүсэв.

Би өмнө нь машин барьж ороход хэзээ ч үнэмлэхээ үзүүлэх шаардлага гарч байгаагүй гэж хэлээд, “Чи ер нь хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?” гэж сонгодог бардам хүний асуултыг тавьсан юм.

Тэгэхэд тэр: “Танд компанийн үнэмлэх байхгүй болохоор би таны хэн гэдгийг мэдэх боломжгүй. Бас намайг энэ хаалган дээр байгаа цагт та зохих үнэмлэхээ үзүүлэхгүй л бол энэ барилгад нэвтрэхийг танд зөвшөөрөхгүй” гэж хариулав.

Энэ бүгдийг харж буй охидынхоо хариу үйлдлийг шалгахаар би арын толиндоо харъя гэж бодсон ч тэд тэрхэн үеийн хором бүрийг ихэд таашаан ажиглаж байгааг нь мэдэж байлаа! Хажууд сууж байсан эхнэр маань миний гаргаж буй зан авирт дургүйцэн толгой сэгсэрч байв. Надад уг ажилтнаас муухай харьцсандаа уучлалт гуйхаас өөр арга зам үлдсэнгүй. Тэр: “Таныг уучиллаа, гэхдээ компанийн үнэмлэхгүйгээр та өнөөдөр орж чадахгүй шүү!” гэж хэлсэн.

Тэгээд би үнэмлэхээ авахаар гэрийн зүг аажуухан явахдаа, бид даруу биш байхыг сонгох үедээ ичмээр байдалд ордог гэсэн чухал сургамжийг олж авсан юм.

Сургаалт үгс номоос бид “Хүний бардам зан өөрийг нь дорд болго[но]. Даруу сүнс алдар хүндийг хүлээ[нэ]”2 гэж уншдаг. Даруу байдлыг хөгжүүлэхийн тулд бид сайн мэдээний хүрээнд энэ нь яг ямар утгатай болохыг ойлгох хэрэгтэй.

Зарим хүн даруу байдлыг ядуу зүдүү байдал зэрэг өөр бусад зүйлтэй хольж будилдаг. Гэтэл ядуу хэр нь бардам, баян мөртлөө даруу хүмүүс олон байдаг. Мөн ичимхий эсвэл өөртөө итгэлгүй зарим хүн гаднаа даруу харагддаг хэдий ч заримдаа дотроо бардам зангаар дүүрсэн байдаг.

Тэгвэл даруу байдал гэж юу вэ? Миний сайн мэдээг номло удирдамжийн дагуу, энэ нь “Их Эзэний тааллыг хүлцэнгүй дагахад … бэлэн байх явдал юм. … Энэ нь заалгахад бэлэн байхыг хэлдэг. … [Энэ нь] сүнслэг өсөлт хөгжилд зайлшгүй чухал хөдөлгүүр нь болдог.”3

Бидний хувьд Христийн энэхүү зан чанарыг сайжруулан хөгжүүлэх олон боломж гарцаагүй гардаг билээ. Бид бошиглогчийн үгийг дагахдаа хэр даруу байгаа эсвэл даруу байх хэрэгтэй талаар эхлээд судалж үзье. Бид хувь хувьдаа дараах асуултуудыг өөрсдөдөө тавьж болно. Үүнд:

  • Бид бусадтай харьцах бүрдээ Сүмийн бүтэн нэрийг хэлдэг үү? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэний Сүмээс Их Эзэний нэрийг авч хаях нь Сатаны томоохон ялалт юм”4 гэж хэлсэн.

  • Бид бошиглогчоос маш тодорхой урилга хүлээн авснаар Бурханыг амьдралдаа ялуулж байна уу? “Өнөөдөр би бүхий л газарт байгаа гишүүддээ хандан, ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна”5

  • Бид бошиглогчийн зааснаар, хүмүүсийн гүн ухаанаас илүүтэй Христийн сургаалд итгэж найдсанаар дэлхийг ялан дийлж байна уу?6

  • Хүмүүст өөрсдөд нь мөн тэдний талаар эерэг зүйл хэлснээр бид энхийг тогтоогчид болсон уу? Ерөнхийлөгч Нэлсон сүүлийн Ерөнхий чуулганаар бидэнд “Ил ч, далд ч, хэн нэгний талаар хэлэх ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид үүнийг харилцааныхаа жишиг болгох ёстой”7 хэмээн заасан.

Эдгээр нь энгийн хэр нь маш хүчирхэг заавар юм. Мосегийн хүмүүс эдгэрэхийн тулд түүний өргөж тавьсан хүрэл могой руу харах хэрэгтэй байсан гэдгийг санаж байна уу?8 Гэтэл “уг замын энгийн байдал эсвэл үүний амархны учир тэдгээрээс эрсэдсэн нь олон байв.”9

Энэ чуулганы туршид бид бошиглогч, төлөөлөгчдийн найдвартай зөвлөгөөг сонссон, үргэлжлүүлээд ч сонсох болно. Энэ нь даруу байдлыг хөгжүүлж, Их Эзэн эдгээр сонгогдсон удирдагчаар дамжуулан ярьдаг гэсэн илүү баттай итгэлээр өөрсдийн шийдэмгий үзэл бодлыг давж солих төгс боломж юм.

Бид даруу байдлыг хөгжүүлэхдээ, юу юунаас илүүтэй зөвхөн өөрсдийн хичээл зүтгэлээр бүрэн чадвартаа хүрч, бэрхшээлээ даван туулж чадахгүй гэдгээ түүнчлэн ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхий даяарх урамшуулан илтгэгч, нийтлэгч, амьдралын хөтөч, нөлөө үзүүлэгчид ялангуяа онлайн орчинд, бүх зүйл зөвхөн биднээс болон бидний үйлдлээс шалтгаалдаг гэж хэлдэг. Дэлхийнхэн маханбодын гарт итгэдэг.

Гэхдээ бид сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайр энэрэл болон Аврагч Есүс Христийн Цагаатгалд илүү их тулгуурладаг гэдгээ мэдэж авдаг билээ. “Учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу.”10 Ийм учраас Бурхантай гэрээ байгуулж, сахих нь маш чухал. Ийн үйлдэх нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний төгс төгөлдөр болгох, эдгээх, боломж олгох хүчийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг бидэнд олгодог.

Долоо хоног бүр ёслолуудад оролцон, гэрээнүүдийг хүлээн авч мөн шинэчлэхээр ариун ёслолын цуглаанд оролцон, ариун сүмд шүтэн бишрэх нь бидний Тэнгэрлэг Эцэгээс болон Аврагч Есүс Христээс хамааралтай гэдгээ мэдэж байгааг илтгэх тэмдэг юм. Ингэснээр бүх асуудал бэрхшээлээ давахад туслуулахаар Тэдний хүчийг амьдралдаа урин оруулж, эцэст нь бид өөрсдийн бүтээгдсэн зорилгыг гүйцээх болно.

Саяхан миний даруу байдал ямар түвшинд байгааг болон Их Эзэнээс хамааралтай гэдгээ хэр зэрэг ойлгож байгааг маань дахин сорьсон явдал тохиолдсон. Би нэгэн хүндхэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ойрхон газар руу нисэхээр онгоцны буудал руу таксигаар явсан юм. Таксины жолооч Сүмийн гишүүн биш байсан бөгөөд намайг толиндоо хараад, “Өнөөдөр та тийм ч сайнгүй байгаа юм аа даа” гэхэд нь

би: “Танд мэдэгдэж байна уу?” гэж асуув.

Тэгэхэд тэр: “Мэдээж, таны эргэн тойронд сөрөг уур амьсгал байна” гэж хэлж билээ.

Би түүнд хүндхэн асуудал шийдвэрлэх хэрэгтэй байгаагаа тайлбарлахад, тэрээр: “Та тэр асуудлаа шийдэхийн тулд чадах бүхнээ хийсэн үү?” гэж асуусан.

Намайг чадах бүхнээ хийсэн гэхэд,

тэр: “Тэгвэл үүнийгээ Бурханд даатгаж үлдээ, бүх зүйл зүгээр болно оо” гэж хэлсэн нь хэзээ ч мартагддаггүй.

Түүнээс “Та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?” гэж асуумаар санагдсанаа нуух юун. Гэхдээ би тэгж асуугаагүй! Харин тэрхүү нэг цагийн нислэгийн туршид би өөрийгөө Их Эзэний өмнө даруусгаж, тэнгэрлэг тусламж гуйсан юм. Би онгоцноос буухдаа, өнөөх хэцүү асуудалд маань аль хэдийн шийдэл олдож, миний хэрэг үгүй болсныг олж мэдэж билээ.

Ах, эгч нар аа, Их Эзэнээс ирдэг зарлиг, урилга, амлалт тодорхой байдаг бөгөөд тайвшралыг өгдөг. “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно.”11

Бид бошиглогчдынхоо зөвлөгөөг дагаж, зөвхөн Бурхан, Есүс Христ хоёр биднийг Түүний Сүмд хүлээн авдаг ёслол, гэрээнүүдээр дамжуулан энэ амьдралд өөрсдийн хамгийн сайн хувилбар байж чадна мөн нэгэн өдөр Христээр төгс төгөлдөр болгон өөрчилж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч, даруухан байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.