2023
Христ доторх ах, эгч, дүүс
2023 оны 11-р сар


16:12

Христ доторх ах, эгч, дүүс

Бид сүнсээрээ нэг гарал үүсэлтэй гэдэгтээ улам бүр баясан, өөрсдөдөө байгаа өөр өөр шинж чанар, олон янзын бэлгийг эрхэмлэдэг байгаасай.

Хайрт найзууд минь, бид өнөөдөр чуулганы гайхалтай хуралдаануудад оролцлоо. Удирдагчдынхаа хуваалцсан гайхамшигтай захиаснуудаар дамжуулан бид бүгдээрээ Их Эзэний Сүнсийг, Түүний хайрыг мэдэрлээ. Би энэ орой та бүхэнд хандан энэхүү хуралдааны төгсгөлд үг хэлэх онцгой боломждоо талархаж байна. Христ доторх жинхэнэ ах, эгч, дүүсийн хувьд биднийг хамтдаа баясах энэ цаг үед Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байсаар байгаасай гэж би залбирч байна.

Бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсон: “Би бүхий л газарт байгаа гишүүддээ хандан, ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна. … Би Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг дэмжихийг та нараас гуйж байна”1 хэмээн тунхагласан. Дэлхий дахинд тогтвортой өсөж буй Сүмийн хувьд, дэлхийн үндэстэн бүрд Аврагчийн хаант улсыг байгуулахын өмнө бошиглогчийнхоо энэхүү урилгыг зайлшгүй дагадаг байх шаардлагатай байна.

Есүс Христийн сайн мэдээ бидэнд, бид бүгдээрээ биднийг үнэхээр хайрладаг Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсээр төрсөн хөвгүүд, охид2 бөгөөд энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурханы оршихуйд гэр бүлээрээ хамтдаа амьдарч байсан гэж заадаг. Сайн мэдээ бас бид Бурханы дүр төрхийн дагуу Түүнтэй адил бүтээгдсэн.3 Тиймээс Түүнд бүгд адил4, учир нь Тэр “нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг [эрэгтэй, эмэгтэйгээр нь] бүтээсэн”5 гэж заадаг. Тиймээс бид тэнгэрлэг мөн чанар, өв, чадавхтай, учир нь “Нэг Бурхан бай[гаа]. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин [бид] бүгдийн дотор байдаг”6 гэдгийг мөн заадаг.

Христийн шавийн хувьд биднийг өөрсдийн ялгаатай байдлаас үл хамааран зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнээ хайрлах хайранд нэгтгэн, сүнслэг ах, эгч, дүү нартаа итгэх итгэл, тэднийг хайрлах хайраа нэмэгдүүлж, улмаар Бурханы охид, хөвгүүдийн нэр төрийг дээдлэх үзлийг дэмжих чадвараа сайжруулахад урьсан.7

Христийн тохинууллын дараагийн хоёр зууны турш Нифайн хүмүүс яг ийм нөхцөл байдалд байгаагүй гэж үү?

“Мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм. …

Леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд, Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв.

Мөн хэчнээн их адислагдсан билээ тэд!”8

Ерөнхийлөгч Нэлсон цаашлаад эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлсэн, нэр төрийг нь эрхэмлэсэн харилцааг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцолж; “Бүтээгч маань бидний хүн нэг бүрээс Бурханы хүүхдүүдийн хэнийх нь ч эсрэг аливаа ялгаварлан гадуурхах хандлагаас салахыг хүссэн хэмээн хэлсэн. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хэн боловч наманчлах ёстой! … Энэ урилга нь Бурханы хүү, охин бүрийн хүртэх эрхтэй хүндлэл, нэр төрийг хадгалахын тулд өөрсдийн хүрээнд чадах бүхнээ хийх үүргийг бидний хүн нэг бүрд оноодог.”9 Үнэндээ хүний нэр төрийг дээдлэх үзэл нь ялгаатай байдлаа хүндлэхээс эхэлдэг.10

Бурханы хүүхдүүдийн хувьд биднийг Бурхантай нэгтгэдэг ариун нандин холбоосыг авч үзвэл, ерөнхийлөгч Нэлсоны өгсөн энэхүү бошиглолын чиглүүлэг нь ялгаварлан гадуурхах хана хэрмийг босгож, биднийг салган тусгаарлахын оронд харилцан ойлголцох гүүрийг тавихад чиглэсэн үндсэн алхам эргэлзээгүй мөн билээ.11 Хэдий тийм ч Паул бид хувь хувьдаа болон хамтдаа даруу дөлгөөн зангаар бие биеэ хүлцэн тэвчих12-ийг хичээн чармайснаар энэхүү зорилгодоо хүрч чадна гэдгийг ухаарах хэрэгтэй хэмээн ефесчүүдэд анхааруулжээ.

Нэгэн еврей рабби хоёр найзтайгаа нар мандахыг харж баяссан тухай үлгэр байдаг. Тэр найзуудаасаа “Та нар шөнө дуусаж, шинэ өдөр эхэлж байгааг яаж мэддэг вэ?” гэж асуужээ.

Тэдний нэг нь: “Зүүн зүг рүү хараад ямааг, хониноос ялгаж чадах үед” гэжээ.

Харин нөгөө нь: “Тэнгэрийн хаяа руу хараад чидун модыг, инжрийн модноос ялгаж чадах үед” гэв.

Тэгээд тэд мэргэн рабби руу харж, уг асуултыг өөрт нь тавилаа. Удаан бодсоны эцэст тэр: “Зүүн зүг рүү хараа бэлчээж, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн царайг хараад ‘тэр миний ах, эгч, дүү байна гэж хэлж чадвал’”13 хэмээн хариулав.

Хайрт найзууд минь, биднийг эргэн тойрныхоо хүмүүсийг Христ доторх жинхэнэ ах, эгч, дүү нарын хувьд харж, хүндэлж, нэр төрийг нь дээдлэх үед бидний амьдралд шинэ өдрийн гэрэл хурцаар гийдэг гэдгийг би баталж байна.

Дэлхий дээр тохинуулж байхдаа Есүс үндэс угсаа, нийгмийн гарал, соёлын онцлогоос үл хамааран бүх хүнд сайныг үйлдэхэд14 мөн Өөр дээр нь ирж, Өөрийнх нь сайн сайхнаас хүртэхэд урих замаар энэ зарчмыг төгс үлгэрлэн үзүүлсэн юм. Тэр бүх хүнд, ялангуяа тухайн үед бусдаас өөр хэмээн ялгаварлагдан, дорд үзэгдэж, гадуурхагдаж байсан хүмүүст тохинуулж, эдгээж, хэрэгцээнд нь үргэлж анхаарал хандуулж байсан. Тэр тэднийг Өөрийн ах, эгч, дүүс, Эцэгт бүгд адил15 охид, хөвгүүд гэж харан, хэнээс ч татгалзалгүй, бүгдэд ижил тэгш хандаж мөн хайрладаг байсан.

Үүний нэг гайхалтай жишээ бол Аврагч Галилыг зорин аялахдаа зориуд Самариар дайрдаг замаар явсан явдал юм.16 Тэгээд Есүс Иаковын худгийн дэргэд суугаад амрахаар шийджээ. Тэгтэл нэгэн самари эмэгтэй ус авахаар ирэв. Бүхнийг мэдэгч мэргэн ухаант Тэрээр эмэгтэйд хандан “Надад уух юм өгөөч гэв.”17

Иудей хүнийг самари эмэгтэйгээс тусламж хүссэнд өнөөх эмэгтэй гайхаж, “Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)”18

Харин Есүс самаричууд, иудейчүүдийн хооронд олон жил тогтсон үзэн ядалтыг халж, энэ эмэгтэйд хайраар тохинуулан, Өөрийгөө үнэндээ хэн гэдгийг, бүх зүйлийг мэдүүлэх, бүр түүний ирэхийг хүлээж байсан тэрхүү Мессиа гэдгийг түүнд заасан.19 Тэрхүү халуун дулаан тохинууллын нөлөөгөөр уг эмэгтэй хот руу гүйн очиж, юу болсныг хүмүүст зарлаад, “Тэр Христ биш үү?”20 хэмээн хэлдэг.

Би амьдралынхаа явцад сайн хүмүүсийг бусдаас өөр ярьж, харагдаж, амьдарч байгаагийнхаа төлөө шүүгдэж, няцаагдан зовж шаналахыг ойроос харж байсан төдийгүй хайхрамжгүй, бодлогогүй нэгэнд доромжлуулж, дорд үзэгдэн, хавчигдаж байсан тэднийг гүнээ өрөвдөн хайрладаг. Оюун санаа нь харанхуйлж, нүд нь харалган болж, өөрөөсөө өөр хүмүүсийг дутуу гэж үзэх итгэл үнэмшилдээ зүрхээ хатууруулсан тэр хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ харуусдаг. Бусдын талаарх харалган үзэл нь тэдний хэн болохыг буюу Бурханы хүүхдүүд гэдгийг харах чадварт үнэндээ саад болдог.

Бошиглогчдын урьдаас хэлснээр, бид Аврагчийн Хоёр дахь ирэлтийг угтах түгшүүртэй цаг үед амьдарч байна.21 Дэлхий ертөнц ерөнхийдөө хүчтэй хуваагдан туйлширч; арьс өнгө, улс төрийн үзэл бодол, нийгэм эдийн засгийн давхаргаараа ялгаран онцгойрч байна. Ийм хуваагдал нь зарим үед хүмүүсийн бодол санаа, бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг. Ийм учраас хүмүүс бусад соёл, арьс өнгө, үндэс угсааг өөрсдөөсөө доогуур гэж үзэх бодол, үйлдэл, ярианы хэв маягийг тодорхойлж; таамаглах, буруу ойлгох, ихэнхдээ тохуурхан бодоход хүрдэг төдийгүй үл тоомсорлох, хайхрамжгүй хандах, үл хүндэтгэх, тэр ч байтугай тэднийг ялгаварлан гадуурхах хандлагыг гаргадаг нь түгээмэл ажиглагддаг. Ийм хандлагууд нь бардамнал, ихэрхэл, шунал, атаа жөтөө зэрэг эгэл чанаруудаас22 үүдэлтэй ба эдгээр нь Христийн зан чанаруудын эсрэг туйл билээ. Түүний жинхэнэ шавь23 болохоор хичээж буй хүмүүсийн хувьд ийм зан үйлдэл зохимжгүй юм. Хайрт ах, эгч нар минь, үнэндээ гэгээнтнүүдийн нийгэмлэгт ялгаварлан гадуурхсан бодол, үйлдэл орших орон зай байхгүй.

Гэрээний охид, хөвгүүдийн хувьд бид хүмүүсийн хоорондох илэрхий ялгаануудыг Аврагчийн нүдээр24 буюу тэнгэрлэг мөн чанар, гарал үүсэл гэсэн нийтлэг шинж чанартаа тулгуурлан харснаар эдгээр зан хандлагыг багасгахад тусалж чадна. Түүнчлэн бид хөршийнхөө мөрөөдөл, итгэл найдвар, уй гашуу, зовлон шаналал дундаас өөрсдийнхөө тусгалыг олж харж чадна. Бид Бурханы бусад хүүхдийн адил төгс бус шинж чанартай ба өсөж хөгжих чадвараараа адилхан, мөр зэрэгцэн аялж яваа аянчид билээ. Тэр биднээс Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг зүрх сэтгэлдээ агуулан, хамтдаа энх тайван амьдрахыг мөн Абрахам Линконы хэлсэн шиг “хэнд ч муу санахгүй харин бүгдэд энэрлээр ханд”25 гэж хүссэн.

Их Эзэний өргөөн дэх хувцаслалтын энгийн хэв маягаараа бид хүний нэр төр, эрх тэгш байдлыг хүндэтгэх зарчмыг хэрхэн харуулдаг талаар та нар бодож байсан уу? Бид бүгд нэг зорилгод нэгдэн, Түүний ариун оршихуйд цэвэр, ариун байх хүсэл эрмэлзэл дүүрэн ариун сүмд ирдэг. Цагаан хувцас өмссөн бид бүгдийг Их Эзэн Өөрөө Түүний хайрт хүүхдүүд, Бурханы эрэгтэй, эмэгтэйчүүд, Христийн ур удам26 гэж хүлээн авдаг. Бид ижил ёслолууд үйлдэж; ижил гэрээ байгуулж; илүү ариун, илүү дээр амьдралаар замнахаа амлаж; ижил мөнхийн амлалтуудыг хүлээн авдаг. Бид ижил зорилгод нэгдэн, бие биеэ шинэ нүдээр харж, нэгдмэл байдалдаа Бурханы тэнгэрлэг хүүхдүүдийн хувьд ялгаатай байдлыг хүндэтгэдэг.

Би саяхан болсон Бразилын Бразилиа ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрийн түшээд, албан хаагчдад ариун сүмийг танилцуулсан юм. Хувцас солих өрөөнд би Бразилын дэд ерөнхийлөгчтэй хамт зогсоод, ариун сүм дотор бүх хүн цагаан өнгийн хувцас өмсдөг талаар ярилцсан. Би түүнд ариун сүмд нийтээрээ өмсдөг цагаан хувцас нь бид бүгд Бурханд ижил, энд биднийг улсын дэд ерөнхийлөгч, сүмийн удирдагч гэдгээр бус, харин хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэсэн мөнхийн мөн чанараар маань хардгийг бэлгэддэг гэж тайлбарласан.

Игуасу хүрхрээ

Игуасу гол өмнөд Бразил дундуур урссаар, дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог, хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм Бурханы бүтээлүүдийн нэг рүү буюу дэлхий дахинаа Игуасу хүрхрээ хэмээн алдаршсан усан сан бүхий системийг бүрдүүлдэг цутгалан руу цутгадаг. Асар их хэмжээний ус нэг гол руу цутган, дараа нь салж, олон зуун хосгүй хүрхрээг үүсгэдэг юм. Адилтгавал, хүрхрээнүүдийн энэхүү гайхамшигт систем нь дэлхий дээрх Бурханы гэр бүлийн тусгал ба бид тэнгэрлэг өв, гарал үүслээрээ нэг ижил сүнслэг гарал, мөн чанартай. Гэсэн хэдий ч бидний хүн нэг бүр өөр өөр үзэл бодол, туршлага, мэдрэмжийг агуулан; өөр өөр соёл, угсаа, үндэстэнд нийлэн урсдаг. Үүнийг үл харгалзан бид Бурханы хүүхдүүд, Христ доторх ах, эгч, дүүсийн хувьд тэнгэрлэг харилцаа холбоогоо алдалгүйгээр урагшлан явдаг ба энэ нь биднийг өвөрмөц, хайраар дүүрэн нийгэмлэг болгодог.27

Хайрт ах, эгч нар минь, бидний хүн нэг бүр Бурханы өмнө эрх тэгш, ижил мөнхийн чадавх, өвийн хишгийг бүрэн хүртсэн гэсэн мэдлэг, гэрчлэлээр зүрх сэтгэл, оюун ухаанаа нэгтгэдэг байгаасай. Бид сүнсээрээ нэг гарал үүсэлтэй гэдэгтээ улам бүр баясан, өөрсдөдөө байгаа өөр өөр шинж чанар, олон янзын бэлгийг эрхэмлэдэг байгаасай. Хэрэв бид ийн үйлдэх аваас өөрсдийгөө онцгой хүмүүс, “Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид”28 гэдгийг маань тодорхойлдог тэнгэрлэг харилцаа холбоогоо алдахгүйгээр Игуасу хүрхрээний ус адил өөрсдийн замаар урсах болно гэдгийг би амлаж байна.

Бид мөнх бус амьдралынхаа туршид энэ замаар үргэлжлүүлэн урагшлах юм бол Бурханы хүүхдүүдийнхээ дунд бүтээсэн ялгаатай байдлыг илүү их эрхэмлэж, үүгээр бүрэн дүүрэн адислагдах гайхалтай боломжуудын шинэ гэрэл бидний шинэ өдрийг гийгүүлж, амьдралыг маань гэрэлтүүлэх болно гэдгийг би гэрчилж байна.29 Бид Түүний охид, хөвгүүдийн дунд хүндлэл, ёс зүйтэй харилцааг дэмжих Түүний мутар дахь зэмсэг болж чадах нь гарцаагүй. Бурхан амьд. Есүс бол дэлхийн Аврагч. Ерөнхийлөгч Нэлсон бол бидний цаг үе дэх Бурханы бошиглогч. Би эдгээр үнэний тухай гэрчлэлээ Есүс Христийн ариун нэрээр хуваалцлаа, амен.